Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Яллагдагч Д.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Д.А,

Яллагдагчийн өмгөөлөгч М.Э, Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/204 дугаар шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч М.Э эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.Б холбогдох эрүүгийн 2316000000098 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх мэдээлэл.

1.1. В овогт Д.Б нь Монгол Улсын иргэн, 20.... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............. сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 ахын хамт Говь-Алтай аймгийн ........ сумын ..... багийн ..... хороо ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Д............. регистрийн дугаартай,

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн үйл баримт.

2.1. Яллагдагч Д.Б нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өглөөний 07 цагийн орчим Говь-Алтай аймгийн ........ сумын ......  багийн ...... хороо ... - ... тоотод Г-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хохирогч Г.Д-ийн зүүн далны доод хэсэгт хутгалж, цээжний хөндийд шингэн хуралдалт, зүүн далны доод хэсэгт 7-8-р хавирга завсар шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга.

 

3.1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар хохирогч Г.Д-ийн өмгөөлөгч Д.А-ийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Д.Б холбогдох 2316000000098 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга.

 

4.1. Яллагдагчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/204 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/204 дугаартай захирамжийг магадлаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Талууд, оролцогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн байр суурь.

 

5.1 Прокурор: Шинэ журам үйлчилж эхэлж байгаатай холбоотой давж заалдах шатны шүүхээс жишиг болох шийдвэр гарах байх гэж харж байна. Хэргийн зүйл баримтын тухайд журам үйлчлэх буюу цаг хугацааны хувьд урд хойно гэсэн асуудал яригдаж байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гараагүй байна. Энэ ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.2. Хохирогчийн өмгөөлөгч Д.А: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Шинээр шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаан хойшлуулж байгаад гаргах боломжгүй. Хохирогчийн эрх зүйн байдал дордож байна. Тухайн журмууд хохирогчийн эрх ашгийг хамгаалахаар гарсан журмууд байгаа. Тэгэхээр эдгээрийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.3. Яллагдагч Д.Б болон түүний өмгөөлөгч Ж.Д, М.Э нар: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах байр суурийг илэрхийлжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

   7. Анхан шатны шүүхийн дүгнэлтийн тухайд.

   7.1. Анхан шатны шүүх Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг уг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэхийг хуулиар хориглоогүй байна гэж дүгнээд хохирогч Г.Д-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

8. Эрх зүйн дүгнэлт, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний тухайд.

8.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөн  хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, тухайн зүйлийн хоёр дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тус тус заасан.

8.2. Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршиг нь Эрүүгийн хуулиар тодорхойлсон ойлголт боловч түүнийг зайлшгүй процессын хэм хэмжээний дагуу хийгдэх тодорхой ажиллагааны үр дүнд тооцон тогтоох боломжтой.

8.3. Эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлдог бол процессын хэм хэмжээгээр уг үндэслэлийг нотлон тогтоох, тооцон хэрэгжүүлэх аргачлалыг заадаг.

 

Тодруулбал процессын хэм хэмжээ нь нийгмийн харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, хамгаалах, сэргээх үе шат, дэс дараалал, хугацаа зэргийг тогтоож, хууль зүйн асуудлыг шийдвэрлэх журмыг бий болгодог шинжээрээ материаллаг хэм хэмжээнээс ялгаатай.

8.4. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр, мөн зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар зохицуулсан.

 8.5. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд тусгагдсан материаллаг хэм хэмжээ нь хүчин төгөлдөр болсноосоо өмнөх болон хойшхи цаг хугацаанд үйлчлэх боломжтой  бол процессын хэм хэмжээ нь ямар ч тохиолдолд хүчин төгөлдөр болсноосоо хойшхи цаг хугацаанд үйлчилдэг онцлогтой.

8.6. Тиймээс гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт нь процессын хэм хэмжээ тул хүчин төгөлдөр болсноосоо хойш үйлчилнэ.

 

8.7. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол хор уршгийг арилгасан байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлдөг бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах ажиллагааг зохицуулсан тухайн хуулийн шинэ зохицуулалтыг уг зохицуулалт хүчин төгөлдөр болохоос өмнөх гэмт хэрэгт хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй.  

Тийм учраас Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг нарийвчлан тогтоож өгсөн болно.

 

9. Давж заалдах гомдлын тухайд.

 

9.1. Шүүх шинжилгээний тухай хууль, дагалдах бусад хуулийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох зохицуулалтыг өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэхийг хуулиар хориглоогүй гэж буруу тайлбарлан хэрэглэж хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

 

9.2. Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох эсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлаж хэрэглээгүй, Шүүх шинжилгээний тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх үндэслэл болж байна.      

9.3. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/204 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

                        ШҮҮГЧИД                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                          Ч.ЭНХТӨР