Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00746

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00746

 

 

 

 

Б.Ж-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00506 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ж-н нэхэмжлэлтэй хариуцагч ННЗД холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 063 728 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь НЗД-н 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, тус захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн ххххххх хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх ххххххх хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хххххх тоот шийдвэр, ххххххххэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хххх тоот магадлал, Улсын Дээд шүүхийн ххххх хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хххх тоот тогтоолоорс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Хариуцагч НЗД 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/ тоот захирамжаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд томилсон 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 9 сар 7 /205/ хоногийн цалин 10 063 728 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаар гарсан өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 063 728 төгрөгийг хариуцагч НЗД-н Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгож, 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухайн бичилт хийхийг НЗД-н тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175 970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх хххххх хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/00ххх дугаартай шийдвэр ххххх хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 296 дугаартай магадлал Дээд шүүхийн хяналтын шатны хххххх хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаартай тогтоолоор нэхэмжпэгч Б.Ж-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны 9 755 421 төгрөгийн нөхөн олговор олгож эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацаанд 9 755 421 төгрөгийн нөхөн олговор олгохыг тогтоож шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүхээс 10 063 728 төгрөг гэж дахин ажилгүй байсан хугацааны цалинг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй гэж дурдсан байна. Гэтэл ххххххх хэргийн 3 шатны шүүх болон анхан шатны шүүх нь өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна. Нэхэмжпэгч нь хххххх хэргийн шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагатай нэг утга агуулга бүхий ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч ННЗД холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1-2, 45/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд томилсон 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 9 сар, 7 хоногийн цалинг нөхөн гаргуулах гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх 47/

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь НЗД-н 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх хххххх хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ххххдугаар шийдвэрээр тушаалгыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалин, нэмэгдэлд 9 755 421 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хххххх хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хххх дугаар магадлалаар шийдвэрийн хоёр дахь заалтын урьд эрхэлж байсан албан тушаал эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Б.Жг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар томилохыг хххх гэж өөрчлөн шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны хххх хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хххх дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 10-29/

 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Ж-г 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  даргаар томилсон НЗД-н Б/196 тоот захирамж гарчээ. /хх 8/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд томилсон 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

Талууд олговрын хэмжээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд маргаантай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

 

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатныххххххэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хххх дугаар тогтоол гарсан өдрөөс хойш хариуцагч нь тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан шалтгаанаар хариугаа хүлээж байсан, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуучин ажилд нь эгүүлэн томилох тушаал гаргаснаас хойш 1 сарын дотор нэхэмжлэгч цалин олговроо шаардан шүүхэд хандсан тул гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох тушаал гаргаж, өмнөх ажилгүй байсан хугацааны аваагүй үлдсэн цалин олговрыг ажил олгогч өөрийн санаачилгаар нөхөж өгөөгүй үеэс нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх юм.

 

Анхан шатны шүүх Б.Ж-н нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 9 сар, 6 хоногийн хугацаагаар, нэг сарын дундаж цалин хөлсийг 1 085 315 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 49 332 төгрөгөөр тооцсон нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалд заасан дундаж цалин хөлс тодорхойлох журмын ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасантай нийцсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 46 454 төгрөг гэж тооцсон нь тооцооллын хувьд ялимгүй зөрүүтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна гэж заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Засаг даргын Тамгын газраас гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД