Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/1146

 

 

 

 

 

 

О.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,

хохирогч Э.М-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.А-д холбогдох эрүүгийн 2306000001001 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О.А-,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар  зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон.

 

Шүүгдэгч О.А- нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Э.М-той холбогдож, “Би “Т” сургуулиас ярьж байна, танай хүүхэд манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа юм уу, тус сургуулийн 3 жилийн төлбөрийг нэг дор авахаар шийдвэр гарсан тул төлбөрөө шилжүүлээд суралцаж болно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Э.М-оос 3.895.600 төгрөгийг,         

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ч.Ц-д “Оросын Холбооны Улсаас годон гутлыг үйлдвэрээс нь хямдхан оруулж ирж чадна, эгчдээ мөнгө зээлүүлчих, би чамд хүү бодоод өгье, хоёулаа нотариат ороод зээлийн гэрээ хийе, 10 хоногийн хугацаанд мөнгийг буцааж өгнө” гэж гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ч.Ц-гээс 11.453.000 төгрөгийг,

2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хохирогч Н.Г-, Э.Ц-, Б.Ц-, Ө.Б- нартай холбогдон “Их засаг их сургуулиас Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэн суралцуулна, тус сургуулийн элсэлтийн хураамж, байр, хувцас, кредитийн төлбөрийг шилжүүлэх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Н.Г-оос 5.051.300 төгрөгийг, Э.Цэцэгдариас 7.333.000 төгрөгийг, Б.Ц-аас 7.005.000 төгрөгийг, Ө.Б-аас 6.425.000 төгрөгийг тус тус өөрийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч, нийт 41.162.900 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш овогт О-ын А-ийг үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А-ээс 17.404.900 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Г-од 4.351.300 төгрөг, Э.Ц-д 4.633.000 төгрөг, Ө.Б-т 5.525.000 төгрөг, Э.М-ид 2.895.600 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /11-р хуудас/ “Харин шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “... хохирлыг нөхөн төлсөн 23.033.000 төгрөг, ... нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.” хэмээн хуулийг илтэд гуйвуулан ноцтой зөрчлөө. Үүнд: “... хохирлыг нөхөн төлсөн /23.033.000 төгрөг/. Төлсөн гэдэг үг нь өнгөрсөн цагаар тодотгон холбох - сан, -сэн, -сон, -сөн нөхцөл юм. Энэ нь тухайн үйл хөдлөл өгүүлж байгаа үеэс өмнө болсон харьцангуй өнгөрсөн цагийг заадаг. Шүүгдэгч О.А- нь бусдыг залилан нийт 41.162.900 төгрөгийн хохирол учруулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 23.033.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байдаг. Шийтгэх тогтоолд шүүгдэгч О.А-ээс 17.404.900 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Г-од 4.351.300 төгрөг, Э.Ц-д 4.633.000 төгрөг, Ө.Б-т 5.525.000 төгрөг, Э.М-ид 2.895.600 төгрөгийг тус тус олгосугай гэсэн нь шүүгдэгч О.А- нь бусдад учруулсан хохирлоо төлөөгүйг илтгэж байна. Шүүгч Э.Чингис нь “...нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо” хэмээн О.А-ийн өмгөөлөгчийн санал болгосон ялыг өгсөн. Улсын яллагч Я.Болортуяад хохирогч нартай хийсэн хэлцлийг үзүүлээгүй. 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч нараас нэг ч мэдүүлэг, тайлбар аваагүй. Хохирол төлөгдсөн эсэх, хохирлыг төлөх талаар хийсэн хэлцэл үнэн эсэх талаар болон бусад асуудлаар нэг үг ч хэлүүлээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч Э.Ц- нь шүүгдэгч О.А- хохирлыг минь шүүгч таны хэлснээр төлнө гэдэгт итгэхгүй байна. Өмнө нь тэдийд өгнө, ингэж өгнө гээд сүүлдээ утас блоклоод, фейсбүүк хаяг бас блоклож байсан. Цагдаа, шүүхийн шатанд ирсэн учраас энэ хүн дүр үзүүлж цөөхөн хэдэн төгрөг өгч байна гэсэн. Хохирогч Э.М- миний бие бас адилхан утгатай зүйл хэлсэн. Ийм зүйлийг хохирогчид хэлээд байхад шүүгдэгч О.А-д ял оногдуулахдаа хөнгөрүүлж үзэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч О.А- нь 2016 онд залилангийн хэргээр бас хянагдаж байсан байдаг бөгөөд хохирлоо төлснөөр хэргийг хялбаршуулсан байдаг. 2022 оноос 2023 оны хооронд удаа дараагийн үйлдлээр залилангийн хэрэг хийсэн. Мөн эрх зүйч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 310 дугаар ангид хуулийн офицероор ажилладаг. Бусад хүмүүсийг бодвол эрх зүйн мэдлэг өндөр хүн. О.А- нь шүүх танхимд худлаа уйлахаас өөр үйлдэл огт хийгээгүй. Шүүхийн байрнаас гараад инээгээд энхийг сахиулах ажиллагаанд явахад саадгүй боллоо шүү хэмээн өмгөөлөгчтэйгөө ярьж байсан. Шүүгч Э.Чингис нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “... хохирлыг нөхөн төлсөн” хэмээх хуулийн заалтыг ашиглан ял хөнгөлж байгаагаа илэрхийлсэн атлаа “нөхөн төлөхөө илэрхийлсэн хэмээн хуульд байхгүй үг, өгүүлбэр ашиглан Эрүүгийн хуулийг ноцтой зөрчлөө. Шүүгч өөрийн үзэмжээр хууль тайлбарлаад түүнийгээ өөрөө хэрэглээд байж болохгүй. 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч О.А- нь өөрийн өмгөөлөгчтэй биечлэн уулзахаар шүүх танхимаас түр гараад буцаж орж ирээд хохирогчдын хохирлыг ойрын хугацаанд төлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл шүүгч Э.Чингис нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг бичлэгээ зогсоочих гээд “ийм юм ярьж болдоггүй учраас бичлэгээ зогсоочихлоо, шүүгдэгч О.А-ээ чи хохирогч нартай ямар нэгэн байдлаар хохирлыг төлөх талаар тохиролц, гэрээ хийх, хохирлыг нь төлөх гэх мэт аргаар” гэж зааж өгсөн. Ингэхдээ хохирогч нар ч гэсэн хохирлоо л барагдуулах нь чухал биз дээ энэ хүнийг шоронд хийлээ гээд ямар хохирол барагдах биш хэмээн хохирогчдод энэ хүнийг шоронд хийх ашиггүй хэмээх ойлголтыг мөн хохирлоо 5 хоногийн хугацаанд төлж чадахгүй байлаа ч гэсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэрээ хийх нь ашигтай мэт ойлголтыг өгсөн гэж бодож байна. Хохирогч Н.Г-ын аав, ээжтэй хохирлыг төлөх талаар гэрээ байгуулсан байдаг. Гэтэл ямар ч итгэмжлэлгүйгээр хийсэн гэрээг шүүгч Э.Чингис хүчин төгөлдөр гэж үзсэнээр Иргэний хуулийн 5 дугаар бүлгийг санаатай зөрчсөн. Хохирогч Э.М- надтай шүүгдэгч О.А- нь шүүхээс олгосон 5 хоногийн хугацаанд нэг ч удаа уулзаагүй бөгөөд хохирлоо төлөх талаар бодит үйлдэл огт хийгээгүй байхад шүүх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэмээн илтэд шүүгдэгч О.А-ийн талд үйлчилсэн. 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг 15 минут орчим хийсэн бөгөөд шүүгдэгч О.А-ээс 17.404.900 төгрөгийг хохирогч нарт гаргуулж өгөхийг үүрэг болгосон нь хохирогч нарын хохирлыг төлөөгүйг илтгэж байгаа бөгөөд шүүгч Э.Чингис нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, шүүгдэгч О.А-д давуу байдал бий болгож Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчлөө. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал огт байхгүй байхад анхан шатны шүүх хуулийг ноцтой зөрчиж О.А-ийн талд үйлчилсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.А-д хуулийн дагуу хариуцлагыг бодитой хүлээлгэж, хохирогчдын хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч О.А-ийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж нийт нэр бүхий 6 хохирогчид 41.162.900 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч О.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирлын 41 сая төгрөгнөөс тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан. Прокуророос эцсийн байдлаар төлж барагдуулаагүй дүнг 21.509.900 төгрөг гэж тооцсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан саналын дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан. Завсарлага авсан хугацаанд хохирлыг төлөх талаар хохирогч нартай харилцан тохиролцсон байсан. Ингээд шүүх торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүх торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээнд нийцүүлж эрүүгийн хариуцлагыг оногдуулсан гэж прокурорын зүгээс үзэж эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж буй байдал, ам бүлийн байдал, гэмт хэрэг үйлдсэн хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд тухайн торгох ялыг хорих ялаар солих хуулийн зохицуулалттай. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн торгох ялыг бүрэн биелүүлэх боломжтой, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нарт учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан байна. Иймд хохирогчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, цалин, орлого. ...” зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэж дүгнэн торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал, шүүгдэгч О.А- нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд “Их засаг их сургуулиас Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэн суралцуулна, “Т” сургуулиас ярьж байна, Манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа юм уу, тус сургуулийн 3 жилийн төлбөрийг нэг дор авахаар шийдвэр гарсан тул төлбөрөө шилжүүлээд суралцаж болно,“Оросын Холбооны Улсаас годон гутлыг үйлдвэрээс нь хямдхан оруулж ирж чадна” гэх зэргээр хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 6 иргэнээс 41.162.900 төгрөгийг залилан авсан гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, /зарим хохирогч нарын хохирлыг нөхөн төлөөгүй/ хор уршгийг харгалзахгүйгээр 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул энэ талаарх хохирогчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч О.А-ийг хохирогч нарт нийт 23.033.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл 17.404.900 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн байх ба нийт учруулсан хохирол 41.162.900 төгрөгнөөс төлсөн болон үлдэгдэл хохирлыг тооцож үзэхэд  725.000 төгрөгийн зөрүү гарч байгаад анхан шатны шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, мөн прокуророос хохирол зөрүүтэй байгаа талаар тайлбар хийсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой шийдвэрлээгүйг илэрхийлж байна.

 

Иймд хохирогч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1141 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР

 

 

                                    ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН