| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2020/03595/И |
| Дугаар | 210/МА2021/00785 |
| Огноо | 2021-05-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2021/00785
| 2021 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2021/00785 |
П ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00412 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ө-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20 133 357 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Өнь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг хүлээн авч сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд өөрийн эзэмшлийн хххххх маркийн хххххх улсын дугаартай автомашиныг барьцаалж 50-19010527 тоот фидуцийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш хугацаа хэтрүүлэн зээлээ төлдөг ба удаа дараа сануулж байсан. Мөн 2020 оны 5 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл 17 372 800 төгрөг, хүү 2 384 378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 376 178 төгрөг, нийт 20 133 357 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Ө-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 133 357 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Ө нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох ххх лсын дугаартай, ххххх маркийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 258 620 төгрөгийг, 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-с улсын тэмдэгтийн хураамжид 328 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь 25 000 000 төгрөгийн зээл авснаас зээлд 8 000 000 төгрөг, хүүд 13 000 000 төгрөг нийт 21 000 000 төгрөг төлсөн боловч энэ тухай нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байна. Түүнчлэн 2020 оны эхнээс эхэлсэн цар тахлын хорио цээрийн улмаас бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрсэн тул нэхэмжлэгч байгууллагад удаа дараа бичиг илгээж, өөрийн биеэр очиж уулзан хүүг зогсоох эсвэл бууруулах, хугацаа тохиролцох хүсэлтийг өгч байсан. Зээлийг 15 000 000 төгрөгөөр тогтоож 6 сарын дотор хэсэгчлэн төлөх тухай хүсэлт гаргаж байсан. Давж заалдах шатны шүүхэд хандаж нэхэмжилсэн дүнгээс 5 133 357 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Б.Ө-д холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 17 372 800 төгрөг, хүүд 2 384 378 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 376 178 төгрөг нийт 20 133 357 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө ххххххх машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. /хх 1-2/
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ө-тэй 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 50-19010527 дугаартай фидуцийн гэрээг байгуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн гэрээгээр нотлогдсон. /хх 8-13/
Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь гэрээний хувь, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ. /хх 8-10, 50/
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Ө-н эзэмшлийн хххххх маркийн, хххх улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. Хариуцагч нь гэрээний үүрэгт буцаан төлсөн төлбөрийн талаар анхан шатны шүүхээс гэрээг дүгнээгүй, мөн нэхэмжлэлийг 15 000 000 төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, 5 133 357 төгрөгийг төлөх үндэслэлгүй талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ. /хх 55/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх юм.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй ч шүүх гэрээг хуульд нийцүүлэн дүгнэх, нотлох баримтыг зөв харьцуулан үнэлэх үүрэгтэй юм. Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаж байгаа нөхцөлд талуудын гэрээ хуульд нийцэж буй эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс л иргэний эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд уг үүссэн харилцааны дагуу гэрээний талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бөгөөд уг этгээдээс бусдад санал болгож байгаа, бусад этгээдтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ юм.
Хэдийгээр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь бусад этгээдтэй гэрээ байгуулахдаа зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтуудыг баримтлах үүрэгтэй.
Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан ч дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгахаар... үүрэг болгожээ.
Талуудын гэрээний 2.10-т гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан хэдий ч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна./хх 8-9/ Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хувь хэмжээ хэд байх нь тодорхой бус байна.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах заалтыг тодотгож хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байхыг тодорхой тусгаагүй нь ойлгомжгүй болжээ.
Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах юм.
Тодруулбал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах нь тодорхой хэмжээ, хувь заахыг үүрэг болгосон заалт юм.
Иймд зээлдэгч Б.Ө нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгөөс төлөөгүй үлдсэн үлдэгдэл, гэрээнд заасан хугацааны хүүг төлөх үүрэгтэй байна.
Талуудын гэрээний үүргийн биелэлтийг шалгахад зээлдэгч нь 25 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн тул зээл 25 000 000 + хүү 8 700 000 нийт 33 700 000 төгрөг төлөх үүрэг үүсч байна. Үүнээс 17 650 000 төгрөг төлсөн нь хэргийн 17-18 дугаар талд авагдсан дансны хуулгаар нотлогдож байна. Нийт гүйцэтгэвэл зохих үүрэг 33 700 000 төгрөгөөс 17 650 000 төгөргийг хасч тооцвол 16 050 000 төгрөгийн үүрэг үлдсэнийг хариуцагчаар төлүүлж, нэхэмжлэлээс 4 083 357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагч нь 21 000 000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй. /хх 55/ Нотлох үүргийн хуваарилалтаар төлсөн зээлийн хэмжээгээ хариуцагч нотлох үүрэгтэй юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад тухайн маргаанд хамааралгүй барьцаалан зээлдэх журмаар зээл олгох Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь заалтыг баримталсан байгааг хасах нь зүйтэй. Талууд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд уг хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох юм. Гэвч талууд тухайн хөрөнгийг худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх бөгөөд шүүхийн шийдвэрийн 2 дах заалтыг агуулгын хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...20 133 357 төгрөгийг гэснийг ...16 050 000 төгрөгийг, ...олгосугай гэснийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 083 357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дах заалтын ...286 дугаар зүйлийн 286.3-т гэснийг хасч,
тогтоох хэсгийн 3 дах заалтын ...56 дугаар зүйлийн 56.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2, ...328 816 төгрөг гэснийг ...238 200 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 084 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД