Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/1137

 

 

 

 

 

 

    2023           11            28                                        2023/ДШМ/1137

 

Н.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Баясгалан,

            шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням,

            нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/933 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Н.Мт холбогдох 2302002120162 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон ургийн овгийн Н.М, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Эрдэнжас ХХК-д геологич ажилтай, ам бүл 2, эхийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:УК90053075/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 104 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

Шүүгдэгч Н.М нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны А байрны 7 тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.3992 грамм цэвэр жинтэй метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0.2514 грамм цэвэр жинтэй Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон ургийн овогт Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, шийтгэх тогтоолын хувийг хүргүүлж ажиллахыг шүүгчийн туслах Б.Жанеркед даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуйлсан 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, базаж үрчийлгэсэн 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тал нь тасарсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тал нь тасарсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, базаж үрчийлгэсэн 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5 мао мөнгөн тэмдэгт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд хүргүүлж, 2 ширхэг зиплок түгжээтэй гялгар уут, тариуртай хоосон шприц, цагаан болон ногоон өнгийн соруулууд, толгой хэсгийг нь тайрч авсан хуруу шил, 6 тусдаа тунгалаг гялгар уутанд хийсэн 3.9 грамм мөс мэт зүйл, мөн цагаан өнгийн соруул, тугалган цаасан дотор хийсэн 0.6 грамм шавар мэт зүйл, хуруу шилний тасалсан бохирлогдсон толгой, гялгар уутанд хийсэн 0.3 грамм мөс мэт зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, эд мөрийн баримтыг устгасан актыг шүүхэд ирүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд нийцээгүй, 2 төрлийн ялаас сонгохдоо яагаад хүнд буюу хорих ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгана гэж заасан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №2023/ШЦТ/933 дугаар шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж тусгасан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах, хорих ял оногдуулж болох сонгох санкци бүхий ял шийтгэлийн төрлөөс хүнд ялын төрлийг сонгон хэрэглэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн хувьд Н.М нь тус хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн цагаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад  учруулаагүй, түүний хувьд энэхүү гэмт хэргийн улмаас хууль бусаар орлого олоогүй, бусдад төлөх төлбөргүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл /Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал/, 6.6 дугаар зүйл /Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал/-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэх талаар шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд тусгагдсан байдаг. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 33 настай эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой геологич, автын механикч мэргэжилтэй, “Эрдэнжас” ХХК-д геологичоор ажиллаж, тасралтгүй сурч, өөрийгөө хөгжүүлж, Монгол Улсад уул уурхайн хайгуулын чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцож байсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн Н.Мын хувийн байдал, ажил байдлын талаарх баримтуудаар тогтоогддог.

Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан сонгох ял шийтгэлээс хүнд төрлийн ял шийтгэлийг сонгон хэрэглэхдээ, яагаад шүүгдэгч Н.Мт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй талаар, эсхүл Н.Мт ямар шалтгаан нөхцөлийг үндэслэн хорих ял оногдуулсан талаар, шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулж болохгүй гэх шалтгаан нөхцөл тогтоогдсон эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрт тусгана гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Мт оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг зөрчсөн. Мөн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч Н.Мт холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “.шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;” гэж заасныг зөрчиж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгч Н.Мын хамт оролцсон. Миний үйлчлүүлэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа талаараа илэрхийлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугийн асуудлаар маргаж байгаагүй бөгөөд хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар талд “эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар дурдахдаа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал огт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцтай гэмт хэрэгт хорих ялыг сонгож хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолд дүгнээгүй орхигдуулсан. Миний үйлчлүүлэгч Н.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөргүй. Холбогдсон гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарын хувьд яллах дүгнэлтэд дурдсанчлан хууль бусаар хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ бага нөхцөл байдлууд тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч Н.М нь анхан шатны шүүх хуралдаанд “би үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Намайг нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Мт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалд нийцээгүй хүндэтсэн гэж үзэж байна. Шүүхэд тодорхой ялыг сонгох эрх байгаа. Гэхдээ уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлэх ёстой. Мөн анхан шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан саналыг яагаад хүлээж аваагүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шийтгэх тогтоолд дурдаагүй. Иймд анхан шатны шүүхээс  миний үйлчлүүлэгч Н.Мт оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хүсэлт гаргаж Н.Мын эрүүл мэндийн тодорхойлолтыг авсан. Учир нь, миний үйлчлүүлэгч Н.Мын эрүүл мэндийн байдал нь эрсдэлтэй түвшинд байгаа. Асло өвчний оноштой бөгөөд үүний улмаас үе мөч, хоолойн ангинатай болсон. Мөн нуруу бүсэлхийн ёзоорын эмгэгтэй. Энэ талаар нотлох 1 хуудас баримтыг шүүхэд шинээр гарган өгч байна. Миний үйлчлүүлэгч 1 настай хүүхэдтэй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдсан. Дэлхийн Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Н.Мт хорих ял оногдуулснаар түүний 1 настай хүүхдийн эрх зөрчигдөж байна. Н.М нь 33 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжилдээ үнэхээр хайртай. Хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй хүн юм. Гэмт хэрэг үйлдэх үедээ “Эрдэнэжас” ХХК-д геологичоор ажиллаж байсан. Мөн 56 настай ээжийгээ харж ханддаг. Миний үйлчлүүлэгч Н.М нь үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын санкцтай. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн нэмж хэлэхэд би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлд заасны дагуу өөр шүүх хуралдаан давхцаж байсан талаар нотлох баримтаа хүсэлтийн хамт анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр явуулсан байсан. ...” гэв.

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг гэмт хэрэгт холбогдох үедээ амьдралынхаа хүнд давааг давсан. Би ээжтэйгээ хамт амьдардаг байхад төрсөн эцэг минь гэнэт гарч ирсэн шигээ гэнэт тархины хорт хавдартай гэх оноштойгоор нас барсан. Тухайн үед хүүхэд минь тархины даралт, нярайн шарлалт өндөртэй гэх шалтгааны улмаас байнга эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан. Улмаар миний сэтгэл санааны байдал маш хүнд болж эхэлсэн бөгөөд зөв, бурууг ялгах ухаан байгаагүй. Урьд нь би энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шүүхээс гэм буруутайд тооцогдсон, хорих ялаар шийтгүүлж суллагдаж гарч ирсэн үеэс хойш “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг дахин хэрэглэхгүй. Би хорт зуршлаас хол байгаа” гэж олон удаа хэлж байсан боловч нэг удаа “За” гэж хэлж алдсанаас болж уг гэмт хэрэгт холбогдсон. Би үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Би хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй. Байнга Хар тамхитай тэмцэх газарт очиж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхээ шалгуулж байсан. Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Н.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан бүхий л нөхцөл байдлыг хангасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэн шинжилж эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шийдвэр гаргах зарчимтай. Уг зарчмын хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 933 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дурдах зүйлд “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдана гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар хэсэгт дээрх нөхцөл байдлыг бүгдийг нь тус бүрчлэн дурдсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянаж судалсан. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчөөгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Урьд шүүгдэгч Н.М нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 104 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байдаг. Гэтэл шүүгдэгч Н.М нь урьд биеэр эдэлсэн эрүүгийн хариуцлагадаа дүгнэлт хийж, нийгэмшээгүй бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж чадахгүйгээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж хадгалсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдэх цаг хугацааны дараах биологийн шинжилгээг /шээснээс авдаг/ авахад түүнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.3992 грамм цэвэр жинтэй метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч Н.М нь биедээ метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй, Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хадгалж байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь цаашлаад нийтийн ашиг сонирхол буюу нийгмийн эрх ашиг зэрэг нөхцөл байдлууд яригдаж болохуйц төрлийн гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, уг гэмт хэрэг нь хор уршиг ихтэй. Анхан шатны шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлж шүүгдэгч Н.Мын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нарын хамтран гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.М нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны А байрны 7 тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.3992 грамм цэвэр жинтэй метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0.2514 грамм цэвэр жинтэй Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч Б.Ны “...Би тухайн хэрэг болдог өдөр Майдартай уулзсан. Улмаар Голомт хотхоны А байрны 7 тоот манай байрыг түрээслэн сууж байсан, найз Билэгт хоол хийсэн байна хүрээд ирээч гэхээр нь Майдар бид хоёр явсан. Ингээд гэрт нь ороод байж байх үед цагдаагийн ажилтнууд орж ирж үзлэг шалгалт хийхэд миний куртикний халааснаас шүдэнзний хайрцагтай мөс болон тарианы капсул гарч ирсэн. Энэ зүйлийг би авч халаасандаа хийснээ санахгүй байсан ба өмнө өгсөн мэдүүлэг дээрээ машинаас буухдаа халаасандаа хийсэн гэж мэдүүлсэн. Харин сүүлд нь мэдэхэд Н.М гэрт цагдаагийн ажилтнууд орж ирэх үед миний куртикний халаасанд хийсэн гэж өөрөө надад хэлж би энэ талаар мэдсэн байгаа... Би ингэж мэдүүлэг өгсөн нь үнэн тухайн үед надаас энэ мөсийг хаанаас олж авсан талаар ярь гээд байсан ба би яаж миний халаасанд орсныг мэдэхгүй айж сандарсандаа л ингэж мэдүүлэг өгсөн. ...” /хх 45-46/,

гэрч М.Бийн “...Голомт хотхонд байрлах түрээсийн байрны орцоор ороход цагдаагийн алба хаагч нар Намуун дээр ирж байна уу гэхээр нь тиймээ гэж хэлсэн чинь намайг дагуулаад Голомт хотхоны А байрны 7 тоот руу орсон. Ороход Намуун болон Майдар хоёр хамт сууж байсан. Цагдаагийн алба хаагч нар Н.М болон Б.Н нарын биед үзлэг хийхэд Н.М болон Б.Н нарын биеэс мөс илэрснийг мэдсэн. Үүний дараа цагдаа нартай хэлтэс рүү явах үед Н.М өөрийн биед байсан мөсөө гадагш хаясан гэсэн. ...”/хх 48-50/,

шүүгдэгч Н.Мын яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед байрны ах Билгээтэй телеграммаар холбогдож 5 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис асуусан. Тухайн үед Билгээ ах надад оройхон болгоод өгч болно гэж хариулсан. Ингээд тус өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадна Билгээ ах автомашины грашийн буланд тамхины хайрцаг дотор 5 грамм мөс, тунгалаг гялгар уутанд жижиглээд тус тусад нь мөн тугалган цаасанд ороосон шавар үлдээгээд явсан байсан. Мөс болон шаврыг гэртээ аваад орсон. Билгээ ахтай тус бодисуудын мөнгийг уулзаж яриад сүүлд нь өгөхөөр тохирсон байсан. Би тус бодисуудыг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг 30 минутад гэрээсээ гарахдаа биедээ авч гарсан. 21 цагт өөрийн найз Б.Нтай Их дэлгүүрийн урд талд таараад Б.Ны гэрээр ороод гарахаар болсон. Ингээд 21 цаг 30 минутын үед Б.Ны гэр болох Голомт хотхоны А байрны 7 тоотод очсон. Б.Ны гэрт ирээд удаагүй байхад түүний эрэгтэй найз Билэгт гэгч гэрт орж ирсэн. Ингээд 22 цагийн үед Б.Ны гэрт цагдаагийн алба хаагчид орж ирсэн. Тухайн үед би шүдэнзний хайрцагтай мөсөө Б.Ны куртикний халаасанд хийчихсэн, энэ талаар Б.Н мэдээгүй. Цагдаа нар орж ирээд миний биед үзлэг хийхэд хар жижиг бөөрөнхий саван дотор мөс болон шавар байсан нь баригдсан. Мөн Намууны биед үзлэг хийхэд миний куртикэнд нь хийсэн шүдэнзний савтай мөс баригдсан. Үүний дараа цагдаагийн алба хаагчид хэлтэс рүү авч явах үед би Голомт хотхоны А байрны булан руу өөрийн биеэс олдсон бөөрөнхий жижиг савтай мөс, шавраа шидсэн. Дараа нь цагдаагийн машинд ороод Б.Ны куртикний халааснаас шүдэнзний хайрцгийг сэмээрхэн аваад цагдаагийн машины арын сандал дээр шидсэн. Билгээ ахтай би энэ хэрэг болохоос өмнө 2 долоо хоногийн төмөр замд бааранд тааралдаж ойр зуурын юм ярьчихаад салсан, салахдаа миний утасны дугаарыг авсан. Ингээд надтай телеграммаар харьцаж эхэлсэн. Надад тухайн үед мөс авах хүн байна уу олоод өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би тийм хүн байхгүй гэдгээ хэлээд өөрөө авахаар болсон. Мөнгө төгрөг бол өгөөгүй сүүлд өгөхөөр байсан. Цагдаад баригдаж шалгагдаж эхэлснээс хойш энэ хүнтэй холбогдож чадаагүй ба телеграммыг нь үзэхэд залгасан дугаар нь нууцалсан байсан ба миний утсанд дугаар нь харагдахгүй байсан. Ийм учраас би холбогдож энэ хүнтэй уулзаж чадахгүй байгаа ба одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. ...” /хх 207-209/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1418 дугаар “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “N.M UK................2023.03.15” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"- ын II жагсаалтад багтдаг болно. ...” /хх 69-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1417 дугаар “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шилтэй шар өнгийн гуурс зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1974 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн гуурснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. ...” /хх 87-89/ гэсэн дүгнэлтүүд,

нэгжлэг хийсэн тухай “...Н.М нь Голомт хотхоны А байрны 7 тоотод мансууруулах бодис ашиглахдаа хэрэглэдэг хэрэглүүр байгаа цагдаагийн алба хаагч нарт баригдах үедээ Голомт хотхоны А байрны орцны гадна талд мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хар жижиг бөөрөнхий чихэвчний саванд байсныг гавтай байх үедээ шидсэн, мөн цагдаагийн алба хаагчийн 39-77 УАН улсын дугаартай Тоёота приус 41 загварын машинд суух үедээ хойд суудалд нь шүдэнзний хайрцагт хийсэн жижиг гялгар ууттай мөс байсныг шидсэнийг өөрийн биеэр зааж өгнө гэж хэлээд үзлэгийг эхлүүлэв.

Үзлэгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт хотхоны А байрны 5 тоот байранд эхлэв... том өрөөний ширээн дээр хэрэглүүр байгаа гэж заасныг очиж үзэхэд ширээн дээр тариуртай хоосон шприц, цагаан өнгийн соруул, ногоон өнгийн соруул, толгой хэсгийг нь тайрч авсан хуруу шил байсныг 2 дугаараар тэмдэглэн хураан авав. Гал тогооны шүүгээн дээр байрлуулж тавьсан цэцгийн саван дотроос хуйлсан 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, базаж үрчийлгэсэн 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тал нь тасарсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тал нь тасарсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, базаж үрчийлгэсэн 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, Хятад улсын 5 мао мөнгөн тэмдэгт, 2 ширхэг зиплок түгжээтэй гялгар уут байсныг 1 дугаараар тэмдэглэн хураан авав... Н.Мын зааж өгсний дагуу үзлэгийг Голомт банкны А байрны орцны гадна талд явуулахад орцны ертөнцийн зүгээр баруун талд байрны буланд хар өнгийн чихэвчний жижиг бөөрөнхий сав байх бөгөөд савыг онгойлгож үзэхэд 6 тусдаа тунгалаг гялгар уутанд хийсэн мөс мэт зүйл байсныг жинлэж үзэхэд 3.9 грамм байв... мөн чихэвчний саван дотор цагаан өнгийн соруул, тугалган цаасан дотор хийсэн шавар мэт зүйл байсныг жинлэж үзэхэд 0.6 грамм байх ба 2 дугаараар тэмдэглэн хураан авав. Үзлэгийг цааш 39-77 УАН улсын дугаартай Тоёота приус 41 загварын машины хойд суудалд явуулахад машинд суух үедээ хойд суудал руу шүдэнзний хайрцагтай мөс шидсэн гэснийг заалгуулж үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн хойд суудалд шүдэнзний хайрцаг дотор хуруу шилний тасалсан бохирлогдсон толгой, гялгар уутанд хийсэн мөс мэт зүйл байсныг жинлэж үзэхэд 0,3 грамм байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-15/,

Хүний биед үзлэг хийсэн “...өмдний зүүн талын халааснаас гялгар уутанд хийсэн мөс мэт бодис гарсныг №1 дугаар тавьж албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 0.3 грамм... мөн халаасанд үзүүр хэсэгтээ дотроо цайвартаж бохирлогдсон тарианы усны шил хийсэн саарал өнгийн гуурс, цагаан өнгийн хуванцар соруул зэрэг байсныг №2 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах зиплок түгжээ бүхий уутанд хийж хураан авлаа..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-19/,

“Эд мөрийн баримтаар тооцох тухай” 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 632 дугаар мөрдөгчийн тогтоол /хх 33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

             Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Мыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

             Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нар “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Мт оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгчид оногдуулсан нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Н.М нь 1.3992 грамм цэвэр жинтэй метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0.2514 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт нэгжлэг хийсэн тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэгт 6 тусдаа тунгалаг гялгар уутанд хийсэн 3.9 грамм мөс мэт зүйл,  мөн цагаан өнгийн соруул, тугалган цаасан дотор хийсэн 0.6 грамм шавар, хуруу шилний тасалсан бохирлогдсон толгой гялгар уутанд хийсэн 0.3 грамм мөс /1хх 7-10, 33-34/ мэт зүйлийг хураасан бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар дээрх зүйлсийг устгахаар заасныг буруу гэж үзсэнгүй. Харин устгах шийдвэрийг биелүүлэхийг  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасныг давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзсэн болно.

             Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан, мөн өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням,  шүүгдэгчийн тайлбарт дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/933 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Шүүгдэгч Н.М нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/933 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуйлсан 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, базаж үрчийлгэсэн 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тал нь тасарсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тал нь тасарсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, базаж үрчийлгэсэн 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5 мао мөнгөн тэмдэгт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд хүргүүлж, 2 ширхэг зиплок түгжээтэй гялгар уут, тариуртай хоосон шприц, цагаан болон ногоон өнгийн соруулууд, толгой хэсгийг нь тайрч авсан хуруу шил, 6 тусдаа тунгалаг гялгар уутанд хийсэн 3.9 грамм мөс мэт зүйл, мөн цагаан өнгийн соруул, тугалган цаасан дотор хийсэн 0.6 грамм шавар мэт зүйл, хуруу шилний тасалсан бохирлогдсон толгой, гялгар уутанд хийсэн 0.3 грамм мөс мэт зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай. ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуйлсан 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, базаж үрчийлгэсэн 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тал нь тасарсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тал нь тасарсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, базаж үрчийлгэсэн 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5 мао мөнгөн тэмдэгт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд хүргүүлж, 2 ширхэг зиплок түгжээтэй гялгар уут, тариуртай хоосон шприц, цагаан болон ногоон өнгийн соруулууд, толгой хэсгийг нь тайрч авсан хуруу шил, 6 тусдаа тунгалаг гялгар уутанд хийсэн 3,9 грамм мөс мэт зүйл, мөн цагаан өнгийн соруул, тугалган цаасан дотор хийсэн 0.6 грамм шавар мэт зүйл, хуруу шилний тасалсан бохирлогдсон толгой, гялгар уутанд хийсэн 0,3 грамм мөс мэт зүйлсийг устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ