Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/1140

 

           

 

 

 

 

2023           11             30                                          2023/ДШМ/1140

 

Э.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Мягмардорж,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/1205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.От холбогдох 2308 00000 1449 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.О, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 803 дугаар байрны 1-5 тоотод түр оршин суудаг /Хөвсгөл аймгийн Мөрөн сум 5 дугаар баг, 30 дугаар гудамжны 04 тоотод байнга оршин суух бүртгэлтэй/, /000000000/,  

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололын 106 дугаар байрны 43 тоотод “өөр хүний нэрээр дуудсан” гэх шалтгаанаар хохирогч О.Д-ыг зодож түүний эрүүл мэндэд “дух, зүүн чамархай, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн чихний дэлбэнг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, баруун мөр, хоёр дал, зүүн дал, хоёр шуу, дух, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогч О.Д нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар хамтран гаргасан давж заалдах гомдол, тайлбартаа : “...Анхан шатны шүүхийн тогтоолд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дурдахдаа гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүй хүлээн зөвшөөрч оролцсон, тодорхой эрхлэсэн ажилгүй, орлого олдог эсэх талаар нотолсон баримтгүй, өөрийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө мэдээллийн санд бүртгэгдээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Ялтан Э.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол барагдуулсан тухай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй, зөвхөн ажилгүй, өөрийн гэх эд хөрөнгөгүй учир нийтэд тустай ял оногдуулсанд гомдолтой байна. Э.О нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь зөвтгөх шалтгаан биш ч 20 гаран настай, өөрийн гэм бурууг ухамсарлаж, дахиж архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүйг, нийгэмд өөрийн байр сууриа яаж зөвөөр авч явах боломжтой талаар ялтан Э.О ойлгосныг надтай ярилцаж буй байдал, асуудалд зөвөөр хандаж буй өнцгөөс хуульч, өмгөөлөгч би маш их ойлгосон болно.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь сонгох төрлийн санкцтай бөгөөд хяналтын прокурортой Э.О нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хуралд оролцсон байдаг. Э.О-ын санаатай үйлдэлд оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, 1000 нэгжээр торгох эсхүл 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү. Э.О нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт түр оршин суудаг, 2023 оны 10-р сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хажуу талын кофед зөөгчөөр ажилд орсон нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс анхаарч, шийтгэх тогтоолын ял оногдуулах хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.   

Прокурор Р.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй талаараа мэдүүлэг өгсөн. Харин түүнээс тодруулахад ахтайгаа нийлж ажил, хөдөлмөр эрхэлдэг гэж мэдүүлсэн. Улсын яллагчаас шүүгдэгч Э.О нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзаж түүнд 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах ялын саналыг гаргаж байсан. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргаж буй торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. ...”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,     

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололын 106 дугаар байрны 43 тоотод “өөр хүний нэрээр дуудсан” гэх шалтгаанаар О.Д-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- хохирогч О.Д-ын “...2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед найз залуу Э.О-ын хамт бид хоёр дэлгүүр орж хоёр ширхэг том пиво, гурван ширхэг лаазтай пиво авч хувааж ууцгаасан. Унтах болоод би найз залуугийнхаа нэрийг андуураад өөр нэг найзынхаа нэрийг хэлчихсэн чинь Э.О уурлаад миний нүүрэн хэсэг рүү гараараа 7-8 удаа алгадаж, өшиглөсөн. Миний баруун гарын булчин хэсэг, зүүн гарын бугуй хэсгээр хавдаж хөхөрсөн. Бид хоёр үерхээд нэг жил гаран болж байгаа хамт амьдардаггүй...” гэх мэдүүлэг /хх-07/,

- шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10222 дугаартай дүгнэлт:  О.Д-ын биед дух, зүүн чамархай, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн чихний дэлбэнг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, баруун мөр, хоёр дал, зүүн дал, хоёр шуу, дух, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна /хх-11-12/,

- шүүгдэгч Э.Оын:...“Тухайн өдөр найз охин О.Д-ын гэрт очсон ба том пиво, 3 ширхэг лаазтай пиво хувааж уугаад унтахаар хэвтэхэд найз охин О.Д миний нэрийг П гэж дуудахаар нь уур хүрээд баруун талын мөр хэсэг рүү нь цохиод, нүүр болон толгой хэсэг рүү нь 6-7 удаа алгадаж, цохьсон, орноос татаж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-46-47/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.     

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.         

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг бөгөөд тэдгээрийг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шаардлагын талаар дүгнэсэн байх тул оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Мөн шүүгдэгч нь тогтмол эрхлэх ажил хөдөлмөр, орлоготойг нотолсон хууль ёсны баримтгүй байх тул таамаглах байдлаар ял шийтгэлийг өөрчлөх үндэслэлгүй болно.     

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/1205 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох эсхүл зорчих эрх хязгаарлах ялаар солиулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/1205 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан “ нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох эсхүл зорчих эрх хязгаарлах ялаар солиулах ” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ДАРЬСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР