| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2306022922583 |
| Дугаар | 2023/ДШМ/1148 |
| Огноо | 2023-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/1148
Б.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Батзаяа,
шүүгдэгч Б.А-,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2306022922583 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.А-,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 896 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч Б.А- нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Эмнэлгийн 1 дүгээр гудамжны *** тоот гэртээ * настай төрсөн охин А.Д-г “хичээлээ хийхгүй, үймүүлсэн байна, хичээлээ хий” гэж алгадаж, галын дэгээ төмрөөр ар нуруу, хөл, гарын шуу зэрэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Б-ын А-г “Бага насны хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хохирогч А.Д-, түүний хууль ёсны төлөөлөгч М.Х нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.А-гөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..би өөрийн охин А.Д-г түүний эх болох М.Хгаас салах үедээ өөр дээрээ авч өнөөдрийг хүртэл өсгөсөн. Би охиноо өсгөж хүмүүжүүлэх хугацаандаа түүний эсрэг аливаа хэлбэрээр хүчирхийлэл үйлдэж, бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулаагүй байтал анхан шатны шүүх намайг өөрийн төрсөн охиноо зодож, түүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмтэл учруулсан гэх үндэслэлээр нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх дээрх шийдвэрээ гаргахдаа гэрч, хохирогчийн мэдүүлгээс өөрөөр хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт нотолж чадаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой байтал анхан шатны шүүх хэт өрөөсгөл, нэг талыг барьсан дүгнэлт хийж, миний эрх зүйн байдлыг дордуулж надад нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь би гэр бүлээ ганцаараа тэжээдэг, эхнэр маань хорт хавдар өвчний улмаас ажил хийх боломжгүй миний хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр миний хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. ...Би сард 750.000 төгрөгийн зээл төлдөг, ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг болохоор 3 сар нийтэд тустай ажил хийнэ гэхээр ар гэрийн байдал хүнд болно. Иймд торгуулийн ялаар солих эсхүл нийтэд тустай ажил хийх ялыг 250 цаг болгон багасгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Б.А-д оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэхгүй байгаа. Өмнөх хэргийн шүүх хуралдаанд би оролцсон. Би тухайн үед охин минь энэ хүнтэй хамт амьдардаг байсан болохоор охин минь хэцүүдэж магадгүй гээд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж хэлсэн. Харин энэ хэргийн хувьд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь зөв гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор М.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан, мөн 2016, 2018, 2022 онуудад хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг үйлдэж байсан. Эхний 2016 оны үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байсан. Дараа нь 2018 онд өөрийн найз Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. 2022 онд өөрийн төрсөн хүүг зодож хөнгөн гэмтэл учруулсан. 2023 онд төрсөн охиныхоо эрүүл мэндэд халдсан. Тухайн зүйл ангид торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар заасан. Нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шийдвэр гүйцэтгэгчтэйгээ тохиролцоод ажлын бус цагаар нийтэд тустай ажлыг хийх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.А- нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Эмнэлгийн 1 дүгээр гудамжны *** тоот гэртээ ** настай өөрийн төрсөн охин А.Д-г “хичээлээ хийхгүй, үймүүлсэн байна, хичээлээ хий” гэх шалтгаанаар алгадах, галын дэгээ төмрөөр ар нуруу, хөл, гарын шуу зэрэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун бугалга, өгзөг, зүүн шуу, шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч А.Д-гийн “...хичээлээ тараад аавын эхнэр Б, Б эгчийн хүүхэд Д, Х нартай гэртээ байж байтал манай аав А орой гэртээ орж ирээд надад хандаж “багш чинь чамайг ангидаа үймүүлээд байдаг гээд байна, чи хичээлээ хийгээч” гээд уурлаад миний зүүн талын хөлийн шилбэ рүү өшиглөөд, галын төмөр барьж байгаад миний бөгс рүү бас баруун зүүн гар луу олон удаа цохисон. ...” /хх 10-12/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-гийн “...2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би охин Д-тай уулзахаар сургууль дээр нь очсон. Бид хоёр уулзаад байж байтал “ээжээ та намайг агаа шиг нуугаад аваад явчихаач, аав намайг бөгсөн дээр зодсон” гэж хэлээд надаас гуйгаад байсан. ...би охин Д-г 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өөр дээрээ авсан. Тэр өдөр гэртээ хариад охиноо усанд оруулангаа биеийг нь үзтэл бөгс, гар, шилбэ нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би миний охиныг аав нь зодсон гээд байсан энэ юм уу, юугаар зодсон юм бэ гэж асуухад намайг энүүгээр зодсон гэж галын дэгээ рүү заасан. ...” /хх 33-34/,
Б.А-гийн яллагдагчаар “...хүлээн зөвшөөрч байна. А.Д- хичээлээ хийхгүй намайг үл тоогоод нэг алдаагаа олон дахин гаргаад давтаад байхаар нь би хүүхдээ шийтгэх гээд зуухны урд байсан модыг аваад Д-гийн бөгсөн хэсэг рүү 8 удаа цохисон. Тэгээд хичээлээ давтаж эхлээд Д-гийн анхаарал төвлөрөхгүй өөр тийшээ гүйгээд байхаар нь суулгаад анхаарал сарнихаар нь анхааруулах маягтай баруун гарын булчин хэсэг рүү 20 см орчим дэгээ төмрөөр анхаарал сарних болгонд цохисон. Нийтдээ 10-12 удаа зөөлөн цохисон. ...” /хх 36-37, 67-68/ гэсэн мэдүүлгүүд,
“...А.Д-гийн биед баруун бугалга, зүүн шуу, өгзөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл. ...” учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5401 дугаар дүгнэлт /хх 38-39/, насанд хүрээгүй хохирогч А.Д-гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 29/, нас тоолсон тэмдэглэл /хх 30/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.А- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.А-гийн насанд хүрээгүй хохирогч А.Д-г “хичээлээ хийхгүй, үймүүлсэн байна, хичээлээ хий” гэх шалтгаанаар алгадах, галын дэгээ төмрөөр ар нуруу, хөл, гарын шуу зэрэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.А-гийн “ ...торгох ялаар солих, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялыг хугацааг багасгаж өгнө үү . ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих, эсхүл нийтэд тусгай ажил хийлгэх ялыг багасгах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/13066 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН