Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01339

 

“Буянт Салхит Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 1086 дугаар шийдвэр,         

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 162 дугаар магадлалтай,

“Буянт Салхит Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй

О.Отгончулуунд холбогдох,

Хог хаягдлын үйлчилгээний хөлс 152.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Буянт Салхит Өргөө” СӨХ-ийн захирал Б.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жаргалсайхан, С.Болормаа, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч “Буянт Салхит Өргөө” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сумын Засаг даргын тамгын газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Салхит 3 дугаар багийн ахуйн хог тээвэр гүйцэтгэх зориулалтаар нийлүүлэгдсэн Hyundai porter маркийн цагаан өнгийн 3300 ДАХ улсын дугаартай автомашины ашиглалтын зардлыг хямдруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ажлын бэлэн байдлыг хангахтай холбогдсон гэрээний дагуу “Буянт Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь тус Салхит 3 дугаар багт хог хаягдлын үйлчилгээг эрхлэн явуулдаг. Хог тээвэр гүйцэтгэх зориулалтаар нийлүүлэгдсэн тус авто машиныг “Буянт Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Жаргалсайхан 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсны үндсэн дээр багийн аж ахуй нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, айл өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх, буулгах үйл ажиллагааг явуулдаг. Харин нийтийн орон сууцны айл өрхийн хог хаягдлыг цэвэрлэх, ачих,тээвэрлэх, буулгах үйлчилгээг эрхэлдэг. Иргэн, иргэнийхээ үүргийг ухамсарлан гэрээний, гэрээний бусаар хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцоог Дархан-Уул аймаг болон Хонгор суманд мөрдөгдөж буй хууль, тогтоол, хуралдааны тогтоосон төлбөр тооцоогоор авдаг. Гэтэл О.Отгончулуун нь нийтийн орон сууцны хог хаягдлын төв цэг 100 метр хүрэхгүй зайд 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал үсчин, оёдолчны бизнес эрхэлж үйл ажиллагаа явуулж байх үедээ хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцоо хийхгүй удаа дараа шаардуулан, гэрээ хийхээр очиход хүлээн зөвшөөрөхгүй, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг дэмждэггүй, иргэний эрх үүрэг байхгүй, хууль бус үйл ажиллагаа, ямар ч дүрэм журам байхгүй, хариуцлага хүлээх чадваргүй, хогныхоо мөнгө бүх юмаа өөрсдийн дураар болон сонирхлоор хийсэн гэж төлбөр тооцоогоо хийхгүй байгаа. Мэдэгдэл өгч, гэрээ хийхээр очиход хүлээж авдаггүй. Дээрх иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг боловч хуульд заасан иргэний үүргээ биелүүлдэггүй. Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дүгээр хэсэгт иргэн аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө гэж заасан. Иймд О.Отгончулуунаас 152.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: УБТЗ-ын Б.О.С-ны 1 дүгээр ангитай 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл ажлын байр түрээсэлсэн. Сууц өмчлөгчдийн холбоонд хогны мөнгө төлөх үндэслэл байхгүй учир нь манай түрээслүүлэгч байгууллага төлдөг. Би давхар төлөх учиргүй. Мөн хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 03 дугаар сарын 04-ний тогтоол, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23/03 тогтоолоор сард 2000 төгрөг төлөх ёстой болно. 2015 оны 10 дугаар сарын 28-ны 2/872 тоот Хонгор сумын засаг даргын захирамжийн дагуу үүргээ биелүүлээгүй учир хог тээвэрлэх гэрээ цуцлагдсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/533 тоот албан бичгийн дагуу уг Сууц өмчлөгчдийн холбоо нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Өөрийн ажлын байр гаргаж, жижиг бизнес эрхэлж эхэлсэн боловч Сууц өмчлөгчдийн холбооны удаа дараагийн дарамт шахалтаас болж ажлын байраа өгсөн. Би сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, журмыг дагаж мөрдөх ёстой. Би сууц өмчлөгчдийн холбооны гишүүн биш. Иймд сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Би хариуцагч биш. Жинхэнэ хариуцагчийг Б.О.С-ны 1 дүгээр анги гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 1086 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч О.Отгончулуунаас 76.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Буянт Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, 76.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5210 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 162 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргаж буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Буянт Салхит Өргөө” СӨХ-ийн захирал Б.Жаргалсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1621 тоот магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны анхан шатны шүүхийг хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 03/04 тоот тогтоолоор худалдаа үйлчилгээ нийтийн хоолны газар сард 2.000 төгрөг төлнө гэж заасан бөгөөд энэ тогтоолыг анхан шатны шүүх баримталж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосонд гомдолтой байна.

Манай “Буянт Салхит Өртөө” СӨХ нь Дархан-уул аймгийн Хонгор сумын Салхит 3-р багт хог хаягдлын үйлчилгээг эрхлэн явуулдаг юм. Хог тээвэр гүйцэтгэхээр нийлүүлэгдсэн цагаан өнгийн 33-00 ДАХ улсын дугаартай авто машиныг 2013.09.16-ны өдрөөс эхлэн Хонгор сумын засаг дарга Н.Лхагвасүрэн, Салхит багийн засаг дарга Ганчимэг нартай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр багийн аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, айл өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх, буулгах үйл ажиллагааг явуулдаг. Харин нийтийн орон сууцны айл өрхүүдийн хог хаягдлыг цэвэрлэх, ачих, тээвэрлэх, буулгах, үйлчилгээ эрхэлдэг юм. Гэтэл О.Отгончулуун нь 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал үсчин, оёдолчны бизнес, эрхэлж үйл ажиллагаа явуулж байх үедээ хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцоо хийхгүй удаа дараа шаардуулан, гэрээ хийхээр очиход хүлээн зөвшөөрөхгүй, СӨХ-н үйл ажиллагааг дэмждэггүй, иргэний эрх.үүргээ биелүүлдэггүй байсаар манай СӨХ-д 152.000 төгрөгний өр төлбөртэй болсон юм. Үүнийгээ төлөхгүй болохоор нь шүүхэд хандсан болно.

Иймд Давж заалдах шатны 2016 оны 1621 тоот магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж намайг нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй, хураамж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй” гэсэн үндэслэл дурджээ.

Нэхэмжлэгч “Буянт салхит өргөө” СӨХ нь хариуцагч О.Отгончулуунд холбогдуулан хог хаягдлын хураамжид 152.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...СӨХ нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, гэрээ байгуулаагүй...” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Буянт салхит өргөө” СӨХ-г бүртгэж, гэрчилгээ олгосон, тус СӨХ нь сумын Салхит багийн Засаг даргатай 2013 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр гэрээ байгуулж, хог хаягдлыг татан зайлуулах ажлыг зохион байгуулж байгаа болох нь тогтоогджээ / хавтаст хэргийн 6, 10-11 дүгээр тал/.

Хариуцагч О.Отгончулуун нь Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний нэгдүгээр ангитай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Салхит хэсгийн соёлын төвийн байранд үсчин, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоо үгүйсгээгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг хувиараа хөдөлмөр эрхлэгч эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд алин болохыг нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хог хаягдлын тухай хуулийн 9, 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар иргэн нь үүсгэсэн хог хаягдлаа ангилан ялгаж, тогтоосон цэгт хаях, оршин суугаа газар орчмын хог хаягдлыг цэвэрлэх, олон нийтийг хамарсан ажилд оролцохоос гадна хог хаягдлын үйлчилгээний хураамж төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, хариуцагчаас 2013 оны 9 сараас 2016 оны 3 сар хүртэл хугацааны хог хаягдлын хураамжийг сарын 2000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлээс 76.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 162 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 1086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дүгээр сарын 17, 24-ны өдөр төлсөн 5.210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ