Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 159/ШШ2025/0047

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

 татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Г.Г-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Соёлын төвд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулан, дахин явуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Г.Г- би 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Тийрэг 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Од холбогдуулан гаргасан Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулан, дахин явуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Г-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Соёлын төвд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулан, дахин явуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлтээ ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г.Г-ээс Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах мөн гомдол гаргагч хариуцагчид холбогдуулан гаргасан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г- нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Соёлын төвд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулан, дахин явуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР