Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0228

 

                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.С,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б,

Хариуцагч: ******* дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А, М.Б, А.Т,

Маргааны төрөл: нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэж байгаа эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгчээс ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан “******* дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/952 дугаар захирамжаар иргэн Ч.Сд ******* дүүргийн 20 дугаар хороо “С” ХХК-ийн урд талд байрлах газарт 200 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож, мөн дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
  3. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01-07/2349 дүгээр албан бичгээр “******* дүүргийн 25, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ... ... дугаарууд бүхий газруудыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь ... хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 ..., 22.4..., хэсгийг зөрчин ******* дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн байна. Иймд дээрх нэгж талбар бүхий газруудыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдье.” гэж ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсний дагуу тус албанаас 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг иргэн Ч.Сд хүргүүлжээ.
  4. Иргэн Ч.С дээрх мэдэгдлийн хариуг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн байна.
  5. Гэвч ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2019 оны дүгээр захирамжийн иргэн Ч.Сд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ч.Сд мэдэгджээ.
  6. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ч.Сгаас нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр хариу өгсөн байна.
  7. Ийнхүү иргэн Ч.Сгаас тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа дахин тогтоожээ.
  8. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн хугацааг сунгах, нэр шилжүүлэх тухай А/952 тоот захирамжаар ******* дүүргийн, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, *******-1/16100 тоот хаягт байрлах, аж ахуйн зориулалттай 200 мкв газар эзэмших эрхийг нэр шилжүүлж Ч.Сд 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг ******* дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааны хугацааг сунгах тухай” А/517 тоот захирамжаар Ч.Сгийн газар эзэмших эрхийг сунгаж, дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон юм.

Гэтэл ******* дүүргийн Засаг дарга Ө.******* 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/293 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжаар ******* дүүргийн Засаг даргын 2019 оны тоот захирамжийн иргэн Ч.Сд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн хууль бус захиргааны акт гаргасан байна. Үүнийг үл зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргаж, шуудангаар хүргүүлсэн болно. Миний гомдлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, хянан үзэхийг даалгасан байна. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн № тоот Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэлд иргэн Ч.Сгийн газрыг мэдээллийн сангаас цуцлах боломжгүй байна гэсэн албан тоот ирүүлсэн байна. Иймд энэ мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргын өгсөн хариу гэж үзэж байна.

Иргэн Ч.С нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшлийн татвараа зохих хугацаанд нь төлж ирсэн. Уг эзэмших газар дээр нийтийн эрх ашгийг зөрчиж байгаагүй, газрын албатай гэрээгээ байгуулж, гэрээгээ сунгуулж, эзэмшиж, ашиглаж, хууль ёсны хэмжээнд үйл ажиллагааrаа явуулж байсан. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Өөрийнхөө газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй тул тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг бусад иргэдийн хамтаар хийж, иргэдтэй түрээсийн гэрээ байгуулан түрээсээр ажиллуулдаг байсан юм. Би болон түрээслүүлэгч нар бизнесийн төлөвлөгөө гарган сар тутмын ашиг орлогодоо үндэслэн банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулдаг учир гуравдагч этгээдүүдийн ч эрх ашиг хөндөгдөх эрсдэл үүсэх магадлалтай байгааг анхааралдаа авах нь зүйтэй болов уу.

Түүнчлэн ******* дүүргийн Засаг дарга нь миний газрыг ямар нөхцөл шалтгааны улмаас цуцалж байгаа үндэслэлээ тодорхой дурдаагүй байна. Албан хэрэг хөтлөлтийн журамд гэрээг цуцлах үндэслэлээ дурдан, зохих хууль эрх зүйн актын талаар тодорхой бичиж байж энэ захирамж нь хууль ёсных болох учиртай гэж бодож байна. Маргаан бүхий газрын ойр орчимд ******* дүүрэг болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших зөвшөөрөлтэй олон байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд үйл ажиллагаа явуулж байхад зөвхөн Ч.С миний эзэмшлийн зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь бодит нөхцөл байдалтай огтхон ч нийцэхгүй байна.

Иймээс ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн илт хууль бус тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ч.Сгийн газрын тухайд анх ******* дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах тухай” Б/190 дүгээр захирамжаар иргэн Б.*******ад ******* дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14 дүгээр байрны урд талд 48 м.кв хэмжээтэй газрыг Худалдааны павильоны зориулалтаар ашиглуулж шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийг үндэслэн иргэн В.Д*******од ******* дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” 437 дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “С” ХХК-ийн урд талд, *******-1/16100/ тоот хаягт байрлах, аж ахуйн зориулалттай, 200 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийн зориулалт, талбай, байршил өөрчилж шийдвэрлэсэн.

******* дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээний хугацаа сунгах, талбай, байршлын хаяг өөрчлөх тухай” А/795 дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “С” ХХК-ийн урд талд, *******-1/16100/тоот хаягт байрлах, аж ахуйн зориулалттай, 200 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, хамтран эзэмшигчээр Н.*******ыг нэмж шийдвэрлэсэн.

******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах, нэр шилжүүлэх тухай” А/952 дугаар захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “С” ХХК-ийн урд талд, *******-1/16100/ тоот хаягт байрлах, аж ахуйн зориулалттай, 200 м.кв  хэмжээтэй газрын эзэмших эрхийн нэр шилжүүлж, иргэн Ч.Сд 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн.

******* дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” дүгээр захирамжаар ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “С” ХХК-ийн урд талд *******-1/16100/ тоот хаягт байрлах, аж ахуйн зориулалттай, 200 м.кв хэмжээтэй, нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Харин ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжаар иргэн Ч.Сгийн ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “С” ХХК-ийн урд талд, *******-1/16100/ тоот хаягт байрлах, аж ахуйн зориулалттай, 200 м.кв хэмжээтэй, нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2.“Гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн. намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж”, 2.3.6.“Үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд байрлахаар заасан

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 112 дугаар тогтоолоор баталсан “*******,******* байгалийн нөөц газар”-ын бүсэд маргаан бүхий газар нь багтсан.

Иргэн Ч.Сгийн маргаан бүхий газар нь дээр дурдсан хориглолт хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүс, Цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд багтсан байх тул дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар захирамжаар иргэн Ч.Сгийн *******дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр. “С” ХХК-ийн урд талд *******-1/16100/ тоот хаягт байрлах аж ахуйн зориулалттай. 200 м.кв хэмжээтэй, нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл, шаардлагын үүднээс гарсан дүүргийн Засаг даргын захирамж үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх иргэн Ч.Сд ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн хугацаа сунгаж нэр шилжүүлэх тухай А/952 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар маргаан бүхий газарт 200 метр хэмжээтэй газрын эзэмших эрхийн нэр шилжүүлж шийдвэрлэсэн. Үүний дараагаар ******* дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай дүгээр захирамжаар аж ахуйн зориулалттай 200 метр хэмжээтэй нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунган шийдвэрлэсэн байдаг. Харин дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дугаар захирамжаар иргэн Ч.Сгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигч ашиглагчаас газар түүний баялгийн хууль тогтоомж, гэрээний дагуу газраа үр ашигтай, зохистой ашиглаж хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгаж шийдвэр гаргах хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. 33 дугаар зүйлийн 33.6-д усны сан бүхий онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэрт эс үйлдэхүйгээрээ газрын хууль тогтоомж газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага албан тушаалтан эсвэл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсоно гэж тус тус заасан байдаг. Түүний дараа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д усан сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татам онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс шагшуурга, мод огтлох, элс хайрга чулуу авах, байгалийн ургамлын үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байдаг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3-д онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно. 2.3.2-т гол мөрөн, горхи, булаг шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүний өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээг өргөсгөж, 2.3.6 үерийн хамгаалалтын суваг түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд байрлахаар заасан. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн газрын орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 112 дугаар тогтоолоор баталсан ******* дунд голын байгалийн нөөц газрын бүсэд уг маргаан бүхий газар нь багтсан байдаг. Иргэн Ч.Сгийн маргаан бүхий газар дээр дурдсан хориглолт хязгаарлалтыг зөрчиж олгосон усан сан бүхий онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн онцгой хамгаалалтын бүс, цахилгаан шугамын хамгаалалтын бүс, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд багтсан байх тул ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дугаар захирамжаар иргэн Ч.Сгийн ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн зориулалттай 200 метр хэмжээтэй нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл шаардлагын үүднээс гаргасан захирамж нь үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.“Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.“газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;”, 33 дугаар зүйлийн 33.6.“Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.”, 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.“Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”, 22.2.1.“онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтын Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын хоёрдугаар зүйлийн 2.3.“Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: ... 2.3.2.“гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж;”, 2.3.6.“үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд.” гэж тус тус заажээ.
  2. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч ******* дүүргийн 20 дугаар хороо “С” ХХК-ийн урд талд байрлах газартаж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан 200 м.кв газартаа  Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулж байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 
  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актын үндэслэлийг усны онцгой хамгаалалтын бүс, шугам сүлжээний газар, тусгай хэрэгцээний газартай тус тус давхцсан гэж газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон гэж тайлбарлах бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ******* дүүргийн 20 дугаар хороо “С” ХХК-ийн урд талд байрлах газарт 200 м.кв газар болон түүний ойр орчмын өөр бусад иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших эрх бүхий газар нь цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 
  4. Гэвч ******* дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2019 оны дүгээр захирамжийн иргэн Ч.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо усны онцгой хамгаалалтын бүс, шугам сүлжээний газар, тусгай хэрэгцээний газартай тус тус давхцсан бусад нэгж талбаруудыг хамтад нь шийдвэрлээгүй байх бөгөөд дээрх хориглосон газруудтай давхацсан бусад нэгж талбар хүчинтэй байгаа нь газрын мэдээллийн нэгдсэн систем болох egazar.gov.mn дэх мэдээллээр тогтоогдож байх ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй гэж үзлээ.
  5. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: …” гэж зааснаас үзвэл гэрчилгээг хүчингүй болгох нь Засаг даргын эрх байхад маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Газар зохион байгуулалтын албанд даалгасан нь хуульд нийцээгүй байна. 
  6. Иймд ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
  7. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 69 дүгээр тогтоолоор онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон байх бөгөөд түүнээс өмнө газар эзэмшиж байсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д зааснаар хүчингүй болгох тохиолдолд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхийг дуусгавар болгох нь зүйтэй бөгөөд газар эзэмших гэрээний хүчинтэй хугацаанд газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалтад нийцүүлэн усны онцгой хамгаалалтын бүс, шугам сүлжээний газар, тусгай хэрэгцээний газартай тус тус давхцсан нэгж талбаруудыг хамтад нь шийдвэрлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр сарын 61.1-д заасныг баримтлан иргэн Ч.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН