Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч С.Солонго,

өсвөр насны шүүгдэгч О.А , түүний хууль ёсны төлөөлөгч Р.И, тэдгээрийн өмгөөлөгч О.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А холбогдох эрүүгийн 1706 0287 80097 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20 оны 0 дугаар сарын -ний өдөр аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төгс дэлгэрэх бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О.А, /РД: /,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч О.А  нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ монгол сургуулийн орчим Б.Түмэн-Үйлсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч О.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 6 цагийн үед би Балжинням, Насан-Очир гэдэг 2 найзтайгаа явж байтал ангийнхаа охин болох Цэрэнхажидтай таарсан. Тэр үед Цэрэнхажид нэг ахтай хамт явж байсан. Гэтэл гэнэт манай нэг найз Цэрэнхажидтай хамт явж байсан тэр ахтай муудалцаж эхэлсэн. Би тэр үед салгах гээд толгойгоо доошоо болгоход цохигдсон байх. Түмэн-Үйлс тухайн үед тэр ахын нуруу руу хөшиглөсөн. Ийм асуудал болсонд маш их харамсаж байна гэв.

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хичээлээ тараад 18 цагийн үед ганцаараа найзуудаасаа салаад Шинэ Монгол дээд сургуулийн хажууд өөрийн найз Шүрэн гэх охинтой уулзаад зогсож байсан юм. Гэтэл цаад талд нь байрнуудын дунд Цэрэнхажид гэх залуу Анхбаяр, Насан-Очир гэх хоёр залуу болон өөр нэг залуутай хамт дөрвүүлээ зогсож байсан юм. Тэгээд Цэрэнхажид над дээр ирээд л чи яг яах гээд байгаа юм бэ гээд л намайг зодох гээд байсан. Тэгж байгаад Цэрэнхажид баруун гараараа миний эрүү рүү нэг удаа цохисон. Гэтэл цаанаас нь Анхбаяр гэх залуу хүрч ирээд намайг барьж аваад толгойгоороо миний хамар руу 3-4 удаа мөргөсөн. Би хамраа эмчлүүлэх эмчилгээнд нийтдээ 300.000 орчим төгрөг зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-6, 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹13271 дүгнэлтэд “Б.Т биед хамрын ясны хугарал, арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 10 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Өвсөр насны яллагдагчийн нас тоолсон тэмдэглэл /хэргийн 31-32 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Өсвөр насны шүүгдэгч О.А нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ монгол сургуулийн орчим Б.Түмэн-Үйлсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч О.А т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгч О.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагдад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч О.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.