Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Хохирогч З.Б (цахимаар),

Хохирогчийн өмгөөлөгч Н.О (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Э-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч З.Б, түүний өмгөөлөгч Н.О нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б холбогдох эрүүгийн 2216002350082 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Л овгийн Б.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн .......... сумын ........ багт оршин суух, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 900 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Д............. регистрийн дугаартай,

 

2. Шүүгдэгч Б.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн ........... сумын төвд байрлах өөрийн гэртээ З.Б-тай “манай малыг авна гэсэн үнээрээ авсангүй” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хоолны төмөр халбагаар нүдэн тус газарт цохиж, гараараа шанаан тус газар цохисон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

 

3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Хохирогч З.Б нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт Б.Б зодуулсан, 61-н тооны мал алга болсон гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Гэтэл Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг шийдвэрлэсэн. Харин 61-н тооны малын асуудлыг шийдвэрлээгүй. Яаж шийдвэрлэсэн тухай мөрдөгч, прокурор нь З.Б болон өмгөөлөгч Н.О надад танилцуулсан бол тухайн гаргасан шийдвэрийг зөвшөөрч, эсхүл эс зөвшөөрч мөрдөн байцаах албаны дарга, хяналтын прокурор, дээд шатны прокурорт гомдол гаргах байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 15.7 дугаар зүйлд хэнд яаж хандаж гомдол гаргах, гомдол шийдвэрлэх хугацаа зэргийг зааж өгчээ. З.Б, өмгөөлөгч Н.О бид хоёрт энэ эрхийг эдлэх боломж олгоогүй буюу эрхийг хязгаарласан. 61 тооны малыг хэрхэн яаж шийдвэрлэсэн тухай танилцуулаагүй, мэдэгдээгүй.

 

Хохирогч З.Б, өмгөөлөгч Н.О бидний ойлголтоор болон хуульд зааснаар хүний малыг тухайн малын эзнээс зөвшөөрөлгүй авсан тохиолдолд малын хулгай болно гэж ойлгож байна.

 

Эрүүгийн хуульд саатуулах, өөртөө туслах үйлдлийг зааж өгөөгүй бөгөөд харин аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал нь малын асуудалд яригдахгүй байхаар байна. З.Б Б.Б-өөс 91 тооны мал авсан бөгөөд алдсан 61 тооны мал дотор Б.Б-ийн нэг ч мал байгаагүй. Өөр хүмүүсээс худалдаж авсан 61 тооны мал байсан. Б.Б 61 тооны мал авахгүйгээр хуулийн дагуу Иргэний шүүхэд өгч мал, хэлэлцэн тохиролцсон мөнгөө авах эрхтэй байсан. 61 тооны мал хулгайлж авсны дараа З.Б-т Б.Б-ийн эхнэр нь мэдэгдэж, өөр хүнд зарсны дараа мөн Б.Б-ийн эхнэр нь З.Б-т хэлсэн байдаг. Б.Б 61 тооны мал хулгайлж авахдаа З.Б-т машины хаалга онгойлгож байгаад мэдэгдсэн гэж хэлдэг боловч З.Б үүнийг үгүйсгэдэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Б-ын хажууд сууж явсан туслахаас нь мэдүүлэг аваагүй. 61 тооны мал алдах үед З.Б-ын туслах З.Б-ын хажууд нь сууж байсан гэж З.Б хэлдэг. 61 тооны малыг З.Б Б.Б-өөс бусад хүнээс худалдаж авснаар З.Б-ын өмчлөлд бүрэн шилжсэн байсан.

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

6. Хэргийн үйл баримтын талаар:

 

6.1. Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн ....... сумын төвд байрлах өөрийн гэртээ З.Б-тай “манай малыг авна гэсэн үнээрээ авсангүй” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хоолны төмөр халбагаар нүдэн тус газарт цохиж, гараараа шанаан тус газар цохисон байна.

 

6.1.1. Энэ үйл баримт нь: Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр Говь-Алтай аймгийн ....... сумд өөрийн эзэмшлийн ... - ... ГАА гэсэн улсын дугаартай .... маркын тээврийн хэрэгсэлтэй хажуудаа туслах жолооч Ц-ын хамт “Б” ХХК-ийн мах бэлтгэл мал нийлүүлэх ажлаар явж байсан. Тухайн өдөр “Б” ХХК-ийн 2 ачааны машин мал ачих зориулалттай шаланз маркын 2 тээврийн хэрэгсэлтэй очоод тус сумын малчдаас авсан 1000 гаруй тооны малаа ачуулаад тухайн өдрөө уг мал ачсан 2 тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу түрүүлээд хөдөлгөсөн ба уг 2 машинд багтахгүй үлдсэн 60 тооны эр ямаа 1 хонь нийт 61 тооны мал .......... сумын төвд хашаанд үлдсэн байсан. Говь-Алтай аймгийн ......... сумын харьяат Б.Б гэх залуу намайг гэртээ дуудаад урьдчилгаа авмаар байна гэхээр нь би урьд Б.Б тохирсон байсан 1,120,000 төгрөгийг өгөхөөр нь гэрт нь очтол Б.Б гэртээ 2 хүүхэдтэйгээ өөрөө согтуу байдалтай бас эхнэртэйгээ муудалцчихлаа гээд сууж байсан. Тэгээд би Б.Б тохирсон байсан 1,120,000 төгрөгийг өгөх гэтэл чи миний малыг хямд авлаа гээд хоолны ган халбага над руу шидээд тэр халбага нь миний цээж хэсэгт оносон. Тэгтэл Б босож ирээд нөгөө хоолны ган /төмөр/ халбага аваад миний баруун талын нүд хэсэгт халбагаар 2 удаа цохиод бас толгой чихний ар хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Миний баруун нүд тэр дороо хавдаж хаагдсан. Тэгтэл гаднаас Б.Б-ийн эхнэр болон хадам ээж, аав нь орж ирээд Б.Б-ийг салгахаар нь би Говь-Алтай аймгийн .......... сумын цагдаа дуудтал сумын төлөөлөгч, цагдаа тухайн өдөр сумдаа байхгүй байсан. Би Б.Б-ийн гэрээс гараад эмнэлэгт нүдээ үзүүлээд эм бичиж өгөөд Ховд аймгийнхаа эмнэлэгт яаралтай үзүүлээрэй гээд бичиг хийж өгөхөөр нь би эмнэлгээс гараад бусад хүмүүсийн тооцоо хийж явж байгаад орой 22 цагийн үед багтахгүй үлдээд хашсан байсан 61 тооны малаа харуулахаар туслах жолооч Ц-ыг явуулахад 61 тооны мал алга болсон байна гэж хэлэхээр нь би очоод хартал байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

 

6.1.2. Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 сарын 24-ний өдөр намайг гэртээ байж байтал манай хоёр зээ уйлаад ороод ирсэн. Аав ирсэн хүнтэй зодолдоод байна гэсэн. Өгсөн ямааныхаа мөнгө төгрөгийг авах гэсэн чинь авах гэсэн үнэ ханшиндаа авахгүй. Мөнгө төгрөг өгөхгүй гээд хамаг юмаа аваад явах гэж байна гэсэн. Тэгээд би мөнгө төгрөгөө авах гээд босоод иртэл гар руу түлхүүрээр цохисон. Үснээс зулгаасан. Тэгэхээр нь би хоолны халбага аваад шидсэн гэж манай хүргэн Б.Б хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86-р хуудас/,

 

6.1.3. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний орой З.Б нь надад утсаар дуудлага өгсний дагуу ......... сумын Цагдаагийн хэсэг дээр очиход З.Б ирчихсэн зогсож байсан. З.Б надад хэлэхдээ миний нүдийг Б.Б цохчихлоо гэж надад хэлсэн. З.Б нь бас надад хэлэхдээ хашиж байсан ямааг Б.Б туугаад явсан байна гэж ярьж байсан. З.Б нь би гомдолтой байна гэж хэлж ярьж байсан. З.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,

 

6.1.4. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би малын тоог мэдэхгүй байна. 2022 оны 11 сарын 24-ний өдөр Б.Б манайд ирсэн мал авч байгаа хүн цалин хөлсийг өгье мал ачилцаад өгөөч гэж байна гэж надад хэлэхээр нь би тэгье гэж хэлээд очиход З.Б гэх хүн хүмүүсээс авсан малаа Ховд аймаг руу ачуулж байсан. Би З.Б-ын малыг ачилцаж өгсөн. Надад 50,000 төгрөг өгсөн. Гэртээ очоод цай хоолоо идэж уугаад байж байтал Б.Б гэрийн үүдэн дээр чинь байна гараад ир гэсэн. З.Б-ын ачсан малаас цөөхөн хэдэн мал багтахгүй үлдсэн юм. Гэтэл Б.Б нь З.Б-т малаа өгөхөө болилоо. Анх авна гэсэн үнээсээ доогуур хэлээд байна гэж хэлээд малаа хашаанаас гаргаж хойд талынхаа Ч ахын хашаанд бид хоёр тууж оруулсан. Тухайн үед 23 цаг болж байсан байх. Би өөрийнхөө малыг тууж байна гэж ойлгосон. Б.Б, 3.Б нар нь малаасаа болж маргалдаж муудалцсан эсэхийг би мэдэхгүй. Б.Б нь З.Б-т малаа өгөхөө болилоо. Анх авна гэсэн үнээсээ доогуур хэлээд байна гэж хэлээд малаа хашаанаас гаргаж хойд талынхаа Ч ахын хашаанд бид хоёр тууж оруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 103-р хуудас/,

 

6.1.5. Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б нь би З.Б-т 93 тооны ямаа өгсөн юм. Ямааны төлбөр тооцоо хийх гэж үнэ ханш дээрээ тохиролцоогүй, түүнээс болж маргаан үүсэж гараараа цохиж З.Б-ын биед гэмтэл учруулсан. З.Б нь миний 93 тооны малын үнэ ханшийг өгчихвөл би энэ 61 тооны малыг өгнө. Миний малыг ачуулчхаад түүний дараа үнэ ханш тохиролцохгүй байсан гэж хэлсэн. Б.Б-өөс 61 тооны мал хаана байна гэхэд хадам аав Б-ын малын хашаанд байгаа гэсэн. Тэгэхээр олон нийтийн цагдаа Б.Б-ийн хамт очиж үзэхэд 61 тооны малыг үрж зарж болохгүй. З.Б-т хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б миний 93 тооны малын үнэ хөлсийг надад өгчихвөл би малыг нь өгнө гэж хэлсэн. З.Б-ын 99....... дугаар руу залгаж мал чинь байна гэж хэлэх гээд залгахад энэ дугаар огт холбогдохгүй байсан. Би тухайн үед өдөрт 2-3 удаа 99......... дугаар руу залгахад холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,

 

6.1.6. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Д.Т-ын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1010 дугаартай шинжээчийн “З.Б-ын биед баруун нүдний дээд доод зовхи, хамрын уг, баруун шанаа хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. З.Б-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Б-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. З.Б-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 107-108-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

8.1. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон байна.

 

9. Давж заалдах гомдлын талаар:

 9.1. Хохирогч З.Б нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт Б.Б зодуулсан, 61-н тооны малаа хулгайд алдсан гэдэг үндэслэлээр гомдол гаргасан байна.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсхүл нээхээс татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргахаар хуульд заажээ.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй нөхцөл байдал тогтоогдсон бол прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана гэж заасан. Гэтэл прокурор бие даасан 2 үйлдэлийг зааглан үзэлгүй Б.Б З.Б зодуулсан үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, тогтоолын үндэслэх хэсэгт Б.Б-ийн 61 тооны мал авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа, энэ талаар хуульд зааснаар ямар нэг шийдвэр гаргаж гомдол гаргагчид мэдэгдээгүй байна.

 

12. Харин З.Б-ыг Б.Б зодсон асуудалд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-данхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай анхан шатны шүүхийн шийдвэр нийцсэн, хохирогчийн 61 тооны мал хулгайд алдагдсан эсэх нь Б.Б нь З.Б-ыг зодсон гэмт хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР

                               ШҮҮГЧИД                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                        Ш.БАТТОГТОХ