2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, “НБ” ХК /РД:.../-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Г...ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.Гантулга нь 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр Голомт банктай Цахим зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү цахим зээлийн гэрээний хүрээнд дижиталаар ... тоот данс үүсгэн 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 130 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,357,398.92 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Д.Г...ыг банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ ... тоот хаягт оршин сууж байсан бөгөөд одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/Ш32025/01323 тоот захирамжаар тус хаягт бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй нь  тодорхойлогдож байгаа тул Д.Г..-ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.Г...-ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “ГБ” ХК, Д.Г...хооронд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан R000655397 дугаартай “Дижитал зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШЗ2025/01323 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/15162 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Д.Гантулгын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан.

 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ГБ” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Д.Г...-г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ... хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Г..-ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,375,398 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, “ГБ” ХК, Д.Г... хооронд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан R000655397 дугаартай “Дижитал зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Д.Г... нь хүсэлт гаргагч “ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/15162 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Д.Г...-ын Иргэний оршин суугаа гаязрын хаягийн лавлагаа, үнэмлэхийн лавлагаа баримтад тодорхойлсон ... тоот хаягт Д.Г... нь оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШЗ2025/01323 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар  тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Д.Г...-ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан .... овогт Д...-ийн Г.../РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Д.Г..-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “ГБ” ХК-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.БАЯРМАА