Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0240

 

 

 

 

 

 

 

   2025          04            07                                    128/ШШ2025/0240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Т******* /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж /РД: *******/

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* нарын хооронд “Гын Т*******д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай ашиглах эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийг шилжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Гын Т*******д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай ашиглах эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийг шилжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах”

  Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Г.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Иргэн Хиад боржигин овогт Гын Т******* /РД:*******/ миний төрсөн эцэг Сын Г /РД:*******4/ нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/256 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж, ашиглах зориулалтаар гэрээ байгуулж авсан байдаг.

2.2. Г.Т******* миний төрсөн эцэг С.Г нь тухайн газрыг хууль, журам, дүрэмд заасан зориулалтын дагуу ашиглаж, эзэмшиж байгаад 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өвчний учир нас барсан билээ.

2.3. Нэхэмжлэгч миний бие Монгол Улсын холбогдох хуульд заасны дагуу өөрийн төрсөн эцэг С.Гын эзэмшиж, ашиглаж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай газрыг өвлөх эрхийн дагуу ашиглаж, эзэмших эрхийг шилжүүлж авах нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж, холбогдох байгууллага, албан тушаалтан /Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам/ нар хүсэлтээ хүргүүлж шийдвэрлүүлэх гэсэн боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Монгол Улсын иргэн Г.Т******* миний Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжоор хамгаалагдаж, олгогдсон газар эзэмших эрхэнд эс үйлдэхүйгээр хууль бусаар халдаж, иргэн миний өвлөх эрх болон газар эзэмших, ашиглах эрхэнд халдаж, иргэн миний өвлөх эрх болон газар эзэмших, ашиглах эрхэнд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад маш ихээр гомдолтой байна.

2.4. Нэхэмжлэгч миний бие 2024 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандаж өргөдөл гаргасан боловч Монгол Улсын Үндсэн хууль, Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариуг амаар, бичгээр баталгаат шуудангаар өнөөдрийг хүртэл ирүүлэхгүй, бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хариуцсан н.Б******* /*******/-тай утсаар болон биечлэн очиж 4-5 удаа уулзаж хариуг авах шаардлага тавьсан боловч Таны асуудлыг одоохондоо шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгч нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

2.5. Иймд Иргэн Хиад боржигин овогт Гын Т******* /РД:*******/-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай газрыг эзэмшиж, ашиглах эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах, газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Т*******ийн аав С.Г нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлоод байгаа газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байсан. Газрыг эзэмшиж, ашиглаж байсан С.Г нь нас барсны дараагаар Г.Т******* нь С.Гын төрсөн ах дүү нараас татгалзлыг нь аваад хуульд заасан журмын дагуу нотариат дээр очиж өвөө нээлгүүлсэн байдаг. Өв нээлгүүлээд харьяа шат шатны байгууллагад хандаж хүсэлтээ гаргасан. Хан-Уул дүүргийн дархан цаазат газрын захиргаанаас Г.Т*******ийн хүсэлтийн дагуу өв нээх боломжтой байна гээд хүсэлтийг дээд шатны байгууллагадаа уламжилсан.

2.7. Гэтэл дээд шатны газар нь хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэх хариуг өгсөн. Уг хариу дээр Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч өөрөө хүсэлтээ гаргах эрхтэй учраас уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хууль бус хариуг өгсөн байгаа. Бид уг хариуг хүлээн аваад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамд хандсан боловч уг асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Үүний дагуу газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй байгаа учир тухайн газрыг Г.Т*******ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Зөвшөөрлийн тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар 5 жил хүртэлх хугацаагаар газар эзэмших эрх олгодог. Газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргасны дараагаар тухайн газар ашиглагч нь нас барсан гэх мэдээлэл ирсэн бөгөөд түүний хүүхэд нь эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргасан.

3.2. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 18-д байгалийн баялаг төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газар ашиглах эрхийг бусдад дамжуулан ашиглахыг хориглоно гэсэн хориглох заалтад оруулсан байдаг. Тийм учраас бусдад шилжүүлэх бүрэн эрх нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд олгогдоогүй байдаг учир хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй.

3.3. Энэ талаар нэхэмжлэгч нь бичгээр хүсэлтээ гаргаад холбогдох мэргэжилтэнтэй уулзсан байсан бөгөөд шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг амаар өгсөн байсан. Иймд Г.Т******* рүү шилжүүлэх хууль зүйн боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

              Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:

    1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 50-д С*******ын Гт газар ашиглах зөвшөөрөл олгож шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 56-59 дэх талд), С*******ын Г нь газар ашиглах гэрчилгээ олгож өгөх тухай хүсэлтийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байна. (Хавтаст хэргийн 52-55 дахь тал), уг хүсэлтийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр газар ашиглах гэрчилгээ олгосон байна(Хавтаст хэргийн 60-61 дэх тал).
    2. С*******ын Г нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан ба түүний хүү болох нэхэмжлэгчид Нийслэлийн тойргийн нотариатчаас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна(Хавтаст хэргийн 8 дугаар тал).
    3. Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийг өвлүүлэн, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан(Хавтаст хэргийн 63 дугаар тал)-ны хариуд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 725 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт “өв шилжүүлэх, газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтийг хүргүүлж байна” гэсэн санал хүргүүлсэн байна (Хавтаст хэргийн 7 дүгээр тал).
    4. Нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “Газар ашиглах гэрээ дүгнэсэн акт гаргуулах”-аар хүсэлт гаргасан(Хавтаст хэргийн 74 дүгээр тал)-ыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 858 дугаар албан бичгээр “...2015 оноос хойш Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулаагүй тул газар ашиглах гэрээ дүгнэх боломжгүй байна. Иймд газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлт шийдвэрлэгдсэний дараа гэрээг шинээр байгуулан гэрээний биелэлтийг дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дүгнүүлэх хүсэлт гаргах боломжтой” гэх хариу(/Хавтаст хэргийн 77 дугаар тал)-г өгсөн байна.
    5. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах эрх сунгуулах хүсэлт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандсан(Хавтаст хэргийн 84 дүгээр тал) боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08/988 дугаар албан бичгээр “газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг газар ашиглагч нь гаргах эрхтэй” (Хавтаст хэргийн 83 дугаар тал) гэх хариуг өгсөн байна.
    6. Дээрх үйл баримтуудыг дүгнэхэд нэхэмжлэгчийн эцэг нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг 2015 онд авсан ба газар ашиглах гэрээ байгуулагдаагүй, газар ашиглах эрхийн хугацаа нь дуусгавар болсон байх ба уг хугацааг сунгуулах, гэрээг дүгнүүлэх талаар нэхэмжлэгч хамгаалалтын захиргаа болон Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд хандсан байх ба тус газруудаас холбогдох хариуг өгсөн байна.
    7. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандан “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай ашиглах эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү” (Хавтаст хэргийн 6 дугаар тал) гэх өргөдлийг гаргасан байх ба уг өргөдлийг шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй, шилжүүлсэн шийдвэр гаргахыг даалгуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Шүүхээс шийдвэрлэсэн дүгнэлт:

2.1. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “...өөрийнх нь төрсөн эцгийн нэр дээр байсан газрын ашиглах эрхийг өв нээгдсэн учир шилжүүлэн авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийн дагуу шилжүүлээгүй нь хууль бус...”, хариуцагчаас “...тусгай хамгаалалттай газарт нутагт газар ашиглах эрхийг бусдад хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэн ашиглуулахыг хориглосон учир шилжүүлсэн шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.

2.2. Газар ашиглах эрхийн тухайд: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно”, 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” гэж зааснаас үзэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд газар ашиглахыг хүссэн этгээд нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу тухайн газрынхаа аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх, ямар байдлаар хэрэглэхээ гэрээндээ тодорхой зохицуулж заасан байхаар хуульчилсан байна.

2.3. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох тухайд: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.12-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”,  35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зохицуулсан байна.

2.4. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд тусгай хамгаалалттай газар нутагт иргэнд газар ашиглах эрх олгох үндсэн зарчим нь “сонгон шалгаруулалт”-аар олгох, тухайн газар ашиглах эрх авахыг хүссэн этгээдээс сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах, түүний оролцсон сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн газар ашиглуулах тухай шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, шалгарсан иргэд хамтран гэрээ байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэснээр ашиглах эрх нь хуулийн дагуу олгогдохоор байна.

2.5. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зохицуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүссэн этгээдэд тус эрхийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгож эрхийг нь баталгаажуулж, тухайн газрын ямар ашигт чанарыг нь хэрхэн хэрэглэх талаар тухайлан тусгасан гэрээг байгуулсны үндсэн дээр ашиглах эрхтэй болох талаар хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох “...өөрийнх нь төрсөн эцгийн нэр дээр байсан газрын ашиглах эрхийг өв нээгдсэн учир шилжүүлэн авах эрхтэй...” гэх үндэслэлээр хариуцагч нь газар ашиглах эрхийг түүнд шилжүүлэн олгох шийдвэр гаргах нь хуульд нийцэхээргүй байна.

2.6. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно” гэж зохицуулснаас үзэхэд газар ашиглах эрх авсан газар ашиглагч нь бусдад өөрийн газраа хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэн ашиглуулахыг хориглосон байх ба ийнхүү шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг мөн энэхүү заалтаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хориглосон байх тул өв нээгдсэн байхад шилжүүлэх шийдвэр гаргалгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх тайлбарыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй.

2.7. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүл*******” заасан эрхүүдийг үзэхэд газар эзэмшигчийн хуулиар олгосон зарим эрх, үүрэгтэй адил байх боловч мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан эрхүүдийг хуулиар олгоогүй байгаагаас үзэхэд газар ашиглах эрхийн тухайд уг эрхийг газар ашиглагчаас бусдад шилжүүлэх, газар ашиглах шийдвэр гаргасан этгээдээс түүнийг бусдад шилжүүлэх тухай шийдвэр гаргах нь хориглогдсон гэж үзэхээр байна.

2.8. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-д Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагааг  тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх талаар зохицуулж, 8.1.18-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” олгохоор зохицуулсан, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 19-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно” гэж зааснаас үзэхэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэхийг мөн хориглосон байх тул хариуцагчаас гаргасан “...тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг бусдад хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэн ашиглахыг хориглосон учир шилжүүлсэн шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

2.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс гаргасан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандан “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай ашиглах эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж бичгээр хариу өгөөгүй эс үйлдэхүйг гаргасан нь хууль бус боловч дээрх үндэслэлүүдээр хүсэлтэд дурдсан тусгай хамгаалалттай газрыг өв нээгдсэн гэдэг үндэслэлээр шилжүүлэн олгох тухай шийдвэр гаргах эрхийг хуулиар хариуцагчид олгоогүй, мөн тухай газрын ашиглах эрхийг хуулиар шилжүүлэн ашиглахыг хориглосон байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагчид даалгасан шийдвэрийг шүүхээс гаргах хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 19-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Т*******ээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан   “Гын Т*******д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай ашиглах эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийг шилжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХ-ӨЛЗИЙ