Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1106

 

    

 

 

Г.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Цэцэгмаа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Г.Бт холбогдох 2306038112546 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б  ......тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах, “МСС" ХХК-ийн ажлын байран дээр Ч.О-ийг “...байгууллагын хаалгаар гадны хүн орууллаа...” гэж маргалдаж, түүний зүүн нүдний хэсэгт нь гараараа цохиж зодож, хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Цэцэгмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.

Анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/1235 дугаар шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсгийн “гэм буруугийн дүгнэлт” хэсэгт “...Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороонд өөрийн эхнэр буюу гэр бүл бүлийн хамаарал бүхий Б.Н “утсаа авахгүй, ярихгүй байна” хэмээн маргалдан зодож, түүний биед баруун шуу, зүүн бугалга, зүүн бугуйнд зулгаралт баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна” гэж хэрэгт ямар ч хамааралгүй, өөр хэргийн үйл баримтыг шийтгэх тогтоолд тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасны дагуу улсын яллагчийн саналаар шүүхийн шийдвэрийг залруулах боломжгүй алдаа болохыг дурдах нь зүйтэй болно. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1235 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Г.Быг “...2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах, “МСС" ХХК-ийн ажлын байран дээр Ч.О-тэй “...байгууллагын хаалгаар гадны хүн орууллаа...” гэж маргалдаж, улмаар түүний зүүн нүдний хэсэгт нь гараараа цохиж “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн 2306038112546 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1235 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгтээ шүүгдэгч Б.Н, хохирогч Б.Н-д гэмтэл учруулсан үйл баримтыг дүгнэж, энэхүү үйл баримтаар нотлох баримтуудыг үнэлсэн нь /шийтгэх тогтоолын 2 дахь нүүр/  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана: 2.1.гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;...” гэж заасныг зөрчсөн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.7... зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болж байна. 

Иймд прокурор Б.Цэцэгмаагийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн залруулах боломжгүй алдаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...”-аар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1235 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ