Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2021/00013

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2021/00013

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

2021        05             13                                             13

 

                                                                            

      Б.Бын нэхэмжлэлтэй

     хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд,  хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдааны тайлбартаа: Миний бие Б.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/61 тоот захирамжаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар захирамжаар намайг дээрх үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулан ажиллуулахаар шийдвэрлэлээ. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрөн Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд болон дээд шатны албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргахад Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо нь миний өргөдлийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцээд Б.Быг ажлаас чөлөөлсөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 тоот захирамж нь эрх зүйн чадамжгүй байна гэсэн зөвлөмж гарган шийдвэр гаргагчид хүргүүлсэн боловч үндэслэлгүйгээр ажилд эгүүлэн томилохгүй байна. Надад дээд шатны эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг ирүүлээгүй болно. 

...Иймд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М шүүхэд гаргасан тайлбар болон анхан шатны шүүх хуралдааны  тайлбартаа: ...Миний бие 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 захирамжаар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Б.Быг Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилон ажиллуулсан. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтад орсон нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс сургуулийн захирлыг сумын Засаг дарга томилдог болсон. Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Б нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1 е, 3.1.7 и заалтуудыг зөрчиж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь заалт заалтуудыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ба энэ нь тус газраас ирсэн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 06/8753 дугаар албан бичгээр нотлогдсон байна.

Мөн 2019 онд сургуулийн үйлчлэгч Х.Одонтунгалагийг хууль бусаар ажлаас халж өөрийн төрсөн эгч болох Бямбажавын Дэлгэрмөрөнг хууль бусаар томилон ажиллуулсан байна. Х.Одонтунгалаг нь шүүхээс ажилд эгүүлэн томилох нэхэмжлэл гаргасны дагуу шүүх Х.Одонтунгалагийг ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч төрсөн эгчийгээ аргагүйн эрхэнд чөлөөлсөн байна.

...Б.Б нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдсоноос хойш багш, ажилчдаа хэл амаар доромжлох, дарамтлах, багш ажилчидтайгаа нийлж архидах, Улаанбаатар хот руу ажил хөөцөлдөх гэх нэрээр чөлөө авахгүй ажил таслах, албан хаагчдыг хууль бусаар ажлаас халах, томилох зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж, Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлүүдийг ноцтой зөрчсөн нь багш ажилчдаас ирсэн өргөдөл, гомдол БСУГ-ын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 285 дугаар албан бичиг, холбогдох бусад баримт бичгээр нотлогдож байна.

...Иймд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б-ын Б-ын Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Б-ын Быг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 03-ны өдрийн 155/ШШ2021/00318 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч Б нь дээрх засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасан “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай” гомдлоо хуулийн хугацаанд Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гаргасан болох нь зохигчдын тайлбар Хөвсгөл аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны 2020-10-23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2020-10-24-ний өдрийн 5-р Зөвлөмж зэргээр тогтоогдож, талууд уг үйл баримттай маргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129-р зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйгэсэн хуулийн хугацааг зөрчөөгүй байна...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126, 127, 128, 129-р зүйлд заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглээд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 126-р зүйлийн 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1-д шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг тодорхойлон зааж өгсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гаргах эрхтэй болохыг тодорхой заасан байхад хуулийн эдгээр заалтуудыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлдээ ойлгомжгүйгээр илтэд буруу тайлбарлаж хэрэглээд байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан гэх гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргаагүй, гомдол гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9-р сарын 24-ний өдрийн А/78тоот захирамжийг 2020 оны 9-р сарын 27-ны өдөр гардаж авсан бөгөөд тэрээр дээд шатны албан тушаалтанд болон Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргаж хэлэлцүүлсэн үйл баримтанд хариуцагчийн зүгээс маргах хууль зүйн үндэслэл байхгүй байсан.

2. А/78 тоот захирамжийн үндэслэлийн хувьд:

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 06-р сарын 30-ны өдрийн Б/35 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрхийг харьяалах сумын Засаг даргын мэдэлд шилжүүлсний дагуу тус сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тус тус үүрэгт ажилд нь шилжүүлэн томилж, 2020 оны 7-р сарын 09-ний өдрийн Б/05 тоот захирамжаар Б.Быг 2020 оны 7 сарын 01-ний өдрөөс Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар шилжүүлэн томилсон. Улмаар цэцэрлэгийн эрхлэгч сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхад сургуулийн захирлаар томилогдсон Б.Бд Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай болсон гэдгийг сургуулийн захиргаанд болон нягтлан бодогчоор ажиллаж буй Б.Өнөрсайхан нарт “Б.Бтой холбогдвол мэдэгдээрэй” гэж хэлж сануулсан боловч 2020 оны 8, 9 саруудад ирж хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй байсан.

Анхан шатны шүүх ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэгтэй бөгөөд байгуулаагүй байгаа нь ажил олгогчийн буруу гэж дүгнэж байгаа боловч нөгөөтэйгүүр ажилтны өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байгаад дүгнэлт хийхгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж байна. Хөдөлмөрийн гэрээг гэрээний талууд сайн дурын үндсэн дээр байгуулах үүрэгтэй боловч гэрээний 1 тал болох ажилтан ажил олгогчийн ажлын байранд ирж хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй байгаа байдлыг шүүх үнэлж дүгнэсэнгүй. Ерөнхий боловсролын сургуулийн нийт ажилчдын ажил 2020 оны 8 сарын 15-наас эхэлсэн байхад Б.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээгээ ирж байгуулахгүй байсан учир түүнийг Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн Б.Б нь сургуулийн захирлаар ажиллаж байхдаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1-е, 3.1.7-и дахь заалтуудыг зөрчсөн болох нь Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын 2019-12-30-ны өдрийн дүгнэлтээр, Авилгын эсрэг хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь заалтуудыг зөрчсөн болох нь Авилгатай тэмцэх газрын 2020-8-07-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 06/8753 тоотоор тус тус тогтоогдож, зохих арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосны дагуу болон сургуулийн ажилчид, сумын иргэдийн зүгээс сургуулийн захирал Бын үүрэгт ажилтай нь холбоотой байнга ирдэг гомдол хүсэлтүүд зэргийг үндэслэн түүний ажил албан тушаалыг бууруулж ажиллуулах боломжтой гэж дүгнэсэн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан “тус сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаартай Б.Бын албан тушаалыг бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Б-ын Быг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч Ц.М эс зөвшөөрч “нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан гэх гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргаагүй, гомдол гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. 318 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй доорх алдаа зөрчил гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 тоот “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлж, шилжүүлэх тухай” захирамж,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 тоот “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилох тухай” захирамж,

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №01 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээ зэргээс дүгнэвэл ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсжээ.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Быг тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын  албан тушаалыг бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч  Б.Б нь ажил олгогчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар захирамжийг  2020 оны 9 дүгээр сарын 30-нд хүлээж авсан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь захирлын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн талаарх гомдлоо Аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гаргаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  2021 оны 1 дүгээр сарын 06-нд буюу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргажээ.

Ажилтан ажлаас буруу халсан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч  дээрх хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь “ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай” гомдол гаргах хугацаа хэтрүүлснээ сэргээлгэх тухай хүсэлтээ шүүхэд гаргаагүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, цуцлах субъектүүдийг тодорхойлон заасан, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ, харилцааг цуцлах тохиолдолд тус хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, заалтыг заавал баримтлах ёстой ба ажил олгогч буюу сумын Засаг дарга нь захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заалтыг баримталсан байгаагаас дүгнэвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа цуцлагдсан  гэж үзэхээр байна.

 Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бын гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасан “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо” хуулийн хугацаанд Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гаргасан гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацааг зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

Учир нь анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “....хариуцагч тал нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Ц.М, нэхэмжлэгч Б.Б нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 01 дүгээр Хөдөлмөрийн гэрээнд.... заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна....”  гэж ойлгомжгүйгээр хоёр өөр дүгнэлт хийсэн, хариуцагчийн албан тушаалыг нь буруу бичсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах төрлийн талаар заасан байх ба уг сахилгын шийтгэл ногдуулах төрөлд “албан тушаал бууруулах” гэсэн сахилгын шийтгэл байхгүй, мөн ажилтан Б.Бд сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа бол сахилгын шийтгэл ногдуулсан болон албан тушаал бууруулан өөр ажилд томилсон тухай шийдвэр хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан заалтыг буруу тайлбарлаж, эрх зүйн зөрчлийг буруу тодорхойлж, үндэслэлгүй  дүгнэлт хийжээ. 

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн тул ажил олгогчийн “ажлаас чөлөөлсөн 2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Б/78 дугаартай захирамж”-д хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгчийн захирамжийн бүтэц нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, захирамжлах хэсгээс бүрдэх  бөгөөд удиртгал хэсэгт захирамжийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, хэргийн оролцогчийг заахаар хуульчилсан атал  хавтаст хэргийн 10, 14 дүгээр талд авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  5351 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 130 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай захирамжийн удиртгал хэсэгт захирамжийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, хэргийн оролцогчийг бичээгүй орхисныг цаашид анхаарах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд төсвийн байгууллага  хариуцагчаар оролцож гомдол гаргах нь дээрх заалтад хамаарах тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

                                                    ШҮҮГЧИД                           Н.БАЯРХҮҮ

                                                                                               Л.ЭРДЭНЭБАТ