Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 475

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-, иргэний нэхэмжлэгч  Д.Э-, тэдний өмгөөлөгч Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Гомбодоржийн Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан “Онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хоёр буюу түүнээс дээш хүнийг алах” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан “Онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хоёр буюу түүнээс дээш хүнийг алахыг завдах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийг  онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар 2 хүнийг алах, алахаар завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 507 дугаар зүйлийн 507.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэс 3,211,100 төгрөг гаргуулж хохирогч Б.Н д, 4,792,531 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д, 486,497 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Э-т тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн ...3,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, цаашид нэхэмжлэл гаргах эрхгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан бусад хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардал, хүүхдийн тэтгэмж, хүүхдийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг хүчингүй болгуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлд оруулан хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасныг баримтлан гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан мэдүүлэг авах ёстой байтал огт мэдүүлэг аваагүй орхигдуулсан байна...” гэсэн үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн баримталсан хуулийн дээрх заалт нь сэжигтний хувийн байдлыг тогтоож, яллагдагчаар татан мэдүүлэг авах буюу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах анхны үйлдлийн цаг хугацааг тогтоосон зохицуулалт юм.

Хохирогч Д.Э- нь 4 төрлийн хохирлыг иргэний хариуцагч болон шүүгдэгчээр хувааж төлүүлэхээр ...нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх хохирлыг төлүүлэхийн тулд хэргийг бүхэлд нь мөрдөн байцаалтын шатанд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь буруу юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх “Магнай трейд’’ ХХК-ийг маргаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан боловч шүүх хуралдааны явцад “...иргэний хариуцагч нь шатах тослох шингэнийг бөөнөөр болон жижиглэнгээр зарах эрхээ иргэн Намдагт шилжүүлсэн түрээсийн гэрээ байх тул хариуцагч тодорхойгүй байна..” гэдэг үндэслэлээр хуулийн этгээдэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байна.

Иргэний хариуцагч нь хуулийн шаардлага хангасан цөөн тооны хуулийн этгээдэд олгодог тусгай зөвшөөрлийн эрхээ бусдад /иргэнд/ түрээсээр шилжүүлэх боломжгүй, хуульд заагдсан үндэслэл бүрдээгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн байхыг шүүх анхаарч үзэлгүйгээр түрээсийн гэрээ гэх хүчин төгөлдөр бус гэрээг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчиж ....иргэний хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг олгосон.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг баримтлан иргэний хариуцагчийг тогтоох тул иргэний хуулийн тохирох заалтуудаас иш татан /диспозитив/ хэрэглэх үүрэгтэй.

Хохирогч Д.Э- нь хохирогчийн үр хүүхэд болох Ц.Э, Ц.О нарын тэжээгчээ алдсаны тэтгэлэг /18 нас хүртэлх/ болох нийт 15,800,000 төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдээс гаргуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. ...Анхан шатны шүүх ... “...төрөөс сард 2 хүүхдэд 150,000 төгрөгийн тэтгэлэг төлж байна. Иймд хүүхдүүдийн тэжээгчийг хөнөөсөн этгээд түүний хүүхдүүдэд тэтгэлгийг дахин төлөх үүрэггүй...” гэсэн утгатай шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийг баримтлан шүүх шийдвэрлэх үүрэгтэй байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Хохирогч Б.Ц-ны охин Ц.Э-ий жил бүрийн эмчилгээний зардал болох 30,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдүүд төлөх боломжгүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Б.Ц   нь жил бүр Ц.Эмүжингийн бөөрний уургийн дутагдлын эмчилгээний зардлыг төлдөг байсан ба тэжээгчээ алдсаны улмаас энэхүү эмчилгээ хийлгэх явдал шууд тасалдаж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирч байгааг шүүх анхаарч үзээгүй. Энэхүү 30,000,000 сая төгрөг нь 18 нас хүртэлх эмчилгээний зардал юм. Хэрвээ эцэг нь амьд байсан бол энэ мөнгийг төлөх байсан бөгөөд нас барсан тул төлөх боломжгүй байгаа юм. “...Хохирогчийн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг тооцох хууль зүйн үндэслэл, хэмжээг тогтоох стандарт байхгүй гээд Д.Э-ийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд хохирлуудыг төлүүлэх нь зүйтэй байсан. “М ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж гэмт хэргийн улмаас учирсан 15,000,000 төгрөгийг хуваан төлүүлэхээр нэхэмжилсэн.

Амь хохирогч Б.Ц  ы амьд ахуйдаа “сум хөгжүүлэх сан”-гаас зээлсэн 3,000,000 төгрөгийг түүнд хамааралгүй, хохирогчийн ар гэр төлөх ёстой төлбөр... иргэний журмаар ч нэхэмжлэх эрхгүй...” хэмээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Д.Э-т учирсан хохирол болон иргэний хариуцагчид холбогдох хэсгийг зөвтгөж охины хагалгааны төлбөр 30,000,000 төгрөг, тэжээгчээ алдсан хоёр хүүхдийн тэтгэмж 15,000,000 төгрөг, зээлийн 3,000,000 төгрөг, нийт 48,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл хэлсэн саналдаа “...Иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн талаар хэлж байгаа зүйл нь яллах дүгнэлтийн хавсралтад огт дурдагдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж ял сонсгосон боловч ямар нэгэн мэдүүлэг аваагүй нь хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, бичгээр болон амаар тайлбар гаргах эрхээр шүүгдэгчийг хангаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн “М ” ХХК-ийг иргэн н.Намдагтай гэрээ байгуулсан гэж үзэж байгаа боловч н.Намдагийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хууль зөрчсөн юм. Тэгэхээр дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь буруу гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж Г.Бд ял шийтгэл оногдуулж хэргийг шийдвэрлэсэн. Гомдлын  дагуу давж заалдах шатны шүүхээс хууль зөрчсөн гэдгийг тогтоосон байдаг. Үүнийг прокурор хүлээн зөвшөөрч эсэргүүцэл бичээгүй байдаг. Прокурор ял хөнгөрүүлж ял сонсгосон атлаа яллагдагчид тогтоолыг танилцуулаагүй, яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, яллах дүгнэлтийн хавсралтад  хохирол,  хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, бүрэн тусгаагүй байгаа нь хэргийн материалтай танилцахад тогтоогдож байна. Шүүх “М ” ХХК нь иргэн н.Н-тай түрээсийн гэрээ байгуулсан тул “М ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзсэн нь дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “М ” ХХК нь түрээсийн гэрээ байгуулах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх эрхтэй, Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн журамд нийцэж байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаагүй орхигдуулж зөвхөн анхан шатны шүүхэд “М ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нөхцөл байдал харагддаг. Ийм байдалтай байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн Г.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокурорын байгууллагаас Г.Б-ийг  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Дамбо” дэлгүүрийн орчимд Б.Н , Б.Ц   нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар авч явсан 4 литрийн савтай бензинээ тэдэн рүү цацаж, онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар галдан шатаасны улмаас Б.Ц  ыг алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан гэмт хэрэгт,

Б.Н г алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд прокурорын байгууллагаас Г.Б-ийг  яллаж буй дээрх хэргийн зүйлчлэлтэй нь холбогдуулан нэг ч байцаалт, мэдүүлэг авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх уг зөрчлийг огт хяналгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, ...” эрхийг, үүнээс улбаалсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх, 7.4 дүгээр зүйлд заасан “Мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах” эрх, 7.5 дугаар зүйлд заасан “Мэдээлэл авах” эрх, 7.6 дугаар зүйлд заасан “Өмгөөлөгчтэй харилцах” эрх, 7.7 дугаар зүйлд заасан “Гомдол, хүсэлт гаргах” зэрэг эрхийг тус тус зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйл буюу “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах” тухай хэм хэмжээ нь прокурорын эрх хэмжээтэй холбоотой асуудлыг зохицуулснаас бус бусад уг хуульд заасан журмын дагуу явагдах ажиллагааг хязгаарлах үндэслэл болохгүй.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татаж буруутгасан хэргийн зүйлчлэлийг прокурор хөнгөрүүлэх, хүндрүүлэх эрхтэй боловч тэрхүү хүндрүүлэн өөрчилсөн хэсгээ танилцуулж, улмаар яллагдагчийн хуулиар эдэлбэл зохих эрхийг нь хангасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой.

Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримтлан явуулах, уг хуулийн заалтыг шүүх, прокурор, мөрдөгч чанд баримтлах зэргийг агуулсан “хууль ёсны зарчим” бодит байдалд хэрэгжих үндэс, сууриудын нэг юм.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан шийдвэрийн агуулга, үндэслэл нь дээрх байдлаар тайлбарлагдах учиртай.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмын дагуу явагдаагүй яллах ажиллагааг мөрдөн байцаалтаар нөхөн гүйцэтгэж, засах бололцоотой тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор дээрх агуулгатай хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаах санал гаргасан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэж, хариу өгөх боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН