| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2025/00022/И |
| Дугаар | 302/ШШ2025/00031 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 302/ШШ2025/00031
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц газар /дарга Ж /. Хаяг:Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах
Хариуцагч: АЖ НҮТББ /тэргүүн М /, Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах
Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 3,668,230 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Ц газар нь хариуцагч АЖ НҮТББ-д холбогдуулан цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 3,668,230 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цахилгааны төлбөрийн үлдэгдэл 3,668,230 төгрөгийг төлж барагдуулаагүй учраас АЖ НҮТББ-ын төлбөрийг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
1.2 Иймд АЖ НҮТББ-аас цахилгааны төлбөрийн үлдэгдэл 3,668,230 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч АЖ НҮТББ-ын тэргүүн М ийн хариу тайлбар, зөвшөөрөл:
2.1 АЖ НҮТББ нь Б аймгийн ЦШСГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцан дараах тайлбар гаргаж байна.
Тус АЖ НҮТББ нь аймгийн ЦШСГ-ын цахилгааныг гэрээгээр авдаг нь үнэн ба тус газраас нэхэмжилж байгаа цахилгааны төлбөр болох 3,668,230 /гурван сая зургаан зуун жаран найман мянган хоёр зуун гучин/ төгрөгийг нэхэмжлэгч аймгийн ЦШСГ-т төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэг нь маргаангүй болно.
2.2 Иймд энэхүү иргэний хэргийг Алтайн жимс" холбоо НҮТББ зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье! Бид хуульд заасны эрх үүргээ ойлгож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б аймгийн Ц газрын нэхэмжлэлтэй, хариуцагч АЖ НҮТББ-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч АЖ НҮТББ-ын тэргүүн М нь цахилгааны үлдэгдэл төлбөр болох 3,668,230 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Ц газарт төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч АЖ НҮТББ-ын тэргүүн М ээс нэхэмжлэгч Б аймгийн Ц газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 73,642 төгрөгийн тал нь болох 36,821 төгрөгийг хариуцагч АЖ НҮТББ-аас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч АЖ НҮТББ /тэргүүн М / нь цахилгааны үлдэгдэл төлбөр болох 3,668,230 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Ц газарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч АЖ НҮТББ /тэргүүн М /-ээс улсын тэмдэгтийн хураамжид 36,821 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ