Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0192

 

 

 

 

 

 

 

   2025          03         14                                     128/ШШ2025/0192

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Л******* /РД:*******/,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хооронд “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******,                         Э.Б, Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд

2.1. Нэхэмжлэгч М.Л******* нь Г аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажиллаж байсан.

2.2. Нэхэмжлэгч М.Л*******г Г аймгийн Д сумын “Х амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент болох алт олборлуулсан гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалаар цагдаагийн цолыг хурааж, албанаас чөлөөлж шийдвэрлэсэн.

2.3. Дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0568 дугаар магадлалаар дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дугаар тушаалаар “... Цагдаагийн дэд хурандаа М.Л******* нь ... тус тус зөрчсөн тул 2023 оны 04 дүгээр 24-ний өдрөөр тасалбар болгон албанаас халж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг хураасугай гэснийг “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг хураасугай гэж өөрчилжээ.

2.5. Нэхэмжлэгч М.Л******* нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан байна.

2.6. Төрийн албаны зөвлөлөөс уг гомдлыг хянан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/172 дугаар албан бичгээр “... таны гомдолд дурдсан маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг Төрийн албаны зөвлөл харьяалан хянан үзэж, шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй тул шүүхэд хандахыг зөвлөе” гэжээ.

2.7. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. “Гомдол гаргагч миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Цагдаагийн ерөнхий газрын дарга 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулж, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах" тухай нэхэмжлэлийг гаргасан.

3.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0511 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд миний бие нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0568 дугаар магадлалаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаал буюу захиргааны акт хууль болохыг тогтоож түдгэлзүүлсэн бөгөөд шүүхээс захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэж, Цагдаагийн Ерөнхий газраас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

3.3. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас шүүхийн магадлал гарснаас хойш буюу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан шүүхийн магадлал хүчин төгөлдөр болоод 4 сарын хугацаа өнгөрсний дараа 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/1779 дугаар тушаал гарсныг надад 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж, гардуулсан билээ. Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын дарга 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Б/536 дугаартай тушаал нь хууль бус бөгөөд дахин тушаал гаргахыг цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасан. Шинээр гарсан Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/1779 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “...Мгийн Л******* нь ... тус тус зөрчсөн тул 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон албанаас халж, “Цагдаагийн дэд хурандаа" цолыг хураасугай гэснийг “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах" сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн дэд хурандаа" цолыг хураасугай гэж тус тус өөрчилсүгэй" гэж дахин акт гаргасан.

3.4. Шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд "... маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх... нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь цагдаагийн албаны сахилга ба ёс зүйн дүрмийн ямар ноцтой зөрчилд хамаарах, түүнийг албаны шалгалт зэрэг Цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааны журмын дагуу, нотлох баримтаар бүрэн тодорхойлогдохгүй байх" талаар дурьдаж, энэ талаар шүүхийн даалгасан ажиллагааг хангалттай хийлгүйгээр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/1779 дугаар "Тушаалд өөрчлөлт оруулах тухай" тушаалаар надад заасан сахилгын шийтгэлийг оногдуулахдаа цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5 /цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/ дахь заалтад заасан сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэд хурандаа цолыг хураасан. Цагдаагийн Ерөнхий газраас бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, гарсан зөрчлийн талаар хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад мөн шүүхээс тогтоосон хугацаа өнгөрсөн байхад гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гарсан хариу тайлбар, үндэслэлдээ:

4.1. Нэхэмжлэгч М.Л*******гийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

4.2. Г аймгийн Д сумын Ж багийн нутаг "Х амны дунд хамар" гэх газарт 2022 онд алтны өндөр агууламж, илэрц бүхий газар тогтоогдож, эмх замбараагүй байдал үүсэх, байгаль экологид хор хохирол учруулах, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн цагдаагийн газрын дарга, Засаг даргын хамтарсан шийдвэрийн дагуу тухайн газарт 2022 оны 10 дугаар сараас эхлэн түр хяналтын пост ажиллуулж эхэлсэн.

4.3. Тухайн үед нэхэмжлэгч М.Л******* нь аймгийн цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан бөгөөд цагдаагийн албанд ажиллаж байсан Г. М нарын хууль бус саналыг хүлээн авч, хамт ажилладаг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Х*******аар дамжуулан хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч болох М.З*******, Б.Т******* нарт хууль бус үүрэг, чиглэл өгснөөр тухайн газарт 2023 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэрэг үйлдэгдсэн.

4.4. Дээрх асуудалд цагдаагийн төв байгууллагын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулж, Г аймгийн цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчид хууль тогтоомж, ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж, М.Л*******г Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны Б/536 дугаар тушаалаар цагдаагийн албанаас халсан.

4.5. Нэхэмжлэгч М.Л******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 121/МА2024/0568 дугаартай шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/МА2024/0568 дугаартай магадлалаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны Б/536 дугаар тушаалыг 2 сарын хугацаатай дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн тул шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг биелүүлж, мөн даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дугаар тушаалаар маргаан бүхий Б/536 дугаар тушаалд өөрчлөлт оруулсан.

4.6. Ингэхдээ маргаан бүхий Б/536 дугаар тушаалаар М.Л*******г Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр халсныг мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасан "цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах" сахилгын шийтгэл болгон өөрчилж, цагдаагийн албанд эргэн орж ажиллах эрхийг хангасан.

4.7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/МА2024/0568 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг М.Л*******г хууль тогтоомжид заасан хориглолт, үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай" гэж дүгнэн хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны Б/536 дугаар тушаалыг 2 сарын хугацаатай дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн бөгөөд магадлал Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэгдэж, хүчин төгөлдөр болсон тул М.Л*******гийн нэхэмжлэлд дурдаж буй "Шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй," гэх гомдол нь үндэслэлгүй байна.

4.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч М.Л*******гээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гартал 2 сарын хугацааг хариуцагчид өгсөн боловч 4 сарын дараа маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус, зөрчлийг дахин шалгахдаа нэмэлт баримт цуглуулж, сахилга, ёс зүйн ямар хэм хэмжээ зөрчсөнийг тогтоогоогүй, тэтгэвэртээ  гарах хүсэлтийг шийдэж тэтгэвэрт гаргах шийдвэр гаргаагүй...” гэж, хариуцагчаас “...гаргасан зөрчил нь албаны шалгалтаар тогтоогдсон албан үүргээ зөрчиж, хууль бус чиглэл өгч хамгаалалтад авсан байсан газарт 2 иргэнийг оруулсан..., шүүхийн шийдвэрийн дагуу дахин шалгаж үзээд гаргасан зөрчлийг нь ноцтой зөрчил биш гэж үзээд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн өмнө нь оногдуулсан шийтгэлийг өөрчилсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

7. Нэхэмжлэгчийг өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаалаар “Г аймгийн цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Мгийн Л******* нь тус аймгийн Д сумын “Х амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан нь Төрийн албаны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.1, “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5-д заасныг зөрчсөн тул 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг хурааж шийдвэрлэсэн байдаг.

8. Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0511 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0568 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалыг 2 сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж шийдсэн.

9. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0448 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор дээрх шийдвэр, магадлалд гаргасан хариуцагч талын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

10. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/1779 дугаар тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 128/ШШ2024/0511 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/МА2024/0568 дугаар магадлалын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас холбогдох ажиллагаа явуулж, 2024 оны 1/433 дугаар танилцуулга ирүүлсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны Б/536 дугаар “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаалын тэргүүн хэсгийг “Сахилгын шийтгэл оногдуулах тухай”, үндэслэх хэсгийг нь  Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 гэснийг 81 дүгээр зүйлийн 81.4.5..., “Г аймгийн цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Мгийн Л******* нь ...тус тус зөрчсөн тул 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон албанаас халж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг хураасугай гэснийг “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг хураасугай гэж өөрчилсөн байна.

11. Нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гартал 2 сарын хугацааг хариуцагчид өгсөн боловч 4 сарын дараа маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус” гэх үндэслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0568 дугаар магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0448 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор хариуцагч талаас гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан өдрөөс эхлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т “давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзах тогтоол гаргасан” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

12. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан даруйдаа хуулийн хүчин төгөлдөр болохгүй ба Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0448 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол гарсан өдрөөс эхлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болж тус хугацаанаас эхлэн 2 сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг үүссэн байна. Хэрэгт авагдсан маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/1779 дугаар тушаал нь магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд багтаж гарсан байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж буй “магадлал гарснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн гэх” үндэслэл нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байна.

13. “Зөрчлийг дахин шалгахдаа нэмэлт баримт цуглуулж, сахилга, ёс зүйн ямар хэм хэмжээ зөрчсөнийг тогтоогоогүй” гэх үндэслэлийн тухайд: Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Г*******ын “Г аймгийн Д сумын Ж багийн Х амны дунд хамар гэх газарт иргэд гар аргаар газрын ховор элемент ашигт малтмал хууль бусаар олборлосон гэх асуудалд цагдаагийн алба хаагчид холбогдсон байж болзошгүй үйлдэлд” албан хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгасан албан шалгалтын 20230011800011 дугаар материалыг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Д.Ч******* хянаж 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/433 дугаар танилцуулга бэлтгэн “Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183 дугаар танилцуулга, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0568 дугаар магадлалыг хэрэгжүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалаар “Албанаас халж, цагдаагийн цол хураасан” тушаалд нэмэлт өөрчлөлт оруулан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт заасныг баримтлан “цагдаагийн албанд 1 жил эргэн орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрээр өөрчлөх санал гаргасныг дээд шатны дарга, дэд дарга нар нь зөвшөөрч маргаан бүхий тушаалыг гаргасан байна.

14. Энэхүү албаны шалгалт, дахин хянасан ажиллагаагаар нэхэмжлэгч нь Г аймгийн Д сумын “Х амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад даргаар нь дамжуулж хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү өмнө нь цагдаагийн албанд ажиллаж байсан 2 иргэнийг оруулсан гэх үйлдлийг хууль тогтоомжийн хүрээнд шалгаж тогтоосон болох нь хэрэгт авагдсан албаны шалгалтын баримтад авагдсан нэхэмжлэгчээс авсан болон бусад цагдаагийн албан хаагч нараас авсан тайлбар, албаны шалгалтын дүнгийн танилцуулга болон уг хэрэгтэй холбоотойгоор авагдсан бусад нотлох баримт болох Г аймгийн прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”, нэхэмжлэгчээс өгсөн хууль бус үүрэг чиглэлийг биелүүлсэн алба хаагч нарт хариуцлага тооцож албанаас нь халж, цолыг нь хуураасан нь үндэслэлтэйг дүгнэж шийдсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0613 дугаар шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2023/0646 дугаар магадлал зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

15. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь албаны шалгалтын явцад болон хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэр бүхий 2 иргэнээс олон удаа гуйгаад байхаар нь цагдаагийн газраас тусгай хамгаалалтад авсан байсан газар руу орох боломжийг нь судлаад тухайн үед ээлжид гарч байсан Т*******, З******* нар руу албаны дарга Х*******аар нь дамжуулан яриулаад дээрх 2 иргэнийг Д сумын Ж багийн Х ам гэх газар руу явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энэ нь албан шалгалтаар мөн тогтоогдсон байх ба хууль бус үүрэг чиглэлийг биелүүлсэн үндэслэлээр ээлжинд гарч байсан Т*******, Х******* нар нь ажлаас халагдсан, шүүхийн шийдвэрээр ажлаас халсан нь хуульд нийцсэн гэж дүгнэн хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй, хууль ёсны үүрэг чиглэл өгсөн байхад үндэслэлгүйгээр 1 жилийн хугацаанд цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан нь буруу гэж хариуцагчийн маргаан бүхий актыг дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

16. Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд нийцсэн байдлаар буюу өмнө нь цагдаагийн албанаас халсан тушаалдаа өөрчлөлт оруулж цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0568 дугаар магадлалыг биелүүлж, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн дээрх өөрчлөлтийг оруулахаар шийдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

17. Хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 69 дүгээр зүйлийн 69.1.7-д “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”, 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”,  Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.3-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах”, 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох...”, 2.3.10-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа, үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасантай нийцсэн байдлаар маргаан бүхий тушаалыг гаргасан байна.

18. Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч, Г аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй албан хаагчийн хувьд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг үүсгэж болохуйц үүрэг, чиглэл өгөхгүй байх нь түүний хуулиар болон ёс зүйн хувьд хүлээсэн хамгийн чухал үүрэг байхад үүнийгээ зөрчсөн, олон удаа гуйсан гэдэг үндэслэл нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн сахилгын шийтгэл ногдуулсан нь эдгээр хуулийн зохицуулалттай нийцсэн байна.

19. Иймд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь дээрх үндэслэлүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчид цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар өөрчилсөн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дүгээр тушаал”-ыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.4, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Л*******гээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан  гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1779 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХ-ӨЛЗИЙ