Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0356

 

2017 оны 05 сарын 18 өдөр                   Дугаар 221/МА2017/0356                          Улаанбаатар хот

        

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын

Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0028 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлоор, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0028 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, 163.2, 163.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хорооны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 193 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл” бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн тус тойрогт Цэнгэл сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль явуулахыг Цэнгэл сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдүүд давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Р.Өмирбек, Р.Багдаулет, С.Серикгүл, Б.Байболат нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийн дагуу Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан 2016 оны 10 дугаар сард Цэнгэл суманд явагдах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшиж, Цэнгэл сумын Сонгуулийн хороонд Сонгуулийн тухай хуульд заасан бүрдүүлвэл зохих бичиг материалуудыг үнэн зөвөөр бүрдүүлэн өгсөн юм. Цэнгэл сумын Сонгуулийн хороо Р.Өмирбек, Р.Багдаулет, С.Серикгүл, Б.Байболат нар бидний өгсөн материалуудыг хянан үзээд сумын Сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцээд Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгэхийг зөвшөөрч тогтоол гарган нэр дэвшигчийн үнэмлэх олгосон юм. Ингээд бид Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд сурталчилгааг зохион байгуулан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон орон нутгийн сонгуульд сонгогчдын олонхийн санал авч ялалт байгуулсан юм.

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт явагдсан сонгуулийн дүнг сумын Сонгуулийн хороо хуралдаанаар хэлэлцэж, биднийг Сонгуулийн тухай хуулийн дагуу шударгаар өрсөлдөж тухайн тойргийн сонгогчдын олонхийн санал авсан гэж үзээд тогтоол үйлдэн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гэж үзээд түр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гэж үнэмлэх олгосон юм. Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, Р.Өмирбек, Р.Багдаулет, С.Серикгүл, Б.Байболат нар бидний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоол гаргасан юм. Одоо бид хууль ёсоор Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Р.Өмирбек, Р.Багдаулет, С.Серикгүл, Б.Байболат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоол хүчинтэй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйл. Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах. 13.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно. 13.1.1. нас барсан, 13.1.2. хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан. 13.1.3 хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан. 13.1.4 гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор баталсан. 13.1.5 тухайн орон нутгаас шилжсэн. 13.2 Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 13.1.4-т заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргах бөгөөд 13.1.1-д заасан тохиолдолд шууд гарсан гэж үзэж шийдвэр гаргахгүй гэж тус тус заасан байна. Ингэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчийг дахин сонгууль явуулсан тохиолдолд бүрэн эрхийг дуусгавар болгох тухай заалт байхгүй юм.

Нэхэмжлэгч Цэнгэл сумын Ардчилсан намаас гуравдагч этгээд буюу Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бидний бүрэн эрхийг баталсан тогтоолыг хүчингүй болгож өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид зарим нэр дэвшигч Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нэр дэвшигчээр бүртгэж аваагүй асуудалд гуравдагч этгээд Р.Өмирбек, Р.Багдаулет, С.Серикгүл, Б.Байболат нар бидний буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №110\ШШ2017\0028 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын дарга Т.Айтуганы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, улмаар хэргийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хороо нь анх шүүхэд “Цэнгэл сумын Сонгуулийн хорооны 8 дугаар багийн сонгуулийн дүнг баталгаажуулсан 2016 оны тогтоолыг хүчингүй болгож, Цэнгэл сумын 8 дугаар багт тус сумын Хурлын төлөөлөгчийн дахин сонгууль явуулахыг Цэнгэл сумын Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Цэнгэл сумын Сонгуулийн хорооны тус сумын Хурлын сонгуулийн 8 дугаар тойрог 193 дугаар хэсгийн дүнг гаргасан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, Цэнгэл сумын сонгуулийн 8 дугаар тойргийн 193 дугаар хэсэгт сумын Хурлын төлөөлөгчийн дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгах” гэж тодруулсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хороо нь Цэнгэл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 193 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл”-ийг хүчингүй болгуулж, Цэнгэл сумын сонгуулийн 8 дугаар тойргийн 193 дугаар хэсэгт сумын Хурлын төлөөлөгчийн дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулахаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Хэдийгээр шүүх нэр дэвшигч Б.Амакельди, М.Төлег нарыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн боловч энэ нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор тухайн үед нь шүүхэд нэхэмжлэлээ гаргах байжээ.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 193 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл” бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн тус тойрогт Цэнгэл сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль явуулахыг Цэнгэл сумын Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                     

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН