Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/1164

 

 

 

 

    2023           12            06                                       2023/ДШМ/1164

 

Ш.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Н.Анхтуяа,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/581 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энх-Амгалангийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр Ш.Гт холбогдох 2310004200718  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэний илтгэснээр хянан хэлэлцэв.

Дамба овгийн Ш.Г, 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 26 дугаар хороо, 9-94 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИФ83060914/;

Ш.Г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зарласан СБДХАА/ОН20051 дугаартай “11 дүгээр хороо, Ахмадын 901, 902 дугаар байрны орчим тохижилт хийх” тендерийн сонгон шалгаруултад “С.О” ХХК-ийн нэрээр тендерийн баримт бичиг бүрдүүлэхдээ Худалдаа хөгжлийн банкны 10А7F7FFE4928645 дугаартай баталгаажуулах код бүхий 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7-436/177 тоот албан бичгийг хуурамчаар үйлдэн, улмаар тухайн баримт бичиг нь хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан тендерийн сонгон шалгаруулалтад оролцсоны улмаас Монгол Улсын Сангийн Яамны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарч, уг дүгнэлтийг үндэслэж Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай тушаалаар “С.О” ХХК-ийг тендэрт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж, хохирогчид ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Үргээ Боржигин овгийн Ш.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Үргээ Боржигин овгийн Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…албаны…, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,…” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн “нэг ширхэг” СD-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Ш.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч “С.О” ХХК /захирал Д.М/ гэм хорын хохирол төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй,  мөн хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүлээн авах боломжгүй байна.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/67 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай хурлаар "С.О" ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10A7F7FFE4928645 дугаартай баталгаажуулах код бүхий 7-436/177 тоот албан бичиг, зээлийн тодорхойлолтыг засварлаж хуурамчаар үйлдсэн буюу тус банк энэхүү тодорхойлолтыг гаргаж өгөөгүй болох нь тодруулгаар тогтоогдсон. Иймд "С.О” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай" шийдвэр гарчээ. Шийдвэрийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 17 дугаартай албан бичгээр Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст "...Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн "С.О” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүргүүлсэн байна. Дээрх албан бичгийн дагуу Сангийн яамнаас хяналт, шалгалт явуулж "С.О ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоосон байна. Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521  дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн "С.О” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтийг "С.О ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 462 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингээд Монгол Улсын Сангийн Яамны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/280 дугаартай албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.4-т заасны дагуу Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай тушаалаар "С.О" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулжээ. Хохирогч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад "...2021 оны 10 дугаар сард Сангийн яамнаас Сугармаа гэх хүн над руу залгаад танай компани тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлж оролцсон байна. Сангийн яамнаас зохион байгуулж байгаа сонсох ажиллагаанд оролц...” гээд тус яамнаас "С.О" ХХК-ийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах талаар дүгнэлт гаргасан. Уг дүгнэлттэй холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад 3 шатны шүүхээр 2020 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын 901, 902 тоот байрны гадна тохижилтын ажлын тендерт "С.О” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 7/436/117 тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэнийг улсын байцаагч тогтоосон тул Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тендерт эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд авсан нь үндэслэлтэй шийдвэр байна гэж шийдвэрлэсэн. Ш.Гийн үйлдлийн улмаас манай компани нь 3 жилийн хугацаанд улсаас зарласан тендер худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Мөн бодит хохирлын хэмжээг хэлж баршгүй бөгөөд өнөөдрийн байдлаар 2022 онд Барилга хот байгуулалтын яамнаас зарлагдсан Завхан аймгийн Улиастай хот, Жишиг хорооллын 2,8 тэрбум төгрөгийн ажил 2022-2024 онд явагдаж дуусах тендерийн ажилд оролцсон боловч манай компани нь хар жагсаалтад орсон тул оролцох боломжгүй гэдгийг барилга хот байгуулалтын яамнаас хэлж байна. Наад жишээ энэ мэт хохирол хүлээхээр байна" гэж мэдүүлсэн. Мөн хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Н.Анхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "...“С.О” ХХК нь 2026 оныг хүртэл барилгын ажил хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй. Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 5 тендерт шалгарсан бөгөөд 2020 онд 4,3 тэрбумын ажил хүлээн авч хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. 2021 онд 290,000,000 төгрөгийн тендер авсан. 2022 онд 2,8 тэрбумын тендерт шалгараад ажил эхлээгүй байгаа. 2015 оноос 2021 онд шалгарсан тендерүүдийн ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байдаг.

Нийт 230.000.000 төгрөгөөс 4,3 тэрбум хүртэлх тендерийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Компани хэдэн төгрөгийн ашиг олох байсан талаар тооцоо гаргаагүй байгаа. ...Мягмарсүрэнгийн хувьд энэ компаниас өөр үйл ажиллагааг эрхэлдэггүй. Компани тендерт оролцох боломжгүй болсон байгаа нь өөрт нь болон тухайн компанид ноцтой хохирол учруулсан гэж үзэж байгаа. Тогтмол нийгмийн даатгал төлж ажиллуулдаг компанийн 10 гаруй хүн байна. Мөн зуны улиралд 30 гаруй ажилчдыг гэрээгээр авч ажиллуулдаг. Тэдгээр ажилчдын нийгмийн даатгал, цалин хөлс, татвар зэргийг төлөх боломжгүй болж ажлаас чөлөөлөх асуудал үүсээд байна" гэж мэдүүлсэн байдаг.

Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө "...“С.О" ХХК-ийг тендерт оролцох эрхээ тодорхой хугацаанд хязгаарлуулсан нөхцөл байдлыг тус компанийн эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "энэ хуульд заасан ноцтой хохирол, хор уршиг" гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно" гэж хуульчлан заасан. Хэргийн 15 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000030786 дугаартай гэрчилгээ баримтад "С.О” ХХК нь /улсын бүртгэлийн дугаар 9011112011, регистрийн дугаар 51582222, эцсийн өмчлөгч 1 гишүүнтэй/ барилгын засварын ажил эрхлэх, аялал жуулчлал, худалдааны зуучлал, хүнсний дэлгүүр, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон хуулийн этгээдийн  улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг бүртгүүлсэн чиглэлээрээ тухайн компани нь аж ахуйн үйл ажиллагаагаа эрхлэн явуулах боломжгүй болсон гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол, хор уршиг учирсан эсэхийг тогтоосон тухайн компанийн тайлан, санхүүгийн баримт бичгээр тодорхойлогдох үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна..." гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хохирогч Д.М нь "С.О” ХХК-иар тогтвортой үйл ажиллагаа явуулж ашиг олдог төдийгүй үүнээс өөрөөр орлого олдоггүй талаар мэдүүлсэн. Энэ талаар хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр "С.О" ХХК нь нэг эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Мгийн амьдралын эх үүсвэр болсон "С.О" ХХК нь Завхан аймгийн Улиастай хот, Жишиг хорооллын 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт шалгарсан хэдий ч Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай тушаалаар тендерт оролцох эрхээ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хязгаарлуулсан нь хохирогчид бодитой хохирол учирсан төдийгүй цаашид явуулах үйл ажиллагааг нь хязгаарласан шийдвэр нь түүнд учирсан хор уршгийг илэрхийлж байгаа тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 заалтад "...Үргээ Боржигон овогт Ш.Г" гэж шүүгдэгчийн ургийн овгийг зөрүүтэй бичсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Н.Анхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.М нь компанид учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжилнэ гэдгээ дурдсан. Шүүгдэгч Ш.Гтай хохирол төлөх асуудлаар тохиролцсон тул нэмж хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Гаас: “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 15 дугаар хуудаст нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барилгын засварын ажил эрхлэх, аялал жуулчлал, худалдааны зуучлал, хүнсний дэлгүүр, цайны газрын үйл ажиллагаа гэж үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхой бичсэн. Барилга угсралтын чиглэлээр Барилга, хот байгуулалтын яамнаас авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэггүй, туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан. Зөвхөн төрөөс тохижилтын ажилтай холбоотой зарлаж буй тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан. 6 төрлийн үйл ажиллагааны чиг үүргээс 5 чиг үүрэг нь нээлттэй үлдсэн. Хувийн хэвшлийн тохижилт, барилга угсралтын ажил хийх чиг үүрэг нь хэвийн хадгалагдаж үлдсэн. Сангийн сайдын тушаал 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. 2022 онд орсон Завханы ажлын тендер хязгаарлагдсан гэж үзэхгүй. Шүүхийн шийтгэх тогтоолд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газарт илрүүлснээр энэ гэмт хэрэг төгссөн гэж үзсэн. Мөн 5 дугаар сарын 18-ны өдөр нээгдсэн байсан тендерт 5 дугаар сарын 10-ны өдөр материал хүргүүлснээр гэмт хэрэг төгссөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Б.Энх-Амгалангийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ш.Гт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ш.Г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зарласан СБДХАА/ОН20051 дугаартай “11 дүгээр хороо, Ахмадын 901, 902 дугаар байрны орчим тохижилт хийх” тендерийн сонгон шалгаруултад “С.О” ХХК-ийн нэрээр тендерийн баримт бичиг бүрдүүлэхдээ Худалдаа хөгжлийн банкны 10А7F7FFE4928645 дугаартай баталгаажуулах код бүхий 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7-436/177 тоот албан бичгийг хуурамчаар үйлдэн, улмаар тухайн баримт бичиг нь хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан тендерийн сонгон шалгаруулалтад оролцсоны улмаас Монгол Улсын Сангийн Яамны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарч, уг дүгнэлтийг үндэслэж Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай тушаалаар “С.О” ХХК-ийг тендэрт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мгийн “...Би “С.О” ХХК-ийг 2007 онд 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, барилгын засварын ажил эрхлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, 2010 оноос өнөөг хүртэл хугацаанд барилга угсралт, гадна шугам сүлжээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны 05 дугаар сарын үед багийн найз Ганхуяг нь “...Сүхбаатар дүүрэгт зарлагдсан тендерт танай компани орооч. ...” гэсэн санал тавьсан бөгөөд сонирхож асуухад “...100 гаран сая төгрөгийн төсөвтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны ахмадын 901, 902 дугаар байр орчмын гадна тохижилтын ажил хийх тендер байна. ...” гэж хэлсэн. Ингээд “...манай компани тохижилтын ажил хийх боломжгүй. ...” гэж хэлсэн. Тэгтэл над руу хэд, хэдэн удаа утсаар яриад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах манай компанийн ажлын байранд ирж уулзаад “...хэрэв танай компани энэ тендерийн ажлыг хийхгүй юм бол танай компанийн нэрээр би энэ ажлыг авч хийе. ...” гэж хэлсэн. Ингээд надаас нилээн гуйгаад байхаар нь Ганхуягт “...манай компанийн материалыг ашиглан тендерт орж болно. ...” гэж хэлээд өөрийнхөө өмнө орж байсан тендерийн материалаа флаш дискт хуулж өгөөд, компанийнхаа тендерт нэвтрэх нууц дугаар, илгээдэг төхөөрөмж, тоон гарын үсэг зэргийг Ганхуягт өгсөн. Хэсэг хугацааны дараа 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр яриад “...чи хаана байна, тендерт материал илгээх гэсэн юм, мөн банкнаас авах бичгийг чамаар авхуулмаар байна, би ажиллаж байгаа банк олчихлоо. ...” гээд намайг “...Гэсэр сүмийн замын эсрэг талд байх Худалдаа хөгжлийн банк дээр хүрээд ирээч. ...” гэхэд нь би очсон. Тэгээд тендерийн баталгааны мөнгө 1.900.000 төгрөг компанийн дансанд хийсэн байсан учир компанийн тендерийн баталгааны бичиг, өр зээлгүй гэсэн баримт авсан. Харин ажлын бус амралтын өдөр байсан тул банкнаас зээл өгөх боломжтой гэсэн бичиг гаргаж өгөх боломжгүй тухай мэдэгдсэн. Тэгээд гарсан хоёр бичгийг нь Ганхуягт өгөөд “...банкны тодорхойлолт гарах боломжгүй болохоор нь чи энэ тендерт орж чадахгүй тул одоо боль. ...” гэж хэлээд явсан. Хэд хоногийн дараа цахим материалаа хараад байж байхад тендерт орсон болох нь илэрч “...ямар материал бүрдүүлээд яагаад оров. ...” гэхэд “...зүгээрээ, ямар ч асуудалгүй, дараа нь асуудал үүсвэл би өөрөө хариуцна. ....” гэж хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хоро, Ахмадын 901, 902 тоот байрны гадна тохижилтын ажлыг хийх тендерт оролцохдоо 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас “С.О” ХХК-д 100.000.000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэн өөрийн оролцсон тендертээ ашигласан байсныг сүүлд мэдсэн. 2021 оны 03 дугаар сарын орчимд Сүхбаатар дүүргийн цагдаагаас над руу холбогдоод “...та Худалдаа хөгжлийн банкны бичгийг хуурамчаар үйлдсэн байна. ...” гэхэд нь тодруулж асуухад “...2020 оны 05 дугаар сард Ганхуягийн тендерт оролцохдоо ашигласан бичгийг ...” гэж надад тайлбарласан. Дараа нь 2021 оны 10 дугаар сард Сангийн яамнаас Сугармаа гэх хүн над руу залгаад “...танай компани тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлж оролцсон байна, Сангийн яамнаас зохион байгуулж байгаа сонсох ажиллагаанд оролц...” гэсэн ба тус яамнаас “С.О” ХХК-ийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах талаар дүгнэлт гаргасан. Уг дүгнэлттэй холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад 3 шатны шүүхээр “...2020 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын 901, 902 тоот байрны гадна тохижилтын ажлын тендерт “С.О” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7/436/117 тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэнийг улсын байцаагч тогтоосон тул Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тендерт эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд авсан нь үндэслэлтэй шийдвэр байна. ...” гэж шийдвэрлэсэн. Ганхуягийн үйлдлийн улмаас манай компани нь 3 жилийн хугацаанд улсаас зарласан тендер, худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Мөн бодит хохирлын хэмжээг хэлж баршгүй бөгөөд өнөөдрийн байдлаар 2022 онд Барилга хот байгуулалтын яамнаас зарлагдсан Завхан аймгийн Улиастай хот жишиг хорооллын 2.8 тэрбум төгрөгийн ажил 2022-2024 онд явагдаж дуусах тендерийн ажилд оролцсон боловч манай компани хар жагсаалтад орсон тул оролцох боломжгүй гэдгийг Барилга хот байгуулалтын яамнаас хэлж байна. ...” /1хх 171-172, 173-174, 175-176/,

яллагдагчаар Ш.Гийн “...Миний хувьд “С.О” ХХК-ийн холбогдох бичиг баримтыг найз Мягмарсүрэнгийн зөвшөөрснөөр авч Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн ажилд оролцсон нь үнэн. Уг тендерийн ажилд оролцох үед надтай хамт Ганбаатар гэх найз маань тендерийн хэсэг материалыг бүрдүүлж өгсөн бөгөөд тухайн тендерт оролцох явцад хоног хугацаа бага, тендерийн материал бүрдүүлж өгөхөд амжихгүй байсан тул Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, тендерт оролцсоныг мэдсэн. “С.О” ХХК-д өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. ...” /1хх 194, 195-196/ гэсэн мэдүүлгүүд,

Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 15/, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт /1хх 16-17/,  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1хх 19-23/, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол /1хх 18/, Худалдаа хөгжлийн банкны “...хуурамчаар үйлдсэн буюу тодорхойлолт гараагүй. ...” тодорхойлолт /41, 42, 43, 56/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 46/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/67 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1хх 155-156/, Сангийн сайдын тушаал /1хх 164-165/, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын албаны албан бичиг /1хх 158-159/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ш.Гийн гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Прокуророос Ш.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатын шүүхээс Ш.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…албаны…, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,…” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэж хуульчилсан ба тухайн хуурамч баримт бичгийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш 3 жилийн дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн; ...” гэж  заасан ба анхан шатны шүүх Ш.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, прокуророос Ш.Гийн үйлдлийн улмаас хохирогчид ноцтой хохирол учирсан гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан "ноцтой хохирол, хор уршиг" гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно. ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байхыг тодорхой заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “С.О” ХХК нь барилгын засварын ажил эрхлэх, аялал жуулчлал, худалдааны зуучлал, хүнсний дэлгүүр, цайны газрын үйл ажиллагаа гэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагааны чиглэлүүд явуулдаг бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаа нь зогсоогүй, эд хөрөнгөд нь ноцтой хохирол учраагүй ба зөвхөн тендерт оролцох эрх нь тодорхой хугацаагаар хязгаарлагджээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Д.М нь “С.О” ХХК-ийн зөвшөөрөл авсан үйл ажиллагааны чиглэлүүдээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн ашиг орлого олох боломжтой байх бөгөөд шүүгдэгч Ш.Гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Мгийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан гэж үзэхээргүй байна.

Иймд прокурор Б.Энх-Амгалангийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин анхан шатны шүүх нь тухайн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Ш.Гийг гэм буруутайд тооцохдоо шийтгэх тогтоолд “Дамба овгийн Ш.Г” гэхийг “Үргээ Боржигин овгийн Ш.Г” гэж ташаа бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/581 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Энх-Амгалангийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ