Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 159/ШШ2025/0048

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2023/0002/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар

Гуравдагч этгээд: Д.И

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохтухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь 2011 оноос хойш өөрийн малладаг үхрийн хамтаар төрсөн ах Б.Д-ын тавиул үхрийг малладаг байсан ба “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого”-ын бүртгэлээр Б.Д-ын нэр дээр 7 үхэр тоологдсон гэж бүртгэгдсэн. Харин “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого”-ын бүртгэлээр Б.Д-ын нэр дээр оны эхэнд тоологдсон 7 үхэр дээр нэмэгдэн шилжиж  ирсэн үхэр 6, нийт 13 үхэртэй гэж бүртгэгджээ. Нэхэмжлэгч дээрх “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого”-ын бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д "утга агуулгын илэрхий алдаатай", 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй." гэж тус тус заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Б.О 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б.О би иргэн Б.Д-ын төрсөн дүү бөгөөд манай талийгч ах Б.Д- нь 2011 онд 2 тугалтай үхрээ надад авч ирж маллуулахаар үлдээсэн байдаг юм. Түүнээс хойш ах Б.Д- нь жил бүр өвлийн идшиндээ 1 үхэр авч хэрэглэдэг байсан. Мөн өөрийн 2 хүүдээ 1, 1 тугалтай үхэр өгөх зэргээр өөрийн хэрэгцээндээ үхээрээсээ авч хэрэглэж ирсэн бөгөөд одоогийн байдлаар талийгаач ах Б.Д-ын 1 тугалтай үхэр үлдсэн байгаа болно. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2016 оны мал тооллогоор ах Б.Д-ын нэр дээр 7 толгой үхэр бүртгэгдсэн. Гэтэл 2017 оны мал тооллогоор өмнөх оны 7 үхэр дээр нэмж 6 үхэр шилжиж ирсэн гэж алдаатай, үндэслэлгүй бүртгэгдэн, нийт 13 толгой үхэр гэж бүртгэсэн байна.

Хариуцагчийн энэ бүртгэл нь худал, үндэслэлгүй бөгөөд бодит байдал дээр талийгч Б.Д-ын нэр дээр ямар нэгэн үхэр, мал огт нэмэгдээгүй, шилжиж ирээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны мал тооллогын үеэр манай гэр бүл Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх багт байгаагүй. Ган гачиг болж мал идэх өвсгүй зуншлага муу байсан тул манай гэр бүл 2017 оны 5 дугаар сард буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны 12 дугаар сард болсон мал тооллогоос өмнө Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу малаа авч отроор явсан. Хушаатын Сангийн аж ахуй гэдэг газар 2017 онд малаа тоолуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 онд мал тоолуулаагүй. Бид Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 12 дугаар сард болсон мал тооллогын үеэр байхгүй, нүүсэн байсан тул уг тооллогоор мал тоолуулах ямар ч боломж байхгүй. Биднээс малын тоо бүртгэл аваагүй болно. Уг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны мал тооллогыг мал тооллогын комиссын эрх бүхий хүмүүс биечлэн газар дээр нь очиж тоолж, бүртгээгүй айл бүрээс гар утсаар малын тоо бүртгэлийг авч бүртгэсэн гэсэн мэдээлэл байдаг юм.

Иймд маргаан бүхий дээрх 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь /Б.Д-ын нэр дээрх/ алдаатай байх бөгөөд 2017 онд Б.Д-ын нэр дээр шилжиж ирсэн гэх 6 үхэр нь хаанаас хэзээ шилжиж ирсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны акт илт хууль бус болох талаар заасан бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус болохоор заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх. оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-д “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан.

Хариуцагч нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, биднийг Мандал суманд малтайгаа байхгүй байхад бидэнд огт мэдэгдэлгүйгээр биечлэн тоололгүйгээр таамгаар иргэн Б.Д-ын нэр дээрх үхрийг 13 толгой үхэр гэж буруу, алдаатай бичсэн бөгөөд үүнийгээ бидэнд огт мэдэгдээгүй бодит байдал дээр талийгаач Б.Д-ын 1 тугалтай үхэр үлдсэн үүн дээр огт үхэр мал нэмэгдээгүй байхад энэ талаар биднээс асууж тодруулаагүй бидний тайлбар оролцоог хангаагүй болно. Би уг асуудлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдлын хариу ирүүлээгүй тул харьяаллын дагуу шүүхэд хандаж байгаа болно. Бид өмнө тус шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 244 тоот захирамжаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн. Уг захирамжид “... маргаан бүхий захиргааны актын улмаас таны ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, ямар шалтгааны улмаас 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна ...” гэжээ. Иймд уг захирамжийн дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж байна. Үүнд:

Миний талийгч ах Б.Д-ын мал нь нэхэмжлэгч Б.О над дээр байдаг байсан би малыг нь өөрийн малтай хамт хариулж байсан тул маргаан бүхий алдаатай, үндэслэлгүй 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг үндэслэж талийгч ах Б.Д-ын хүү иргэн Д.И нь 13 толгой үхрийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, мөн түүнийгээ үндэслэн нэхэмжлэгч Б.О надаас үндэслэлгүйгээр 13 үхэр гаргуулахаар нэхэмжилдэг болно. Бодит байдал дээр иргэн Д.Иийн аав талийгч ах Б.Д-ын нэр дээр 13 үхэр тоологдоогүй, 13 үхэр байхгүй юм. Хариуцагчийн энэ алдаатай, үндэслэлгүй талийгч Б.Д-ын нэр дээр тоологдсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны мал тооллогын бүртгэлээс болж Б.О миний эрх ашиг, сонирхол зөрчигдөж би 13 үхрийн өр төлбөрт орж, иргэн Д.Ит огт үндэслэлгүйгээр 13 үхэр төлж болзошгүй нөхцөл байдалд байгаа юм. Хариуцагчийн уг 2017 оны мал тооллогын бүртгэл алдаатай, хуульд нийцэхгүй байна. Үүний улмаас миний эрх ашиг зөрчигдөж байгаа болно. Иймд иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Нэхэмжлэгч 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “... Нэхэмжлэгч иргэн Б.О би тус шүүхэд “Иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа “Иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь хууль бус тул хүчингүй болгуулах” тухай гэж тодруулж байна. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын маргаан бүхий 2017 оны мал тооллого  нь хууль бус үндэслэлгүй юм. Мал тооллогыг томилогдсон эрх бүхий комиссын гишүүн айл бүрд биечлэн очиж, малыг биечлэн тоолох ёстой байсан. Гэтэл хариуцагч байгууллага нь үүнийг зөрчиж, нэхэмжлэгч болон түүний ах Б.Д-ын мал, үхрийг биечлэн ирж, нүдээр үзэж тоолоогүй, таамгаар зохиож үндэслэлгүйгээр тоо тавьж бүртгэсэн. Энэ нь хууль бус үйлдэл юм. Хариуцагч байгууллага нь дээрх хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар тайлбарлахдаа “мал тооллогыг биечлэн очиж, нүдээр харж тоолох ёстой байдаг, тухайн үед малын шүлхий өвчин гээд бид нэхэмжлэгчийн малыг биечлэн очиж тоолоогүй, утсаар ч малын тооллогын талаар мэдээлэл аваагүй, таамгаар тоо тавьсан. Энэ мал тооллогын бүртгэл нь буруу, хууль зөрчсөн” гэж хэлдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын маргаан бүхий 2017 оны мал тооллого нь хууль бус үндэслэлгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд уг үндэслэлгүй, алдаатай, хууль бус мал тооллогын улмаас нэхэмжлэгч Б.О нь гуравдагч этгээд Д.Ит өвлөх эрхийн гэрчилгээгээр 13 толгой үхэр үндэслэлгүйгээр өгөх, өр төлбөрт орох ноцтой эрсдэл үүсэж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул уг маргаан бүхий захиргааны акт буюу иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хууль бус тул хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.О 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” хүсэлтдээ: “... Нэхэмжлэгч иргэн Б.О би тус шүүхэд "Иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь хууль бус тул хүчингүй болгуулах тухай" гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа "Иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай" гэж өөрчилж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2016 оны мал тооллогоор талийгч ах Б.Д-ын нэр дээр 7 толгой үхэр бүртгэгдсэн байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогоор өмнөх оны 7 үхэр дээр нэмж 6 үхэр шилжиж ирсэн гэж алдаатай, үндэслэлгүй бүртгэгдэж нийт 13 толгой үхэр гэж бүртгэсэн байна.

Хариуцагчийн энэ бүртгэл нь худал, үндэслэлгүй бөгөөд бодит байдал дээр талийгч Б.Д-ын нэр дээр ямар нэгэн үхэр, мал огт нэмэгдээгүй, шилжиж ирээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны мал тооллогын үеэр нэхэмжлэгч Б.Оынх Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх багт байгаагүй, ган гачиг болж, мал идэх өвсгүй, зуншлага муу байсан тул 2017 оны 5 дугаар сард буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны 12 дугаар сард болсон маргаан бүхий мал тооллогоос өмнө Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу малаа авч отроор явсан бөгөөд Хушаатын Сангийн аж ахуй гэдэг газар 2017 онд малаа тоолуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 онд мал тоолуулаагүй. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 12 дугаар сард болсон мал тооллогын үеэр байхгүй, нүүсэн байсан тул уг тооллогоор мал тоолуулах ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэгчээс малын тоо бүртгэл огт аваагүй болно. Уг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны мал тооллогыг мал тооллогын комиссын эрх бүхий хүмүүс биечлэн газар дээр нь очиж тоолж, бүртгээгүй, таамгаар, зохиож тоо тавьсан байдаг юм. Энэ үйл баримт нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 151 тоот тус шүүхэд ирүүлсэн албан бичиг /хавтаст хэргийн 10-р хуудас/, гэрч Д.Э-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45-р хуудас/, Сэлэнгэ аймаг Хушаат сум Мөнхтолгой багийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 тоот тус шүүхэд ирүүлсэн албан бичиг, /хавтаст хэргийн 49,50-р хуудас/ зэргээр нотлогддог болно.

Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно", 47.1.1-д "утга агуулгын илэрхий алдаатай", 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй." бол илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр заасан. Мал тооллогыг томилогдсон эрх бүхий комиссын гишүүн айл бүрд биечлэн очиж, малыг биечлэн, үзэж харж тоолох ёстой байсан. Гэтэл хариуцагч байгууллага нь үүнийг зөрчиж, нэхэмжлэгч болон түүний ах Б.Д-ын мал, үхрийг биечлэн ирж, нүдээр үзэж тоолоогүй, таамгаар зохиож үндэслэлгүйгээр тоо тавьж бүртгэсэн. Хариуцагч байгууллага нь дээрх илт хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар тайлбарлахдаа "мал тооллогыг биечлэн очиж, нүдээр харж тоолох ёстой байдаг, тухайн үед малын шүлхий өвчин гээд бид нэхэмжлэгчийн малыг биечлэн очиж тоолоогүй, утсаар ч малын тооллогын талаар мэдээлэл аваагүй, таамгаар тоо тавьсан, энэ мал тооллогын бүртгэл нь буруу, хууль зөрчсөн" гэж хэлдэг. Иймд хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын маргаан бүхий иргэн Б.Д-ад холбогдох түүний нэр дээрх 2017 оны мал тооллогын бүртгэл нь 13 үхэр гэж үндэслэлгүйгээр тоо таамгаар зохиож тавьсан, тоо утга, агуулгын илэрхий алдаатай, уг 13 толгой үхрийг бодит байдал дээр биелүүлэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “… Мандал суманд 2017 онд ган, шүлхий өвчин гарч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” 405 дугаар захирамж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах тухай” 422 дугаар захирамжийн дагуу сумын хэмжээний үхэр, хонь, ямаа, гахайд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж малыг нүд үзэн тоолох ажлыг зохион байгуулж ажилласан бөгөөд Базарваань овогтой Батзориг миний бие 2017 оны мал тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаагүй. Тухай үед мал тооллогыг нүд үзэж тоолоогүй. Хэрх 4 дүгээр багийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн С.Б нь утсаар холбогдон малын тоог авсан бөгөөд үндэслэлгүй буруу тоолсон.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамжийн дагуу 2017 оны жилийн эцсийн малын тооллого явуулах ажлыг зохион байгуулсан. Багийн хэмжээнд 11 чиглэлд тоологч нарыг хуваарилан энэ ажлыг хийж дуусгасан. Тухайн үед манай багт шүлхий өвчин гарсан ган гачиг ихтэй байсан тул айлууд отроор их явж байсан. Тоологдоогүй айлуудын малыг нийгмийн ажилтнууд утсаар ярьж тоолж байсан. Мэргэжилтний алдаатай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж 2017 оны малын А дансыг нь хүчингүй болгох байр суурьтай байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Мандал сумын хэмжээнд 2017 оны 11 сарын сүүлээр олон улсын хорио цээрт, гоц халдварт шүлхий өвчин гарсан байсан. Уг өвчний халдвар нь агаар дусал болон хавьтлаар халдварладаг учир сумын хэмжээнд огт машин тэрэг явуулахгүй хүн малын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 407 дугаар захирамж гарсан байсан. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 406 дугаар захирамжаар Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийх тухай захирамж гарсан.

Малтай өрхүүдийн малд шүлхийнээс урьдчилан сэргийлэх 2 удаагийн вакциныг Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг буюу халдвар хамгааллын зарчмыг бүрэн сахисан мэргэжлийн малын эмч нараар ахлуулсан төрийн албан хаагчид дайчлагдан ажилласан. Уг 2 удаагийн шүлхийний вакцинаар малтай өрхүүдийн малын тоо тодорхой гарсан. Малчид малын тоогоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байсан. Иймд сумын тооллогын комиссоос малчдын малд хийсэн 2 удаагийн вакцины тоог тулгаж, төлөлт болон хорогдлыг хасаж малын тоог гаргах үүрэг чиглэл өгсөн. Энэ нь нийт малын тоо урьдчилсан байдлаар гарсан нь үнэн бодит болно. Вакцины тоог малын гар карт дээр буулгаж, мөн малчнаас тоо нь таарч байгаа эсэх талаар тухайн үед хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн С.Б, хэсгийн дарга нар утсаар холбогдож асуусан, бүх айлын малын тоо толгой таарсан. Энэ нь нэг бүрчлэн нүд үзэж тоолсноос чанарын хувьд зөрүүгүй гэж бодож байна.

Харин отроор явсан малчдын хувьд тухайн оторлож байгаа газрын тооллогын комисс малыг нь тоолж харьяа аймаг сумын тооллогын комисс руу малын тоог сканердаж явуулдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Хушаат суманд оторлож явсан Б.Д-ын малын тоо огт ирээгүй, мал тооллогын хуулийн хугацаа дуусаж мал тооллогын программ хаагдах гээд байсан тул хариуцсан мэргэжилтэн ямар тоог программд оруулсныг тухайн үед мэдээгүй, сүүлд ийм асуудал үүссэнийг мэдсэн. Хариуцсан мэргэжилтэн С.Б нь малын тоог нь шивэхдээ механик алдаа гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг тул манай захиргааны зүгээс иргэн Б.Д-тай холбоотой 2017 оны малын А дансыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд иргэн Б.Д-ын нэр дээрх 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “… Мандал сумын хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр олон улсын хорио цээрт, гоц халдварт шүлхий өвчин гарсан байсан. Уг өвчний халдвар нь агаар дусал болон хавьтлаар халдварладаг учир сумын хэмжээнд огт машин тэрэг явуулахгүй хүн малын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 407 дугаар захирамж гарсан байсан. Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 406 дугаар захирамжаар малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийх тухай захирамж гарсан. Малтай өрхүүдийн малд шүлхийнээс урьдчилан сэргийлэх 2 удаагийн вакциныг Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг буюу халдвар хамгааллын зарчмыг бүрэн сахисан мэргэжлийн малын эмч нараар ахлуулсан төрийн албан хаагчид дайчлагдан ажилласан. Уг 2 удаагийн шүлхийний вакцинаар малтай өрхүүдийн малын тоо тодорхой гарсан, малчид малын тоогоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байсан.

Иймд сумын тооллогын комиссоос малчдын малд хийсэн 2 удаагийн вакцины тоог тулгаж, төллөлт болон хорогдлыг хасаж малын тоог гаргах үүрэг чиглэл өгсөн. Энэ нь нийт малын тоо урьдчилсан байдлаар гарсан нь үнэн бодит болно.Вакцины тоог малын гар картон дээр буулгаж, мөн малчнаас тоо нь таарч байгаа эсэх талаар тухайн үед хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн С.Б, хэсгийн дарга нар утсаар холбогдож асуусан, бүх айлын малын тоо толгой таарсан. Энэ нь нэг бүрчлэн нүд үзэж тоолсноос чанарын хувьд зөрүүгүй гэж бодож байна.

Харин отроор явсан малчдын хувьд тухайн оторлож байгаа газрын тооллогын комисс малыг нь тоолж харьяа аймаг сумын тооллогын комисс руу малын тоог сканердаж явуулдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Хушаат суманд оторлож явсан Дагважамцын малын тоо огт ирээгүй, мал тооллогын хуулийн хугацаа дуусаж мал тооллогын программ хаагдах гээд байсан тул хариуцсан мэргэжилтэн ямар тоог программд оруулсныг тухайн үед мэдээгүй, сүүлд ийм асуудал үүссэнийг мэдсэн. Хариуцсан мэргэжилтэн С.Б нь малын тоог нь шивэхдээ механик алдаа гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг тул манай захиргааны зүгээс иргэн Б.Д-тай холбоотой 2017 оны малын А дансыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээ зөвшөөрч байна. Иймд Иргэн Б.Д-ын нэр дээрх 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй тухай тайлбараа ерөнхийд нь 3 хэсэгт хувааж хэлье. Цаг хугацааны дараалал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь цаашаа үргэлжлэх нөхцөлгүй буюу шүүгчийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа тогтоох, бүрдүүлбэр хангах захирамж байдаг. Энэ захирамжид шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу нэхэмжлэл гаргахад саад болж буй нөхцөл байдал нь Б.От нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулах, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар тайлбар баримтаа ирүүлэх, хариуцагчаа зөв тодруулах боломж олгон 14 хоногийн хугацаа олгосон байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаараа баримт ирүүлээгүй байна. Нэгдүгээрт захирамжийн биелэлт болох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар өнөөдрийг хүртэл тайлбар гаргаж өгөөгүй.

Хоёрдугаарт нэхэмжлэл гаргагчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс 13 тооны үхэр нэхэж байгаа асуудал нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны байдлаар мэдэж байсан. Эрх нь зөрчигдсөн актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор эрх бүхий дээд шатны байгууллагад хандана. Тухайн гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Эрх нь зөрчигдсөн үеэс хөөн хэлэлцэх хугацаа эхлэх учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл тодорхой байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч мал тооллогын бүртгэлийг хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэдэг нь боломжгүй.

Учир нь Статистикийн тухай хууль, Засгийн газрын тогтоолд заасны дагуу мал, тэжээвэр амьтны тооллогыг жилд нэг удаа хийдэг. 2017 оны Сэлэнгэ аймгийн Засаг даргын мал тооллогын мэдээ аймгийн болон улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж, хүчинтэй байна. Энэ бүртгэл нь аймгийн статистикийн газарт харьяалагдаж байгаа мэдээ тайлан нь нэг иргэний бүртгэлийг сугалж аваад хүчингүй болгохгүй. Захиргааны хэргийн шүүхэд хандахад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдол эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханддаг. Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд Б.Оаар нөхөн гаргуулна гэсэн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдэж байгаа асуудлын урдуур ороод хөндөгдөж болзошгүй юм байна гэж үзээд нэхэмжлэлийг хангах нь ямар ч боломжгүй. Өвлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар өгсөн боловч шүүхэд нэхэмжлэгч тооллогын бүртгэл гэсэн баримтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгчийн эрхийг яаж зөрчсөн гэдэг асуудал. Өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч өөрөө тусдаа субъект болдог. Тухайн иргэний хэргийг шийдвэрлэх нотлох баримт байхгүй, үндэслэл болгож байгаа эсэх нь тодорхойгүй учраас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Сумын төр захиргааны байгууллага маш хариуцлагатай байх ёстой. Тооллогоор Б.О 30 үхэр, 13 ямаа нийт 43 тооны мал, Б.Д- 13 тооны үхэр гээд биччихсэн байна. Нэхэмжлэгч бичсэн байдаг. Миний болон манай талийгаач ахын нэр дээр биччихсэн байна. Өөрт нь хамааралгүй талийгаач ахынхаа бүртгэлийг хүчингүй болгоно гэдэг үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд Хушаат сумын Мөнхтолгой багийн Засаг даргын тодорхойлолт байна. Тухайн үед би Хушаат сумын нутагт өвөлжиж байсан. Хушаат суманд тоолуулсан гэж хэлдэг. Б.О 30 үхэр гэсэн тодорхойлолт байна. Зөвхөн үхрийнх нь тоог бичсэн байна. Агуулгын хувьд боломжгүй харагдаж байна. 2020 онд эрх нь зөрчигдсөн. Өөртэй нь холбоотой маргаан 2022 онд шийдэгдсэн. Энэ явцдаа өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагад хэрэг болохуйц нэг хэргийг зогсоохын тулд дараа дараачийн маргааныг үүсгэж байна. Тооллогын бүртгэлээс болоод эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй. Өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой маргаан нь энэ тооллогын баримтаас болоод эрх, ашиг нь зөрчигдсөн гэж үзэхгүй. Энэ бүх үндэслэлүүдээс харахад нэхэмжлэл агуулгын хувьд энэ нэхэмжлэлийг шийдэх боломж байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж энэ тайлбарыг гаргаж байна. Эхний үндэслэл нь нэхэмжлэгч үндсэндээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн үндэслэлээ маш тодорхой бичсэн. Д.И нь мал тооллогын бүртгэлийг үндэслээд 13 тооны өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, түүнийг үндэслэн 13 тооны үхэр нэхэж байгаа гэж  нэхэмжилсэн байдаг.  Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхэд хэлэлцсэн шүүх хуралдаан дээр 2020 оны мал тооллогын асуудлыг Б.О мэдэж байсан байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар буюу шүүх хуралдаан болсон өдөр юм байна. Үүнээс өмнө ч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд нотлох баримт танилцуулсан учраас мэдэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн гэж үзэж тухайн мал тооллогын бүртгэлийг хууль бус гэж үзсэн бол Захиргааны ерөнхий хуульд заасан хуулийн хугацаанд, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Тийм учраас  зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдэг нь тодорхой байдаг. Энэ талаар нэхэмжлэлдээ энийг мэдэж байсан гэдгийг бичсэн. Тийм учраас нэгэнт хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн давж заалдах шатын шүүхээс энэ асуудал дээр нь дүгнэлт өгсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж байна гэдэг маань өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ үгүйсгэж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн. Илт хууль бус байлаа ч гэсэн энэ өөрөө илт хууль бус байх захиргааны актын хуулийн шаардлагыг ямар нэгэн байдлаар хангаагүй, илт хууль бус байх захиргааны актын шинжийг хангахгүй байна. Нэхэмжлэгч бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын илэрхий алдаатай гэж байна.  Утга агуулгын хувьд илэрхий алдаатай юм байхгүй. Мал тооллогын ажлын зорилго нь Статистикийн тухай хуулийн хэмжээнд улс, аймгийн хэмжээнд мал тоологддог. Тооллогын дүнд ороод нийтэд зарлагдаад л үр дагавар нь дуусаж байдаг. Мал тооллого өөр зорилго байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг үндэслэж байна. Мал тооллогын бүртгэлтэй холбоотой заалт ямар учиртай бэ гэхээр нийтэд мал тооллогын дүн зарлагдаж, улсын хэмжээний мал тооллого тэд юм гэж зарлагдсанаар мал тооллогын үр дагаврууд үүсээд, дуусгавар болдог. Гэтэл хариуцагчийн зүгээс бид нар нотлох баримтгүйгээр хандахгүй. Гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О болон нэхэмжлэгч нар нэг байр суурьтай болчихсон. Яагаад ингэж байна гэхээр шүлхийтэй байсан. Тухайн сумынхаа хэмжээнд бүх хүмүүс бүх мал тооллогыг шүлхийтэй байсан гэж зайнаас тоолж, бүгдийг нь бүртгэчхээд одоо 2017 оноос хойш 7-8 жилийн дараа зөвхөн талийгаач болсон хүний мал тооллогын дүнг сугалж аваад, энэ хүнийх л илт хууль бус гэж байна. Улсын хэмжээнд оруулаад, сумынхаа бүх мал тооллогын дүнг зайнаас зохион байгуулчхаад одоо Н.Дагважамц гэх хүний мал тооллогын дүнг дангаар нь сугалж аваад, энэ хүнийх илт хууль бус гэж байна. Төрийн албаны үйл ажиллагаанд нийцэхгүй,  бүх хүмүүсийн мал тооллогын зарчмыг нь адилхан хийчхээд нэг хүнийхийг илт хууль бус гэдэг тийм үндэслэл байхгүй. Б.О гэж хүний мал тооллого, өөр суманд тоологдсон гэж байна. Ямар нэгэн байдлаар өөр суманд Б.Оын мал тоологдсон уу, Н.Дагважамцын мал тухайн тооллогод орсон уу гэдэг зүйл байхгүй. Тийм учраас  Н.Дагважамц гэх хүний мал тооллого 2 ороогүй. Давхардаж тоологдсон асуудал байхгүй. Тийм учраас агуулгаараа хариуцагч Н.Дагважамцын мал тооллогын дүнг илт хууль бус гэж хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Дараагийн гол үндэслэл нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь мал тооллогын дүнгээс болж зөрчигдсөн бэ. Улсын хэмжээнд Статистикийн тухай хуулиараа жил болгон мал тооллогын үйл ажиллагаа явуулах зорилгын хүрээнд л хийгдсэн ажил юм. Тийм учраас 2017 оны мал тооллогын дүн нь нэхэмжлэгчийн эрхийг огт зөрчөөгүй байгаад байгаа юм. Хүчингүй болгосноороо ямар нэгэн эрх нь сэргэхгүй. Н.Давгажамц гэх хүн тусдаа хүн, Б.О гэж хүн тусдаа хүмүүс байна. Ямар нэгэн байдлаар холилдох Б.О гэж хүний малыг нь өөрчлөх ч юм уу, цөөхөн болгох үр дагавар байхгүй. Б.О 30 үхэр тоолуулсан гэдгээ хэлдэг. Яагаад эрх нь зөрчигдөхгүй гэж үзэж байна гэхээр 2020 оны 4 дүгээр сард болсон иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас харахад хариуцагч Б.Оын зүгээс нэхэмжлэгч өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөртөө ашигтай нөхцөл байдлыг буюу ашигтай нотлох баримтыг бий болгох зорилгоор л энэ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тодорхой байгаад байна.  Иргэний шүүх нь 2-3 шатны шүүхээр явж, иргэний хэрэг өнөөдрийн байдлаар шийдэгдээгүй байна. Аливаа иргэний хэргийг урьдчилаад, ирээдүйд ингэж шийдэж болох юм байна гэдэг шүүхийн шийдвэрийг хэн ч урьдаас хэлэхгүй шүү дээ. Зөвхөн энэ нотлох баримтыг үндэслээд иргэний шүүх асуудлыг шийднэ гэсэн үг биш. Энэ талаар Улсын Дээд шүүх бас дүгнэсэн. Ямар нэгэн байдлаар мал тооллогын дүн гэдэг нь 2017 оны асуудал байна. Талийгаач 2018 онд нас барсан.  Шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас 2020 оны байдлаар буюу нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Н.Дагважамц гэж хүний үхэр хэд байсан юм гэдэг асуудал дээр л дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгаа. Тэрнээс 3 жилийн өмнө хэд байсан, 2017 онд хэд байсан юм. Иргэний шүүх бусад нотолгооны хэрэгслээр өөрөө тогтоож, шийднэ. Энэ талаар иргэний хэргийн хяналтын шатны шүүх дүгнэчихсэн байна. Тийм учраас аливаа нэг маргааныг шийдвэрлэхэд тухайн маргаанд ашигтай байж болохуйц асуудлыг үгүйсгэхийн тулд захиргааны хэрэг үүсгэж, шийдвэр гаргуулах хууль байхгүй. Эрх нь зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхийн үйл ажиллагаа явдаг болохоос иргэний хэргийн нотлох баримтын ашигтай байдлыг бий болгох буюу иргэний хэргийг зогсоохын тулд өөр нэг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, сүүлд нь хуулийн хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийн шүүхэд ажил болдог ийм хуулийн цоорхойг ашиглаж байна. Гэхдээ ийм эрх зүйт ёсны, соёл тогтолцоо зарчим бол байхгүй. Маргаан маш ойлгомжтой байна.  Тийм учраас эрх нь зөрчигдөх асуудал байхгүй байгаад байна. Мал тооллогын дүн чинь Статистикийн тухай хуулиараа нийтэд сумын хэмжээнд ороод, аймгийн дүнд ороод, улсын хэмжээнд ороод улсын мал тооллогын дүн чинь тэр үедээ зарлагдаад мал тооллогын дүн хүчинтэй болчихсон. Одоо талийгаач н.Дагважамц гэж хүний мал тооллогын дүн илт хууль бус байсан гэвэл шууд аймгийн хэмжээний тоонд өөрчлөлт орно. Улсын хэмжээний мал тооллогын дүн мэдээ шууд өөрчлөгдөх юм уу. Мал тооллогын дүн чинь улсын хэмжээнд зохион байгуулж,  нийт дүн нь орсон үед ингэж өөрчлөх ямар ч боломжгүй. Тухайн үедээ тийм байсан, маргаан байна уу гэдэг нь тусдаа асуудал байгаа юм. Гэтэл одоо илт хууль бус гэж маргахаар тэр улсын хэмжээний дүнгээс 13 мал хасагдах юм уу, тэр дүнд шууд нөлөөлнө гэсэн үг. Сугалж аваад тооцоод явчихсан, мал тооллого явуулсны ач холбогдол байхгүй. Иргэний маргааныг шийдэхийн тулд Б.О гэж хүн талийгаачийг нас барах үед ямар тооцоо байсан юм бэ, ямар хэмжээний малын нөхцөлтэй байсан юм гэдэг чинь өөр бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл талийгаач болсон хүний тооллогын дүнг 8 жилийн дараа байхгүй болгох замаар асуудал шийднэ гэдэг нь байж болохгүй асуудал.  Мал тооллогын Статистикийн газрын эрх ашиг ч гэсэн хөндөгдөх асуудал байгаад байгаа юм. Ийм байдлаар Б.Оын эрх ашиг зөрчигдөөгүй. Мал тооллогын дүнгээс болж ямар нэгэн байдлаар Б.Оын эрх ашиг зөрчигдөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа дууссаныг мэдээд шаардлагаа өөрчилсөн нь маш тодорхой хуульчдын хувьд тогтсон ойлголт байгаа.  Гэхдээ би энийг зориуд тайлбарлахгүй бол болохгүй байх. Яагаад гэвэл хууль хэрэглээтэй холбоотой асуудал юм. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар хуралдааны тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлачихсан. Энэ тайлбарын тодорхой заалтыг хэлж байгаа шалтгаан нь нэхэмжлэгч өөрөө хөөн хэлэлцэх хугацаанаас тойрохын тулд буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасан хуулийн шаардлага яагаад ч хангахгүй. Илт хууль бус гэдэг нь маш өндөр шаардлага, өндөр нөхцөл бүрдсэн тохиолдолд илт хууль бус гэж үзнэ. Иймд бүртгэлийг маргаан бүхий захиргааны акт гэж үзэж болохоор харагдаж байна. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааг нь алдчихсан учраас илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх замаар одоо асуудлыг шийдвэрлүүлэх гэж байна. Өмгөөлөгчийн тактик гаргасан гэдэг нь маш тодорхой байна.  Дээд Шүүхийн тогтоол маш тодорхой байна. Тухайн этгээдийн эрх нь ямар шаардлага гарахаас үл хамаараад эрх нь зөрчигдөх, ямар шаардлага гарснаар эрх нь сэргэх боломжтой байна гэдгээр захиргааны хэргийн шүүхэд шийдвэр гаргах эрхийг Улсын Дээд шүүхийн тогтоолоор тайлбарлаж олгосон. Гэхдээ нэг хязгаар байгаад байгаа. Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан тохиолдолд асуудлыг хэлэлцэх учраас илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар тухайн нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж болохгүй гэдэг зохицуулалт маш тодорхой зохицуулагдсан байна. Тийм учраас хуулийн хугацаа өнгөрчихсөн тохиолдолд үнэхээр хүчингүй болгох буюу маргаан бүхий захиргааны акт байна гэж шүүх дүгнэсэн эрхийг нь зөрчсөн гэж үзсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргаагүй учраас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байгаа боловч хүчингүй болгох байдлаар шийдэх ямар ч хуулийн боломж байхгүй байна гэж харж байна. Тийм учраас  илт хууль бус захиргааны актын шинж байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Цаашдаа энэ захиргааны хэрэг дууссаны дараа иргэний шүүх дээрээ  үхэр байсан уу, үгүй юу гэдгийг иргэний хэргийн шүүхээрээ тогтоолгоод асуудлаа шийдүүлээд явах бүрэн боломжтой. Иргэний хэргийн шүүхийн нотолгооны хэрэгслээр тогтоогдох л асуудал байгаад байгаа юм.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.О нь 2011 оноос хойш төрсөн ах Б.Д-ын үхрийг өөрийн малтай хамт малладаг байсан ба 2016 оны мал тооллогын бүртгэлээр Б.Д-ын нэр дээр 7 үхэр бүртгэгдсэн. Харин 2017 оны мал тооллогын бүртгэлээр 6 үхэр шилжиж ирсэн гэж нэмэн нийт 13 үхэртэй гэж бүртгэгджээ.

Б.Д- 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нас барсан[1] тул түүний төрсөн хүү болох гуравдагч этгээд Д.Ит 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор Б.Д- 2017 оны мал тооллогоор үхэр 13 тоологдсоныг үндэслэн 13 толгой үхэр өвлөх эрхийн гэрчилгээ[2] олгосон байна. Нэхэмжлэгч дээрх 2017 оны мал тооллогын бүртгэлийн улмаас нас барсан ахын төрсөн хүү надаас 13 үхэр нэхэж байна. Нэхэмжлэгч Б.О ах Б.Д-ын нэр дээрх 2017 оны мал тооллогын бүртгэл илт хууль бус, алдаатай гэж маргадаг.

1. Нэхэмжлэгчээс анх нэхэмжлэлийн шаардлагаа “иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулах”[3] гэж тодорхойлж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”[4] гэж өөрчилсөн.

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэх бөгөөд хариуцагч малыг айл бүрд биечлэн очиж, нүд үзэж тоолох ёстой байсан. Гэтэл үүнийг зөрчиж, нэхэмжлэгч болон түүний ах Б.Д-ын мал, үхрийг биечлэн ирж, нүдээр үзэж тоолоогүй, таамгаар зохиож үндэслэлгүйгээр тоо тавьж бүртгэсэн нь тоо утга, агуулгын илэрхий алдаатай, уг 13 толгой үхрийг бодит байдал дээр биелүүлэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаж буй бүртгэлийн улмаас Б.Д-ын төрсөн хүү Д.И нь 13 толгой үхэр өвлөх эрхийн гэрчилгээ авч, түүнийгээ Б.Оаас гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандан шаардаж байгаа гэж тайлбарлан маргадаг.

3. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг “хүчингүй болгох” боломжтой, энэ нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” агуулгад хамаарахгүй гэж тайлбарлажээ.

4. Гэтэл шүүх нэхэмжлэгчээс маргаан бүхий акт болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогын бүртгэлийг хэзээ, хэрхэн мэдсэн талаар холбогдох тайлбар баримт ирүүлэхээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан боловч энэ талаар тайлбар, баримт ирүүлээгүй. Улмаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 43 тоот албан бичгээр “…2017 оны мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэх, энэ талаар холбогдох тайлбар, үндэслэлээ нотолсон баримтын хамт ирүүлэх…” талаар хандсан боловч нэхэмжлэгчээс шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн болохоо бичгээр илэрхийлсэн.

5. Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хэд хэдэн удаа тодруулсан боловч түүнд тайлбар, холбогдох баримтаа өгөөгүй нь нэхэмжлэгч захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зохицуулсан тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн болно.

 6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс судлан үзэхэд, маргаж буй иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай..., 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй,  47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. зэрэг тохиолдолд захиргааны акт илт хууль бус байхаар заасан.

8. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэдэг нь дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх шаардлагатай. Тухайн асуудлын талаар болон эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг ойлгодог.

9. Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбарлаж буй үндэслэлгүйгээр 6 үхэр шилжиж ирсэн талаар мал тооллогын бүртгэлд нэмж бүртгэсэн нь Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “мэдээлэл үнэн, бодитой байх” гэж заасан статистикийн үйл ажиллагааны үндсэн зарчим болоод Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого явуулах тухай” 422 дугаар захирамжийн 3.2-т “мал тэжээвэр амьтдыг нүд үзэн үнэн зөв тоолж, малын картыг нарийн хөтлөх” 3.3-т “тавиул малыг гар картаар тоолж, тухайн тавиул мал тоолуулсан малчнаар гарын үсэг зуруулж, малын эзний харьяа багт хүргүүлэхийг онцгой анхаарах”, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай”  224 дугаар тогтоолын 1-д “Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдөр явуулж өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байхаар тогтоосугай” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

10. Тодруулбал, Мандал сумын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын үеэр нэхэмжлэгч Б.О нь Мандал суманд байгаагүй бөгөөд зун нь ган гачиг болж мал идэх өвсгүй болсоны улмаас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багт малтайгаа отроор нүүдэлллэн очиж, тухайн сумын Мөнхтолгой багт малаа тоолуулсан[5]. Б.Оын малыг газар дээр нь нүд үзэж тоолоогүй, утсаар холбогдоогүй болох нь тосгоны статистик, тоо мэдээг нэгтгэн гаргаж байсан мэргэжилтэн С.Бын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг[6]-ээр тогтоогдож байх тул хариуцагч дээр дурьдсан хууль, Засгийн газрын тогтоол, сумын Засаг даргын захирамжид дурьдсны дагуу мал тооллогын бүртгэлийг үнэн бодитой хийх үүргээ биелүүлээгүй. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах зэрэг шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ.

11. Хэдийгээр дээрх байдлаар тухайн бүртгэл нь холбогдох журам, хуулийг зөрчсөн боловч энэ нь уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаас илт хууль бус болохыг тогтоох үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл Б.Давагжамцийн нэр дээрх малын тоог 7 үхэр дээр 6 үхэр нэмж бүртгэснийг шууд хараад ингэж бүртгэх боломжгүй гэж үзэхээргүй, энэ нь утга, агуулгын илэрхий алдаатай акт байх шинжийг хангахгүй байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны актыг ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, эсхүл тухайн актад заасан үндэслэл нь хуульд байхгүй буюу хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээг зөрчих зэрэг эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн илт хууль бус алдааг ойлгоно.

13. Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Тооллого, судалгаа явуулах” гээд 1 дэх хэсгийн в-д “мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулах” талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “... Суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын уг ажлыг хариуцсан ажилтан … эрхлэн гүйцэтгэнэ.”, 18 дугаар зүйлд бүх шатны Засаг даргын статистикийн мэдээллийн талаарх нийтлэг бүрэн эрхийг зохицуулсан ба 1 дэх хэсэгт “албан ёсны статистик мэдээллийн үнэн зөв байдалд тогтмол шалгалт хийж, түүний бодит байдлыг хангах”, 4 дэх хэсэгт “статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос баталж, зөвшөөрсөн маягтаар мэдээлэгчээс гаргуулан авах” талаар тус тус зохицуулжээ.

14. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого явуулах тухай” 422 дугаар захирамж гарсны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дүгээр тушаал[7]-аар тосгоны статистик, тоо мэдээг нэгтгэн гаргах ажлыг хавсран гүйцэтгэж байсан мэргэжилтэн С.Б иргэн Б.Д-ын 2017 оны “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого”-ыг хийсэн нь дээрх хуульд нийцэж байх тул хариуцагчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэг нь хэнд ч хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцсэн байна. Тодруулбал, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.

16. Б.Д-ын мал бүртгэлээс шалтгаалж Б.От 13 үхэр гуравдагч этгээд Д.Ит өгөх үүрэг шууд бий болоогүй. Мал бүртгэлийн үйл ажиллагаа нь Статистикийн тухай хуулиар мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулах Үндэсний статистикийн хорооны тооллого судалгаа явуулах чиг үүрэгт хамаарч байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан Б.О шилжиж ирсэн гэх үндэслэлгүй нэмсэн 6 үхэр болон өмнөх оны үлдэгдэл 7 үхэр нийт 13 үхрийн өрөнд орсон тул байхгүй байгаа 6 үхрийг гуравдагч этгээд Д.Ит хаанаас гаргаж өгөх бэ? Бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. 

17. Иймд маргаж буй иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1/в,  11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан Б.Оын Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Иргэн Б.Д-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗАЯА

                   ШҮҮГЧИД                         Д.НАРАНТУЯА

                                                                   Ө.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 131 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 132 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 1 дүгээр хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 49-50 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 59-60 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтасны 64 дүгээр хуудас