Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0837/З |
Дугаар | 189 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 189
“А с в” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Эрчим хүчний зохицуулах хороонд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч:Л.Атарцэцэг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч:Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооноос “А с в” ХХК-ийн “Эрчим хүчний барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0078 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0201 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Ц.Д, Ж.С, өмгөөлөгч Э.Ж, Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Снарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0078 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А с в” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Эрчим хүчний зохицуулах хорооноос “А с в” ХХК-ийн “Эрчим хүчний барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгаж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0201 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0078 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... хугацааг сунгахыг ...” гэснийг “... хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0078 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0201 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Давж заалдах шатны шүүх гомдлыг хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “... энэ хүрээнд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг авч үзэж байсан бөгөөд холбогдох шийдвэр хараахан гараагүй бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дүгээр албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан, мөн түүнчлэн захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг явуулсан болно ... холбогдох хуулийн дагуу явагдаж байсан бөгөөд харилцаа дуусаагүй байхад шүүхээс хууль бус гэж үзэж тогтоосон нь хэт нэг талыг баримталсан өөрөө хууль бус үйлдэл юм. ... Нэхэмжлэгч тал яаманд хандсан боловч 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй гэдэг үндэслэлээр шууд шүүхэд хандсан байгаа нъ процессын алдаа гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан шатны ажиллагаа зайлшгүй хийгдэх ёстой байсан атал хийгдээгүй шүүхийн шийдвэр гарсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл, ... урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй байхад гомдол хүлээн авахаас татгалзах ёстой байсан” гэж тодорхойлон гаргасан.
6. Гэтэл магадлалын Хянавал хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв” гэж дурдсан атлаа хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол дурдагдаагүй үндэслэлээр хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд ямар ч дүгнэлт хийгээгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй бол гомдолд дурдагдаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхгүй юм.
7. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дурдагдсан асуудлууд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад тодорхой болсон бөгөөд манай компаниас тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусч байсан тул манай компани сунгуулах хүсэлтээ Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дүгээр албан бичгээр “...манай компанийн 100 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй” гэх хариуг өгсөн бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дүгээр албан бичиг нь захиргааны актын дээрх үндсэн шинжүүдийг агуулж байна. Мөн уг албан бичиг нь сонсох ажиллагаа болон мэдэгдэх ажиллагааны үр дүнг агуулаагүй бөгөөд дээрх албан бичигт сонсох болон мэдэгдэх ажиллагааны талаар огт дурдагдаагүй болно.
8. Түүнчлэн манай компаниас уг нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/Ш32018/4879 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШТ2018/0607 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Манай компаниас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 30/2018 дугаартай албан бичгээр Эрчим хүчний яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан боловч Эрчим хүчний яамнаас хуульд заасан хугацааны дотор бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагчийн гомдлын хүрээнээс хальж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх бөгөөд уг гомдлын хүрээнд шийдвэрлээгүй уг магадлалыг хууль зөрчиж гаргасан гэж үзэхээр байна.
9. Мөн магадлалд “... Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуупагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэхээр байх тул шүүхээс сунгахыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй “ гэх тухайд:
9.1. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж хуульд заасан журмын дагуу “А с в” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооноос манай компанийн хүсэлтийн хариуг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэж хариу албан бичиг өгсөн. Уг албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга нь Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Хороог гадаад, дотоодод төлөөлөх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэж үзэхээр байна.
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... тусгай зөвшөөрлийн хугацааг шүүхээс сунгахыг шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчээс зохих журмын дагуу гаргасан хүсэлтийг хүлээн аваад сунгах боломжгүй гэж шийдвэрлэсэн захиргааны байгууллагын бодит шийдвэр байхад уг асуудлыг дахин шийдвэрлэх байдлаар захиргааны байгууллагад боломж олгож байгаа нь ойлгомжгүй байна. Уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа төдийгүй, салхин парк барих төслийн ажлын хүрээнд хийгдсэн бүхий л ажлуудыг үгүйсгэж байгаад гомдолтой байна.
11. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0201 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
13. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Зохицуулах хороог[1] орон тооны гурав, орон тооны бус хоёр, нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй зохицуулагчид удирдана”; 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.2.“энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох; 9.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж; 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна...”; 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” хэмээн тус тус заажээ.
14. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэвэл, Эрчим хүчний тухай хуулийн 20, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл”-ийг олгогч нь Зохицуулах хороо бөгөөд тус хороо нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг тогтоосон үзүүлэлтийн дагуу жил бүр дүгнэсэн тайланг голлох үзүүлэлт болгон” /Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, үнэлэх журмын 5.2/ “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэх, техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэх”-ийг хурлаараа хэлэлцэж, тогтоол гарган шийдвэрлэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх, түүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх нь хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрх буюу түүнд хуулиар олгогдсон сонгох боломж нь байна.
15. Захиргааны сонгох боломжийн хүрээнд гарсан шийдвэр хууль ёсны эсэх, мөн сонгох боломжийн хүрээнд гаргах захиргааны шийдвэрийг шүүхээс шууд даалгах эсэхийг шийдвэрлэх шүүхийн хяналтын хүрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан байдаг.
16. Энэ хэргийн тухайд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь нэхэмжлэгч “А с в” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, тухайлбал, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг бодитойгоор дүгнээгүй /2017 оны хувьд төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны удаашрал, шийдвэр гаргалт нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэнд нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, газар дээр нь очиж шалгаагүй зэрэг/, Зохицуулах хороо хуралдаагүй, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэсэн хурлын тогтоол гараагүй /хэрэгт авагдсан баримтаар Эрчим хүчний барилга байгууламж тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нөхцөл, шаардлагыг дүгнэсэн тухай Хорооны хурлын тэмдэглэл байх бөгөөд тус хурлаас гарсан дүгнэлт, саналд “А с в” ХХК-д хугацаатай үүрэг даалгавар өгснөөс биш тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаагүй/ байхад тус хорооны даргын 2018 оны 1/979 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй” талаар мэдэгдсэн нь хууль бус, тодруулбал хариуцагч хуулиар олгосон сонгох боломжийг буруу хэрэглэсэн алдаатай гэж үзэхээр байна. Иймээс энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
17. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга нь тус хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасанчлан “Хороог гадаад, дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй” ч энэ нь хорооны хурлаар шийдээгүй асуудлыг дарга дангаараа шийдвэрлэнэ гэсэн үг биш, харин хурлаас гарсан шийдвэрийг холбогдох этгээдэд хороог төлөөлөн мэдэгдэх тухай зохицуулалт гэж үзнэ. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-10-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
18. Дээр дурдсанчлан, хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой байтал анхан шатны шүүх захиргааны сонгох боломжид халдаж тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан шүүхийн хяналтын хүрээг хэтрүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв юм.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” тул “давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнээс хальж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэсэн агуулгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан гомдол үндэслэлгүй.
20. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0201 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
[1] Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/