Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 302/ШШ2025/00103

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: П . Хаяг:Б аймаг, С сум, 4 дүгээр багт оршин суух,

 

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тус тус тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч П нь анх шүүхэд Б аймгийн С сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлага багасгаж тус аймгийн С сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч П нь Б аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суудаг ба тэрээр нэгдлийн үеэс эхлэн малчин байсан бөгөөд насаараа мал маллаж байгаа малчин хүн. Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болж байгаа учир малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарахаар материал бүрдүүлж байгаа. Гэтэл тус аймгийн С сумын мал тооллогын 1995-1999 оны мал тооллогын баримтыг архивд шилжүүлээгүйн улмаас тухайн хугацаандаа мал маллаж малчин байсан нь тогтоогдохгүй байна. Түүнээс болж тухайн хугацаандаа мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

1.2 Түүний малчнаар ажилласан нийт 20 жилийн хугацаа болж байна. Шүүхэд хүсэлт гаргагчийн Б аймгийн С сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1996 онд төрсөн охин Айжаны ХААТР маягтад П ыг А ахуйд, мөн 1998, 2000 оны мал тооллогын А карт мөн гарч ирсэн. 2000 оны А картын хавсралтад 1999 оны тоолуулсан малын бүртгэл байна. Мөн шүүхэд түүний малчин мэргэжлийн үнэлэх зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

1.3 Иймд шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Хүсэлт гаргагчийн 1998 оны ХААТР маягтад хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр нормчин гэж бичигдсэн. Мөн түүний 1996 онд төрсөн охины ХААТР маягтад П ыг А ахуйд ажилтан гэж бичигдсэн учраас тухайн хугацаанд мал маллаж, малчин байсан гэж үзэхгүй.

2.2 Тийм учраас шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С сумын 4-р баг 1998 оны эхний гэж бичигдсэн баримт, 2000 оны мал тооллогын баримт, хүсэлт гаргагчийн нэр дээрх Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017-2018, 2020 онуудын тооллого, НДД№00 дугаартай Н дэвтэр, №00 дугаартай Баталгаажилтын хуудас, мөн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон №00 дугаартай Баталгаажилтын хуудас, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00693 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00994 дугаартай шийдвэр, А л, Е гэх хүүхдийн төрсний гэрчилгээ, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлт гаргагчаас өмгөөлөгч С олгосон итгэмжлэл, 2014.10.14-ний өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн болон Хөдөлмөрийн сайдаас олгосон 00 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн IIА№08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүсэлтийн шаардлага багасгах тухай шаардлага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 302/ШЗ2025/00192 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаартай албан бичгээр Хяналтын шалгалтын улсын байцаагч Н т олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 59, 60, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 124 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 12/54 дугаартай албан бичгээр ирүүлсэн П болон түүний 1995-2000 оны хооронд төрсөн хүүхдийн ХААТР маягтууд, аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн С сумын 4 дүгээр багийн мал тооллогын А дансны 2000 оны мал тооллогын баримт, Б аймгийн С сумын газрын даамлын 2025.01.30-ны өдрийн тодорхойлолт, хадлангийн бүртгэлийн холбогдох хэсэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсэг болох хүсэлт гаргагч П ийн Б аймгийн С сумын 4 дүгээр багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоож, үлдсэн тус багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... хүсэлт гаргагч П нь нэгдлийн үеэс малчин байсан бөгөөд насаараа мал маллаж,малчин хүн. Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болж байгаа учир малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарахаар материал бүрдүүлж байгаа. Гэтэл тус аймгийн С сумын мал тооллогын 1995-1999 оны мал тооллогын баримтыг архивд шилжүүлээгүйн улмаас тухайн хугацаандаа мал маллаж малчин байсан нь тогтоогдохгүй байна. Түүнээс болж тухайн хугацаандаа мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан гэж тайлбарлажээ.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нь хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...хүсэлт гаргагчийн 1998 оны ХААТР маягтад хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр нормчин,мөн түүний 1996 онд төрсөн охины ХААТР маягтад П ыг А ахуйд ажилтан гэж бичигдсэн учраас тухайн хугацаанд мал маллаж, малчин байсан гэж үзэхгүй гэж маргажээ.

8.Гэтэл хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн дээрх бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00693 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч П ийн Б аймгийн С сумын Енбекши ауыл нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, тус нэгдэлд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

8.2 Мөн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 130/ШШ2024/00994 дугаартай шийдвэрээр түүний Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосон байна.

8.3 НДД№00 дугаартай Н дэвтрээр 2020 онд, 2021 оны 4-9 дүгээр сар хүртэл, 2022 оны 3-р сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацаанд сайн дурын Н шимтгэл төлсөн байна. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон №00 дугаартай Баталгаажилтын хуудсаар 2017 оныг малчнаар Н шимтгэл төлүүлсэн байна.

8.4 Хүсэлт гаргагчид 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн болон Хөдөлмөрийн сайдаас олгосон 00 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

9.Эдгээр бичгийн нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас өмнөх болон хойших хугацааны тогтоосон үйл баримтууд байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

10.Хэдийгээр Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар албан бичгээр Б аймгийн С сумын мал тооллогын А дансны 1995-1999 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй гэх боловч хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

10.1 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн С сумын мал тооллогын А дансны 2000 оны баримтын 11-рт П , хувийн малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 6, малчин өрх 1, түүний ам бүлийн тоо 6, малчдын тоо 2, 35-59, 35-54 насны эр, эм гэдэг дээр 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж бичиж 2000 онд бүгд 149 толгой мал тоолуулсан талаар бичигдсэн байна.

Уг 2000 оны мал тооллогын хойд тал 11-рт бүгд 80 түүнээс энэ жил буюу 2000 оных 35, өнгөрсөн буюу 1999 оны төл байхгүй ба 2 ба дээш насны гэдэг дээр 2 нас эр хонь 2, 2 насны эм хонь 40, хуц 1, өнгөрсөн жилийн ямаа гэдэг дээр бүгд 51 түүнээс энэ жилийн төл 20, өнгөрсөн жилийн төл байхгүй 2 насны ямаа гэдэг дээр эрэгтэй ямаа 2, 2 насны эмэгтэй ямаа 25 гэж тус тус бичигдсэн байх тул 1999 оны мал тооллогын баримт архивд шилжүүлээгүй байхгүй ч гэсэн 2000 оны мал тооллого дээр 1999 оны зарим малын тоо бичигдсэн байдлыг харьцуулан үзэж 1999 онд хүсэлт гаргагчийг мал маллаж, малчин байсан гэж шүүх дүгнэлээ.

10.2 Мөн архивын тасгаас хуулбарлаж ирүүлэн №02 дугаартай С сумын 4-р баг 1998 оны эхний хагас тоолуулсан малын тооны талаарх бүртгэлийн 30-рт П ийн нэр бичигдсэн бөгөөд оны эхний мал гэдэг дээр нийт 161, түүнээс тэмээ 1, адуу 8, үхэр 16, хонь 72, ямаа 64 гэж бичигдсэн байна.

10.3 Хүсэлт гаргагчийн №00 дугаартай Баталгаажилтын хуудаснаа 1990 оны 12 дугаар сараас 2000 он дуустал хугацааг нөхөн тооцсон зэрэг бичгийн нотлох баримт авагдсан.

11.Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагчийн Б аймгийн С сумын 4 дүгээр багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан нь нотлогдон тогтоогдсон байна.

12.Харин Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/54 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин А ийн эцэг, эхийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр нийгмийн бүлэг болон ажилладаг байгууллага хэсэг нь тус тус бичигдээгүй хоосон байсан ба эрхэлдэг ажил гэдэг дээр А ахуйтан гэж бичигдсэн байна. А ахуйтан гэж бичигдсэнийг харьцуулан үнэлэх бусад бичгийн нотлох баримт байхгүй тул хүсэлт гаргагчийн 1996 онд мал маллаж, малчин байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

13.Иймээс хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагчийн тус аймгийн С сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан нь тогтоогдохгүй байна.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн тус аймгийн С 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан нь тогтоогдохгүй байгаа тул уг хүсэлтийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15.Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 124 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн С сумын газрын даамлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолтоор хүсэлт гаргагчийн 2010 оны хадлангийн газрын хил зааг, хэмжээг, тодорхой бичсэн бүртгэлийн холбогдох хуудсыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг бичгийн нотлох баримт нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас хойших хугацааны бичгийн нотлох баримт байх тул хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

16.Хүсэлт гаргагчаас Б аймгийн С сумын 1994-2000 онд дуустал хугацаанд мал тооллогын баримтыг архивд шилжүүлээгүйн улмаас тухайн хугацаандаа маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

17.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П ийн Б аймгийн С сумын 4 дүгээр багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоож, үлдсэн тус багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ