| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00109/И |
| Дугаар | 302/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 302/ШШ2025/00310
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймаг, Ө сумын 11-р багт үйл ажиллагаа явуулах, А ХХК /Регистрийн дугаар: 00 , захирал Б /-ний нэхэмжлэлтэй, /,
Хариуцагч: Б аймаг, Д сумын 04-р багт оршин суух үндсэн хаягтай,одоогоор Б аймаг, Ө сум 3-р багт түр оршин суудаг, Е, Ер нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авсан өвсний үнээс үлдсэн 5,440,500 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн алданги болох 2,720,250 төгрөг, нийт 8,160,750 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ,
Хариуцагч Е, Ер ,
Хариуцагч нарын өмгөөлөгч А ,
Орчуулагч Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Д сумын 4 дүгээр багийн иргэн Е, Ер нар нь А ХХК-иас 2024 оны 02 сарын 13-ны өдөр 2000 /хоёр мянган/ боодол өвсийг нэг бүрийн үнэ 15500 /арван таван мянган таван зуун/ төгрөгөөр үнэлэн 31000000 /гучин нэгэн сая/ төгрөгийн үнэтэй өвс авахаар гэрээ хийж, үүнээс 551 боодол өвсийг 8540500 /найман сая таван зуун дөчин мянган таван зуун/ төгрөгийн үнээр, зээлээр авч, үүнээс 3,100,000 /гурван сая нэг зуун мянган/ төгрөгийг төлөөд, үлдсэн 5,440,500 /таван сая дөрвөн зуун дөчин мянган таван зуун/ төгрөгийг одоо хүртэл төлөөгүй. Гэрээ ёсоор хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн анзыг нэмж төлөх ёстой ба 5440500x0,5%х 240 хоног=6528600 төгрөгийн анз төлөхөөр байна. Анз нь үндсэн өрийн 50%-иас хэтрэхгүй байх ёстой. 5440500х х50% =2720250 төгрөг анз төлнө. Иймд Е, Ер нараас зээлээр худалдан авсан өвсний үнээс үлдсэн 5,440,500 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн алданги болох 2,720,250 төгрөг, нийт 8,160,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлжээ.
3.Хариуцагч Е, Ер нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... миний эхнэр Ер бол энэ худалдаа хэлэлцээрт огт хамаагүй хүн. Ер нь нэхэмжлэгчийг танихгүй бөгөөд урьд өмнө наймаа худалдаа эрхлэх зэргээр дотно харилцаж байгаагүй. Учир нь, Ер нь би өвс авахад намайг дагаж очсон бөгөөд тэрээр өрхийн тэргүүн намайг өвс худалдагч Б тай наймаа хийж байхад бидний дэргэд байсныг Х нь хөндлөнгийн хүн гэж хэлж тухайн үед гарын үсэг зур гэж хууран мэхэлж байгаад гарын үсэг зуруулсан байна. Өвс авсан маань үнэн хэдий ч надад олон жилийн өмнөх хатаж, тоос шороонд дарагдсан хуучин өвсийг хэдэн ногоон өвсөнд мэдэгдэлгүй хольж ачуулсан гэж үзэж байна. Тухайн үеийн өвсний үнэ ханш 15,000 төгрөг гэж надад хэлж итгүүлэн өвсөө дур мэдэн үнэлж өгсөн байсан. Тодруулбал, орон нутагт тухайн үед нэг боодол өвс нь 10.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Би Б нь нэг боодол өвсний үнийг нь 11,500 төгрөгөөр төлөхөөр болж тэдэнтэй тохирсон болохоор алданги 0,5 хувь хувь гэгчийг төлөхгүй. Нэг боодол өвсийг сүүлд тохирсон 11,500 төгрөгөөр төлөхийг зөвшөөрнө гэж маргажээ.
4.Нэхэмжлэгч А ХХК нь анх шүүхэд хариуцагч Е, Ер нарт холбогдуулан 551 боодол өвсний үнээс үлдсэн болон алдангийн хамт 8,160,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлага ихэсгэж 2024 оны 02 сарын 13-ны өдөр 551 боодол өвсний үнэ 8,540,500 төгрөгийг гэрээний дагуу 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлөх ёстой байсан боловч 3,100,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлж 83 хоног хугацаа хэтрүүлсэн хугацааны алданги 1,286,500 төгрөгийн хамт нийт 9,447,250 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.
Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ихэсгэсэн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага багасгаж анх гаргасан шаардлагаа дэмжиж 551 боодол өвсний үнээс үлдсэн болон алдангийн хамт 8,160,750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүсжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн Татварын хэлтсээс олгосон 00 регистрийн дугаар бүхий А ХХК-ний улсын бүртгэлийн 00 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээгээр тус компанийн гүйцэтгэх захирал Хозбайн Бекболат болох нь тогтоогдож байна.
5.2 Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Зээлээр өвс худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч Е, Ер нар нь нэхэмжлэгч А ХХК-тай харилцан тохиролцож, 2000 боодол өвсийг нэг бүрийн үнийг 15,500 төгрөгөөр тооцож, нийт үнэ болох 31,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр, хэрэв энэ хугацаанд төлбөрөө төлөхгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн анзыг А ХХК-д нэмж төлөхөөр болж талууд харилцан тохиролцсон байна.
5.3 Гэтэл гэрээний дагуу хариуцагч Е, Ер нар А ХХК-аас 2000 боодол өвс бус 551 боодол өвсийг 8,540,500 төгрөгөөр авч, үнээс 3,100,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба түүнд талууд маргаагүй.
5.4 Харин хариуцагч Ер нь тухайн өвсийг би худалдаж аваагүй, нөхөр хариуцагч Е нь худалдаж авсан, би нөхрөө дагаж очиход нэг бичигт гарын үсэг зуруулсан, тэр бичиг нь гэрээ байсан байна. Би мэдэхгүй учраас гарын үсэг зурсан, тиймээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж, хариуцагч Е аас тухайн үед орон нутгийн ханш 10,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад нэхэмжлэгчээс намайг хууран мэхэлж 15,500 төгрөгөөр өгснийг мэдээд 3 хоногийн дараа Б болон Х нартай уулзаж өвсний талыг ав, наймааг буцаая гэхэд нэг боодол өвсний үнийг нь 11,500 төгрөгөөр төлөөрэй гэсэн тул сүүлд тохирсон 11,500 төгрөгөөр зөвшөөрнө гэж тус тус маргажээ.
5.5 Гэвч талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 13-ний өдөр байгуулагдсан Зээлээр өвс худалдах-худалдан авах гэрээндээ хариуцагч Ер гийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Монгол улсын иргэний үнэмлэх, мөн хариуцагч Е ын Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагааг тус тус хавсаргасан мөн хариуцагч Ер гөөс гэрээндээ зурсан гарын үсгийг үгүйсгээгүй болно.
Иймээс Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтад Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул хариуцагч Ер гийн нэг бичигт гарын үсэг зуруулсан, би мэдэхгүй учраас гарын үсэг зурсан, тиймээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох ёстой гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болно.
5.6 Талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 13-ний өдөр байгуулагдсан Зээлээр өвс худалдах-худалдан авах гэрээний 1.1 дэх заалтад нэхэмжлэгч А ХХК-аас нэг боодол өвсний нэг бүрийн үнэ 15,500 /арван таван мянга таван зуун/ төгрөг байхаар бичсэнийг хариуцагч нар зөвшөөрч гэрээндээ гарын үсэг зурж, улмаар 2000 боодол өвс бус 551 боодол өвс авч, түүний үнэ 8,540,500 төгрөгөөс 3,100,000 төгрөгийг төлсөн, мөн гэрээний доод талд 2000 боодол өвсийг зөвхөн шар өнгийн өвснөөс олгоно, ногоон өвс гарч иртэл авч дуусгах ёстой, тохиролцсон гэдэг дээр хариуцагч Е нь гарын үсэг зурсан байх ба түүнийг хариуцагч нараас үгүйсгээгүй.
5.7 Хариуцагч Е нь тухайн үед орон нутгийн ханш нэг боодол өвсний үнэ 10,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад нэхэмжлэгчээс намайг хууран мэхэлж 15,500 төгрөгөөр өгснийг мэдээд 3 хоногийн дараа Б болон Х нартай уулзаж өвсний талыг ав, наймааг буцаая гэхэд нэг боодол өвсний үнийг нь 11,500 төгрөгөөр төлөөрэй гэсэн тул сүүлд тохирсон 11,500 төгрөгөөр төлөхийг зөвшөөрнө гэж тайлбар гаргасан боловч уг татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй болно.
6.Дээрх үйл баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж өвс худалдах, худалдан авах гэрээгээ бичгээр байгуулсан байжээ.
7.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Е, Ер нараас 551 боодол өвсний үнээс үлдсэн 5,440,500 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй ба хариуцагч нар гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй байна.
8.Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Зээлээр өвс худалдах-худалдан авах гэрээний 2.3 дахь заалтад гэрээндээ заасан хугацаандаа зээлээр авсан өвсний үнийг төлж чадахгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн анз /алданги/-ийг нэмж төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.
Хариуцагч Е, Ер нар нь худалдаж авсан өвсний үнийг гэрээний 2.2 дахь заалтад зааснаар 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр болж гэрээ байгуулсан боловч төлөөгүй буюу тухайн хугацаанаас нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 246 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул өвсний үнээс үлдсэн 5,440,500 төгрөгөөр тооцоход анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.
Иймээс нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар өвсний үнээс үлдсэн 5,440,500 төгрөгийн 50% болох 2,720,250 төгрөгөөр тооцож хариуцагч нараас алданги нэхэмжилснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Е, Ер нараас худалдан авсан өвсний үнээс үлдсэн 5,440,500 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн алданги болох 2,720,250 төгрөг, нийт 8,160,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн (145,522+35,426) 180,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 145,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Е, Ер нараас худалдан авсан өвсний үнээс үлдсэн 5,440,500 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 2,720,250 төгрөг, нийт 8,160,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е, Ер нараас улсын тэмдэгтийн хураамжид 145,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ