Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/1147

 

 

 

 

 

 

Ц.Б, Н.А  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Эрдэмбилэг,

шүүгдэгч Ц.Б, Н.А ,

хохирогч Г.Э ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/643 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Э ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Б, Н.А  нарт холбогдох эрүүгийн 2309011571267 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.Б-,

 

Н.А-,

           

Шүүгдэгч Ц.Б, Н.А  нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмэн Таур”-ын ** дугаар байрны ** тоотын гадна чимээгүй байх талаар шаардлага тавьсан Г.Э той маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б, Н.А  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Ц-ын Б, Ш овогт Н-гийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Н.А  нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ц.Б, Н.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тус хэргийн хохирогч надад 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдсан эрүүгийн шүүх хуралдааны товыг албан ёсоор хуульд заасны дагуу мэдэгдээгүй, хохирогч намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тус шүүх хуралдаанд хохирогч Г.Э  би биечлэн оролцож гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон гомдол, хүсэлт, тайлбар гарган оролцох эрхийг маань хангаагүйгээс миний Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Тухайн үед миний бие зовуурь ихтэй учир бариа засал, төөнүүр, эмийн эмчилгээ, дусал тариа хийлгэж байсан бөгөөд ажлаасаа чөлөө аваад гэрт хэвтрийн байдалтай байсан. Мөн миний утас байнгын нээлттэй байхад надад дуудлага болон зурвас хэлбэрээр ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Шүүх дээр хэзээ хэрэг шилжиж очсон тухай ч мэдэгдээгүй. Би шүүхэд эмчилгээний зардал, хохирол, цалин хөлсний талаар нотлох баримтаа бүрдүүлэн өгөх гэсэн боловч дээрх мэдэгдэл ирээгүй учир баримтуудаа өгөх боломжгүй болгосонд гомдолтой байна. Түүнчлэн Б, А нар нь хоёулаа нийлж бүлэглэн танхайрч, согтуугаар зодож цохисноос болж миний толгой тогтмол маш хүчтэй өвдөж, нойргүйдэлд хүрч 7 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Би маш их гомдолтой байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөв гарсан эсэхэд эргэлзэж байна. Бие сульдаж, тогтмол нойроо авч чадахгүй, ажлын бүтээмж байхгүй, нүдний хараа 17 хувиар муудсан, хоёрлож харж байгаа зовууриуд илэрч байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бусдад төлөх төлбөргүй гэж заасан хохирогч миний эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Учир нь цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхиогүй. Түүнчлэн шүүхийн шийдвэр шуудангаар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирж би шүүх хурал болсныг мэдсэн. Би эрүүл мэндээрээ хохироод хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Оюуны ажил хийдэг тул нойргүйдэл,  мэдрэлийн системд өөрчлөлт орсон, толгой өвдөж байгаа нь намайг маш их зовоож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.А  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч анхан шатны шүүх хуралдааны дараа “хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэж хэлсэн. 6-7 сарын дараа дахиад гомдол гаргаж байгаад гайхаж байна. ...” гэв.

 

Прокурор Н.Эрдэмбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Г.Э ын эрүүл мэндэд учирсан хохирлыг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн  4549 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэргийг тогтоож өгсөн. Уг дүгнэлттэй хохирогч, шүүгдэгч нар тухайн үедээ танилцаад санал, хүсэлт гаргаагүй. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хохирогч, яллагдагч нарт хэргийн материал танилцуулаад прокурорын хяналтад шилжүүлсэн. Хавтас хэргийн 107 дугаар талд хохирогч Г.Э  нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй” гэх хүсэлтийг өгсөн байдаг. Тухайн үед хохирогч 957.742 төгрөгийн хохирлын баримт гаргаж нэхэмжилсэн. Үүнээс баримтаар нотлогдсон нь 379.000 төгрөгийн хохирлын баримт байсан. Уг хохирлыг шүүгдэгч нар тухайн үед төлж барагдуулсан. Хохирогч хараа муудсан гэж байна. Хохирогчид байгаа баримтыг харахад 2023 оны 6 дугаар сарын 10-наас хойш эмнэлэгт үзүүлсэн баримтууд байна. Иймд тухайн гэмтэлтэй холбоотой хараа муудалт уу гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эмчилгээний төлбөр гэх мэт зайлшгүй төлбөл зохих зардлыг төлөхөөр хуульчилсан. Иймд хохирогч Г.Э ын цаашид гарах эмчилгээний төлбөрөө нэхэмжлэх эрхэд хязгаар тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б, Н.А  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Г.Э ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Тухайлбал:

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/1459 дүгээр захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /хх 125-126/ шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдээгүй гэж үзэхэд хүргэв.

 

Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...”, мөн зүйлийн 1.9-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах...” зэрэг хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Г.Э ын “...шүүх хуралдааны товыг албан ёсоор хуульд заасны дагуу мэдэгдээгүй, хохирогч намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээж авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/643 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б ,  Н.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            Г.ГАНБААТАР

 

                        ШҮҮГЧ                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН