Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00210

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00210

Улаанбаатар хот

 

 

 



2025 03 13 103/ШШ2025/00210




МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ... оны ...дугаар сарын ...-ны өдөр төрсөн, .... настай, эмэгтэй, Багануур дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* Өсөхцэнгэл миний бие нь Төв аймгийн Баяндэлгэр суманд 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №260349 хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн. Нээлгэх үед миний эцэг ******* гэх нэрийг ******* гэж буруу бичиж олгосон байдаг. ******* миний бие 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын НААҮГ-т оёдолчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын клубын хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн байгаа боловч 1989 онд дэвтрийг нээсэн, овог өөр гэсэн зөрчил илэрсэн. Мөн зарим тушаалууд дээр миний нэрийг гараар бичиж оруулсан байсан. Энэ талаарх баримтуудыг Төв аймгийн болон төрийн архиваас шүүлгэж үзэхэд гарч ирээгүй. Би цэргийн байгууллагад ажиллаж байгаад хувь тэнцүүлснээр тэтгэвэрт гарсан, одоо нас хүрээд бүрэн тэтгэвэрт орох гэтэл ажилласан жил хүрэхгүй байгаа. Иймд Төв аймгийн Баяндэлгэр сумын НААҮ-нд 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Төв аймгийн Баяндэлгэр сумын клубын хөгжмийн багшаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 260349 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архиын тодорхойлолт, Төв аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Баяндэлгэр суман дахь НААҮ-ний төвийн даргын 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай ажилчнаар авах тухай, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай ээлжийн амралт олгох тухай, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай ажлаас чөлөөлөх тухай, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 1993 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай ажилд авах тухай, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 121 дугаартай ээлжийн амралт олгох тухай, 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай ажиллагсдын хөдөлмөрийн дэвтрийг хаах тухай тушаалуудын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, гэрэл зурагууд, төрөл садангийн лавлагаа, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс *******ийн хүсэлтээр *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-21, ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх *******ийн шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1. ******* нь 1969 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч *******ийн хөдөлмөрийн дэвтэрт түүний эцгийн нэр *******г ******* гэж бичсэн, түүнчлэн улсад ажиллаж байсан үйл баримтын талаар тэмдэглэгдсэн байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал холбогдох байгууллагаас бүрэн гүйцэд гарч ирээгүй, зарим бичиг баримтууд дээр овогийг *******, ******* гэж 2 янзаар, гараар бичсэн болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолт, бусад баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба тухайн үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.******* нь 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын НААҮ-нд оёдолчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын клубын хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь, Баяндэлгэр суман дахь НААҮ-ийн төвийн даргын 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай ажилчнаар авах тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 260349 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ******* нь ******* мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.Төв аймаг Баяндэлгэр суман дахь Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай ажилчнаар авч ажиллуулах тухай тушаалд Ж.******* нэрийг гараар нэмж оруулсан байх ба уг тушаалд 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн оёдолчноор авч ажиллуулсан, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай малчин албан хаагчийн ээлжийн амралт олгох тухай тушаалаар *******д 18 хоногийн ээлжийн амралт олгосон, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд оёдолчин Өсөхцэнгэлийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 10-12 дугаар тал/

б/.Төв аймгийн Баядэлгэр сумын Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 121 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалаар клубын хөгжмийн багш *******д 24 хоногийн ээлжийн амралт олгосон, 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай ажиллагсдын хөдөлмөрийн дэвтрийг хаах тухай тушаалаар Нийгмийн даатгалын шинэ хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тамгын газрын нийт ажилтан, ажилчид, төсвийн байгуулагын дарга, эрхлэгч нарын хөдөлмөрийн дэвтрийг 1995.01.01-ний өдрөөр тасалбар болгон хаасан гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр тал/

в/.Төв аймгийн Баяндэлгэр суманд 1992-1995 онуудад ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зурагууд, 6 хувь /хх-ийн 20-22 дугаар тал/

г/.1989.10.14-ний өдөр нээлгэсэн 260349 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: Баяндэлгэр сумын Нийтийн аж ахуйн төвд оёдолчноор 1987.09.05-наас авч ажиллуулав, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас 1989.02.16-ны өдрөөс чөлөөлөв, Төв аймгийн Баяндэлгэр сумын клубын хөгжмийн багшаар 1992.02.01-ний өдрөөс авч ажиллуулав, нийгмийн даатгалын багц хууль батлагдсантай холбогдуулан хөдөлмөрийн дэвтэр дуусгавар болж байгаа тул 1995.01.01-ний өдрөөр тасалбар болгов гэсэн бичилтүүд хийгдсэн байх бөгөөд овгийг ******* гэсэн байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

д./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А, ХААТР-21/А/ маягтад: овог *******, нэр Өсөхцэнгэл, төрсөн газар: Дорноговь аймаг, Их хэт, төрсөн он сар өдөр: 1969.06.03, регистрийн дугаар: НЧ69060300, ажилд орсон огноо 1987 он, ажилладаг байгуулга Баяндэлгэр сумын Ахуйн үйлчилгээний оёдолчин гэж бүртгэгджээ. /хх-ийн 30 дугаар тал/

е/.******* ******* төрсний бүртгэлийн лавлагаанд: 1969.06.03-нд төрсөн, эцэг Цэдэнгийн *******, эх Доржийн Цэрэндолгор, ХААТР-1А баримтад эцэг ******* гэжээ. /хх-ийн 30-31 дүгээр тал/

ё/.1993-1995 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн карт /хх-ийн 34-39 дүгээр тал/

ж/.Гэрч шүүхэд өгсөн: Миний бие Төв аймгийн Баяндэлгэр суманд 1991-1997 он хүртэл Соёлын төвийн эрхлэгч, киномеханикчаар ажиллаж байсан. ******* нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвд 1992 оны 01 сард хөгжмийн багшаар ажилд орж 1995 он хүртэл ажиллаж байсныг сайн мэдэж байна. Учир нь соёлын төвийн эрхлэгчийн хувьд миний удирдлаганд ажиллаж байсан юм. 1994 оныг дуустал буюу 1995 он хүртэл ажиллаж байсан. Хэрэгт байгаа зураг Төв аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвд 1995 онд авахуулсан зураг байна. Эхний зурагт голд баян хуур хөгжим дарж байгаа хүн нь би байна. Баруун гар талаас 10 дах хүн нь хөгжмийн багш Өсөхцэнгэл, бусад хүмүүс нь сумын төвийн багш, эмч, нягтлан, нярав, цэцэрлэг, сургуулийн багш нар урлагийн үзлэгээр авахуулсан зураг байна. 2 дахь зурагт зүүн гар талаас цагаан цэнхэр дээлтэй эхний хүн Өсөхцэнгэл, номын санч Уранчимэг, үйлчлэгч Оюунгэрэл, сургуулийн багш Энхтуяа нарын авахуулсан зураг байна. 22 дугаар хуудсанд авагдсан зураг 1993 онд Соёлын төвд сумын наадмын тоглолтод бэлтгэж байсан зураг байна. Зурагт баруун гар талаас ятга хөгжимчин Оюунцэцэг, ёочин Өсөхцэнгэл, шанз хөгжимчин Олзвой нар авахуулсан зураг байна. Доод талын зураг Баяндэлгэр сумын 70 жилийн ойн концертод авахуулсан зураг байна. Зурагт Өсөхцэнгэл, киномеханикч нар хоршоо дуу дуулж авахуулсан зураг байна. ******* эцгийг ******* гэдэг байсан. Өөр ******* овогтой хүн манайд ажиллаж байгаагүй гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр тал/

з/. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Миний бие Төв аймгийн Баяндэлгэр сумын клубт 1984-1995 он хүртэл номын санчаар ажиллаж байсан. Өсөхцэнгэл нь Төв аймгийн Баяндэлгэр суманд манай нутгийн бэр болж ирээд Гочоогийн Энхболд гэж залуутай гэр бүл болж бид тэр цагаас эхлэн найзалж нөхөрлөн хамт ажилласаар ирсэн юм. Өсөхцэнгэл нь 1987-1995 он хүртэл Баяндэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор, сумын клубт хөгжмийн багшаар ажиллаж байсныг сайн мэднэ. Оёдолчноор ажиллаж байх хугацаанд клубын тоглолтын хувцас оёулдаг байсан. Хэрэгт байгаа зураг нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвд 1994-1995 онд авахуулсан зураг байна. Зурагт баруун гар талаас 10 дахь хүн нь хөгжмийн багш Өсөхцэнгэл, зүүн гар талаас 7 дахь хүн нь би байна. Доод талын зурагт зүүн гар талаас цагаан цэнхэр дээлтэй эхний хүн Өсөхцэнгэл, баруун гар талаас захын цагаан цэнхэр дээлтэй нь би байна. 22 дугаар хуудсанд авагдсан зураг Соёлын төвийн хөгжмийн багш нарын авахуулсан зураг байна. Зурагт доод эгнээний улаан дээлтэй хүн Өсөхцэнгэл байна. Доод талын зурагт Сумын нийт авъяаслаг уран сайханчдын авахуулсан зураг байна. Зурагт баруун гар талаас 4 дэх хүн нь Өсөхцэнгэл, 5 дахь хүн нь би байна. ******* аавыг ******* гэдэг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/

и/., ******* нарын гэрлэлтийн 24 дугаартай гэрчилгээнд ******* Өсөхцэнгэл 1969 онд төрсөн гэж, 22 дугаартай төрсний гэрчилгээнд ******* Өсөхцэнгэл 1969.06.03-нд төрсөн, эцэг Сэдбазарын *******, эх Доржийн Цэрэндолгор гэж тус тус бүртгэгдсэн байна. /хх-ийн 51 дүгээр тал/

5/.Хүсэлт гаргагч ******* холбоотой дээрх бичгийн баримтуудаас харахад ******* гэх нэрийг бичиг баримт гаргахдаа эрх бүхий этгээд өөрийн дуудлагаар ******* гэж бичсэн байх гэсэн хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй байх ба ******* Өсөхцэнгэл, *******гийн холбоотой баримтууд нь хоорондоо ижил утгатай агуулгатай, баримтууд дээр бичигдсэн төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, эцэг эхийн нэр, эрхэлж байсан ажил албан тушаал, хугацаа зэрэг нь адил, зөрүүгүй байна. Иймд түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг үндэслэн хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Төв аймгийн Баяндэлгэр суман дахь Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай ажилчнаар авах тухай тушаал дээр бичигдсэн Жамцжанцан, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 260349 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ******* нь ******* болохыг, ******* овгийн ******* Өсөхцэнгэлийг 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын НААҮ-нд оёдолчноор, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл клубын хөгжмийн багшаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ