Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0196

 

  2025           03          17                                     128/ШШ2025/0196

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э б” ХХК     

Хариуцагч: Сангийн сайд, Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г  

Маргааны төрөл: “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гантулгын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Э б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,  хариуцагч Д.Г, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс зарласан *** дугаар бүхий "Эмчилгээний хоолоор үйлчлэх, үйлчилгээ авах төсөл шалгаруулах" сонгон шалгаруулалтад оролцсон. Тус тендерийг Захиалагчийн Үнэлгээний хороо хянан үзээд ХУДНЭ-ийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр тендерээс татгалзсан тухай хариуг өгсөн. Ингэхдээ "тогооч Ц.М диплом хуурамч" гэх үндэслэл тогтоожээ. Цаашлаад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс Сангийн яаманд 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ** тоот албан бичгээр энэ тухай мэдээлэл хүргүүлж, Улсын байцаагчаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ** тоот албан бичгээр ** дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, сонсох ажиллагаанд оролцох, хариу тайлбар ирүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авсан. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр "Э б” ХХК нь сонсох ажиллагаанд оролцохдоо 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ** тоот албан бичгээр хариу тайлбар өгч, дипломын эх хувь. /үзүүлээд буцааж авсан/, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалтын албанаас авсан Оюутны дүнгийн хуудас, Ц.М дипломыг ХУР системд бүртгүүлэхээр Боловсролын ерөнхий газарт 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ** тоот албан бичгээр манай байгууллагаас өгч байсан хүсэлтийн хуулбар, 2018 оноос хойш манай байгууллагад ажиллаж байснаа нотлох цалин шилжүүлж байсан дансны хуулга зэрэг баримтуудыг Сангийн яаманд эх хувиар нь гарган өгсөн, эргүүлж авч чадаагүй. Ийнхүү тайлбар өгсний дараа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г ** дугаартай дүгнэлт гарч, манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн хэмээн дүгнэсэн. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэдэгдлийг хүлээн авах хүртэл Ц.М-н боловсролын диплом нь хуурамч болохыг мэдээгүй. Хэрэв асуудалтай гэдгийг мэдсэн бол Ц.М-н боловсролын дипломыг хавсаргахгүйгээр зөвхөн түүний тогооч мэргэжлийн II зэргийн үнэмлэхийг хүргүүлэхэд хангалттай байсан юм. Улмаар Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаал гарсан нь манай компанид хохирол учруулсан. Энэ нь хувь ажилтны хариуцлагын асуудал байхад ажил олгогчийг буруутгаж, мэдэх боломжгүй байсан асуудлынх нь хүрээнд хариуцлага хүлээлгэн бизнесийн үйл ажиллагааг 3 жилийн хугацаанд бүрэн зогсоох үр дагавар үүсгэсэн. Энэхүү хуурамч дипломын асуудал нь хэний буруу болох, Ц.М үү, эсхүл "Э б" ХХК уу? гэдгийг тогтоолгохоор Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан. Хэрэв үүнд манай компани буруугүй нь тогтоогдвол хар жагсаалтаас манай компанийг гаргах үндэслэл бүрдэнэ гэж үзэж байсан. Гэтэл Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ** тоот албан бичгээр "Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт Ц.М (РД:**) нь 2004-2005 онд Шинжлэх Ухааны Техникийн Их сургуулийн харьяа Хүнсний Технологийн сургуулийг "Хүнс Үйлдвэрийн технологи, Эрүүл ахуй, Хүнс судлалын Ухаан"-ын ** дугаартай бакалаврын дипломтой төгсөөгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Танай байгууллагын үйл ажиллагаа Сангийн яамны "хар жагсаалт"-д орсон асуудлыг Захиргааны хэргийн шүүх болон бусад төрийн холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү" гэж хариу ирүүлсэн. Цагдаагийн байгууллага үнэн мөнийг тогтоосон атлаа ямар ч буруугүй манай компанийг хар жагсаалтаас гаргах эсэх асуудлыг шийдвэрлэж өгсөнгүй. Иймд цагдаагийн байгууллагаас тогтоосны хүрээнд ямар ч буруугүй "Э б" ХХК-д чиглэн гарсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай дүгнэлтийг, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаар "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд бүртгэх тухай" тушаалын манай компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э б” ХХК нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс зарласан эмнэлгийн хоолоор үйлчлэх, үйлчилгээ авах төсөл шалгаруулалт буюу катеринг хоолны үйлчилгээтэй холбоотой тендерт оролцсон. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тендерт шалгараагүй тухай мэдэгдэл ирсэн. Шалгараагүй үндэслэл нь тогооч н.М гэх хүний диплом хуурамч гэх үндэслэл тогтоогдлоо гэж захиалагчаас шийдвэр гарсан. Цаашлаад тус тендерийн дараа Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс Сангийн яамд мэдэгдэл гаргаж хуурамч дипломын асуудлаар шалгуулахаар хүсэлт өгсөн байдаг. Үүний дагуу тодорхой хяналт шалгалтын удирдамж гарч улсын байцаагчаас тухайн диплом хурам эсэх асуудлыг шалгаж шийдвэрлэсэн. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гантулга 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ** дугаартай дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтээр “Э б” ХХК-ийг илт хуурамч материал бүрдүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Тухайн диплом хуурамч байсан эсэх асуудал нэг тусдаа. Энэ баримтыг Э б ХХК нь тендерт орохын төлөө, цаашлаад тендер сонгон шалгаруулалтын шаардлага хангахын төлөө бүрдүүлж өгсөн үү гэдэг асуудлыг тусдаа авч үзэх ёстой гэж үзэж байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн н.М-н дипломын тухайд 2005 онынх байдаг. н.М 2018 оноос “Э б” ХХК-д ажиллаж байсан. Анх ажилд орохдоо дипломоо өгч ажилд орж байсан. Хуурамч гэдгийг “Э б” ХХК-ийн хувьд мэдээгүй. Тендерт оролцохдоо өөрийн ажилтан байсан тул тус тендерт тогоочоор ажиллаж ажлыг гүйцэтгэж хийнэ, туршлага, мэдлэг чадварыг нь тодорхойлох баримт болгож дипломыг хавсаргаж өгсөн. Хэрвээ тус диплом хуурам гэдгийг мэдэж байсан бол өөр ажилтан, өөр тогоочийг оролцуулах боломжтой байсан. Эсвэл н.М-н тухайд 2 дугаар зэргийн тогоочийн үнэмлэхтэй байсан. Тус үнэмлэхийг хүснэгтэд заасан шалгуурыг хангасан байдаг. Хуурамч дипломыг зориудаар мэдэж гаргаж өгч эсвэл зориуд гаргаж өгч оролцоогүй гэдгийг харгалзаж үзэх ёстой. Тендерт оролцогч хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаа юу эсвэл өөр субъектийн буруутай үйл ажиллагаа байна уу гэдгийг тодорхойлсноор хар жагсаалтын асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. “Э б” ХХК-ийн зүгээс хуурамч дипломыг хийсэнтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өнгөрсөн хугацаанд шийдвэрлүүлсэн. Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр тус хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлийн *** дугаартай хэрэгт Ц.М нь 2004-2005 онд Шинжлэх ухааны техникийн их сургуулийн харьяа Хүнсний технологийн сургуулийг хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, хүнс судлалын ухааны ** дугаартай бакалаврын дипломтой төгсөөгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Танай байгууллагын үйл ажиллагаа Сангийн яамны хар жагсаалтад орсон асуудлыг Захиргааны хэргийн шүүх болон бусад төрийн холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариу авч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах шатанд шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сангийн яамд гомдол гаргах боломжтой талаар дүгнэж тэр талаар тодруулсан. Түүний дагуу бид нар Сангийн яамд шийдвэр гаргасан субъектүүд дахиж уламжлахад энэ манай асуудал биш. Ц.М гэх хувь иргэний буруу, болчимгүй асуудлаас болж манай компани хохирч байна. Иймд шийдвэрээ эргэж хараач, дахин судлаач. Цагдаагийн байгууллага буруутай субъектийг нь хэн гэдгийг тодорхойлж хүн үү, хуулийн этгээд үү гэдгийг нь зааглаж өгсөн гэх агуулгаар гомдлоо гаргаж хариу авсан. 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яамны албан бичиг ирсэн. Үндсэн маргааны агуулгын хүрээнд бидний маргаж байгаа болон маргахгүй байгаа зүйлийг хурлын өмнө тодорхой зааглаж өгөх нь зүйтэй. Диплом хуурамч гэдгийг бид нар мэдсэн. Түүнтэй холбоотой маргаагүй, маргахгүй байгаа. Харин “Э б” ХХК-ийн хуурамч дипломтой холбогдуулж буруутгаж байгаа асуудал дээр бид гомдолтой байгаа. Бид нар ч мөн хохирогч болж 2005 оны дипломоор хүнийг ажилд авч ажиллуулж цалин хөлс өгч байсан. Мэдээгүй байхдаа тус баримтыг гаргаж өгч тендерт оролцож хар жагсаалтад орсон гэдэг шалтгаанаар бид нар мөн хохирч явж байгаа. Манай компани мэдсэн, зориуд санаатай сэдэл гаргаж тендерт баримт бүрдүүлж өгсөн зүйл байхгүй. Тус диплом нь үнэт цаасан дээр хэвлэгдсэн тамга тэмдэгтэй эх хувь диплом байсан. Тус дипломыг хуурамчаар ямар нэгэн байдлаар хийсэн асуудал байхгүй. Ажилд орох гэж нотариатаар гэрчлүүлээд ирж байгаа тэрийг төрийн өмнөөс нотлох нотариатын байгууллага гэрчилж тендерт материал бүрдүүлж өгсөн. Энэ нөхцөл байдалд манай компанийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлт болон түүнийг үндэслэж гарч байгаа Сангийн сайдын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Э б” ХХК нь Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс зарласан ** дугаартай "Эмчилгээний хоол нийлүүлэх" тендер шалгаруулалтад оролцохдоо "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн" болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай дүгнэлтээр тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны хууль/ 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж, мөн зүйлийн 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ." гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэв.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай "Хяналт шалгалт хийх тухай", мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай "Удирдамжийн хугацаа сунгах тухай" удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г Засгийн газрын 2019 оны ** дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-ийг баримтлан "Э б" ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хууль /2005 онд батлагдсан/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт гаргаж холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах эсэх санал гаргах зорилго бүхий хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. "Э б” ХХК нь ** дугаартай дугаартай "Эмчилгээний хоол нийлүүлэх" тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх мэдээллийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ** тоот албан бичгээр Сангийн яаманд ирүүлсэн. Хяналт шалгалт шалгалтад цугларсан нотлох баримт бичгээс үзэхэд "Хан- Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс зарласан 2023 оны ** дугаар сарын 23-ны өдөр, мөн оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус зарласан ** дугаартай "Эмчилгээний хоол" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад "Энгийн ухаан, технологийн их сургуулийн *** дугаартай "Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй" мэргэжлийн бакалаврын диплом нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ** тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр хуурамч болох нь тогтоогдсон Тодруулбал, тус сургуулиас ирүүлсэн албан бичгийн хавсралт болох "Төгсөгчдөд мэргэжил, мэргэжлийн зэрэг диплом олгох тухай" Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот тушаалын хавсралтад "61. Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик мэргэжлээр төгссөн тул геологийн бакалаврын зэргийг ** Б* Овогтой Т*" гэж заасан байгаа нь Ц.М Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ** дугаартай дипломтой давхацсан. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд "Э б XXK ** урилгын дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо тендерт хавсаргасан ** дугаартай "Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй" мэргэжлийн бакалаврын диплом нь Шинжлэх ухаан, технологийн их сургуульд бүртгэлгүй бөгөөд тус сургуулиас ** дугаартай дипломыг Ц овогтой М-т олгоогүй болохыг нотолсон байх тул "Э б ХХК-ийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн гэж дүгнэсэн. 2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт худалдан авах ажиллагаанд "хариуцлагатай байх" зарчмыг баримтална гэж, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх заалтад "Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ" гэж тус тус заасан. Түүнчлэн дээд боловсролын дипломын мэдээллийг тендер илгээхээс өмнө Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /www.e-mongolia.mn/ цахим хуудсаар урьдчилан шалгах, тодруулах боломжтой байсныг дурдаж байна. Дээрх тендер шалгаруулалтад тендер илгээсэн "Тендер илгээх маягт”-ыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Б.А** өөрийн гарын үсгээр баталгаажуулж илгээсэн бөгөөд өөрийн илгээсэн тендерт холбогдох хариуцлагыг хүлээх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г*аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э б” ХХК-тай  холбоотой Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс хүсэлт ирсэн. Хүсэлтийн дагуу Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн 2023 оны ** дугаартай удирдамж гарч хяналт шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын явцад Э б ХХК нь Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс зарласан тендер шалгаруулалт оролцохдоо хүргүүлсэн материалд тус компанийн Ц.М гэх ажилтны диплом нь хуурамч болох нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн лавлагаагаар тогтоогдсон. Тус баримт бичигт үндэслэж 2005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн гэж үзэж дүгнэлт гаргасан байгаа.” гэжээ.

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хяналт шалгалт 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар явагдсан. Тухайн хуулийн зохицуулалтаар улсын байцаагчийн дүгнэлт гарч Сангийн сайдад хүргэгдсэн тохиолдолд түүнийг хянан шийдвэрлэх, зөв буруу байна гэж дүгнэх боломж хуулиараа байхгүй. Нэгэнт хүчин төгөлдөр дүгнэлт ирсэн тохиолдолд тушаал гаргаж эрх хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгээд олон нийтэд мэдээлэлдэг эрх зүйн зохицуулалттай. Эрх зүйн зохицуулалтын хүрээнд тухайн компанийг хуульд заасан хугацааныхаа дагуу чиг үүргээ хэрэгжүүлж тушаал гарсан учир Сангийн сайдын тушаал Улсын байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр байгаа нөхцөлд хүчингүй болох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай холбоотой тайлбар хэлэхэд улсын байцагчийн дүгнэлтийн 3 дахь хэсэг дээр байцаагчийн дүгнэлтийг ерөнхий байцаагч 10 хоногийн дотор хүлээн авч хянан шийдвэрлэх зохицуулалт үйлчилдэг. Нэг ёсондоо тухайн дүгнэлтэд холбогдож байгаа этгээдүүдийн ерөнхий байцаагчид гомдол гаргах хугацааг нь хангаж тухайн сайдын тушаал гардаг. Яагаад гэвэл тухайн тушаалтай холбогдуулж ерөнхий байцаагч тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд тухайн тушаалын холбогдох хэсэгт бүртгэх үндэслэл болохгүй. Ерөнхий байцагчид хэрвээ гомдол гаргахаар байвал гомдол гаргаж, гомдол эцэслэн хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацааг олгох үүднээс Сангийн сайдын тушаал гарсан тул хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч “Э б” ХХК нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг болон Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Э б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаар дүгнэлтээр “Э б” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан илт худал мэдээлэл ирүүлсэн нь “Э б” ХХК нь ** урилгын дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо тендерт хавсаргасан ** дугаартай “Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй” мэргэжлийн бакалаврын диплом нь Шинжлэх ухаан, технологийн их сургуульд бүртгэлгүй бөгөөд тус сургуулиас ** дугаартай дипломыг Ц овогтой М олгоогүй болохыг нотолсон байх туг “Э б” ХХК-ийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, “Э б” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” ** дугаар тушаалын хавсралтаар “Э б” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулсан байна.

Маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг гаргах үед үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан байна.

Бодит байдалд “Э б” ХХК нь ** урилгын дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо Ц.М-н ** дугаартай бакалаврын диплом хуурамч гэдгийг нь мэдсээр байж уг дипломыг зориудаар тендер шалгаруулалтад илгээсэн болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, тус ** урилгын дугаартай тендер шалгаруулалтад баримт материал илгээхдээ Ц.М-н ** дугаартай диплом бүртгэлгүй, хуурамч болохыг нэхэмжлэгч мэдэж байсныг нотлох баримт байхгүй байна.

Иймд дээрх үндэслэл болон хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзэхэд, “цахим системд тендер материал илгээх үед Ц.М-н ** дугаартай диплом хуурамч гэдгийг мэдээгүй байсан, маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа л хуурамч гэдгийг мэдсэн, хэрвээ тендерийн материал илгээх үед бакалаврын диплом хуурамч гэдгийг мэдэж байсан бол уг дипломыг хавсаргахгүйгээр зөвхөн Ц.М-н тогооч мэргэжлийн II зэргийн үнэмлэхийг хүргүүлэхэд л хангалттай байсан юм” гэсэн агуулгаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шинжлэх, ухаан технологийн их сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №** тоот албан бичгээс үзэхэд, Ц.М-н ** дугаартай бакалаврын диплом тус сургуульд бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.   

Ц.М-н ** дугаартай бакалаврын диплом хуурамч буюу Шинжлэх, ухаан технологийн их сургуульд бүртгэлгүй болохыг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ** тоот албан бичгээр тогтоогдож байна.  

Дээрх Шинжлэх, ухаан технологийн их сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №** тоот болон Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ** тоот албан бичгүүдээс үзэхэд,  нэхэмжлэгч нь “Ц.М-н бакалаврын диплом хуурамч эсэхэд манай компани буруугүй, уг хуурамч дипломын асуудалд Ц.М л буруутай, уг дипломыг хуурамчаар үйлдсэн хүн л эрүүгийн хариуцлага хүлээнэ, манай компани уг асуудалд хамааралгүй” гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар мөн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх зохицуулалтыг тендерт оролцогч нь уг тендер илт худал болохыг мэдсээр байж зориудаар хүсэл зоригоо илэрхийлж илгээсэн тохиолдолд хэрэглэх нь тус хуулийн агуулга, үзэл санаанд нийцэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-“ Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан байна.

Дээрхийн хуулийн зохицуулалтууд, үйл баримтуудаас үзэхэд, бодит байдалд нэхэмжлэгч нь ** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж илгээсэн нь тогтоогдохгүй байх ба хуурамч дипломтой иргэний буруутай үйлдэлд компанийг буруутгах боломжгүй байх тул улсын байцаагчийн 2023 оны ** дугаар дүгнэлт нь бодит нөхцөлд тохирсон байх болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гантулгын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

“Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Э б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж буюу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамаарал бүхий 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” ** дугаар тушаалыг гаргахдаа Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг шууд үндэслэл болгосон байх тул уг Сангийн сайдын 2023 оны ** дугаар тушаалын холбогдох хэсгийг мөн хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.   

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаартай дүгнэлтийг болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” ** дугаар тушаалын “Э б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Э б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.БАТЗОРИГ