| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0776/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0169 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0169
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, Ж.У******* нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.У******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Миний бие нэхэмжлэлээсээ татгалзсан хуулийн үр дагаврыг бүрэн ойлгож байна. Иймд татгалзлыг минь хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Ж.У******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.У******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.У******* Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдуулан гаргасан Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд аман хүзүүнд хурдалж, барианд орж ирсэн Ж.У******* миний хээр азаргыг хассан Хурдан морины салбар хорооны 2024 оны 07 дугаар сарын 13-ны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд аман хүзүүнд хурдалж, барианд орж ирсэн Ж.У******* миний хээр азарганд аман хүзүүний бай шагналыг олгоогүй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, миний хэр азарганы аман хүзүүний бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Түмэндэмбэрэлд даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ