| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2316000340021 |
| Дугаар | 2023/ДШМ/20 |
| Огноо | 2023-11-24 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2023/ДШМ/20
Т.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Х.Г,
Хохирогч М.А,
Хохирогчийн өмгөөлөгч М.Э,
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Х /цахимаар/, Ж.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Б.Т эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Т.Л-д холбогдох эрүүгийн 2316000340021 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх мэдээлэл.
1.1. Х овгийн Т.Л нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ......... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Говь-Алтай аймгийн ........ сумын ........ багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д................. регистрийн дугаартай,
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн үйл баримт.
2.1. Т.Л нь 2021 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрийн орчим Говь-Алтай аймгийн ............. сумын ........... багийн нутгаас өөрийн эзэмшлийн хөх өнгийн мустанг-200 маркийн мотоцикль ашиглан М.А-ын эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, Э.Д-ээр өөрийнх нь эзэмшлийн мотоциклиор туулган П-ийн хашаанд хашуулж ачиж М.А-т 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга.
3.1. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч Т.Л-д холбогдох 2316000340021 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлан шийдвэрлэжээ.
4. Давж заалдах эсэргүүцлийн агуулга.
4.1. Прокурор Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүхээс хоёрдугаар хавтаст хэргийн 113 дугаар хуудаст авагдсан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолд “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Д нь олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа яллагдагч Э.Д-ийн үйлдэл ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дүгнээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй,
Яллагдагч Э.Д-ийг энэ хэрэгт ямар оролцоотой эсэхийг нэмэлт мөрдөн шалган ажиллагаагаар тогтоох шаардлагатай,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэснийг мөрдөгч, прокурор биелүүлээгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:”, 1 2-д “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж тус тус заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй, энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллагдагч Т.Л-д холбогдох 2316000340021 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/172 дугаартай захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Х нь Э.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Э.Д-ийн данснаас 53........... тоот данс руу 770,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн дансны хуулга, түүний дансанд орсон гүйлгээг 200,000 төгрөгөөс дээших байдлаар түүж тухай бүрийг нь гэмт хэрэг гэж шалгах ёстой гэж яриад байна. Тухайн хүний дансанд 200,000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй гүйлгээ бүрийг шалгаж гэмт хэргийн оролцоог тогтоох ёстой гэх байдлаар ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж хуульчилсан байгааг зөрчиж байна.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасан байтал 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан зүйлийг 172 дугаартай шүүгчийн захирамжид нэг нь ч бичигдээгүй байна.
Энэ байдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчсөн байна.
Тиймээс яллагдагч Т.Л холбогдох хэргийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/172 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
5. Талууд, оролцогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн байр суурь.
5.1 Прокурор: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.2. Хохирогчийн өмгөөлөгч М.Э: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдаад байгаа процессын алдаа байхгүй. Гэмт хэрэг хэн үйлдсэн гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа. Э.Д-ийн дансанд орсон мөнгө, үзлэг хийсэн мэдүүлэгтэй таардаг. Хохирогч М.А-ыг адуугаа хайгаад явж байхад мэдсэн атлаа танай адууг хараагүй гэдэг. Тиймээс анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Х, Ж.М нар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх байх суурийг илэрхийлжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Т.Л-д холбогдох 2316000340021 дугаар эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
8. Эрх зүйн үндэслэл, давж заалдах эсэргүүцлийн тухайд.
8.1. Анхан шатны шүүх Т.Л холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гэмт хэрэгт Э.Д оролцоотой эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэх нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал шаардлагатай, хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих байдлын нэг болно.
8.2. Прокурор Э.Д, Т.Л нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
8.3. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор уг хэргээс Э.Д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож уг тогтоолыг харилцан эсрэг сонирхол бүхий яллагдагч Т.Л мэдэгдээгүй байна.
8.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгохоор заасан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулахаар заасан байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байхаар заасан.
8.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг авч үзэхээр заасан.
8.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1, 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч нарын эрхийг ялгамжтай байдлаар хэрэгжүүлэх агуулга тусгагдаагүй.
8.7. Прокурор харилцан эсрэг сонирхол бүхий хоёр яллагдагчийн нэгд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын үндэслэл тодорхойгүй, дүгнэлт ойлгомжгүй нотлох баримтад тулгуурлаагүйн дээр эсрэг сонирхол бүхий нөгөө яллагдагчид мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцах улмаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлэх, өөрийг нь буруутгаж буй хэрэгтэй холбогдуулан шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэж, мэтгэлцэх зэрэг яллагдагчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан байна.
8.8. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчилд хамаарах бөгөөд шүүх зөвтгөх боломжгүй, яллах дүгнэлтэд тусгагдаагүй хэргийн талаар нотолбол зохих байдал, үйл баримтыг шүүх нөхөн тогтоох боломжгүй юм.
8.9. Тиймээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хангахгүй орхисугай.
2. Яллагдагч Т.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ч.ЭНХТӨР