Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э холбогдох эрүүгийн 2017 2501 1505 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, оршин суух гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Д.Э, /РД: / /Д Энэрээр мөн нэрлэгддэг/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Э  нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвийн урд талын замын дэргэдэх ТҮЦ хажууд иргэн С.Б биед хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Айфон 4 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай нэг найз засварын газарт машинаа өгсөн байсан. Тэгээд тэр засварын газрыг ажиллуулдаг хүмүүсийг би танидаг болохоор намайг машин засаад дууссан эсэх талаар асуугаад өг гээд байсан. Тэгээд би яриад асуутал маргааш гарах юм шиг байна гэж хэлээд гэр рүүгээ явж байтал хохирогчтой тааралдаад намайг шүргэхээр нь би мөргөчихсөн юм. Утсыг нь бас авсан. Тэгээд явж байтал цагдаа байна гээд нэг энгийн хувцастай хүн намайг аваад явсан. Би Баянзүрх дүүрэг дээр ирээд хохирогчид утсыг нь буцаагаад өгсөн. Тухайн үед утастай нь хамт мөнгө байсан гэсэн, тэр үед бол мөнгө байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би суллагдаад эхнэр хүүхдээ тэжээх гэж хичээж байгаа. Одоо бол эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байгаад ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-57, 95-96 дугаар хуудас/,

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвийн баруун талаар хойшоо чиглээд гэр рүүгээ явж байгаад замаараа ТҮЦ-ний урд талд утсаар яриад зогсож байсан чинь нэг залуу гэнэт араас ирээд миний утсыг шүүрээд автобусны буудал руу зугтаасан. Тэгсэн тэнд байсан энгийн хувцастай залуу нөгөө миний утсыг авч зугтаасан залууг бариад авсан. Нөгөө залуугийн халаасыг нь үзсэн чинь миний утас гарч ирээгүй гартаа өргөөд барьчихсан байсан юм байна лээ, миний утас гарт нь байна гэсэн чинь зам руу шидчихсэн чинь машинд дайрагдаад эвдэрчихсэн. Хар өнгийн Айфон 4 маркийн утас байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-24 дүгээр хуудас/,

Гэрч И.Даваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн түргэний эмнэлгээс залгаад С.Батжаргал гэх хүний эхнэр үү гэхээр нь мөн байна гэсэн чинь хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд яваад очсон чинь С.Батжаргалын хамраас нь цус гарсан байдалтай, хувцасны ар тал нь тоос шороо болчихсон мөн барьж байсан Айфон 4 маркийн гар утасны нүүр нь эвдэрчихсэн асахаа больчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Э.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 13-ны орой 23:20 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз худалдааны төвийн замын урд талаар баруун тийшээ чиглээд машинтай явж байхад Асайт худалдааны төвийн баруун урд талын дугуй засварын урд талд нэг ах доор нь орчихсон, дээр нь нэг залуу зуурчихсан зууралдаад байсан. Дээр нь байсан залуу Асайт худалдааны төвийн баруун талаар хойшоо явсан замаар зугтаасан. Би араас нь хөөсөөр байгаад барьж авахад гартаа байсан гар утсаа зам руу шидчихсэн. Утсыг нь харсан чинь хар өнгийн Айфон 4 маркийн гар утас байсан. Утсаар нь ярих гэсэн чинь утас нь эвдэрчихсэн ажиллахгүй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн замын урд талын автобусны буудлын ТҮЦ-ний хажуугаар явж байхдаа урдаас ирж байгаа хүнийг би мөргөсөн. Тэгсэн тэр залуу над руу уурлаад би маргалдаад хэрүүл маргаан хийж байхад цагдаа ирээд намайг аваад явсан. Тухайн үед цагдаагийн хэсэг дээр очиход С.Батжаргалын биед гар утас нь байсан. Мөнгийг нь харин би мэдэхгүй байна. Би дээрэмдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹5106 дүгнэлтэд “С.Батжаргалын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 34 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 16 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Э  нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвийн урд талын замын дэргэдэх ТҮЦ хажууд иргэн С.Батжаргалын биед хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Айфон 4 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Э т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Э ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Иргэний хуульд зааснаар Д.Э аас хохирогчийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд үзлэгийн төлбөрт төлсөн 3000 төгрөг, гар утасны үнэ 150.000 төгрөг, нийт 153.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 381/я дугаартай шүүгчийн захирамжаар өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан хугацааг оруулан цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй болох нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байгаа бөгөөд түүний эх нь Даваажав, эцэг нь Дамдинрагчаа, төрсний гэрчилгээ авахдаа эх Даваажаваараа овоглодог байсан талаар гэрч С.Цолмон мэдүүлсэн байна. /хэргийн 78 тал/

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.