Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00085

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Н газар /дарга А/. Хаяг:Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах 

Хариуцагч: Т ХХК /гүйцэтгэх захирал А /. Хаяг: Б аймаг, Ө сумд үйл ажиллагаа явуулах, 

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн шимтгэл болох 572,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан дутуу төлсөн шимтгэл болох 572,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Т ХХК нь 2008 оны 01 дүгээр сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2023 оны 9 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ" гэж заасныг зөрчиж 572,000 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, ня-бо нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

1.2 Иймд Т ХХК-ийн дутуу төлсөн шимтгэл болох 572,000 төгрөгийг төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал А ын тайлбар, зөвшөөрөл:

2.1 Т ХХК-ийн захирал А миний бие аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нийгмийн даатгалын газраас нэхэмжилж байгаа дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 572,000 төгрөгийг Т ХХК-ийн сангаас төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй.

2.2 Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье.гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал А нь дутуу төлсөн шимтгэл болох 572,000 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Н газарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал А аас нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 17,810 төгрөгийн тал нь болох 8,905 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал А нь дутуу төлсөн шимтгэл болох 572,000 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Н газарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,905 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ