Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/00528

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 307/2025/00351/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** баг, ******** гудамж, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-ын хүсэлттэй,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.******* нь 1998 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******** баг, ******** байр, ********тоот орон сууцыг эзэмшдэг. Энэ байрыг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2002 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолоор И.*******д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд И.******* гуай тэтгэвэрт гараад 2020 онд уг байраа зарсан. Түүнээс хойш авсан хүн нь гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлж аваагүй байтал бичиг баримтаа үрэгдүүлсэн байсан. Тийм учраас И.******* гуай уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоё гэж шүүхэд хандсан байгаа гэв.

 2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

3. Шүүхийн журмаар Дулаан Шарын гол ТӨХК-аас үйлчилгээ авч эхэлсэн лавлагаа, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлж, ******* гэрчийн мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч И.*******ын гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. И.******* нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******** баг, ******** байр, ********тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3. Хүсэлт гаргагч И.******* нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******** баг, ******** байр, ********тоот орон сууцны өмчлөгч болох нь Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2002 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар тогтоол, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 04/371 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2002 оны 01 сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, 2024 оны 03 сарын 20-ны өдрийн Ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Дархан-Уул аймгийн Төрийн Архивын 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 162 дугаартай УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон сууцны хувьчлан авах өргөдлөө гаргасан сууц эзэмшигчдийн жагсаалт ... 54. ******* ******* ... гэх тодорхойлолт, Дулаан Шарын гол ТӨХК-ийн 2025 оны 03 сарын 15-ны өдрийн 01/88 дугаартай албан бичгээр ирүүлсэн үйлчилгээний лавлагаа болон гэрч ******* өгсөн ...Би 2021 оноос хойш Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, Төмөр замын 20 дугаар байрны 8 тоотод хүү хамт амьдарч байгаа. Энэ байрыг манай том хүү *******аас 2019 онд худалдаж авч байсан. Энэ байр нь *******ын нэр дээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан юм байна лээ. Тэгэхдээ тэр гэрчилгээг нь манай бэр аавд байж байсан одоо олдохгүй байгаа. Энэ байранд хэдийгээр би амьдарч байгаа ч гэсэн би бэр нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Энэ байранд би болон манай хүү амьдарч байгаа ч ямар нэгэн байдлаар маргах зүйл огт байхгүй... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2002 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тогтоолоор И.*******д дээрх орон сууцны өмчлөх эрхийг олгосон боловч дээрх хаягаар үл хөдлөх эд хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим санд бүртгэгдээгүй гэх лавлагааг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17/226 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс ирүүлсэн байна.

Иймд хүсэлт гаргагч И.******* хүсэлтийг хангаж, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******** баг, ******** байр, ********тоотод орон сууцны өмчлөгчөөр И.*******ыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т зааснаар ******* овогт ******* *******ыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******** баг, ******** байр, ********тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА