Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 024

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох,

аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0027880 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай, түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Өлгий сумын Засаг даргад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ДБХНХБОГУУХХ-ийн улсын байцаагч нар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 04-07-037/17 тоот албан шаардлага ирүүлсэн.

Уг албан шаардлагад Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дугаар заалт, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дугаар заалт, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дугаар заалтууд, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дүгээр заалт, Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7 дугаар заалт, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дугаар заалтуудыг тус тус үндэслэн Ховд голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд тэжээгдлийн мужийг тэмдэглүүлж, бүсийн дэглэм мөрдүүлэх, хог хаягдлыг цэвэрлүүлж, ариун цэврийг сахих зэрэг ажлуудыг зохион байгуулах талаар тусгасан болно.

Албан шаардлагад тусгасан зарим ажлуудыг 2012 оноос Өлгий сумын Засаг дарга миний бие санаачилна, улсын төсөв болон аймгийн, сумын ОНХСангийн хөрөнгөөс мөнгө шийдвэрлүүлэн гүйцэтгэж ирсэн.

Ганц жишээ нь Ховд голын төмөр бетон болон гүүрээс хуучин онгоцны буудлын харалдаа нийт 30 га газарт голын хамгаалалтын бүсийг хашиж мод тарьж, хөрсийг тордож, замбараагүй байсан шороон болон явган замыг хааж, хог асгалт, зориулалтын бус газар олголтыг хязгаарласан болно.

Урьд уг ойжуулалтын газарт хэдэн Шатахуун Түгэх Станц л үйл ажиллагаа явуулдаг байсан. Бусад зөндөө ажил хийж байсан ба энэ тухай 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 1/43 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын газрын даргад хүргүүлсэн болно.

Ховд голын онцгой хамгаалалтын бүсийн дотор иргэд том оврын авто хэрэгслээр нүүрс худалдан борлуулж байсныг таслан зогсоох талаар бас л ажил зохион байгуулж 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1/152 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

Харамсалтай нь Ховд голын онцгой хамгаалалтын бүсэд аймаг анх байгуулагдсан 1940 оноос айл өрхүүд суурьшиж, байшин барилга барьж, жорлон ухаж амьдарч байгаа ба үүнийг мэддэг нүүрс борлуулж буй иргэдийг шууд зогсоох ажил хүндрэлтэй байсан.

Тэндээс тэднийг нүүлгэх янз бүрийн арга хэмжээнүүдийг авч энэ асуудал 6,9,10 дугаар багийн ард иргэдтэй уулзах, багийн ИНХ-ын хуралдаанд ч гэсэн яригддаг байсан. Зарим хүмүүс нүүлгэж өгнө үү гэж санал гаргадаг, зарим нь битгий нүүлгэ, нүүлгэх шаардлагагүй бид ард түмэн ядуу байгаа хол газраас очиж нүүрсээ авч чадахгүй, ийм ойрхон газарт байвал бидэнд эдийн засгийн хувьд ч хүнд тусахгүй гэж маргаантай асуудлуудыг ярьдаг байсан. Ингэж маргаантай байж байгаад тухайн газраас бид нүүрсний машинуудыг нүүлгэсэн. Тэд буцаагаад замын нөгөө талд мөн адилхан Ховд голын сав газарт очиж зогссон. Тэгээд бид энэ газар бас боломжгүй юмаа гэж шаардлага тавьж эхэлсэн. Тухайн газарт зөвхөн өвлийн улиралд машин зогсоодог болохоос зуны улиралд тэнд ямар нэгэн машин зогсох боломжгүй юм. Учир нь зун тухайн газар усанд автсан байдаг.

Бидний хувьд шаардлага тавьж байсан. Дараа нь Мэргэжлийн хяналтын газраас бидэнд энэ машинуудыг тухайн газарт байрлуулах боломжгүй тодорхой газар зааж, тэднийг өөр газарт нүүлгэх шаардлагатай гэж бичиг явуулсан. Өлгий сумын 4 зүгт түлээ, нүүрс худалдан борлуулах цэг зааж өгч, миний бие 2015 оны 09 дүгээр сард захирамж гаргасан. 2, 9, 10 ,13 дугаар багуудын нутаг дэвсгэрт тус тус нэг нэг газрыг зааж өгсөн. 2, 13 дугаар багууд тухайн зааж өгсөн газарт одоо хүртэл нүүрсээ худалдан борлуулж байгаа. Харин 9, 10 дугаар багуудад худалдан борлуулалт хийдэг нүүрсний машины жолооч нар бидэнд тухайн зааж өгсөн газар хол мөн тухайн газарт машин зогсоход маш эвгүй, тэгш газар биш тийм учраас бид очихгүй гэж маргаан үүсгэдэг байсан. Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага хүргүүлсний дагуу бид иргэдэд шаардлага тавьсан. Миний бие өөрөө хэд хэдэн удаа шаардлага тавихад тухайн багийн ард иргэд хамтдаа ирж энэ машинуудыг хол газар битгий явуул, бид тийм хол газраас очиж нүүрс авч чадахгүй гэж эсэргүүцэж байсан. Энэ тухай тухайн багийн ард иргэд ч гэсэн жолооч нар ч гэсэн мэдэж байгаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд Засаг даргын ажлын алба гэж байгаа. Засаг даргын ажлын албанд байгаль, орчны хяналтын улсын байцаагч Х.Керей гэх хүн ажилладаг. Түүнд бас шаардлага тавьж уг машинуудыг нүүлгэх тухай үүрэг даалгавар өгсөн. 7 хоногийн Мягмар гариг бүрт Тамгын газрын ажилтан, алба хаагчдын шуурхай хуралдааныг хуралдуулдаг байгаа. Уг шуурхай хуралдаанд энэ асуудал хэд хэдэн удаа яригдсан. Багийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид миний бие шаардлага тавьсан. Ард иргэд болон жолооч нарын эсэргүүцлээс болж энэ биелэгдэхгүй явж байсан. Дараа нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлага хүргүүлсэн үе өвлийн хүйтэн 1 дүгээр сарын үе байсан. Ард түмний нүүрс, түлээ хэрэглэгдэг үе байсан. Албан шаардлага ирсний дараа бид жолооч нарт очиж шаардлага тавихад тэд ийм өвлийн хүйтэнд бид хаашаа явах юм бэ, дулаарахаар бид өөрсдөө өөр газар очиж зогсох болно гэж хэлсэн. Тэгээд би Мэргэжлийн хяналтын газарт албан шаардлагын хугацааг сунгах талаар бичиг хүргүүлсэн юм. Энэ нь ард иргэд болон жолооч нарын гаргасан саналтай холбоотой байсан. 03 дугаар сар болонгуут бид тухайн газарт Ховд голын сав газрын онцгой хамгаалалтын газар гэдэг хаяг тавьсан. Шаардлагыг тал талаас нь тавьж байсан.

Үр дүнг харахгүйгээр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре 0027880 дугаартай шийтгэврийн хуудсаар Засаг дарга надад 2 880 000 /хоёр сая найман зуун наян мянган/ төгрөгийн шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

Энэ тухай тухайн салбарын дээд шатны албан тушаалтанд давж заалдсан. Миний давж заалдсан бичгийн хариуг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан боловч, манай Өлгий сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт 4 дүгээр сарын 12-ны өдөр авч ирж бүртгүүлсэн байна.

Өлгий сумын Засаг захиргааны зүгээс хийгдэж буй ажлуудыг үл ойшоон, нэг талыг баримталж, шийтгэвэр бичсэн ДБХНХБОГУУХХ-ийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөред гомдолтой байна.

Иймд хүсэх нь: Миний хийж гүйцэтгэсэн олон төрлийн ажил болон цаг хугацааны асуудлыг гүнээ ойлгож аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ДБХНХБОГУУХХ-ийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре 0027880 тоот дугаартай шийтгэврийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре тус шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Өлгий сумын Засаг дарга Ө.Хабайн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1/213 тоот нэхэмжлэл гаргасан байдалтай танилцаж, дараах тайлбарыг өгч байна.

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 04-07-037/17 тоот удирдамжийн дагуу Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Ховд голын онцгой хамгаалалтын бүс дотор их даацын тээврийн хэрэгслээр нүүрс худалдан борлуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Авто тээврийн тухай, Газрын тухай, Усны тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай хуулиуд болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Разухан, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре нарын бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын 6 дугаар багийн Засаг дарга Х.Асет, Өлгий сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Керей нарыг байлцуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийн дагуу Өлгий сумын Засаг даргад 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04-07-037/04 тоот улсын байцаагчийн хамтарсан хугацаат албан шаардлага өгч, уг шаардлагын биелэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны хүртэл ирүүлэхээр зааж хүргүүлж ажилласан билээ.

Өгсөн албан шаардлагын хариуг дээр дурдсан хугацаанд ирүүлээгүй бөгөөд сумын Засаг даргын зүгээс мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчийн өгсөн албан шаардлагын хугацааг сунгуулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/55 тоотоор хандсан. Улсын байцаагчийн зөрчил арилгуулах хугацааг улсын ахлах байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04-07-004/01 тоот шийдвэрээр 2016 оны 03 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж өгсөн.

Дараа нь албан шаардлагын мөрөөр 03 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтын үед урьд өгсөн албан шаардлага ерөөсөө биелэгдээгүй байсан. Тэгээд хуульд заасан эрх үүргийнхээ дагуу Ө.Хабай даргад шийтгэвэр оногдуулсан байгаа. Түүнд зөндөө боломж олгосон. Тэрээр өөрөө надад 03 дугаар сар хүртэл хугацаа өгчих би зөрчлийг 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл арилгуулна гэж өөрийн гараар тодорхойлолт бичиж өгсөн. Үүнийг харж үзсэн. Гэхдээ биелэгдээгүй. 03 дугаар сарын 15-ны өдөр энэ зөрчлийг арилгуулаагүй учраас холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан. Арга хэмжээ авах үед тэрээр зөрчлийн тэмдэглэлд зөрчлийг арилгуулж чадаагүй, энэ миний буруу гэж гарын үсэг зурсан байгаа. Өлгий сумын Засаг даргаас 3 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн албан шаардлагын хариу хүргүүлэх 1/152 тоотод албан шаардлагын хариу нэртэй бичиг боловч үнэн хэрэг дээрээ мэргэжлийн хяналтын газрын даргад намайг танай байцаагч шийтгэсэн мэтээр гомдол гаргасан бичиг байв.

Нэхэмжлэлтэй танилцахад бидний зүгээс тавьсан шаардлагад хамааралгүй асуудлаар, урьд хийгдсэн ажлуудын талаар дурдсан байна. Мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өлгий сумын Засаг дарга өөрийн биеэр ирж тайлбар өгөхдөө албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг 2016 оны 03 дугаар сарын 8-ны хүртэл зөрчлийг бүрэн арилгуулахаар өөрийн тайлбарт гарын үсэг зурж баталгаа өгсөн юм. Мөн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан шаардлагаар өгсөн зөрчлийг арилгуулаагүй учраас Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад заасан сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлээгүйг хүлээн зөвшөөрч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зөрчлийн тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан болно.

Сумын Засаг даргын зүгээс тухайн улсын байцаагчийн албан шаардлагад заасан асуудал болох Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Ховд голын онцгой хамгаалалтын бүсийг хамгаалалтад авах, зөвшөөрөлгүй их даацын тээврийн хэрэгслээр нүүрс худалдан борлуулах үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ аваагүй болохоор аймгийн мэргэжлийн хяналтын газрын зүгээс тус газрын хамгаалалтад авах ажлыг санаачилсан 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр далан босгож, холбогдох байгууллагуудтай хамтарсан эргүүл хийх, графикчилсэн хуваарь гаргаж ажиллаж зөрчлийг бүрэн арилгуулж таслан зогсоосон юм.

Иймд албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Усны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтаар захиргааны арга хэмжээ авсныг үндэслэлтэй гэж үзэж Өлгий сумын Засаг дарга Ө.Хабайн гаргасан нэхэмжлэлийг бүрэн хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

Нэхэмжлэгч 2.880.000 төгрөгийн шийтгэвэр оногдуулсныг хүчингүй болгож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч үндэслэлгүйгээр Ө.Хабайг торгосон гэж үзэж байна. 12 дугаар сараас хойш гүүрийн доод тал нүүрс худалдан борлуулдаг машинууд зогссон байсан. Үүнийг Х.Керей, Е.Серикжан, Х.Бахыт нар гүүр өнгөрч явж байхад харсан байх. Мөн Засаг даргын ажлын албаны 7 хоног болгоны шуурхай хуралдаанаар энэ асуудлыг ярьж байсан байна. Тийм учраас Х.Керей огт үзээгүй, сонсоогүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд багийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхой зааж өгсөн. Тэгэхлээр энэ хүмүүс өөрсдөө чиг үүргээ мэдээд тэнд ажиллаж байсан. Үүнээс гадна энд Мэргэжлийн хяналтын газар ч ажиллаж байсан байгаа.

Эрх, үүргийнхээ дагуу өөрсдөө очиж жолооч нарт шаардлага тавьсан, уулзсан, үзлэг шалгалтаа хийсэн гэж хариуцагч ярьж байна. Тухайн газарт эрх бүхий байгууллага, орон нутгийн засаг захиргаанаас хэн ч очиж ажиллаагүй гэдэг асуудал байхгүй. Тодорхой хэмжээгээр хүмүүс очиж шаардлага тавьж ажиллаж байсан байгаа. Энэ нь тогтоогдож байгаа.

Гэвч энэ нь өвлийн цаг байсан худалдагч, худалдан авагч нарын нөхцөл байдал, байршил тогтоох асуудлаас болж жоохон удааширсан. Үүнээс болж хугацааг сунгуулъя гэсэн байгаа. Нэг тонн нүүрс худалдаж авахад дахиад нэг тонн нүүрсний мөнгөөр гэр орондоо үүнийг зөөж авчирдаг учраас худалдан авагч нарын нөхцөл байдал хэцүү байсан. Худалдан авагчдын нөхцөл байдлыг харж үзэж байхад хууль тогтоомж зөрчигдөх гээд нөхцөл байдал ер нь хэцүү байсан. Ингэж байхад Усны тухай хууль тогтоомж зөрчигдсөн байна. Ямар ч байсан далан татагдаж, жолооч нар удаа дараа шаардлага хүргүүлсэн. Далан татагдсаны дараа жолоочид тэнд зогсохоо больж энэ зөрчил үндсэндээ зогссон байгаа. Зөрчил таслан зогсоосон үлдсэн ямар нэгэн хог шороо байхгүй байгаа. Үүнээс болж эрүүл мэндээр хохирол амссан хүн байхгүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаа.

Ямар ч гэсэн зөрчлийн талаар Өлгий сумын Засаг дарга талаар арга хэмжээ аваагүй, бидний таслан зогсоох гэсэн ажилд дэмжлэг үзүүлээгүй гэдэг утгаар торгууль оногдуулсан байгаа юм. Тийм учраас торгууль тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нь төрийн төлөөлөгч. Энэ хүн бол ажлын албатай. Ажлын албаар дамжуулан ажил үүргээ гүйцэтгүүлэх үүрэгтэй. Түүний үүрэгт биечлэн очиж тэр хүмүүсийг хөөж гаргах, арга хэмжээ авах гэсэн үүрэг байдаггүй. Харин эрхийнхээ хүрээнд ажлын албанд ажилладаг албан хаагч нарт үүрэг даалгавар өгөх эрхтэй. Үүний дагуу байцаагч нарт үүрэг даалгавар өгсөн. Даалгаврын дагуу тухайн хүмүүс газар дээр нь очиж ажиллаж байсан юм байна. Далан татах үед Х.Керей очиж ажилласан байгаа. Х.Керей огт очоогүй байж байгаад ганцхан далан татах өдөр тэр газарт очиж ажилласан гэж хэлж болохгүй.

Ажил үүргээ гүйцэтгэж байхад нь үндэслэлгүй шийтгэвэр оногдуулжээ гэж үзэж байна. Голын эерэгийн айлууд суурьшиж олон жил өнгөрсөн. Тэр хүмүүсийг нүүлгэн боломж байхгүй. Ард иргэдээс хүүхдүүд мөсөнд тоглох ёстой, тэд эрүүл мэндээрээ хохирогч байна гэдэг ч юм уу, өөр ямар нэгэн байдлаар өргөдөл гомдол ирж байгаагүй, хохирол учирсан нөхцөл байдал байхгүй байгаа. Хавтаст хэрэгт Мэргэжлийн хяналтын газраас хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д заасан Ховд голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн тэжээллэгийн муж байгаа гэж тайлбарт бичсэн байна. Тийм муж байдаггүй юм байна. Мөн бүсийн дэглэм журам гэж байдаг гэсэн тэр нь байдаггүй юм байна. Энэ талаар К.Баймурат, Х.Насихат нар мэдүүлсэн байгаа. Усны тухай хуулийн дагуу ус бохирдож болзошгүй гэж урьдчилан сэргийлж Засаг даргыг торгосон юм уу, Засаг дарга ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн бэ гэдэг нь тодорхой бус байгаа. Засаг даргын эрхэд халдаж торгууль оногдуулсан нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай нь тус шүүхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөред холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0027880 дугаартай захиргааны зөрчилд ногдуулсан шийтгэвэр-ийг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч улсын байцаагчийн шийдвэрийн талаарх гомдлоо аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гаргасан, эрх бүхий албан тушаалтан уг гомдлыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2/178 дугаартай албан бичгээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан, үүгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасан, хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга Ө.Хабайгийн тус шүүхэд гаргасан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0027880 дугаартай захиргааны зөрчилд ногдуулсан шийтгэвэр-ийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04-07-037/17 дугаартай удирдамжийн дагуу автотээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Разухан, байгаль орчин, геодези зураг зүй, газрын харилцааны хяналтын улсын байцаагч Б.Жандаурен, байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре нарын бүрэлдэхүүнтэйгээр Өлгий сумын Засаг дарга, Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг дарга, Өлгий сумын 6, 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт орших Ховд голын эргийн дагуу их даацын тээврийн хэрэгслээр нүүрс борлуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.

Энэхүү хяналт шалгалтаар нүүрс ачсан их даацын тээврийн хэрэгслүүд нь Ховд голын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс дотор зориулалтын бус талбайд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нүүрс борлуулж байгаагийн улмаас газрын өнгөн хөрсийг нүүрсний хог хаягдлаар бохирдуулж байгаа, сумын Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд эдгээр хамгаалалтын бүсийн заагийг тогтоогоогүй, тэжээгдлийн мужийг тэмдэглүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлж ажиллагаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн гэж үзээд дээрх нэр бүхий хяналтын улсын байцаагчид Зөрчил арилгуулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04-07-037/04 дугаартай албан шаардлагыг Өлгий сумын Засаг даргад хүргүүлжээ. Мөн албан шаардлагын дагуу авах арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой ажил зохион байгуулж, биелэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт албан ёсоор мэдэгдэж шалгуулах талаар тухайн албан шаардлагад дурджээ.

Улмаар нэхэмжлэгчийн зүгээс албан шаардлагын биелэлтийг хэрэгжүүлэх боломж хомс гэж үзээд тодорхой хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг Мэргэжлийн хяналтын газарт гаргаснаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ДБХНХБОГУУХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч М.Азаматын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04-07-004/01 дүгээр Хугацаа сунгах тухай шийдвэрээр[1] албан шаардлагад заасан зөрчлийг арилгуулах хугацааг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ.

Дараа нь нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт тайлбар бичиг[2] хүргүүлж, өгөгдсөн албан шаардлагын мөрөөр ажил зохион байгуулж, 2016 оны 03 дугаар сарын 08-ныг хүртэл хариу ирүүлэх талаар мэдэгдсэн байна.

Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчид энэ хооронд буюу 2016 оны 03 дугар сарын 01-ний өдөр 04 дугаартай гүйцэтгэлийн шалгалтыг[3] хийж, улмаар байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 01 дугаартай зөрчлийн тэмдэглэлийг[4] үйлдэж, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэврээр нэхэмжлэгчид Усны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д зааснаар 2.280.000 төгрөгийн торгуулийг ногдуулжээ.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч тал өгөгдсөн албан шаардлагын дагуу ажил зохион байгуулахад хугацаа шаардлагатай байсан, тодорхой ажлуудыг зохион байгуулсан, үр дүнг харахгүйгээр хариуцагч 0027880 дугаартай шийтгэврээр 2.280.000 төгрөгний торгууль ногдуулсанд гомдолтой гэж маргасан ба энэ нь үндэслэлгүй байна. Учир нь,

Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д ...усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх... нь сумын Засаг даргын бүрэн эрх гэж хуульчилжээ.

Өлгий сумын 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Ховд голын эрэг газар нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан усны сан бүхий газар-т хамаарах ба уг газарт хуульд заасан онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн заагийг тус тус тогтоох, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлэх, бүсийн дэглэмийг мөрдүүлэх ажлуудыг сумын Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын албан шаардлагын дагуу сумын Засаг дарга нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын /цаашид журам гэх/ 2.3, 2.3.2-т зааснаар онцгой хамгаалалтын бүсийг, 2.6-д зааснаар энгийн хамгаалалтын бүсийг, 3.1, 3.2-т заасан эрүүл ахуйн бүсийг тус тус тогтоох бүрэн боломжтой байжээ.

Гэтэл хариуцагч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйгээс Ховд голын эрэгт нүүрс зарж борлуулсан нь журмын 2.9.3-т заасан энгийн хамгаалалттай бүсэд ...газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис, бүх төрлийн бордоо, цестицид хадгалах, ашиглах...-ыг хориглоно, 3.9-заасан ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд ...газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, түүнийг агуулсан ашигт малтмал, агуулах, халдварт өвчин тарааж болзошгүй зүйлс байрлуулах...-ыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байна.

Хариуцагч ...ард иргэдийн хүсэлтээр албан шаардлагын дагуу ажил зохион байгуулахад хугацаа шаардагдах болсон, нүүрс борлуулж буй жолооч нартай өөрөө биечлэн уулзаж, шаардлага тавьж, хуулийг ухуулан сурталчилж байсан ... гэж тайлбарласан боловч үүнийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд журамд заасан ажлыг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид зөрчлийг арилгуулах талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасны дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах шаардлага тавьсан, улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хугацааг сунгасан, энэ хугацаанд /2016 оны 01 дүгээр сарын 11-нээс 2016 оны 03 дугаар сарын 01-ий өдрийг хүртэл/ нэхэмжлэгч хуульд заасны болон өгөгдсөн албан шаардлагын дагуу бодитой ажил зохион байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч байгаль хамгаалагч Е.Серикжан, Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг дарга Ш.Бахыт, Өлгий сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Керей нарын мэдүүлгээр[5] тус тус тогтоогдож байна.

Ховд голын эрэгт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нүүрс худалдаж байгаа иргэдийг өөр газарт шилжүүлэх, голын хамгаалалтын бүсийн заагийг тогтоож, далан тавих, хашаа татах, суваг ухах зэргээр хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх арга хэмжээ авах боломжтой байсан, энэ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаарын болон усны бохирдлоос урьдчилан сэргийлэх зэргээр нийтийн эрх ашгийг хамгаалах байсан тул хуульд заасан эрх хэмжээгээ сумын Засаг дарга хэрэгжүүлээгүйгэж үзлээ.

Иймд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас Өлгий сумын Засаг даргад ногдуулсан 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0027880 дугаар бүхий шийтгэвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14,107-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.12 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга Ө.Хабайгаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөред холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0027880 дугаартай захиргааны зөрчилд ногдуулсан шийтгэвэр-ийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 


[1] Хэргийн 31 дүгээр хуудас

[2] Хэргийн 36 дугаар хуудас

[3] Хэргийн 26 дугаар хуудас

[4] Хэргийн 34 дүгээр хуудас

[5] Хэргийн 44,48,52 дугаар хуудас