Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00773

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00773

 

 

 

Д.М- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/00514 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М- нэхэмжлэлтэй, хариуцагч О.С-т холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 12 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, түрээсийн төлбөрт 3 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М- нь 2016 оны 7 дугаар сард О.С-аас 18 000 000 төгрөгөөр Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 24 гудамж 434 тоот хаягт байрлах, хашаа байшинг худалдан авахаар тохиролцож газрын төлбөрт 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 6 400 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус дансаар, 1 200 000 төгрөгийг бэлнээр, нийт 12 000 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 10 дугаар сараас хойш дээрх хашаа, байшинд амьдарч байгаад 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Иймд хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа тул О.С-аас 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.С- шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын төлбөр 12 000 000 төгрөгөөс дансаар тодорхой хэмжээний мөнгө авсан. Бэлэн мөнгө аваагүй. Д.М-, Б.Буяндэлгэр нарт хашаа байшингаа худалдахаар болж 2017 оны 10 дугаар сарын 04,05-ны үед өөрийн амьдарч байсан байшинг суллан өгч, хажуу дахь байшинд орсон. О.С-ын том охин болох н.Баярцэцэг сэтгэцийн өөрчлөлттэй, байнгын эмчийн хяналтад байдаг ба хариуцагч болон дүү нар нь хичээлдээ явах үед гэртээ ганцаараа үлддэг. Д.М- нөхөр Б.Буяндэлгэр нь О.С-ын охиныг жирэмсэн болгосон энэ хэрэгт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Мөн Б.Буяндэлгэр, Д.М- нарыг олон нялх хүүхэдтэй хүмүүс хариуцагчийн талийгаач нөхрийн нэр дээр байсан Соната-5 маркын автомашиныг та хоёр үнэ тохироод ав, эхлээд 1 000 000 төгрөг өгчих гэсэн боловч үүнээс өөр мөнгө өгөөгүй. Д.М- нөхөр болох Б.Буяндэлгэрийн буруутай үйлдлээс болж хариуцагчид хохирол учирсан тул нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч О.С- нэхэмжлэгч Д.М-ээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож нийт 13 сарын хугацаанд бусдад хөлслүүлж олж болох байсан 3 900 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.С-аас 10 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгож, 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч О.С- нь хашаа байшингаа түрээслэн олох ёстой байсан орлого 3 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж,

Иргэний хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөг, хариуцагч О.С-ын сөрөг нэхэмжлэлд төлсөн 77 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас 187 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.С- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Энэ хэрэг гурван шатны шүүхээс хянагдаж Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00797 дугаар тогтоолд Хэрэгт авагдсан баримтад маргааны зүйл болсон эд хөрөнгийн талаар хариуцагчтай хэн нь гэрээ хийсэн нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, газар болон хашаа байшинг худалдах, худалдан авах талаар Д.М- эсхүл Б.Буяндэлгэр нар хариуцагчтай тохиролцоо хийсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй буюу Б.Буяндэлгэр нь энэ асуудалд холбоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт нийцээгүй байна гэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... хашаа байшин худалдаж авах хэлцлийг Б.Буяндэлгэр хийсэн, урьдчилгаа төлбөр төлсөн, одоо хаана байгааг нь мэдэхгүй ялаа эдлээд дууссан... гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх Д.М-, Б.Буяндэлгэр нар гэр бүлийн гишүүд байсан ба хүүхдүүдийн хамт О.С-ын хашаа байшинг худалдан авахаар тохиролцон, урьдчилгаанд мөнгө шилжүүлж, хүүхдүүдийн хамт тухайн хашаа, байшинд амьдарч байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа Б.Буяндэлгэрийг салсан энэ асуудалд холбоогүй гэж тайлбарласан, автомашин худалдан авсан асуудалд дүгнэлт хийгээгүй Б.Буяндэлгэрийг нэхэмжлэгч биш гэж дүгнэсэн. Гэтэл хашаа байшин худалдах, худалдан авах, машин худалдаж авсан гол харилцаа нь Б.Буяндэлгэр, О.С- нарын хооронд үүссэн байхад Б.Буяндэлгэрийг нэхэмжлэгч бус Д.М-ийг нэхэмжлэгч гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талууд хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч О.С-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсны улмаас учирсан хохирол 3 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаасаа татгалзжээ.

 

1.Талууд Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, байшинг 18 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, Д.М- урьдчилгаа төлбөрт 10 800 000 төгрөгийг дансаар О.С-т шилжүүлэн өгч, Д.М- нь гэр бүлийн хамт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл уг газар, байшинг эзэмшиж ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх-5-20/

 

Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэж Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлэгдээгүй байх тул газар, байшинг 18 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч О.С-т шилжүүлэн өгсөн 10 800 000 төгрөгийг буцаан шаардсан нь О.С-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгатай байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй.

 

Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, байшинг хариуцагч О.С-т буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул буцаан шилжүүлэх зүйлгүй болно.

 

Анхан шатны шүүх гэрээний зүйл болсон гэр бүлийн хэрэгцээний газар, байшингийн өмчлөх эрх болон бодит эзэмшил, Д.М-т шилжсэн байдал, Д.М-ээс газар, байшингийн үнэд 10 200 000 төгрөгийг хариуцагч О.С-т дансаар шилжүүлэн өгснийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч О.С-аас 10 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

 

Хэдийгээр Д.М-, Б.Буяндэлгэр нар гэр бүл байсан гэх боловч хариуцагч О.С- нь энэ гэрээг Б.Буяндэлгэр хийсэн тул Д.М- нэхэмжлэх эрхгүй дансаар мөнгө орж ирсэн эрүүгийн хэргийн хохиролд тооцсон гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа нотлоогүй байна.

 

Д.М- нь гэр бүлийн хэрэгцээний газар, байшингийн төлбөрт 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 6 400 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, нийт 10 800 000 төгрөгийг хариуцагч О.С-т шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК дахь 5065139736 тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул худалдах, худалдан авах гэрээг Б.Буяндэлгэртэй байгуулсан, Д.М- уг төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч О.С- хашаа байшинг түрээслэн олох байсан орлого буюу хохирол 3 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулж өөрчлөх нь зүйтэй байна. Мөн шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаас Иргэний хуулийн гэсэн хэсгийг хасах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/00514 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт зааснаар О.С- нь хашаа байшинг түрээслэн олох байсан орлого буюу хохирол 3 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтаас Иргэний хуулийн гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 187 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА