МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л, Ц.А,
Хариуцагч: Гаалийн ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.На, Д.Б, Ө.П,
Маргааны төрөл: нэхэмжлэгчийн татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.На, Д.Б, Ө.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан ““М*******” ХХК-ийн Гаалийн албан татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан авах хүсэлтийг хангахаас татгалзсан Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
- “М*******” ХХК нь ******* улсын C******* компанитай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр блоклон хөлдөөгч, чингэлэгийг худалдан авч, улмаар уг барааг блоклон хөлдөөгч, чингэлэг буюу мах дайвар бүтээгдэхүүнийг ангилж гүн хөлдөөх зориулалттай, доторлосон, хөргүүрийн сэнсээр тоноглогдсон CNTK-07-MSH-07 загварын “Mobile offal blast freezer unit” болон “Mobile offal blast freezer storage unit” гэх 2 төрлийн 3 ширхэг барааг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар мэдүүлгээр мэдүүлж хилээр нэвтрүүлсэн байна.
- Ийнхүү уг барааг гаалиар оруулж ирүүлэх үед төлсөн 35,188,165.84 төгрөгийн гаалийн албан татварыг буцаан авах хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/19 дүгээр албан бичгээр Гаалийн ерөнхий газарт гаргасан байна.
- Дээрх албан бичгийг хүлээн авч тус газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “…Засгийн газрын 107 дугаар тогтоолд тусгагдсан барааны Оноосон нэр, Барааны код тогтоолд заасантай тохирч байх ёстой тул танай компанийн мэдүүлсэн хөргөх төхөөрөмж тогтоолд хамрагдах боломжгүй байна.” гэх хариуг өгч татгалзсан байна.
- Улмаар Гаалийн ерөнхий газрын дээрх хариуг хүлээн авч нэхэмжлэгчээс гаалийн бүрдүүлэлт хийх ажиллагаа дуусгавар болсны дараа шийдвэрээ өөрчлөх болсон үндэслэл шалтгааныг тайлбарлуулах хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/39 дүгээр албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хүсэлт явуулжээ.
- Харин тус газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02-2/2096 дугаар албан бичгээр “Танай компаниас ирүүлсэн хүсэлтэд дурдагдсан нөхцөл байдлыг тайлбарласан тухай мэдээллийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн байна.” гэх хариуг хүргүүлсэн.
- Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/49 дүгээр албан бичгээр Гаалийн ерөнхий газрын дарга Р.*******д хандаж хүсэлт гаргасныг тус газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-21/2266 дугаар албан бичгээр “…БТКУС-ийн *******.50.90 үндэсний кодод хөргөх, эсвэл хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон, хадгалах болон үзүүлэнгийн зориулалттай бусад тавилга ангилагдах тул мах, дайвар бүтээгдэхүүнийг гүн хөлдөөх, хөлдөөн хадгалах чингэлэгт төхөөрөмж энэ кодод хамаарахгүй болно.” гэсэн хариу өгсөн байна.
- Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичгийг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5837 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэжээ.
- 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл ирүүлснийг хүлээн авч тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6468 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
- Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “”М*******” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар бүхий мэдүүлгээр (і) дотор мах, дайвар хөлдөөх хадгалах 1 ширхэг, (11) дотор мах, дайвар огцом хөлдөөх 2 ширхэг модуль бүхий нийт 3 ширхэг чингэлэгт тоног төхөөрөмжийг импортлохдоо БТКУС *******.50.90 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж дууссан. Түүнтэй холбогдуулан гаалийн албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж гаалийн албан татварт төлсөн татварыг буцаан авахаар хүсэлтээ 2023 оны 03 сарын 01-ний өдөр Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн. Гаалийн ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот захиргааны актаар “М*******” ХХК-ийн ******* дугаартай мэдүүлэгт заасан тоног төхөөрөмжүүд нь БТКУС кодын *******.50.90 ангилалд хамрагдахгүй *******.69.00 кодод хамаарах бараа гэж үзсэн. БТКУС *******.50.90, *******.69.00 код бүхий бараанууд нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн 1.1-т зааснаар гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөгдөх бараануудад аль аль нь хамаарч байгаа хэдий ч Гаалийн ерөнхий газраас БТКУС *******.69.00 кодтой бараа нь ямар үндэслэлээр гаалийн албан татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж үзэж байгаа нь мөн ойлгомжгүй байгаа. Ийнхүү Гаалийн ерөнхий газар нь Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолд тусгагдсан барааны оноосон нас барааны код тогтоолд заасантай тохирч байх ёстой тул ийнхүү зөрж байгаагаас үүдэн “М*******” ХХК-ийн импортолсон тоног төхөөрөмжүүдийг 107 дугаар тогтоолд хамрагдах боломжгүй гэж мэдэгдсэн.
Тоног төхөөрөмжүүдийг импортлоход анх БТКУС *******.50.90 кодоор мэдүүлж байхад Гаалийн улсын ахлах байцаагчаас холбогдох хяналт шалгалтыг хийж уг кодоор барааг мэдүүлэх зөвшөөрлийг өгч, баталгаажуулсан байдаг. Гэтэл гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг хуулийн дагуу хийгдэж дууссаны дараа Гаалийн ерөнхий газраас уг бараа нь БТКУС-ын *******.69.00 кодод хамаарах байсан юм гэх шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр байна. Тиймээс Гаалийн ерөнхий газар нь зөвшөөрч баталгаажуулсан мэдүүлгийг өөрчлөх талаар шийдвэр гаргасан нь “М*******” ХХК нь Гаалийн албан татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан авах боломжийг хязгаарлаж компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.
Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот захиргааны акт нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар Гаалийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно.”, 62 дугаар зүйлийн 62.1-т “Мэдүүлэгч гаалийн байгууллагын хүлээн авсан гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.”, Шинжээч томилох тухай 252 дугаар зүйлийн 252.1-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ.”, 252.2-т “Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ.” гэж заасныг мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг дагаж мөрдөх хугацаанд импортоор оруулсан гаалийн албан татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн үндсэн зорилго нь хөдөө аж ахуйн гаралтай эд боловсруулах зориулалттай тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөд бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжид хөнгөлөлт үзүүлэх зорилготой бөгөөд бид хуульд заасан үндэслэл шаардлагыг бүрэн хангаж ******* дугаартай мэдүүлгээр бүрдүүлэлт хийж Гаалийн албан татварт 35,188,165.84 төгрөгийг төлсөн бөгөөд хуульд заасан нөхцөл журмын дагуу буцаан авах эрхтэй байна.
Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот захиргааны актаар “М*******” ХХК-ийн Гаалийн албан татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан авах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т “Захиргааны акт... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох.” гэж заасны дагуу хүчингүй болгуулснаар “М*******” ХХК-ийн гаалийн албан татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг Гаалийн албан татварын хөнгөлөх тухай хуульд заасны дагуу буцаан авах эрхтэй болох юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “М*******” ХХК нь олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүн, эрчимжсэн мал аж ахуй болоод газар тариалангийн чиглэлээр дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготой компани байгаа. Хэрэгт авагдсан үйлдвэр маань мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэр дотоодын үйлдвэрийг дэмжих түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулах үйлдвэр. Энэ үйлдвэр маань нийт 31 тусдаа хэсгээс бүрдэх том хэмжээний мах боловсруулах үйлдвэр байгаа юм. Үйлдвэрээ бид өргөжүүлж ахиулж дэлхийн түвшинд гаргахын тулд ******* улсын C******* компанитай гэрээ байгуулаад 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болоод 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд худалдах, худалдан авах гэрээ байгуулаад энэ компаниас бид 3 ширхэг блоклон чингэлэгт хөлдөөгч худалдаж авсан. Энэ бол мал төхөөрөх мах боловсруулах тоног төхөөрөмжүүд байгаа. Тэгээд энэ тоног төхөөрөмжүүдээ манайх худалдаж аваад Гаалийн ерөнхий газарт татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргасан. Үүнээс өмнө гаалийн бүрдүүлэлтээ хийхдээ бид энэ 3 блоклон чингэлэгт хөлдөөгчөө 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* дугаартай гаалийн мэдүүлгийг барааг тодорхойлох кодлох уялдуулсан БТКУС системийн 8411-5090 кодтойгоор бүрдүүлэлтээ хийгээд бид хүсэлтээ гаргаад, гаалиас энэ мэдүүлэг бүрдүүлэлтийг маань хүлээн зөвшөөрөөд Монгол Улсын хилээр импортолж оруулж ирсэн. Үүнийхээ дараа бид гаалийн татвар төлсөн 35,188,165.84 төгрөгийг Гаалийн албан татварыг хөнгөлөх чөлөөлөх тухай хуульд зааснаар чөлөөлүүлж гаргуулъя гэсэн хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн. Гэтэл Гаалийн ерөнхий газраас энэ тоног төхөөрөмжүүд маань БТКУС кодны танай тодорхойлоод байгаа *******.50.90 кодод хамаарахгүй байна. Энэ код бол *******.69.00 гэдэг кодод хамаарна. Тэгэхээр танайхыг гаалийн хөнгөлөлтөд оруулах боломжгүй байна гэсэн хариуг бидэнд илгээсэн. Бид энэ хариуг хүлээн зөвшөөрөөгүй дахиад 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийнхөө гаалийн мэдүүлэг болоод C******* ирүүлсэн бүх мэдээлэл, нэхэмжлэл, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, техникийн үзүүлэлт, бодит зургууд зэргийг хавсаргаад хүсэлт явуулсан. Бид *******.69.00 гэдэг кодод хамаарахгүй, манай үйлдвэр том хэмжээний үйлдвэр. Бид гаалийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах ёстой кодтой. Тэгэхээр үүнийг шийдвэрлэж өгөөч гээд өөрсдийнхөө нотлох баримтыг Гаалийн ерөнхий газарт явуулсан. Гэтэл хариуд нь дахиад л танайх энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй, танай код *******.50.90 биш, энэ бол *******.69.00 юм гэсэн үндэслэлээр энэ хавсралтаас татгалзсан байдаг. Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуулийн 1 дүгээр зүйл Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас зуун хувь хөнгөлсүгэй гэж заасан байдаг. Манайх бол энэ хуульд заасан хүнс, хөдөө аж ахуйн зориулалттай түүхий эд боловсруулах зориулалттай томоохон хэмжээний үйлдвэр юм. Мөн энэ хуулийн 2 дугаар зүйлд энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг БТКУС ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална гэж заасан. Үүний дагуу Засгийн газраас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 107 дугаар тушаалыг баталсан. Энэ тушаал нь импортын барааг гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай тухайн хөтөлбөрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалт гээд энэ жагсаалт батлагдсан байдаг. Жагсаалтын 5 дахь хэсэг буюу мал төхөөрөх үйлдвэрийн 19 дэх мөрд манай гаалийн мэдүүлэгтээ дурдаад байгаа *******.50.90 гэдэг код орсон байдаг. Энэ код бол мах дайвар бүтээгдэхүүнийг блоклон хөлдөөгч гэсэн хэсэгт хамаарах буюу энэ хөнгөлөлтөд хамрагдах ёстой код гэдгийг бид тухай бүрд нь дурдаж өгөөд байгаа. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар гаалийн байгууллага албан тушаалтан гаалийн мэдүүлэг барааны дагалдах баримт бичгийг хүлээн авч бүртгэснээр гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно гэж заасан. Бид мэдүүлгээ өгсөн, гаалийн байгууллага энийг мэдүүлсэн гэж тооцсон. Тэгээд бид импортолсон. Энэ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д мэдүүлэгч гаалийн байгууллагын хүлээн авсан гаалийн мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр эсвэл цахимаар гаргана гэж байгаа. Бид зөв кодоор мэдүүлгээ бүрдүүлсэн. Тэгээд гаалийн газраас манай мэдүүлгийг үндэслээд гаалийн бүрдүүлэлтийг хийж дуусгаад хуулийн дагуу байна гээд бид импортолж оруулж ирсэн. Мөн Засгийн газрын 107 дугаар тушаалд хамрагдахгүй гэсэн шийдвэр гаргахдаа Гаалийн ерөнхий газраас Гаалийн тухай хуулийн ямар зүйл заалтыг баримталж байгаа юм, яагаад танайх энэ кодод хамрагдахгүй байгаа тухайгаа тодорхой тайлбарлаж өгөөгүй. Үүн дээр ямар нэг шинжээч томилоогүй, магадлан шинжилгээ хийгээгүй, зүгээр л танайх энэ кодод хамрагдахгүй байна гэсэн үндэслэлээр манай хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Гэтэл Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д гаалийн хилээр нэвтрүүлэх барааг тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ гэж заасан. Үүнийг ерөөсөө дагаж мөрдөөгүй, зүгээр л танайх хамаарахгүй байна гээд өөрсдөө хилээр оруулж ирсэн хэр нь ээ, дараа нь ингэсэн. Тэгээд манай компанийн зүгээс тухай бүрд нь Гаалийн ерөнхий газарт мэдэгдэж байсан. Манайх энэ кодод хамаарна, манай төхөөрөмж ийм гээд холбогдох баримт бичиг нотлох баримтуудыг тухай бүрд нь явуулж байсан. Манай гаалийн мэдүүлэг бол Засгийн газрын 107 дугаар тогтоолд хамаарагдах ёстой. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд өмнө нь дурдсанчлан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр анхлан хүсэлтээ гаргасан. Дахиад 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаалиас бидэнд албан бичиг ирэхэд дахиад 05 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээд захиргааны хэргийн шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байдаг. Дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг гаргаж байгаа.” гэжээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн хариу тайлбарыг харахад ч тэр энэ маргааны зүйл нь нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн маань импортлон оруулж ирсэн бараа нь аль ангилалд орох юм бэ гэсэн барааны ангиллын кодын тухай маргаан. Энэ маргааны аль ангилалд байгаа гэдгийг шийдчихвэл тоног төхөөрөмж маань Засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдах уу, үгүй юү гэдэг нь үр дагавартай. Хариуцагчийн хариу тайлбарыг үзвэл танай импортоор оруулж ирж байгаа бараа чинь тавилга биш, яагаад гэхээр *******.50.90 код гэдэг бол ерөөсөө тавилгын талаар л зохицуулсан гэж тайлбар хэлж байгаа. Гэтэл БТКУС кодын *******.50.90 гэсэн кодыг үзвэл хөргөх эсвэл хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон хадгалах болон үзүүлэнгийн зориулалттай бусад тавилга хаалт дотор камер, шүүгээ, лангуу, тавцан болон эдгээртэй төстэй тавилга гэсэн байдлаар заасан байгаа. БТКУС-ийн олон улсын конвенцод Монгол улс анх 1991 онд нэгдэн ороод, 1992 онд хуулиа батлаад, тэгээд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд БТКУС-ийн кодыг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн. Анх хэрэгжүүлж эхэлсэн үйл баримтыг бид судлаад үзэхэд Орос улсын БТКУС-ийн кодоос орчуулга хийж хуулиа анх баталж байсан түүхтэй юм байна лээ. Тэгээд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа БТКУС-ын кодын Орос хэл дээрх орчуулгыг нь бас судалж үзсэн. Тэгээд үүнд камер гээд заачихсан байгаа. Тэгвэл энэ камер гэдэг нь юу юм бэ гээд бид судлаад үзсэн чинь ерөнхийдөө хөргөх хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон өрөөг камер гэж хэлдэг. Камер тэгвэл тавилга юм уу, үгүй юм уу гэвэл тавилгадаа ч тооцогддоггүй. Тийм учраас хаалт дотор камер гээд тусад нь тусгайлан заасан юм байна гэж бид харсан. Мөн google-ээс бид орос тайлбараар нь хайгаад үзэхэд хөлдөөх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тавиуртай өрөө л байгаа. Мөн дахиад өөр зургуудыг харахад хөлдөөх төхөөрөмжтэй өрөө байгаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх хуульд *******.50.90 гэсэн кодод блоклон хөлдөөгч гэж заасан бэ гэдэг талаар бид шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан. Үүний дагуу Улсын Их Хурлаас болон Засгийн газраас тухайн Засгийн газрын тогтоол болон хуулийг батлах хуралдааны тэмдэглэлүүдийг ирүүлсэн байсан. Энэ тэмдэглэлүүдийг үзэхэд хууль болон Засгийн газрын тогтоолыг батлах гол зорилго нь Хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг дэмжих, экспортыг дэмжих зорилготой байсан. Энэ нь нотлох баримт шинжлэн судлах шатад харагдах байх. Тэгэхээр дэмжих зорилгоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлье гэж байгаа бол юу гэж тавилгыг мах импортлох үйлдвэрт багтаах юм бэ? Тийм учраас тавилга гэдэг үгэн дээр нь хэрвээ акцент өгч хэрвээ байгаа бол бид Засгийн газрын тогтоолд блоклон хөлдөөгч тавилга гэдэг үгээр биш блоклон хөлдөөгч гэдэг өөр үгээр орж байгаа нь бас ач холбогдолтой учраас *******.50.90 гэсэн кодоор Засгийн газрын тогтоолд тусгайлан нэрлэж заасан юм болов уу гэж бид харж байгаа. Тийм учраас бид хамгийн гол гаалийн мэдүүлгийг мэдүүлэхдээ *******.50.90 гэсэн кодоор мэдүүлсэн. Гаалийн улсын байцаагч энэ код зөв эсэхийг холбогдох хууль журмын дагуу хянан шалгаад зөв байна гэсний үндсэн дээр баталгаажуулаад бид бараагаа импортлоод оруулаад үйлдвэр ашиглалтад оруулчихсан явж байгаа. Ингээд өөрсдөө *******.50.90 гэсэн кодоор шалгаж оруулж ирсний дараа Гаалийн татвараас хөнгөлөх хуульд зааснаар тухайн дараа жилийнхээ эхний улиралд багтаан хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Үүний дагуу бид хүсэлтээ гаргахад дараагаар “танай энэ бараа чинь *******.50.90 гэдэг код биш байна, *******.69.00 гэсэн код байсан байна” гэсэн тайлбарыг хэлдэг. Яагаад гэвэл анх хянан шалгалтын явцад гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийг шалгаж байх явцдаа *******.69.00 гэсэн кодыг хэлэхгүйгээр тухайн үедээ бараагаа мэдүүлээд бид татварын нэхэмжлэхээ төлчихсөн юм бэ? Татварын нэхэмжлэх гаалийн барааг хилээр нэвтрүүлэх зааварт заасны дагуу гаалийн улсын байцаагч гаалийн хяналт шалгалтыг хийж дууссаны дараа баталгаажуулах товчийг дарсны дараа татварын нэхэмжлэх программаас автоматаар үүсдэг. Тийм учраас татвар үүсээд бид гаалийн албан татвар буюу 35,000,000 төгрөгийг төлөөд үүний дараа бид хуульд заасан журмынхаа дагуу хөнгөлөлтдөө хамрагдъя гээд хүсэлтээ гаргасан. Гэтэл Гаалийн ерөнхий газраас үндэслэлгүйгээр “энэ барааны ангиллын код биш байна” гэж хэлж байгаа хууль бус байна гэж бидний зүгээс үзэж байгаа. Тиймээс Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.На, Ж.М******* нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тухайн компанийн импортолсон бараа нь Чингэлэгт хөлдөөгч хэмээн мэдүүлсэн бөгөөд энэ нь 40 футын чингэлэг, мах дайвар бүтээгдэхүүнийг ангилж гүн хөлдөөх зориулалттай хэмээн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ барааны нэр нь чингэлэг гэдгийг тухайн компани ч өөрөө хүлээн зөвшөөрөөд оноосон нэрээ өгсөн байна. Дагалдах бичиг баримт /сертификат болон зургаар баталгаажсан/ нь энэ Барааг тодорхой харуулсан. Энэ чингэлгийг мах нядалгааны үндсэн дээр мах болон дайвар бүтээгдэхүүнийг ялгаж хөлдөөх зорилгоор тоноглосон байна.
Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22 ны өдрийн 107 дугаар тогтоолд Импортын Барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий боловсруулах зориулалттай нэр заасан бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас хөнгөлөх талаар тусгасан.
Улсын гэрээ, хэлэлцээрээр зохицуулагдаж байгаа стратегийн ач холбогдол бүхий барааны хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах шаардлага зэргээс үүдэн Дэлхийн гаалийн байгууллагаас 1983 онд “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай Олон Улсын конвенцыг баталсан.
Дэлхийн гаалийн байгууллагаас эмхэтгэн боловсруулсан уг конвенц нь Удиртгал, 20 зүйл, Уялдуулсан систем /УС/-ийн Жагсаалт, УС-ийн Ерөнхий тайлбар дүрэм, хэсэг, бүлэг мөрийн тайлбар бүхий хавсралтаас бүрддэг.
Монгол Улс барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Олон улсын конвенцод 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэгдэн орж, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн товчлон БТКУС буюу УС хэмээн нэрлэдэг. УС нь өөрийн дүрмээр ангилдаг бөгөөд Барааны ангиллын жагсаалт, тайлбар дүрмүүд, тайлбар бичгүүд гэсэн бүтэцтэй.
УС-ийн код нь *******.50.90 нь /Засгийн газрын тогтоолд дурдсан/ ямар бараа орохыг Барааны ангиллын жагсаалтад тодорхой тусгасан. 8415.50 кодод Хөргөх эсвэл хөлдөөх төхөөрөмжөөр тоноглосон хадгалах болон үзүүлэнгийн зориулалттай тавилга орно. Үүнд камер, шүүгээ, лангуу, тавцан буюу үүнтэй төстэй тавилга хамаарна хэмээн заасан. БТКУС-ын жагсаалт хуудас-490, Тайлбар бичиг 4-р боть хуудас-343-д дурьдсан байгаа.
“М*******” ХХК-ийн мэдүүлсэн Чингэлэгт хөлдөөгч хэмээх бараа нь хөргөх төхөөрөмжөөр тоноглосон чингэлэг болохоос тавилга хэмээх ангилалд хамаарахгүй гэдгийг Барааны ангиллын жагсаалт болон тайлбар бичгээр нотлогдож байна. Харин *******.69 буюу хөргөх хөлдөөх төхөөрөмжөөр тоноглосон бусад төхөөрөмж ангилалд хамаарна. Бусад гэсэн ойлголт нь Уялдуулсан системийн дүрмийн дагуу тухайн зүйл, бүлэг нь эхнээсээ дэс дараалан ангилагддаг бөгөөд тавилга гэсэн ангилалд ороогүй бусад төхөөрөмж хэрэгслийг БТКУС-ийн ерөнхий тайлбар дүрэм 1-ийн дагуу *******.50-д заасан тавилга биш тул 8718.69-д хамааруулан ангилна. Гэхдээ эд анги орохгүй” гэжээ.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай тухайн үйлдвэрийн үндсэн мөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг Засгийн газрын тогтоолоор хөнгөлөхөөр заасан. Засгийн газрын 2023 оны 107 дугаар тогтоолын 5-д мал төхөөрөх болон махны үйлдвэрийн хэсэгт нь БТКУС-ийн 18, барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн *******.50.90 кодод хамаарах мах дайвар бүтээгдэхүүн болоод блоклон хөлдөөгч чингэлэг хамаарна гэж заасан. Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн ерөнхий тайлбар 4.1-д бид барааг ангилахдаа бараа анхдагч тэрний дараа код хоёрдогч юм. Үндсэн суурь бол бараа юм гэж үздэг. Тэгэхээр бид барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн дагуу ангилахдаа Барааны ангиллын ерөнхий тайлбар дүрмүүдээ барьж барааг ангилна. Тэгээд тайлбар дүрмийн 1 дүгээр дүрмийн дагуу хэсэг бүлэг болон дэд бүлгийн гарчгууд барааг ангилахад зөвхөн анхан шатны баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг бүлгийн тайлбараар тодорхойлогддог. Тэрийгээ үзэж байж бид барааг ангилдаг. Тэгэхээр зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг бүлгийн тайлбар болон холбогдох тухайн 84 дүгээр бүлэг, *******.50.90 болон *******.69.00 хамаарагдах бүх тайлбаруудыг үзэхэд “М*******” ХХК-ийн импортолж байгаа бараа нь Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн 1 дүгээр дүрэм, БТКУС-ийн тайлбар дөрөвдүгээр ботийн 343 дугаар хуудаст зааснаар БТКУС-ийн *******.50.90 кодод хөргөх эсвэл хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон хадгалах болон үзүүлэнгийн зориулалттай тавилга камер, шүүгээ, лангуу, тавцан, тэдгээртэй төстэй зүйлүүд хамаарна гэдгийг зааж өгсөн. Тэгэхээр Засгийн газрын тогтоол *******.50.90 кодод хамаарч байгаа тоног төхөөрөмжүүдийг чөлөөлөхөөр заасан. Харин БТКУС-ийн код *******.69.00-д хөргөх эсвэл хөлдөөх бусад төхөөрөмж хамаарна гэж заасан. Тэгэхээр “М*******” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* гэдэг гаалийн мэдүүлгээр 3 иж бүрдэл доторлосон чингэлэгт хөлдөөгчийг мэдүүлсэн. Гаалийн мэдүүлэгт доторлосон хөргүүрийн сэнсээр тоноглогдсон, тодорхой хүчин чадлуудыг оруулаад чингэлэг мах дайвар бүтээгдэхүүнүүд ангилж гүн хөлдөөх зориулалттай чингэлгүүд гэж мэдүүлсэн. Энэ чингэлгийн гаалийн бүрдүүлэлтэд хавсаргасан бичиг баримтыг үзвэл чингэлгүүдийн гаалийн мэдүүлэгт байгаа цэвэр бохир жин ч гэсэн хэт их зөрөөтэй. Бүрдүүлэлтийн явцаас харвал хөргөх эсвэл хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон тавилга биш тул БТКУС-ийн тайлбар 4 дүгээр ботийн 343-345 дугаар хуудсанд зааснаар хөргөх буюу хөлдөөх бусад төхөөрөмж гэдэг хэсэг рүү бид тайлбар дүрмээрээ ангилж байгаа. Тэгэхээр улсын хилээр нэвтэрч байгаа бараа буюу анхдагч, БТКУС-ийн кодоор тухайн бараагаа харж байгаад дүрмийн дагуу бид ангилж бүрдүүлэлт хийсэн. Нэхэмжлэгч тайлбартаа гаалийн хяналт шалгалт хийхдээ шинжээч томилох ёстой гэж байна. Тэгэхээр Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтаас гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн барааг ялгаж танихад лаборатори ч юм уу, илүү нарийн мэргэжлийн хүмүүс оролцуулах тохиолдолд заавал шинжээч томилдог болохоос биш ердийн тоног төхөөрөмжийн хувьд БТКУС-ийн тайлбар дүрмийн дагуу ангилна. Тэгэхээр заавал шинжээч томилох шаардлагатай гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл мэргэжлийн нарийн мэдлэг шаардагдах, лабораторийн дүгнэлтэд хамрагдах ч ёстой юм уу, тийм бараа биш.” гэжээ.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.На шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М*******” ХХК урьд нь чингэлгээ 2024 онд Сэлэнгэ аймгийн гаалиар 2 удаа авсан. Тэрийгээ бүгдийг нь *******.69.00 гээд нөгөө манай зөв гэж үзэж байгаа кодоор урьд нь мэдүүлээд авчихсан. Энэ нь ******* улсаас дагалдахдаа *******.69.00 гэдэг кодоороо ирдэг. Засгийн газрын тогтоол яригдаж гарахаас өмнө 2 удаа мэдүүлээд авчихсан. Тэгээд үүний өмнөх нэг мэдүүлэгт *******.69.00 кодоороо ирчихсэн. Тэр үед тогтоол гарчихсан үед манайх *******.50.90 лүү оруулна манай код хилээс зөрөөд ирчихжээ, энийг *******.50.90 кодоор хийх зөвшөөрөл өгөөч гээд хүсэлтээ гаргаж байсан байна лээ. Тэгээд боломжгүй гээд *******.69.00 кодоороо БТКУС-ийн шийдвэр гараад бас явж байсан. Тэгэхээр үүний өмнөх 3 мэдүүлэг нь *******6900 кодоор буюу зөв кодоор авч байсан гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд нь алдаа гараад *******.50.90 кодоор бүрдүүлэлт хийгдчихсэн байсан. Бид аж ахуйн нэгж оны өмнө хүсэлтээ гаргахад нь татварыг нь буцааж олгох нь зөв, буруу эсэхийг давхар шалгаж үзээд буруу ангилагдчихжээ, татварыг буцааж өгөх ёсгүй юм байна, энэ мэдүүлгийг засах ёстой юм байна гээд эдний аж ахуйн нэгжид бичиг явуулаад тэрний дараа мэдүүлгийг зассан байгаа.” гэжээ.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн байгууллагын хувьд төр засгаас гаргасан бодлого шийдвэрийг дагаж ажиллах ёстой. Мөн хүнс хөдөө аж ахуйн гаралтай түхий эд боловсруулах янз бүрийн тоног төхөөрөмжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулаад явж байгаа. Хамгийн гол хамаарахгүй гээд байгаа шалтгаан чинь ангиллыг буруу байна аа гэдгээр л хэлж байгаа. Жимсний үйлдвэр дээр 6900 гэж орж ирчхээд, мах боловсруулах дээр 6900 гэж орж ирээгүй байна гээд байгаа. Энэ нь ердөөсөө Хүнс хөдөө аж ахуйн яамны баримталж байгаа бодлогын хүрээнд ирж байгаа асуудал. Жимс жимсгэнийн үйлдвэр дээр ийм ийм тоног төхөөрөмж байх ёстой, мах боловсруулах дээр ийм ийм байх ёстой, энэний ангиллын кодыг хийж өгнө үү гэдэг байдлаар ирж байгаа болохоос бид нар өөрсдөө энэ жагсаалтыг гаргаад жимс рүү нь энийг оруулчих, мах руу нь энийг оруулчих гэдэг эрх бидэнд байхгүй. Жимсний үйлдвэр дээр ийм ийм тоног төхөөрөмжүүд орж ирэх ёстой гээд яамнаас санал ирж байгаа. Махны үйлдвэр дээр ийм ийм тоног төхөөрөмжүүд хамрах ёстой гэдгээр санал ирж ангиллын кодыг нь тогтоодог болохоос бид өөрсдөө дураараа жимсний үйлдвэрт энэ төхөөрөмжийг нь оруулчихъя гэж хийдэггүй. Засгийн газрын тогтоолын ангиллын код барааны нэр хоёр заавал таарч байх ёстой. Тэгээд өмнө нь *******.50.90 гээд явуулчихсан байцаагчийн буруу байна гэж хэлж байна. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт хариуцсан байцаагч ялгаагүй өөр бусад чиглэлийн байцаагч нарын үүрэг ажил үүрэгт нь байж байдаг. Тухайн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан мэдүүлгүүдийг шалгах ёстой гэж байдаг. Тэр шалгах тохиолдол нь гааль зөвшөөрсний дараа шалгах ёстой. Гааль зөвшөөрөөгүй явцад илт засах зүйл байвал хэлж засуулж болно. Гэхдээ бүрдүүлэлт хийгдсэний дараа шалгадаг, хяналт тавьдаг. Одоо ч гэсэн Засгийн газрын 107 дугаар тогтоолын дагуу хөнгөлөлт авах гэж байгаа айлуудын бүх бичиг баримтуудыг шалгаад явж байгаа. Тэгээд алдаатай мэдүүлэг байвал засварлуулах шаардлагатай байвал засварлуулаад ангиллын код буруу байвал хасаад ялгаагүй энэ процесст явж байгаа.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
- Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална.”, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй.”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.”, Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолын хавсралт Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтын 5.“Мал төхөөрөх болон махны үйлдвэр”
| 19. | *******.50.90 | Мах, дайвар бүтээгдэхүүнийг блоклон хөлдөөгч |
гэж тус тус заажээ.
- Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч “М*******” ХХК нь ******* улсын Cantek ******* hayvan.san ve tic as–тай байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан блоклон хөлдөөгч, чингэлэгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт барааны кодыг *******.50.90 гэж мэдүүлсэн байна.
- Нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/19 дүгээр албан бичгээр дээрх бараанд төлсөн 35,188,166 төгрөгийн гаалийн албан татварыг буцаан авах хүсэлт гаргасныг Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “... БТКУС-ийн *******.50.90 кодонд хамаарах “Мах, дайвар бүтээгдэхүүнийг блоклон хөлдөөгч” хамаарахаар заасан. Энэ нь БТКУС-ийн тайлбар боть 4-ийн 343 дугаар хуудаст зааснаар “Хөргөх эсвэл хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон, хадгалах болон үзүүлэнгийн зориулалттай тавилга /Камер, шүүгээ, лангуу, тавцан болон эдгээртэй төстэй тавилга/ хамаарна. Харин танай компанийн 2023 оны 11 дүгээр сарын 23-нд ******* гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 3 иж бүрдэл “Mobile offal blast freezer” буюу “Блоклон хөлдөөгч, чингэлэг” гэх бараа нь БТКУС-ийн тайлбар боть 4-ийн 343, 344, 345 дугаар хуудаст зааснаар “Хөргөх буюу хөлдөөх бусад төхөөрөмж буюу “Хөргөх зориулалтын нэг сууринд байрлуулаагүй эсвэл нэг корпустай төхөөрөмж биш боловч хамтдаа ажиллаж, нэг бол шууд тэлэх эсвэл хөргөгч бодис ашигладаг бөгөөд хөргөх нэгжийн тусламжтайгаар хөргөдөг төхөөрөмж” гэж заасны дагуу БТКУС-ийн *******.69.00 кодод хамаарах бараа байна. Засгийн газрын 107 дугаар тогтоолд тусгагдсан барааны Оноосон нэр, Барааны код тогтоолд заасантай тохирч байх ёстой тул танай компанийн мэдүүлсэн хөргөх төхөөрөмж тогтоолд хамрагдах боломжгүй байна.” гэсэн үндэслэлээр татварыг буцаан олгохоос татгалзсан байна.
3.1. Тодруулбал, нэхэмжлэгчээс импортоор оруулсан блоклон хөлдөөгч, чингэлэг бүхий бараа нь БТКУС-ийн *******.50.90 кодод хамаарах бараа гэж, хариуцагчаас дээрх бараа нь БТКУС-ийн *******.69.00 кодод хамаарах бараа гэж тус тус маргаж байна.
- Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангилалын жагсаалтын 84.18 дугаар зүйлд “Хөргөгч, хөлдөөгч, цахилгаан эсвэл бусад төрлийн хөргөх, хөлдөөх төхөөрөмж; зүйл 84.15-д заасан агааржуулагч төхөөрөмжуудаас бусад дулааны насос.” гэж заасан ба тус зүйлийн *******.50 дугаар мөрөнд “-Хөргөх эсвэл хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон, хадгалах болон үзүүлэнгийн зориулалттай бусад тавилга (камер, шүүгээ, лангуу, тавцан болон эдгээртэй төстэй тавилга):” гэж, мөн мөрний 90 дүгээр үндсэн кодод “---бусад, -хөргөх эсвэл хөлдөөх бусад төхөөрөмж, дулааны насос” гэж, *******.69 дүгээр мөрний 00 кодод “--бусад, -эд анги” гэж тус тус ангилжээ.
- Дээрх ангилалаас үзвэл 84.18 дугаар зүйлийн *******.50 дугаар мөрөнд заасан 10 кодтой “---Тавцан”, 20 кодтой “---Лангуу”, 30 кодтой ”---Шүүгээ” бусад “-хөргөх эсвэл хөдлөөх бусад төхөөрөмж; …” 90 кодод хамаарахаар байх ба харин *******.69 мөрний 00 кодод зөвхөн “-эд анги” хамаарахаар байна .
- Харин тус Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллыг тайлбарласан “Тайлбар бичиг боть 4”-ийн 84.18 дугаар зүйлд хамаарах хэсэгт зааснаар үзвэл “(I) Хөргөгч, хөлдөөгч ба бусад хөргөх, хөлдөөх төхөөрөмж” -ийг (A) Шахуургат хөргөгч, (В) Шингээгч төрлийн хөргөгч гэж 2 үндсэн төрөлд хувааж тайлбарласан байх ба тус тайлбарын “(В) Шингээгч төрлийн хөргөгч” хэсгийн тайлбарт “дараах хэлбэрийн аппратууд доорх хэлбэрт байгаа бол энэ зүйлд хамаарна гэж заасан. Үүнд: … (3) Хөргөх зориулалтын том хэмжээний төхөөрөмжүүд. Эдгээр нь нэг сууринд байрлуулаагүй эсвэл нэг корпустай төхөөрөмж биш боловч хамтдаа ажиллаж, нэг бол шууд тэлэх (Ууршуулагч нь “хүйтнээр ашиглагч” төхөөрөмжтэй нийлсэн) эсвэл хөргөгч бодис (давсны уусмал) ашигладаг бөгөөд хөргөх нэгжийн тусламжтайгаар хөргөдөг бөгөөд “хүйтнээр ашигладаг хоолойтой (шууд бус хөргөлт). Ийм төхөөрөмжийг хөргөж хадгалах цех болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа (жишээлбэл, хиймэл мөс үйлдвэрлэх газар, хүнсний бүтээгдэхүүн хурдан хөлдөөгч, шоколад түргэн хөлдөөгч, нефтийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх парафин ялгагч, химийн үйлдвэрийн хөргөх төхөөрөмж г.м)-нд ашигладаг.” гэж заажээ.
- Дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн импортоор оруулж, гаалийн барааны мэдүүлгээр мэдүүлсэн “Блоклон хөлдөөгч, чингэлэг” гэх бараа нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөгдөх Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор батлагдсан Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтын 5.“Мал төхөөрөх болон махны үйлдвэр”-ийн Мах, дайвар бүтээгдэхүүнийг блоклон хөлдөөгчид хамаарна гэж үзлээ.
- Харин хариуцагчийн татварыг буцаан олгохоос татгалзсан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичигт дурдсан *******.69.00 ангилалд холбогдох тайлбарт “Эд анги” гэж “…энэ зүйлд хамаарах төхөөрөмжийн зориулалттай эд анги гэр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай гэдгээс үл шалтгаалан мөн энэ зүйлд хамаарна, жишээ нь, дээр тайлбар (2)-т заасан төрлийн конденсатор, шингээгч, ууршуулагч, генератор, шүүгээ, лангуу болон хөргөх тавилга нь хөргөх төхөөрөмжийн агрегат эсвэл ууршуулагчаар бүрэн тоноглогдоогүй боловч хөргөх төхөөрөмжийн зориулалтаар зохион бүтээгдсэн нь тодорхой байх тохиолдолд энд ангилагдана.” гэж заасан ба хариуцагч Хөргөгч, хөлдөөгч ба бусад хөргөх, хөлдөөх төхөөрөмж”-д хамаарах тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн оруулж ирсэн төхөөрөмжийг эд ангид хамаарах кодод хамаатуулан татвар буцаан олгохоос татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
- Иймд нэхэмжлэгчээс Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
- 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон боловч Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид татвар буцаан олгохоос татгалзах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тус хуулийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН