Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 305/ШШ2025/00211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн П-ын  газрын хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б-ыг  эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б-ыг  эрэн сурвалжлуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар Б.Б-ын  цэргийн дуйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг төлөхөөр болсон хэдий ч төлөөгүй ба хариуцагч Б.Б  нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Б-ын Б-ыг //РД:*** / эрэн сурвалжилж өгнө үү. П-ын  нэхэмжпэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШЗ2024/000931 дугаартай захирамж.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын  газар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Б.Б  нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг төлөхөөр болсон хэдий ч төлөөгүй ба хариуцагч Б.Б  нь одоо хаана байга нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Б-ын Б-ыг эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.

4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын  газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***  регистрийн дугаартай Б-ын Б-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШЗ2024/000931 дугаартай захирамж, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын  газар нь ***  регистрийн дугаартай Батжаргалын Буянжаргалын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ***  регистрийн дугаартай Б-ын Б-ыг эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу ***  регистрийн дугаартай Б-ын Б-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын  газарт мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

/ Б-ын Б, РД:*** , урьд нь оршин сууж байсан хаяг: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг, утас:*** болно/.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн П-ын  газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ыг  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн П-ын  газрын нэхэмжлэлийг хангаж, ***  регистрийн дугаартай Б-ын Б-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар ***  регистрийн дугаартай Б-ын Б-ыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***  регистрийн дугаартай Б-ын Б-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, энэ тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын  газарт мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн П-ын  газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ыг  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ