Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2021/00012

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2021/00012

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-аад холбогдох гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б би 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хар дархад овогт Г-ийн Б-тай гэр бүл болж амьдарсан. Ингээд 3 жил гэр бүлээ батлуулаагүй амьдарч байгаад 2020 оны 01 дүгээр сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Манай нөхөр Г.Б нь хамт амьдрах гурван жилийн хугацаанд байнгын дарамт, түгшүүртэй байдалд байлгаж би гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. 2020 оны 4 дүгээр сард хүүхэд гаргадаггүй хүүхэн хэнд хэрэгтэй юм гэж гэрээсээ зодож хөөсөн. Г.Б нь хамт амьдрах хугацаандаа намайг зодож цохих, бусадтай хардах зэргээр байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тул цаашид хамт амьдрах нөхцөл байхгүй байна. Бид хоёр дундаасаа хүүхэд төрүүлээгүй.

Иймд Харнууд овогт Г-ийн Болор-Эрдэнэ миний Хар дархад овогт Г-ийн Ба-тай гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Мөн нэхэмжлэл гаргахдаа хамтран өмчлөх дундын эд болох нийт 98,500,000 төгрөгөөс өөрт ногдох 30,000,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дараах өөрчлөлтийг оруулж байна.

Үүнд: Баянзүрх сумын Агар багийн Тошинт гэх газарт шинээр барьсан өвөлжөөний хашаа, махны амбаар, байшин зэргийг Г.Баа 20,000,000 төгрөгөөр зарж түүний үнэнд оролцуулан иргэн н.Д-гээс Бонго машиныг 14,000,000 төгрөгөөр бодож авсан. Энэ өвөлжөөг зарсан 20,000,000 төгрөгөөс өөрт ногдох 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. ... Өөрийнхөө хуваарьт хөрөнгө 16,500,000 төгрөгийн мал авах ёстойгоос 9,950,000 төгрөгийн малыг авсан. Үлдсэн 6,550,000 төгрөгийн мал дээр хамтран амьдрах амьдралын явцад үүссэн эд хөрөнгө болох мал, өвөлжөөний хашаа байшинг зарж борлуулсан 14 сая төгрөгийн машин зэрэг нийт 32,400,000 төгрөгийн эд хөрөнгөөс 16,050,000 төгрөгийн эд хөрөнгийг, нийт 22,600,000 төгрөгийн дундын өмчөө гаргуулна гэж тооцож байгаа юм гэжээ.

Хариуцагч Г.Баа шүүхэд гаргасан тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 оны 5 сарын 28-ны өдөр нутгийн бүсгүй болох Г.Бэ гэх эмэгтэйтэй танилцаж хайр сэтгэлийн үүднээс гэр бүл болж хамтран амьдарсан. 2020 оны 1 дүгээр сард гэр бүлээ батлуулсан. 2020 оны 10 сард зодсон гэж худал гүтгэж, цагдаад өгч баривчлуулах шийтгэл оногдуулсан.

Гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Г.Б-ийн нэхэмжлэлд дурьдагдсан морь 3 толгой, унагатай гүү 1, бух 2 толгой, хязаалан эр үхэр 15, хязаалан эм үхэр 15, шүдлэн эр үхэр 9, эр бяруу 10 толгой, охин бяруу 10 толгой, тугал 8 толгой, хонь 10 толгой, ямаа 5 толгой гэж малын А дансан дээр дурдагдсанаар байх шиг байна. Малчид бид зээл авахын тулд малын тооны үед малынхаа тоог өсгөж тоолуулдаг. Ийм олон хязаалан эр үхэр, хязаалан эм үхэр, шүдлэн, бяруу манайд байхгүй. Үүнийг Б өөрөө ч мэдэж байгаа. Одоо надад ээжийн бэлэглэсэн хэдэн үхэр л үлдсэн. Өвөлжөөний хашаа 20,000,000 төгрөг гэжээ. Энэ хашаа нь манай аав надад гэрлэхээс өмнө нь өмч болгон өвлүүлж байсан хуучин хашаа юм. Энэ хашаа нь одоо 20 орчим жил болж байгаа, яагаад ч ийм үнэ хүрэхгүй. 5 сая төгрөгөөр зарагдвал их юм болох хашаа байгаа. 6 ханатай монгол гэр бол байгаа. Энэ гэрийн мод, бүрээс нь хуучин, 2,000,000 төгрөг хүрэх нь эргэлзээтэй гэр байгаа. Сумын төвд байрлалтай 9х9 метр хэмжээтэй 2 давхар палкан байшин хашааны хамт 20,000,000 төгрөг гэжээ. Энэ хашаа байшин нь манай ээжийн эд хөрөнгө бөгөөд бид хоёрыг айл гэр болохоос өмнө нь ээж өөртөө барьж авсан байшин байдаг. Энэ байшинд бид хоёр орж амьдарч үзээгүй. Надад ямар нэг үл хөдлөх хөрөнгө байхгүй. Мөн миний нэр дээр Хаан банк болон бусад банкинд ямар нэг хадгаламж байхгүй. Харин Хаан банкнаас 2020 оны 7 дугаар сард авсан 2 сая төгрөгийн зээл байгаа. Энэ зээлийн хамтран зээлдэгчээр Г.Б орж гарын үсэг зурж 900,000 төгрөгийг энэ зээлээс бэлнээр авсан. Малын ашиг шимээр ямар нэг хуримтлал үүсгэх зүйл байгаагүй. Эхний жил 7 үхэр, дараагийн жилүүдэд 10 орчим үхэр л саадаг байсан. Энэ ашиг шим нь бид хоёр идэж уугаад л өвөл, хавар идэх цагаан идээгээ бэлтгээд л таардаг байсан. Ямар нэг сүү, цагаан идээ борлуулж ашиг олж үзээгүй. Жилд идэшний үхрийн 1-2 арьс л 10-20 мянган төгрөгөөр зах зээлд борлуулж байсан. Өөр ашиг орлого байгаагүй. Г.Б бид хоёрын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 98,500,000 төгрөг гэж үзэж өөрт ногдох хөрөнгийг авахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

... Харин нэхэмжилж байгаа мал, хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өгөх ёстойгоо бүгдийг нь өгсөн. Надад одоо өгөх юм байхгүй. Г.Б нь 9 үхэр, 1 морьтой ирсэн. 9 үхэр нь дотроо 1 эр үхэр, 1 охин шүдлэн, 3 тугалтай үхэр, 3 тугал, 1 үнээтэй, 30 хонь, 33 ямаатай ирсэн. Малын тоогоо их болгож тоолуулж байж банкнаас их хэмжээний мөнгө зээлж наймаа хийе гэсэн бодолтой байсан учраас нэмж амаараа хэлж бичүүлсэн ам тоо байгаа юм. Авсан малын тоо үнэн. Үүнтэй маргахгүй. Мөн үнэлсэн үнэлгээнд маргахгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Харнууд овогт Г-ийн Б (.............), Хар дархад овогт Г- Баа (:................) нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.5, 108.1.8-д тус тус зааснаар хариуцагч Г.Б-аас нэг бүрийн үнийг 800,000 төгрөгөөр үнэлсэн 1 морь, нэг бүрийн үнийг 600,000 төгрөгөөр үнэлсэн 1 бух, нэг бүрийн үнийг 600,000 төгрөгөөр үнэлсэн 6 хязаалан эр үхэр, нэг бүрийн үнийг 600,000 төгрөгөөр үнэлсэн 3 хязаалан эм үхэр, нэг бүрийн үнийг 250,000 төгрөгөөр үнэлсэн 1 эр бяруу, нэг бүрийн үнийг 250,000 төгрөгөөр үнэлсэн 1 эм бяруу зэрэг нийт 9,800,000 (есөн сая найман зуун мянга) төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,800,000 (арван хоёр сая найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,150 (гурван зуун наян долоон мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 241,950 (хоёр зуун дөчин нэгэн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-эд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б давж заалдах гомдолдоо: Г.Б миний бие нутгийн бүсгүй Г.Б-тэй 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан билээ. Г.Б нь гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Г.Б миний бие гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс 9,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс бидний хамтын амьдралтай байсныг тогтоогоогүй байж Г.Б-ийн нэхэмжлэлийг хангасан нь хууль бус гэж үзэж байна. Г.Б нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс эд /гэр бүлийн тухай хуулиар эрх үүсэх/ хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргахдаа түүний үндэс суурь болсон Г.Б бид хоёрын хамтын амьдралтай байсан эсэх асуудлыг тогтоолгох шаардлага гаргаагүй, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хамтын амьдралтай байсныг нөхөн тооцож /эрхээ хэтрүүлж/ шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 351 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 16,050,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, 6,550,000 төгрөгийн үнэ бүхий мал, нийт 22,600,000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 7,400,000 төгрөгөөр багасгасан ба хариуцагч Г.Б нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хуваарьт хөрөнгөд нэхэмжилсэн 6,550,000 төгрөгийн үнэ бүхий мал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт нэхэмжилсэн 16,050,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг бүрэн хангасан байна.

Шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ногдох эд хөрөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.Тухайлбал:

1. Гэрлэлт цуцлах тухайд: Гэр бүлийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрэх боломжгүй, зан байдлын хувьд цаашид таарч тохирохгүй болсон талаар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ЗШ/496 дугаартай Г.Б"д шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр, зохигчдын хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасантай нийцжээ.

2. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах тухайд: Шүүх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа Иргэний хуулийн 108 дугаар зүйл, 126 дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу 9,800,000 төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн хэсгээр өмчлөх болон хамтран өмчлөх дундын хөрөнгийн малын тооцооллыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй хийж, 2019 оны мал тооллогын баримтаар тогтоогдсон малын нийт дүн болох 34,200,000 /гэрлэгчид өөрсдөө үнээ тогтоосон/ төгрөгөөс нэхэмжлэгчийн 10,900,000 төгрөг, хариуцагчийн 5,600,000 төгрөгийн тус тус хэсгээр өмчлөх малыг хасч 17,700,000 төгрөгийн үнэ бүхий мал нь нэхэмжлэгч, хариуцагчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж тодорхойлон үүний тал хувь болох 8,850,000 төгрөг дээр Г.Б-ийн хэсгээр өмчилж байсан эд хөрөнгийн үлдэх 950,000 төгрөг, нийт 9,800,000 төгрөгийн эд хөрөнгийг Г.Б-д олгож, Хөвсгөл аймгийн Баян-Зүрх сумын Тошинт гэх газар байрлалтай өвөлжөөний хашаа, малын хашаа, өвлийн байшин буюу 10 сая төгрөг гаргуулах хэсгийг нэхэмжлэгч Г.Б нь дээрхи эд хөрөнгийг бий болгоход ямар хэмжээний хөрөнгийг оруулсан болохоо тодорхойлоогүй, гэр бүлээ албан ёсоор бүртгүүлснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан ....анхан шатны шүүхээс бидний хамтын амьдралтай байсныг тогтоогоогүй байж Г.Б-йн нэхэмжлэлийг хангасан нь хууль бус гэж үзэж байна. Г.Б нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс эд /гэр бүлийн тухай хуулиар эрх үүсэх/ хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргахдаа түүний үндэс суурь болсон Г.Б бид хоёрын хамтын амьдралтай байсан эсэх асуудлыг тогтоолгох шаардлага гаргаагүй, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хамтын амьдралтай байсныг нөхөн тооцож /эрхээ хэтрүүлж/ шийдвэрлэсэн.... гэж дурдсан гомдлын тухайд: Гэрлэлт цуцлахад хамтад нь шийдвэрлэх асуудал бол эд хөрөнгийн маргаан байдаг ба үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зохицуулсан байна.

Шүүх гэрлэгчдийн хамтын амьдралтай болон гэр бүлээ албан ёсоор бүртгүүлснээс хойш амьдарч байх хугацаанд бий болсон эд хөрөнгийг зөв тодорхойлж, хуваахдаа хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл гэрлэгчид нь 2017 оноос хойш хамт амьдарч байсан, 2020 онд гэр бүлээ бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчийн тайлбаруудаар нотлогдож байх тул шүүх хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагагүй болно.

Иймд хариуцагчийн гаргасан хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс 9,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэсэн зохицуулалтыг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 136,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 136,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ