| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0208/Э |
| Дугаар | 292 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.М, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ж.Отгонбаяр,
хохирогч Б.Ш ,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 1706 0340 20041 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вакум цонхны операторчин мэргэжилтэй, АВ центерт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 5-885 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.М, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн тоот гэртээ эхнэр Б.Ш хэвлийн тус газар гараараа 2 удаа цохиж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн урагдал буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11-р сарын 18-ны өдөр би гэртээ хүүхдүүдээ хооллоод байж байтал манай эхнэр согтуу байсан. Тэгээд манай хажуу талд байдаг эгчийнх рүү ороод гэрт нь нүүрс цацаад орилоод байхаар нь би ороод эхнэрээ аваад гарсан. Гэтэл дахиж гарах гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би араас нь түлхсэн. Гэтэл ор луу унаж байх шиг харагдсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд манай эхнэрийг аваад явсан гэв.
Хохирогч Б.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11-р сарын 18-нд би тэр үед архи уучихсан байсан. Тэгээд орой нүүрсээ авах гэж явж байгаад нөхрийнхөө эгчийн нөхөртэй муудалцсан. Намайг доромжлоод байхаар нь би гэр рүү нь ороод нүүрс цацсан чинь манай нөхөр намайг аваад гарсан. Тэгээд гэртээ ортол миний дотор муухай оргиод байхаар нь би дахиад гарах гэтэл намайг манай нөхөр битгий гар гээд ор луу түлхсэн гэв.
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 18 цагийн үед сэрсэн чинь манай эхнэр нэмээд нилээн архи уусан байдалтай байсан.Намайг гэрт байж байсан чинь манай эхнэр хашаан дотор хашхираад унасан.Тэгээд гарсан чинь манай эхнэр,манай эгч Энхтунгалагийн нөхөр болох Батсуурьтай муудалцаад байсан.Бид нар бүгд нэг хашаанд амьдардаг юм.Би ямар шалтгааны улмаас муудалцсаныг нь мэдэхгүй байна. Ингээд эхнэр дээрээ очоод одоо болио,эрүүл болохоороо бол гээд салгаад гэрлүүгээ оруулсан.Тэгсэн чинь дахиж гараап муудалцаад миний үгийг авахгүй болохоор нь би 2 дахь удаагаа эргэж гэртээ оруулаад хэвлий орчим руу нь нэг удаа баруун гараараа цохисон юм.Намайг цохих үед хажууд 3 хүүхэд маань байсан.Намайг цохисоны дараа танайхныг ална,танай хүргэнийг ална гээд байсан.Ингээд орой гайгүй болж байх үед цагдаа нар ирээд манай эхнэрийг аваад явсан.Эхлээд хашаанд муудалцаж байх үед манай эгч цагдаа дуудаж байх шиг байсан.Улмаар гэрч байж байсан чинь манай эгчийн утас руу залгаад танай эхнэрийг гэмтэл рүү аваад явсан.чи одоо яаралтай оч гэхээр нь ээждээ 3 хүүхдээ харуулчихаад гэмтэл очсон бөгөөд тэнд цагдаа нартай таараад ирсэн болно …”гэх мэдүүлэг /хэргийн 40-42 хуудас/,
Мөн “…тухайн үед би эхнэр Ш гэртээ агсараад байхад нь хэвлий хэсэг хүү нь баруун гараараа 2 удаа хүчтэй цохисон юм, тэрнээс ямар нэгэн зүйлээр цохисон зүйл байхгүй. Би эхнэр Шүрэнцэцэгийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг /хэргийн 43-44 хуудас болон хэргийн 59-63 хуудас дахь “…Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан хэлсэн зүйл үнэн. Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ ганцаараа 0.5 литрийн Стандарт архи дэлгүүрээс авч гэртээ тал шилтэйг уусан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үлдсэн тал шил архиа мөн ганцаараа уусан. Тэгээд би согтоод байж байтал орой болсон. Би нүүрсээ бэлтгэх гэж гадаа хашаандаа байж байтал хажуу айлын Батсуурь намайг гартаа нүүрсээ аятайхан бариад яваач гэхээр нь би чамд ямар хамаатай юм гээд маргалдсан. Маргалдаж байтал манай нөхөр гэр дотроос сонсчихоод гарч ирсэн. М төрсөн эгчээ “та нөхрөө аваад гэр рүүгээ ор, би Ш ийг аваад орлоо” гээд гэр рүү намайг дагуулж орсон. Гэр дотор би нөхөртэйгээ маргалдсан чинь намайг унт гэж хэлээд миний гар руу түлхсэн. Би ор руугаа явж байхдаа сандалд тээглээд орны булан хүчтэй очоод унасан. Тэгснээс цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед гэртээ ирээд гадуур хувцасаа тайлаад байж байтал гэрийн хаалга татах шиг болсон тэр үед манай нөхөр Батсуурь гэрийн хаалга онгойлгосон чинь Ш шал согтуу хар шуудайтай үнс гэр рүү цацсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гэсэн чинь дахин цаанаас Ш шуудайтай үнс авч гэр дотор орж ирээд гэрийн хойморь руу шидсэн. Дотор байсан угаалтуурын савыг авч гэрийн хоймор руу шидсэн. М гэрт орж ирээд эхнэр Ш ээ аваад гэр рүүгээ авч орсон. Би гэрээс гарч цагдаагийн өөдөөс явж цагдаа нарыг тосож аваад шууд М н гэр рүү ортол Ш гэрийнхээ үүдний амбаарт гадуур хувцас байхгүй өмд цамцтайгаа зогсож байсан. Харин М гэртээ сууж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр Энхтунгалаг мөн гурван хүүхдийнхээ хамт орой 19 цагийн үед гэртээ байсан чинь Ш гэнэт манай хаалгыг онгойлгож хар өнгийн ууттай үнс оруулж ирээд цацсан. Тухайн үед Ш согтуу тасралтын байдалтай, өөрийнхөө юу хийгээд байгаа үйлдлийг сайн санахгүй байсан. Удалгүй дахин орж ирээд гэрийн хойморт хар уутанд хийсэн үнс дахин асгасан. Бид нар руу хэл амаар доромжлон үзэн ядсан шинжтэй байсан. Би нөхөр М г нь дуудсан чинь М орж ирээд эхнэрээ дагуулаад гараад явсан. Гэртээ ороод муудалцаж зодолдсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹14487 дүгнэлтэд “Б.Ш ийн биед хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /500 мл/, хэвлийн хөндийн ялгадаст үрэвсэл, 2 бугалганы цус хуралт, хагалгаа хийгдсэн байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 34-35 дугаар хуудас/,
Шинжээч эмч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Б.Ш ийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, өшиглөх, дэвсэх, эсвэл хэвлийн хэсгээр хязгаарлагдмал газрын үед унах зэрэг аль алины үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Шүрэнцэцэгийн биед үүссэн гэмтэл нь газар унах буюу хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлсэд унахад үүсэхгүй. Харин нэг болон хэдэн удаагийн цохилтын улмаас үүссэн болно…” гэх мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/,
Өвчний түүх /хэргийн 5-17 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 5-885 тоот гэртээ эхнэр Б.Ш ийн хэвлийн тус газар гараараа 2 удаа цохиж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн урагдал буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч Б.М н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 59-63 дугаар хуудас/,
Хохирогч Б.Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 23-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹14487 дүгнэлт /хэргийн 34-35 дугаар хуудас/,
Шинжээч эмч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.М д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ямар сэдэлт зорилгоор хүнд гэмтэл учруулсан нь тодорхойгүй байна. Эхнэрийгээ ор руу түлхсэн нь тодорхой байна. Хохирогч нь модон орны ирмэг дээр унасан байгаа” гэх зэргээр болсон үйл явдлыг үзэж, харж байсан гэрч мэтээр дүгнэлт хэлж шүүгдэгчийн гэм буруу дээр маргаж байгаа нь үндэслэлгүй байгаагаас гадна “…хохирогч нь согтуу байсан, шүүгдэгч нь түлхэхэд гишгэгдэл алдан унасан байх талтай” иймд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж зүйлчилж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлэгт “…Шүрэнцэцэгийн биед үүссэн гэмтэл нь газар унах буюу хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлд унахад үүсэхгүй, харин нэг болон хэдэн удаагийн цохилтын улмаас үүссэн болно” гэсэн байх бөгөөд ямар нэгэн түлхэх хүчний нөлөөгүйгээр унах үед хүнд зэргийн гэмтэл буюу хэвлийн битүү гэмтэл учрах боломжгүй юм. Түүнчлэн “хохирогчид хохирол төлбөр байхгүй” гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр хохирогч нь хор уршиг нэхэмжлээгүй боловч түүнд учирсан хүнд зэргийн хохирол арилах боломжгүй, шинжээчийн дүгнэлтээр амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл юм.
Шүүх шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.