| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06790/N |
| Дугаар | 191/ШШ2025/03145 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/03145
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Б... овогт Д...ын Э... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт байрлах, “БГ” Холбоо /БСБ/-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие хариуцагч ... цэцэрлэгтэй "Төлбөртэй сургалт"-ын гэрээ байгуулан, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр 2023-2024 оны хичээлийн жилд охин Э.Ц...нийг сургахаар тохиролцон 4,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Манай охин Э.Ц... тус цэцэрлэгийн ... бүлэгт сүүлийн 2 жилийн хугацаанд суралцаж байсан ба тус цэцэрлэгийн буюу охины маань ангийн багш охиныг удаа дараа зодож, бие сэтгэлийн хүчирхийлэл үйлдээд байсан тул бид цэцэрлэгийн багш нарт болоод удирдлагуудад удаа дараа гомдол хүсэлт гаргаж байсан ба бидний гаргасан гомдлын дагуу ангийн багшид сахилгын арга хэмжээ авч ажлаас нь халсан байдаг. Улмаар охин маань олон удаагийн зодуурт өртөж, цэцэрлэгтээ явах дургүй болж, багш нараасаа айж бие, сэтгэл санааны багагүй хохирол амссан юм. Энэ асуудлыг зүгээр орхих ямар ч боломжгүй бөгөөд тус цэцэрлэг багшаа сольсон ч хүүхэд зодох асуудалд нэг мөр арга хэмжээ авч чадахгүй байсан тул бид дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, хүүхдийн эрхийг хамгаалах 108 төв зэрэгт хандаж байсан ба хүүхдийн эрх ашгийг хамгаалахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол хүргүүлж ажилласан байдаг. Тус цэцэрлэгийн багш хүүхэд зодохдоо камергүй хэсэг буюу 00 өрөөнд оруулж зоддог байсан байх бөгөөд охины биед учирсан шарх эдгэрсэн боловч сэтгэл санаанд учирсан хохирол нь арилахгүй байнгын айдас түгшүүртэй, орой үдэш айж уйлдаг, хүний хөдөлгөөнөөс дальдчин цочдог болсон.
Төлбөртэй сургалтын гэрээ ёсоор бол цэцэрлэг нь ерөний боловсролын сургуульд бэлтгэх сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хүрээнд өөрийн цэцэрлэгийн алсын хараа онцлогт тулгуурласан цогц хөтөлбөрөөр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах, сурч боловсрох үндсэн эрхийг дээдэлж, ил тод, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулах байсан. Гэтэл энэ үүргээ ч биелүүлээгүйн зэрэгцээ хүүхдийг зодох, загнаж дарамтлах үйл ажиллагаа явуулж байсанд нь туйлын их гомдолтой байгаа болно. Энэ байдлаас үүдэн тус цэцэрлэгт охиноо сургахаа больж, 2023 оны 12 сараас огт явуулаагүй. Иймээс цэцэрлэгтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 4,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжпэл гаргаж байна.” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэгч ... нь нэхэмжлэлийн шаардлагын 4,000,000 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ... нь 3,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э... нь хариуцагч “БГ” Холбоо /БСБ/-д холбогдуулан, гэрээнээс татгалзаж, 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “БГ” Холбоо /БСБ/ нь 3,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийн 43,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Э...ын нэхэмжлэлтэй, “БГ” Холбоо /БСБ/-д холбогдох, гэрээнээс татгалзаж, 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “БГ” Холбоо /БСБ/ нь 3,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийн 43,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Э.-т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА