Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00747

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00747

 

 

Р ХХК, У.З нар нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00204 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Р ХХК, У.З нар нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.А-т холбогдуулан гаргасан 16 843 633 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Ж.А нь Р ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэрээр Р ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч У.Зтай мөн өдөр Үйлчилгээний байр хөлслөх гэрээ байгуулж, түүний өмчлөлийн БГД-н 19 хороо тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай, сарын төлбөр 7 000 000 төгрөгөөр хөлслөх гэрээ байгуулсан. Хариуцагч 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өдрийг хүртэл нийт 192 хоног түрээсийн байрыг эзэмшиж, ашигласан. Түүнчлэн, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах явцдаа Р ХХК-аас нийт 7 610 300 төгрөгийн үнийн дүн бүхий эм тариаг авсан.

Түрээсийн төлбөр нь нэг өдрийн 233 333 төгрөг, нийт ашигласан, түрээсэлсэн хугацааны төлбөр нь 44 800 000 төгрөг болсон. Үүнээс Ж.А дансаар дамжуулж 30 000 000 төгрөг, бэлнээр 2 500 000 төгрөг, нийт 32 500 000 төгрөг төлсөн. Төлөх ёстой 44 800 000 төгрөгөөс төлсөн 32 500 000 төгрөгийг хасвал 12 300 000 төгрөг болно. Гэхдээ бид анхнаасаа тооцооллоо буруу хийсэн учир анх нэхэмжилсэн 9 233 333 төгрөгийг л Ж.Ааас нэхэмжилнэ. Хариуцагч хэдийгээр бэлнээр 5 000 000 төгрөг төлсөн гэж байгаа ч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Бид шударгаар түүний бэлэн төлсөн 2 500 000 төгрөгийг тооцооллоос хассан. 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ж.А нь барааны үнийг боломжтой болмогцоо буцаан төлнө гэж өөрөө гараараа бичээд өгсөн. Иймд эм, тарианы үнэ 7 610 300 төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Р ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийт 7 610 300 төгрөгийн үнэ бүхий эм, тариа хүлээн авсан. Талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийг эм, тариагаар хангах үүрэгтэй гэж ойлгосон. Нэхэмжлэлд дурдсан эм, тариануудын хугацаа нь дууссан байсан тул устгалд оруулсан. Нэхэмжлэгч У.Зтай 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түүний эзэмшлийн БГД-н 19 хороо тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай, 180 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдрөөс жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 7 000 000 төгрөг байх нөхцөлтэйгөөр Үйлчилгээний байр хөлслөх гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс байранд анх орсон, гарсан цаг хугацаанд маргахгүй. Ж.А гэрээний хугацаанд дансаар 30 000 000 төгрөг, бэлнээр 5 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард 3 950 000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл гэрээний хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн нь форс мажор буюу давагдашгүй хүчин зүйл гарч, гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй байдал бий болсон тул дээрх мөнгө төлөхөөс татгалзаж байна. Дээрх нөхцөлийг нэхэмжлэгч харгалзаж үзэлгүй 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр гэрээг дуусгавар болгосон. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуулийн шаардлага хангахгүй хүчин төгөлдөр бус гэрээ. Нэхэмжлэгч 3 сарын өмнө гэрээ цуцлах мэдэгдлээ өгөөгүй. Гэрээний хугацаанд хариуцагч нь нийт 3 422 894 төгрөгийг түрээсийн байрны тог, засвар үйлчилгээнд зарцуулсан гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Ааас 5 810 439 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.З-д, 7 610 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 422 894 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 107 917 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.З-д, 136 715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж заасны дагуу уг хэлцэл нь гэрээ байгуулагдсан үеэс хүчин төгөлдөр бус байх бөгөөд хариуцагчаас нийт 35 000 000 төгрөг төлсөн. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч Ж.А 35 000 000 төгрөгөө буцаан шаардаагүй, тэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулчаад үүрэг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчингүй болсон үндэслэл түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй гэж заасан. Иймд хариуцагчийг эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглан өөрийн хөрөнгөө хэмнэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн түрээсийн төлбөр нь 2020.02.12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон байх үеийн гэрээний төлбөр байдаг. Гэтэл шүүхээс энэ байдлыг харгалзаж үзээгүй энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй байна.

2.Нэхэмжлэгч Р ХХК нь эмчилгээний гоо заслын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага. Шүүгчийн дүгнэсэн шиг эм эмнэлэгийн хэрэгслийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх худалдаалах импортлох эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшдэг этгээд биш, энэ талаар баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцэл гэж дүгнэх боломжгүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарагдахаар байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Эм эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй үүсэл гарал нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн байсан гэдэг нь нэхэмжпэгчийн гаргасан жагсаалтаар тодорхойлогдож байхад доголдолтой гэдгийг нотлоогүй гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Эм эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхт бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Зориулалтын бус газар эм эмнэлгийн хэрэгсэл хадгалах худалдахыг хориглоно гэж хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсаны төлбөр нэхэмжилсэн. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгорт хэргийн материал танилцуулагдаагүй. Тэрээр хөл хорионд орсон байсан тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Ж.Ат холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр худалдан авсан гэх эм тарианы үнэд 7 610 300 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч У.З нь түрээсийн гэрээний үүрэгт 9 233 333 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Ж.А нь Р ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулж эмчилгээний гоо заслын үйл ажиллагааг тус компанийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар тохиролцсон нь гэрээний хувь, талуудын тайлбараар тогтоодсон. /хх 10-12/ Р ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь У.З болохыг талууд үгүйсгээгүй бөгөөд энэ нь тус компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ зэргээр нотлогдсон. /хх 3-5, 10-14/

 

Түүнчлэн, У.З, Ж.А нар нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Үйлчилгээний байр хөлслөх нэртэй гэрээ байгуулж, У.Згийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 хороо,  хаягт байрлах 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр саырн 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөлслөх, сарын төлбөр 7 000 000 төгрөгөөр тохиролцсон тухайд талууд маргаангүй. Энэ үйл баримт талуудын тайлбар, гэрээний хувиар нотлогдсон. /хх 13-15/

Ж.А нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байрыг суллаж өгсөн үйл баримтын талаар маргаангүйгээс гадна түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдсон. /хх 64-65/

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Р ХХК-аас нийт 7 610 300 төгрөгийн үнийн дүн бүхий эм тариаг хүлээн авсан үйл баримтыг няцаагаагүй. /хх 89/

Анхан шатны шүүх түрээсийн төлбөр гэх 9 233 333 төгрөгийн шаардлагаас 3 422 894 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ.

Нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргахаас гадна 7 610 300 төгрөгийн шаардлагын хувьд эм тарианы ашиглалтын хугацаа дууссан, устгасан гэх үндэслэл заан маргажээ. /хх 86, 141/

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан Үйлчилгээний байр хөлслөх нэртэй гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүйн улмаас мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

Хүчин төгөлдөр бус хэлцлээр хөрөнгө шилжүүлсэн этгээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Ж.А нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байрыг суллаж өгсөн. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгөөс гадна түүнээс олсон орлого, үр шим буцаан шаардах шаардлагад хамаарах юм. Нэхэмжлэгчийн шаардаж буй түрээсийн төлбөр гэх 9 233 333 төгрөг нь тухайн хөрөнгөөс олох орлого буюу хууль ёсны үр шимд хамаарах бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 11-нийг хүртэл хариуцагч өөрийн эзэмшилдээ байлгасан тул анхан шатны шүүх үлдэх хугацааны түрээсийн хэмжээгээр дүйцүүлэн 5 810 439 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын нийслэл хотод цар тахал гарсан, хөл хорио тогтоосон гэх нийтэд илэрхий үйл баримт байх боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчим, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байвал хариуцагч нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийн хөрөнгийг буцаан өгөх эрх нээлттэй байжээ. Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно гэж заасан.

Хариуцагч нь 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэж тайлбарласан боловч баримтаар нотолж чадаагүй, энэ талаар баримт гаргаагүй тул эд хөрөнгийг эзэмшилдээ байлгасантай холбоотой үүсэх үүргээс хасч тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Р ХХК-аас хариуцагчид нийлүүлсэн гэх нийт 7 610 300 төгрөгийн үнийн дүн бүхий эм тариаг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад уг хуулийн заалтыг баримталсныг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа нь 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс үүссэн байвал тухайн хэлцлийг зохицуулсан зүйл заалтыг баримталж маргааныг шийдвэрлэх боломжтой.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.2-т зааснаар хүний эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасан. Талуудын хэн аль нь хүний эхэс, курацин, сармисны хандны тариа гэх мэт эмийн зүйлийг худалдах, улмаар эмчилгээний гоо сайхны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болохоо нотлоогүй тул талуудын хооронд 7 610 300 төгрөгийн эм тариа худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь дээрх эм тарианы хугацаа дууссан тул устгасан гэх боловч үүнийг нотолсон баримтгүй тул үнэ болох 7 610 300 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгосныг буруутгах боломжгүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц-т хэргийн материал танилцуулагдаагүй гэх давж заалдах гомдол гарсан бөгөөд хэргийн баримтаас үзэхэд өмгөөлөгч Б.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материалтай танилцах боломжоор хангахыг бичгээр хүсчээ. /хх 45/ Анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 16 хоногийн хугацаагаар хойшлуулсан. /хх 49/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах эрхтэй. Энэхүү эрхийг хэргийн оролцогч өөрөө хэрэгжүүлэх бөгөөд шүүхээс саад учруулаагүй байна.

Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ. Тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 5 сар гаруй хугацаанд үргэлжилсэн, хариуцагчийн өмгөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материалтай танилцах боломжоор хангахыг хүссэнээс хойш 90 хоног өнгөрсөн, хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа олгосон гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00204 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т гэснийг Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-т гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД