| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0236/Э |
| Дугаар | 332 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 1803 0000 10025 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Татварын ерөнхий газарт татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Б, /РД:/ гэв.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр Стандарчилал хэмжил зүйн газрын урд талын замд Тоёота Приус маркийн 56-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасныг зөрчсөнөөс явган зорчигч Э.Б мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх зам тээврийн осол, хэрэг гарсан газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би зүүнээсээ баруун тийшээ чиглээд түгжрээд явж байсан. Тэр үед нэг л гэрч байсан. Бас хяналтын камер байсан. Тухайн үед камерийг шүүж үзэхэд тухайн эмээ урдуур яваад баруун талд зогссон. Тэгээд би зогсоод эмээгийн биеийг асуутал эмээ зүгээр гэсэн. Эмээтэй зөндөө ярисан. Араас машинууд сигналдаад байсан. Тэгээд би явсан. Би тухайн үед ямар нэгэн байдлаар зугтаасан зүйл байхгүй. Ажил тарах үед надад 102-оос дуудлага ирэхэд би шууд очсон. Тэгээд эмээ бид хоёр өөр өөрийн мэдүүлгээ өгсөн. Гэтэл цагдаа дээр намайг санаатай зугтаасан гэсэн байсан. Гэхдээ Баянзүрх дүүргийн шуурхай удирдлагын төвийн камер шүүлгэж үзсэн. Би тухайн үед буруу ойлгоод яваад өгсөн. Би эмээгээс тухайн үед цагдаа дээр уулзаад эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай бол хэвтүүлээд өгье гэтэл эмээ эмэнэлэгт хэвтэхгүй гэж хэлсэн. Би 3 удаа гэрт очиж эргэсэн. Эмээ шүүх эмнэлэгт үзүүлэхэд хүндэвтэр гэсэн гэмтэл гарч ирсэн байсан. Би эмээд шаардлагатай бүх хохирлын мөнгийг төлөхөө илэрхийлээд одоо ямар нэгэн гомдол саналгүй болгосон байгаа. Би тухайн үед цагдаа дээр очоод 100% хэргээ хүлээсэн. Учир нь би тухайн буруу ойлгоод явсан. Дараа нь би ял авах тодорхой байна гээд хууль дүрэм судалсан. Тухайн үед эмээгийн зүүн хөлийн эрхий хурууны шимнүүр цуурсан гэмтэл гарсан. Үүнийг гэмтлийг зэрэг тогтоох журманд тодорхой заасан байна. Нэг хөлийн шимнүүр тасраад тайрахад 5-10% дээд тал нь 15% гэсэн тайлбар байна. Гэтэл Одончимэг гэдэг эмч хурууг тайраагүй алга болоогүй одоо зүгээр эдгэсэн байхад шууд гэмтлийг 15% алдагдсан гэсэн нь ямар ч үндэслэлгүйгээр дүгнэлт гаргасан. Тэгэхээр нь би прокурорт гомдол гаргахад прокурор яг адилхан хариу өгсөн. Тэгэхээр нь би дахин судлахад ерөнхий зүйл ангийн 30 хоногоос дээш сарниулсан гээд дүгнэлт гаргасан байна. Энэ бол би өөрийгөө өмгөөлж байгаа биш. Харин миний ял авахад нөлөөлөх болов уу гэж бодож байна. Та бүхэн зөвөөр ойлгоорой. Би өнөөдрийг хүртэл энэ хэрэг дээр 125 дахь хоног дээрээ явж байна. Одоо эмээгийн хөл нь аль хэдийн зүгээр болсон. Эмээгийн гэр нь манай аавтай нэг байранд байдаг. Би тухайн үед санаатай хүн гэмтээгээгүй. Эмээгийн бие нь одоо зүгээр болсон. Би гэрт нь эхнэртэйгээ 3 удаа очсон. Манай аав эмээтэй байнга тааралддаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг их хайхрамжгүй гаргадаг юм байна би их гайхаж байна. Бас тухайн үед мөрдөгч хөдлөшгүй нотлох баримтан дээр тулгуулан камерын бичлэгийг шүүгээд үзсэн бол дээр байх байсан юм. Одоо бол эмээгийн бие зүгээр болсон тул өөр хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13:40 цагийн үед би эхнэр Т.Амаржаргалын эзэмшлийн Тоёота-Приус маркийн 56-49 УБН улсын дугаартай автомашинаа бариад 14-р дунд сургуулийн урд талд байх гэрээсээ гараад Зоос гоёлын урд талд байрлах ажил руугаа очих гээд явж байсан. Тэгээд Стандарчлал хэмжил зүйн газрын урд талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй зорчих хэсгийн 1-р эгнээгээр 10-20 км/цагийн хурдтай явж байтал гэнэт замын урд талаас нэг настай эмээ зам хөндлөн гүйж гарч ирэнгүүт нь тоормозоо гишгээд машин зогсох үед эмээ миний машины зүүн талын толинд шүргэгдэж толиноос бариад зогссон. Тэгэнгүүт эмээ миний машины урд талаар тойроод машины баруун талд ирэнгүүт нь би жолооч талын цонхоо буулгаад эмээ таны бие гайгүй юу гэж асуутал эмээ миний бие гайгүй байнаа гэж хэлэнгүүт нь машинаа хөдөлгөөд шууд яваад ажил дээрээ ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 38-42 дугаар хуудас/,
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13:40 цагийн үед би Баянзүрх дүүргийн нутаг Стандарчлал хэмжил зүйн газрын урд талын замын замынхаа урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байтал замын зүүн талаас баруун тийш явж байсан машин машиныхаа зүүн урд талаар шүргэнгүүтээ зогсоод жолооч нь цонхоороо цухуйгаад таны бие зүгээр үү гэж асуунгуут нь миний хөлийн үзүүр их өвдөөд байна, гайгүй байна гэж хэлтэл нөгөө машин шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгэнгүүт нь би автобусанд сууж гэр рүүгээ харьсан. Гэртээ ирсэн хойноо охиндоо осолд орсон тухайгаа хэлтэл манай охин цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота Приус маркийн 56-49 УБН улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Н.Б ажил дээрээ яаралтай хуралтай гээд миний машиныг гуйж авч явж байгаад ийм осолд орсон байсан. Манай нөхөр надад Стандарчлал хэмжил зүйн газрын урд замаар явж байхад нэг эмээ миний машины хажуу талаас орж ирэхээр нь би тэр эмээгээс таны бие зүгээр үү гэж асуухаар эмээ гайгүй гэж хэлэхээр нь би явсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.10.30-ны өдрийн 14:00 цагийн үед би нөхрийнхөө ажил дээр байтал манай ээж Э.Буян нь танихгүй дугаараас залгаад сая Стандарчлал хэмжил зүйн газрын урд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал нэг машин ээжийнх нь хөлийг дайрчихаад шууд хөдлөөд яваад өглөө. Ээж нь одоо гэр рүүгээ явж байна гэж хэлэнгүүтээ надад машины марк дугаарыг хэлсэн. Тэгэнгүүт нь би цагдаагийн 102 дугаартай утас руу утасдаж дуудлага өгсөн. Би ээжийгээ гэрээсээ аваад гэмтлийн эмнэлэг орж биеийг нь үзүүлсэн. Тэр үед автобусны буудал дээр зогсож байсан танихгүй залуу осол болсоныг хараад ээжид тэр машины марк, дугаарыг нь цаасан дээр бичиж өгсөн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹13718 дүгнэлтэд “Э.Б биед зүүн хөлийн эрхий хурууны шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэг болно.” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹17/58544 дүгнэлтэд “БЗД-ийн 8-р хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 56-49 УБН улсын дугаартай Тоёота-Приус маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Т.Амаржаргалын эзэмшлийн Тоёота-Приус маркийн, сувдан цагаан өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 56-49 УБН улсын, NHW203249665 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12:20 цагаас 12:38 цаг хүртэл МNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шинжээчээр ажиллалаа. Toyota маркийн Prius загварын автомашины үзүүлэлтүүд нь дээрх стандартын шаардлагыг хангаж байна” гэжээ /хэргийн 30-32 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹202 дүгнэлтэд “Шинжээч эмч С.Одончимэгийн 2017.11.08-ны өдрийн 13718 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Э.Б биед зүүн хөлийн эрхий хурууны шивнүүр ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 72-73 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч /хэргийн 3-7 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 10-11 дүгээр хуудас/,
Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хэргийн 43 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 60 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр Стандарчилал хэмжил зүйн газрын урд талын замд Тоёота Приус маркийн 56-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасныг зөрчсөнөөс явган зорчигч Э.Б мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх зам тээврийн осол, хэрэг гарсан газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь шинжээчийн 2017.11.18-ны өдрийн №13718 дүгнэлтийг зөвшөөрөөгүй тул Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолоор дахин шинжилгээ хийлгэжээ.
2018.02.08-ны өдрийн 202 дугаартай дахин шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Буянгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоожээ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамруулахаар заажээ. Хохирогч Э.Б зүүн хөлийн эрхий хурууны шивнүүр ясанд хугарал зөөлөн эдийн гэмтлийг 13718 дугаартай гэмтлийн дүгнэлт болон дахин шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэг гэж тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд энэ хугарлыг дөрвөн долоо хоногоос хэтрэхгүйгээр эдгэрнэ гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч Н.Б нь хохирогчид 300.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.