Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 159/ШШ2025/0049

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2025/0049/3

        Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

        Гомдол гаргагч: Э.О

        Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Д

        Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Дийн Э.От холбогдох 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0090867 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Э.О, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө, хариуцагч Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Д нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Алтанбулаг чөлөөт бүсийн орох талын авто машины хэсэгт хяналт шалгалт хийх явцдаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багт оршин суух хаягтай иргэн Э.О нь Алтанбулаг чөлөөт бүсээр нэвтрэхдээ дугаарлаж байсан тээврийн хэрэгслүүдийн урдуур дайрч “гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 0090867 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

        Зөрчилд холбогдогчоос Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0090867 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.  

Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “Эрдэнэмөнх овогтой Отгонбаатар миний бие “Алтанбулаг” чөлөөт бүсэд захирагчийн албанд жолооч хийдэг болно. Ажил үүргээ гүйцэтгэж явж байх үедээ гаалийн байцаагчид шалгуулан гарахад оочир дайрч гарлаа гээд үндэслэлгүйгээр намайг торгосон тул гомдолтой байна.” гэжээ.

        Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Гаалийн улсын байцаагч Б.Д миний бие Алтанбулаг сум чөлөөт бүсийн орох талын тээврийн хэрэгслийн гаалийн хяналт шалгалт хийж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн Эрдэнэмөнх овогтой Отгонбаатар нь **-** СЭН цагаан өнгийн тоёота альфад маркийн тээврийн хэрэгсэлтэй дугаарлан зогсож байсан тээврийн хэрэгслийн хажуугаар дайрч гаалийн хяналтын бүсэд гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзан “ажилтай явж байна” гэх шалтгаанаар явсан тул тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаарт дуудлага өгөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад гомдол гарган ирүүлж өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан байх тул шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Э.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна.

1. Чөлөөт бүсийн тухай хуулийн 3.1.1-д "чөлөөт бүс" гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг”,

2. Чөлөөт бүсийн тухай хуулийн 8.1-д “Чөлөөт бүсийн захирагч чөлөөт бүсэд төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.”, 8.3-т “Чөлөөт бүсийн захирагч ажлаа чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.”, 8.7.5-д “Чөлөөт бүсийн дэд бүтэц бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг хариуцах, хяналт тавих” гэх заалтуудыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр чөлөөт бүсэд баригдсан барилга байгууламжийг ашиглах хамгаалах цаг тухай бүрд засвар үйлчилгээ хийх ажлыг Захирагчийн ажлын албаны Аж ахуй, үйлчилгээ ашиглалтын тасаг нь хариуцан ажилладаг бөгөөд Гааль, Хилийн цэргийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийг дэд бүтцээр хангах, чөлөөт бүсээр үйлчлүүлж буй ард иргэдийн аюулгүй зорчих зам талбай, орц гарцын хэсгийг цаг тухайд нь засвар үйлчилгээ хийж чөлөөт бүсийн хуулийг хэрэгжүүлэн ажиллах үүднээс өдөр тутмын ажил үүргийн хуваарийг зохион байгуулсны үндсэн дээр жолооч Э.Оыг өөрийн эзэмшлийн хувийн унаа болох портер машиныг асаалгаж багаж сэлбэг хэрэгсэл ачуулж чөлөөт бүсийн тусгаарлах хашааны эвдэрсэн байсныг засварлах мөн дотор хог хаягдал цэвэрлэх зорилгоор цайны цагийн өмнө явуулсан боловч гаалийн улсын байцаагч Б.Д гэдэг хүн чөлөөт бүсийн ажилтан байсан ч иргэд, зорчигчдын адил оочирлож гарах ёстой гээд хяналт шалгалт хийсний дараа машины ар тал руу хүчтэй цохиж дахин машиныг зогсоож гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн гэж бичиг баримтыг хурааж авсан байна. Уг үйл явдлыг чөлөөт бүсийн бүртгэлийн ажилтан Ж.С харсан бөгөөд гэрчилнэ.

Тэр өдөр чөлөөт бүсийн хашаа засварлаж чадаагүйн улмаас сумын мал бүхий иргэдийн мал чөлөөт бүсийн хашаа руу орсон байсныг чөлөөт бүсийн ажилтан Б.Баяржаргал цэрэгт хэлж өөрөө тууж гаргасан байна. /Жич: Хашааны зургийг хавсаргав./

Уг хашаа нь чөлөөт бүсийн үндсэн хөрөнгө болох тул эвдрэл гэмтэл гарсан үед гаднын хүчин зүйл орохоос өмнө засвар үйлчилгээг жолооч Э.О нь Аж ахуй, үйлчилгээ ашиглалтын тасгийн ажилчдын хамт хашааны сэлбэг, багаж хэрэгсэл ачиж засварлах үүрэгтэй байсан.

Жолооч Э.О нь өдөр тутмын ажил үүргийн хуваарь нь Гааль, Хилийн цэргийн зорчигчдыг бүртгэх шалгах хэсэг болон ард иргэдийн зорчих зам талбайд халтиргаа гулгаанаас сэргийлж шороо, хайрга буулгах, цас мөс цэвэрлэх, гаалийн үйл ажиллагаа явуулах байр тохижуулах, эвдрэл гэмтлийг засварлах, өдөр тутмын ажил үүрэг гүйцэтгэх хуваарийн нэг хэсэг юм. /Жич: Өдөр тутмын ажлын явцын зургуудыг хавсаргав./

Чөлөөт бүсийн албан хаагчид цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж чөлөөт бүсээс хэдэн ч удаа ажил үйлчилгээ гүйцэтгэхээр гарах, орох эрх нь нээлттэй юм. Гэвч ажил үүргээ гүйцэтгэж яваа албан хаагчийг чөлөөт бүсээр үйлчлүүлж байгаа иргэдийн адил үзэж оочирлож гарах ёстой гэсэн үүднээс гаалийн улсын байцаагч Б.Д нь зөрчил үүсгэн торгосон байна. Торгохдоо Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын 102 дугаарт дуудлага өгсөн мөн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны төв удирдлагад Э.О нь удаа дараа зөрчил гаргасан гэж гомдол гаргасан.

Учир нь Э.О ажил үүргээ гүйцэтгэсний төлөө гаалийн улсын байцаагч Б.Дийн гомдлын дагуу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ яригдсан учир өөрийн хүсэлтээр захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна.

Чөлөөт бүс рүү нэвтэрч үйлчлүүлж байгаа ард иргэд нь орж гарахад оочир дугаартай холбоотой гомдол санал засгийн газрын 11-11 дугаарт илгээх, хувь хүмүүс өөрийн цахим хуудсаар цацах гэх мэт асуудал бүсийн захирагчийн ажлын албанд харьяаллын дагуу ирдэг учир иргэдийн гомдлыг арилгахын тулд ард иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, орж гарах урсгалын тоог нэмж хилийн цэрэг, гааль суух бүртгэх өрөө тасалгааг тохижуулж, нөхцөл бололцоог хангаж, гадна талд ажиллах хилийн цэрэг, гаалийн байцаагч нарын суух байр сууц, цахилгаан хангамжуудыг шийдвэрлэж ажиллах нөхцөл бололцоог ханган ажиллуулж байна. Иймд орох гарах урсгалд хяналт шалгалт хийх байцаагч нарын ажиллах хүн хүч хангалттай байгаа гэсэн гаалийн байгууллагын удирдлагуудын өгсөн мэдээллийн дагуу орох, гарах урсгалын тээврийн хэрэгслийн эгнээг хоёр урсгалаар зохион байгуулан зарим үед Сэлэнгэ аймаг дах гаалийн газрын дарга, Хилийн цэргийн 0101-р ангийн захирагч, Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас тохиролцон цайны цаггүй ажиллах нөхцөл бололцоог олгож ажилласан.

Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар бүсэд нэвтэрсэн нийт тээврийн хэрэгсэл 541, зорчигч 1863, 2025 оны 02 дугаар сарын байдлаар бүсэд нэвтэрсэн нийт тээврийн хэрэгсэл 14718, зорчигч 53312 байна.

Иймд зорчигч, тээврийн хэрэгслийн ахуйн хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ  нь өдөр тутмын аж ахуй, үйлчилгээ ашиглалтын тасгийн хийгддэг ажлын нэг юм.

Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 3 аж ахуй нэгж байна. Гэвч чөлөөт бүс дээр ажиллаж байгаа зарим нэг гаалийн улсын байцаагч нар Чөлөөт бүсийн тухай хууль дүрэм, журам судалж танилцаагүйн улмаас өөрийн байр сууринаас хандаж төрийн байгууллагуудын хоорондын үл ойлголцох нөхцөл байдал үүсэж байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хилийн боомт чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу “Журам батлах тухай” 2024 оны 4 дүгээр 24-ний өдрийн 04/А/44 дугаар Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн захирагч болон "Алтанбулаг" чөлөөт бүсийн захирагч нарын хамтарсан захирамж гарсан бөгөөд, тус журмын 3.1-д “Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны албан хаагчдын автомашинд "А", хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны автомашинд "Б" зөвшөөрлийг бүсийн захирагчийн ажлын албанаас олгоно.”, 3.3-т “Дээрх зөвшөөрөл бүхий алба хаагч, ажилтан бүсэд дараалал харгалзахгүй нэвтрэх бөгөөд хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтад хамрагдана.”, 5.7-д “Бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллагын ажилтан албан хаагчдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах, эмнэлгийн яаралтай тусламж авах болон бусад зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ журмын 5.1 дэх хэсэг хамаарахгүй.”, 7.4-т “Бүсийн хамгаалалтын хашааны бүрэн бүтэн байдлыг хариуцаж, урсгал засвар хийж, өнгө үзэмжийг сэргээх.” 7.5-д “Захирагчийн ажлын алба болон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулагч, гэрээт ажилтнуудад Захирагчийн ажлын албанаас нэвтрэх үнэмлэх, тээврийн хэрэгсэлд "А", "Б" зөвшөөрөл олгож, хүчингүй болгосон талаар тухай бүр нь Хил хамгаалах байгууллагад мэдэгдэх.” гэж тус тус заасны дагуу Хил хамгаалах байгууллага нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах заалтыг үндэслэн гэрээ байгуулсны дагуу Чөлөөт бүс рүү орж гарах хөдөлгөөний зохицуулалт болон харуул хамгаалалтын үүргийг Хилийн цэргийн 0101-р анги хариуцан ажиллаж байна.

Гаалийн байгууллага нь Чөлөөт бүсийн хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөт бүсэд тусгай дэглэм хэрэгжүүлж ажиллах бөгөөд чөлөөт бүс рүү орж буй бараа бүтээгдэхүүнд бүрдүүлэлт хийн, үзлэг шалгалт хийж оруулах болон чөлөөт бүсээс гарч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийнэ.

Нэхэмжлэгч Э.О нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна” гэж заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж явж байсан бөгөөд гаалийн харилцааны оролцогч биш юм.

Э.О нь "Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд өдөр тутмын цагаа бүртгүүлэх, ажил үүргээ гүйцэтгэх явцад гаалийн улсын байцаагчид шалгуулж оочиргүй орж гарах эрх нь нээлттэй тул зорчигчтой адилтгаж үзэхгүй учир үндэслэлгүйгээр торгосон гэж үзэж байгаа тул 0090867 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагч Э.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 40 минутын үед даргын тушаал авсан. Хог шороо цэвэрлэнэ, машин асааж ир гэж хэлсэн. Яараад гарах гээд явж байсан. Гаалийн байцаагч намайг оочир, дараалал зөрчсөн, гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн гэж ирээд гарах хэсгээр зогсооход, машинаа онгойлгоод шалгуулсан. Ажлаасаа чөлөөт бүсээс ачааны машин авах гэж явсан. Гаалийн байцаагчид бүх юмаа хүлээлгэж өгөөд хөдөлсөн. Гаалийн байцаагч машин руу цохиод зогс гэж хэлсэн. Намайг “Оочир дайрч гарлаа, оочирлож байгаад гар” гэж хэлсэн.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Оочир дугаартай холбоотой асуудлыг хилийн цэрэг зохион байгуулалтын ажлыг хийнэ. Гаалийн болон Чөлөөт бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар чөлөөт бүс рүү орж байгаа бараа бүтээгдэхүүнтэй холбогдуулж гаалийн байцаагч тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийнэ. Хэрвээ Э.О гаалийн байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, техник хэрэгслээ шалгуулахгүй, удаа дараа зугтах буюу үзлэг шалгалтад хамрагдахгүй гэж гомдол гаргаж, хэл ам гаргасан бол гаалийн байгууллагын зөв. Ерөнхийдөө зорчих тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөний зохицуулалтыг хилийн цэрэг хариуцаж байна. Нэхэмжлэгч Э.О нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг тэгш чанартай хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагын үйлчилгээгээр хангахад туслах чиг үүргийг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаалтан хамруулна гэсний дагуу ажил, үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд гаалийн байцаагчид шалгуулж оролцох гаалийн харилцааны оролцогч биш юм. Оочиргүй орж, гарах эрх нь нээлттэй, зорчигчтой адилтган үзэхгүй гэж байгаа тул 0090863 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны хооронд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Монгол талын орох хөдөлгөөн дээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад 2025 оны 02 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд **-** СЭА улсын дугаартай машин оочир дугаар үүсээд, хяналтын бүсийн гаалийн хяналт, шалгалт явагдаж байхад 2 удаа оочир дайрсан. Эхний удаа хараад өнгөрөөсөн, 3 дахь удаагаа оочир дайрахад нь иргэн Э.О нь гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн, машин шалгаж байхад хажуугаар дайрч орж ирээд, ар талын зорчих хэсгийнхээ хаалгыг онгойлгоод “пизда минь, хурдан машин үзээч” гэж надад хэлсэн. Миний хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, “Чи яагаад ингэж явдаг юм” гэхэд “би чөлөөт бүсийн жолооч, чөлөөтэй орж гарах эрхтэй” гэж хэлсэн. Тухайн үед хяналтын камерынхаа бичлэгийг асааж, Э.Оын хэлсэн үг процессыг бичсэн. Гэрч гэх Ж.С ард оочирлоод зогсож байсан. Ж.С бууж ирээд “Наадах чинь манай чөлөөт бүсийн машин, А зөвшөөрөлтэй, бид нар орох гарах бүрэн эрхтэй” гэхэд нь “Үгүй, гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн” гээд хууль ёсны шаардлага тавихад “Би хүүхдээ сургуульд хүргэж өгөх гэж байна” гэж хэлсэн. Эхлээд Э.Оыг оруулж, “За машинаа энд тавьчих, бичиг баримтаа өгөөд хоёулаа дээшээ оръё” гэхэд “За гээд машинаа хяналтын бүсээс гаргаад, эргэж орж ирсэн. Тухайн үед чөлөөт бүс дээр 11 байцаагч ажиллаж байсан компьютерын хүрэлцээ байхгүй учраас Гаалийн улсын байцаагч ахлах н.Даваанямын компьютер дээр би суусан. “Э.О та гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна уу, Зөрчлийн тухай хуулиар танд арга хэмжээ авах болно” гээд хууль сануултал “чадахгүй пизда минь” гэж хэлээд гараад явсан. Тухайн үед өрөөнд байсан байцаагч нар бүгд сонссон. Би тухайн үед цагдаагийн байгууллагын 7036102 дугаарт гаалийн хяналтын бүсэд гаалийн байцаагчийг хэл амаар доромжиллоо гэж гомдол гаргасан. Өмнө нь бас яг иймэрхүү асуудлаар чөлөөт бүс дээр би гарч байхад яг ийм бусдын бичиг баримтыг ашигласан асуудал байсан. Яг тэр үедээ цагдаагийн байгууллагад гомдол гаргасан чинь цагдаагийн байгууллага тэрийг ерөөсөө бүртгэлжүүлж аваагүй. Тухайн үед шалгаж чадаагүй учраас цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл өгөхдөө “удаа дараа би танайд гомдол гаргасан, танайх үүнийг шийдвэрлэлгүй орхидог шүү” гэдэг байдлыг хэлсэн. Тэгээд ахлах хэн билээ нэг хүн надад таны гомдол хэсгийн байцаагч Г.Эд хуваарилагдлаа гэсэн. Гэтэл тухайн өдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд хулгайн хэрэг гарсан байсан. Тухайн үед Г.Э хэсгийн байцаагч нь “би өнөөдөр яг агуулахад хулгай орсон гэх хэргийн газар үзлэгтэй явж байна, би Э.Оыг тан руу явуулчихъя” гэсэн. Тэгээд Э.О өөрөө эхнэрийн хамт ирээд өөрийнхөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөд, “хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гээд хүсэлтээ гаргасан. Хүсэлтийн дагуу би хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, өөрт нь хоёр сануулсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Д нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх 3 дугаар багийн иргэн Э.Оыг Алтанбулаг чөлөөт бүсээр тээврийн хэрэгсэлтэй нэвтрэхдээ дугаарлаж байсан тээврийн хэрэгслүүдийн урдуур дайрч гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн гэх үйлдэлд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0090867 дугаар шийтгэлийн  хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

        Зөрчилд холбогдогч Э.О нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Дийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0090867 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

        Шүүх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, шүүхэд болон шүүх хуралдаанд гомдол гаргагч, хариуцагч нарын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, гомдол гаргагч болон хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд, дүрс бичлэг бүхий 2 ширхэг хатуу диск зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлэй байх тул гаалийн улсын байцаагч Б.Дийн Э.От холбогдох 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0090867 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Гомдол гаргач Э.О нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн албанд жолоочоор ажилладаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Алтанбулаг чөлөөт бүсийн орох талд /Чөлөөт бүсээс Алтанбулаг чиглэл/ тээврийн хэрэгслүүд дугаарлан зогсож байхад дугаарлан зогсож байсан тээврийн хэрэгслүүдийн хажуугаар дараалал харгалзахгүйгээр өнгөрч гаалийн хяналт шалгалтад хамрагджээ.

2. Гаалийн улсын байцаагч Б.Д шалгуулахаар дугаарлан зогсож байгаа тээврийн хэрэгслүүдийн хажуугаар дайрсан талаар шаардлага тавьсан бөгөөд улмаар тавьсан шаардлага биелүүлээгүй хэл амаар доромжилсон гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “гаалийн хяналтын бүс гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг ойлгоно, мөн хуулийн 3.1.19-д “гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг ойлгоно”,  Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “чөлөөт бүс гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол улсын нутаг дэвсгэрийг ойлгоно”,  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хилийн зурвас дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

4. “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн албаны жолооч Э.О нь уг чөлөөт бүсэд төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Э.Оыг ажилд томилох тухай” Б/62 дугаар тушаал болон холбогдох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчигч гэдэг нь гаалийн харилцаанд оролцогчтой хамааралтай заалт бөгөөд чөлөөт бүсэд төрийн үйлчилгээний албан үүргээ гүйцэтгэж байгаа этгээдэд буюу “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн албаны жолооч Э.От хамааралгүй байна.

5. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлийн 8.7.1-д “чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар чөлөөт бүсийг төлөөлөх, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах”, 8.7.8-д “...бусад байгууллагатай хамтран ажиллах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд болон мөн хуулийн  25 дугаар зүйлийн 25.2-т “Хилийн зурвас дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу “Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч” болон Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн захирагч нарын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 04/А/44 дугаарт хамтарсан захирамжаар баталсан “Алтанбулаг” чөлөөт бүсийн харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд мөрдөх журам”–ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны алба хаагчдын автомашинд А, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны машинд Б зөвшөөрлийг бүсийн захирагчийн албанаас олгоно” мөн журмын 3.3-т “Дээрх зөвшөөрөл бүхий алба хаагч, ажилтан чөлөөт бүсэд дараалал харгалзахгүй нэвтрэх бөгөөд хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтад хамрагдана” гэж заасны дагуу гомдол гаргагч Э.О нь “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны ажилтны хувьд автомашиндаа А зөвшөөрөлтэй бөгөөд дараалал харгалзахгүй гаалийн хяналтад хамрагдах бүрэн эрхтэй байна. Харин гаалийн улсын байцаагч Б.Дийн хувьд түүний автомашинд Гаалийн тухай хуульд заасан гаалийн хяналт шалгалт хийх эрхтэй боловч дараалал дайрсан гэж шаардлага тавих эрх хууль болон журмаар олгоогүй байна.

6. Тус захиргааны хэрэгт нотлох баримтаар талуудаас нэг нэг ширхэг хатуу дискт хуулбарласан бичлэг гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахдаа уг бичлэгийг шинжлэн судлахад хариуцагч Б.Доос гаргаж өгсөн бичлэгт гомдол гаргагч Э.Оын зүгээс гаалийн улсын байцаагч Б.Дийг хэл амаар доромжилсон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар тухайн үйл явдал болох үед хажууд байсан гэх гэрч Ж.С шүүх хуралдаанд “...түүний хажууд хэл амаар доромжилсон асуудал болоогүй...” талаар мэдүүлсэн. Гомдол гаргач Э.Оаас гаргаж өгсөн бичлэгт гаалийн улсын байцаагч Б.Д Э.Оын автомашиныг цохьсон гэх үйл баримт мөн тогтоогдохгүй байна.

7. Дээрх хуулийн заалт, журамд зааснаар гомдол гаргагч Э.Оын автомашины дараалал харгалзахгүйгээр гаалийн хяналт шалгалтад хамрагдсан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай болон Гаалийн тухай хууль, холбогдох журмыг зөрчөөгүй түүнд дараалал харгалзахгүй гаалийн хяналт шалгалтад хамрагдах бүрэн эрхийг хоёр байгууллагын хамтарсан захирамжаар баталсан журмаар олгосон байна.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлийн 8.7.1, 8.7.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Оын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Дийн Э.От холбогдох 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0090867 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Э.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос 70,200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагч Э.От олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР