2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03178

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ... овогт Г...-ийн Б... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ... овогт Э...ын Б... /РД:..../-д холбогдох,

гэм хорын хохиролд 11,336,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... би 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15:43 цагийн үед Lexus RX 450 маркийн, 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, 127 дугаар сургуулийн зүүн урд замд замын хөдөлгөөнд оролцож явах үед Toyota prius маркийн, 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Э.Б... нь эсрэг урсгалаас орж ирээд миний машины зүүн талаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Э.Б...-ийн буруутай үйлдэл нь Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдсон.

“Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр миний машинд 15,750,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар Э.Б... бид нар ярьж тохиролцон, Э.Б... нь хохирлыг надад төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Иймд хариуцагч Э.Б...-оос нийт 11,336,950 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Э.Б... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Г.Б...-ийн нэхэмжилсэн 11,336,950  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Г.Б... нь хариуцагч Э.Б...д холбогдуулан, гэм хорын хохиролд 11,336,950 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б... нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,336,950 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,350 төгрөгийн 96,675 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 96,675 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 96,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б...-т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.Б...-ийн нэхэмжлэлтэй, Э.Б...-ид холбогдох, гэм хорын хохиролд 11,336,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч  Э.Б... нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,336,950 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 193,350 төгрөгийн 96,675 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 96,675 төгрөгийг, хариуцагч Э.Б...-оос 96,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Б...-т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ШҮҮГЧ                                     З.БАЯРМАА