2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/03304

 

 

 

 

 

 

                            2025          04           21

                       191/ШШ2025/03304

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, .....тоот хаягт оршин суух, Ц******* овогт Г******* Г******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ...... хаягт оршин байрлах “М*******,*******” ТӨААТҮГ /рд:*******/-д холбогдох,

  

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2025 оны 01, 02 дугаар сарын цалин орлогыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Г.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.М*******, өмгөөлөгч Б.Л нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2005 онд ОХУ-ын “Э”- ийг төгссөн, “Р” мэргэжилтэй. Г.Г******* миний бие нь анх 2006 оны 12 дугаар сард “М*******,*******” ТӨААТҮГазрын “Судалгаа хөгжлийн алба”-нд “Судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оноос 2013 онуудад тус газрын “Бизнес хөгжүүлэлтийн алба”-нд “Танин мэдэхүйн төв хариуцсан ажилтан”, 2013 оноос 2015 онуудад “Захиргаа, хүний нөөцийн газар”- т “Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”, 2015 оноос 2019 онуудад “Захиргаа, хүний нөөцийн газар”-т “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”, 2019 оноос 2020 онд “Захиргаа удирдлагын хэлтэс”-т “Хүний нөөцийн мэргэжилтэн”, 2020 оноос 2024 онуудад “Захиргаа, удирдлагын хэлтэс”-т хэлтсийн даргын албан тушаалыг тус тус хашиж ирсэн.

Г.Г******* миний бие тус байгууллагад ажиллах хугацаанд Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Аутсорсингийн баримтлах чиглэл боловсруулах”, “Монгол Улсын бизнесийн байгууллагуудын м******* технологийн хэрэглээг тодорхойлох” судалгаа, хүүхэд залууст м******* технологийн хөгжил дэвшлийг танилцуулах “С” төслийг хэрэгжүүлж, хяналт тавин хүлээж авах, БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” байгуулах төслийг байгууллага дээрээ хэрэгжүүлж тус төвийг байгуулах, 2014, 2024 онд Азийн шинжлэх ухааны паркуудын хурлыг Монгол Улсад зохион байгуулах, “I-2023” арга хэмжээ зохион байгуулах зэрэг томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж ирсэн.

Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар 2016 онд томилогдон 5 сар ажилласан бол 2020 онд дахин томилогдон 2024 оны 12 дугаар сарыг хүртлэх хугацаанд ажиллахдаа одоогийн ЦХИХХЯ болон ТӨБЗГ-ын хамтарсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгууллагын статусын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиглэлийг тодорхойлох судалгааг гүйцэтгэх, жил бүрийн зорилтот түвшин эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг батлуулах,  захирлын контрактын гэрээний биелэлтийн хангуулж, тайлагнахад хүчин чармайлт гарган ажилласаар ирсэн байна.

Гэтэл 2024 оны 11 дүгээр сард сард “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлаас"... Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн өмчийн удирдлага, засаглал хяналтын тогтолцоог сайжруулах, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтад засаглал, ил тод байдал, конплаенсийн болон гүйцэтгэлийн үнэлгээ, дотоод аудитын хяналт хариуцсан удирдлагын чиг үүргийг бий болгож, холбогдох хуульд заасан журмын дагуу шаардлага хангасан эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Засгийн газрын холбогдох гишүүд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.У, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.О, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ... Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны дүгээр тэмдэглэлээр хэлэлцэн шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал гүйцэтгэх захирал нарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан ...”.

“... Иймд “М*******,*******” ТӨААТҮГазрын зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн чиг үүргийн дагуу Г.Г******* миний ажиллаж байгаа “Захиргаа удирдлагын хэлтсийн дарга”-ын албан тушаалын орон тоог бүтцийн өөрчлөлтөд оруулан өөрчилж байгаа тул Г.Г******* намайг тухайн албан тушаалаас чөлөөлөх шаардлагатай болсныг 2024 оны 12 дугаар сарын эхээр мэдэгдсэн бөгөөд дээрх нөхцөл байдалтай уялдуулан "... Г.Г******* намайг бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлт ...”- ийг өөрөө бичиж өгөхийг шаардсан.

Нэхэмжлэгч Г.Г******* миний зүгээс “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлаас тавьж буй дээрх хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд "... Өөрөө хүсэлт бичиж өгөх ...” шаардлагыг удаа дараа эсэргүүцэж, няцаасан болов ч удирдлагын зүгээс хууль болон хөдөлмөрийн дотоод журмаар олгогдсон давуу эрхийн хүрээнд удаа дараа хууль бусаар шаардаж тулгасны эцэст Г.Г******* миний бие 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "... Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлт ...”-ийг удирдлагын шахалтаар бичсэн.

Г.Г******* миний зүгээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрх байдлаар “... Бүтцийн өөрчлөлтэй холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлөгдөх ...” хүсэлт гаргасны дагуу “М*******,*******” ТӨААТҮГазрын захирал нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай “Г.Г*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргасан. “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.11 дэх хэсгүүд, “Хөдөлмөрийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3 дахь заалт, “М*******,*******ийн  дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.12.16 дахь заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6, 4.7 дахь хэсгүүд гэж тодорхойлсон бөгөөд гомдол гаргагч Г.Г******* миний зүгээс “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүлээн авч танилцаад дээрх тушаалд дурдсан хууль зүйн үндэслэлүүд, “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлаас 2024 оны 11 дүгээр сард Г Г******* надад тайлбарлаж мэдэгдсэн нөхцөл байдлуудтай нийцэхгүй Г.Г******* намайг илт хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг олж мэдсэн.

Тодруулбал:

Г.Г******* миний зүгээс 2024 оны 11 дүгээр сараас эхлэн “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлаас тавьсан удаа дараагийн хууль бус шахалт, шаардлагын дагуу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх тухай ...” хүсэлт гаргасан. Ажил олгогчийн зүгээс ч мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг үндэслэн байгууллагад бүтцийн өөрчлөлт явуулах гэж байгаа талаар тайлбарлаж, мэдэгдэж байсан болов ч дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлүүд нь Г.Г******* намайг ажлаас чөлөөлсөн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тушаалд огтоос тусгагдаагүй байсан.

Гэсэн атлаа Г.Г******* миний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан ”... Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх тухай ...” хүсэлтийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болголгүй тушаалын хууль зүйн үндэслэлд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 “... Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан ...”, 79 дүгээр зүйлийн 79.1 “... Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй ...” гэх хууль зүйн зохицуулалтыг үндэслэл болгон ажилтан Г.Г******* миний биеийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө сайн дураараа гаргасан мэт үйл баримтыг дүгнэж, ажилтныг төөрөгдөлд оруулж хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна.

Хэрэв “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлаас 2024 оны 11 дүгээр сард Г.Г******* надад тавьж тайлбарласан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг үндэслэн тус байгууллагад бүтцийн өөрчлөлт орж Г.Г******* миний эрхэлж байсан “Захиргаа удирдлагын хэлтсийн дарга”-ын албан тушаал хасагдаж байгаа тохиолдолд Г.Г******* миний биеийг ажлаас чөлөөлж буй “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлд дээрх бүтцийн өөрчлөлтийн үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгүүд бүхэлдээ тусгагдаж, тушаалын хууль зүйн үндэслэлүүд өөр байдлаар тодорхойлогдох хууль зүйн үр дагавар үүсгэнэ.

Гэтэл ажил олгогчийн зүгээс тушаалын хууль зүйн үндэслэлээ дээрх байдлаар тодорхойлж чадаагүйгээс гадна Г.Г******* миний эрхэлж байсан “Захиргаа удирдлагын хэлтсийн дарга”-ын албан тушаал нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бүтцийн өөрчлөлтөд ороогүй хэвээр хадгалагдсаар байгаа нь Г.Г******* намайг ажлаас чөлөөлсөн “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тушаал нь хууль бус болохыг нотлон харуулж байна.

Иймд нэхэмжлэгч Г.Г******* намайг ажлаас чөлөөлсөн “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, Г.Г******* намайг урьд эрхэлж байсан “М*******,*******" ТӨААТҮГазрын “Захиргаа удирдлагын хэлтсийн дарга”-ын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 01 дүгээр сарын цалин орлогыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулахыг “М*******,*******” ТӨААТҮГазарт даалгаж өгнө үү.

Жич:

1.              Нэхэмжлэгч Г.Г******* миний зүгээс ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн “М*******,*******” ТӨААТҮГазрын захирлын 2024  оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь эс зөвшөөрч хуульд заасан эрхийн хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид мөн 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талд хороонд тус тус хандаж гомдол гарган маргааны зүйлийн талаар урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 01/107 дугаартай албан бичгээр Шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү ...” гэх хариу, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийдвэрээр “Хөдөлмөрийн эрхийн маргааны талаар харилцан тохиролцоогүй тул шүүхэд хандан шийдвэрлүүлж болно ...” гэх дүгнэлт тус тус гарсан тул Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд шүүхэд энэхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.

2.              Нэхэмжлэгч Г.Г*******ийн зүгээс тус шүүхэд хандаж 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдөр дээрх нэхэмжлэлээ анх гаргасан бөгөөд шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дугаар захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсгүүдэд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талд хорооны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийдвэрийг нэхэмжлэлд хавсаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн заалтыг бүрэн хангаж дахин нэхэмжлэлээ гаргаж байгааг хүлээн авна уу.

 

1.1.        2005 онд ОХУ-д инженерээр төгссөн. Анх судалгааны мэргэжилтнээр ажилласан. 2020-2024 онд хэлтсийн даргаар ажилласан. Ингэхдээ судалгаа, төсөл хэрэгжүүлж байсан. Азийн шинжлэх ухааны хурлыг зохион байгуулах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байсан. 2024 оны 11 сард хариуцагчийн захирлаас зохион байгуулалт өөрчлөх арга хэмжээ авах болсон. 2006 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн. Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ЗГХЭГ-н албан бичгийн талаар нэхэмжлэлд дурдсан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, албан бичгийн дагуу захиргаа удирдлагын хэлтсийн даргын орон тоо цомхотгосон талаар мэдэгдсэн. Ингээд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичиж өгөхийг шаардсаныг зөвшөөрөөгүй. Улмаар удаа дараа шаардсан тул бүтцийн өөрчлөлтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөх хүсэлт өгсөн. Үүний дагуу ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Уг тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43, 78, 79, 80-д зааснаар байсан. Мөн хөдөлмөрийн дотоод журмыг дурдсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү тушаалыг хүлээн аваад хариуцагчийн захирлын тайлбараас зөрүүтэй байсан. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 1, 2 сарын цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. Тушаалд холбогдох хуулийг буруу хэрэглэсэн гэв.

 

2.            Нэхэмжлэлийн үндэслэл нь ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж байгаа юм. Тушаалын үндэслэл дээр холбогдох хууль болон хүсэлтийн дагуу хууль зүйн үндэслэл бүрдсэн. Өөрөө хүсэлт гаргасан тул хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. Өөрөө хүсэлт гаргачхаад үндэслэлгүй чөлөөлсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан өөрөө хүсэлтээ гаргаж өгсөн гэж байна. Хариуцагчийн зүгээс албадан хүсэлт бичүүлсэн зүйл байхгүй. Хүний хэлснээр хүсэлт гаргах боломжгүй. Тушаалд хүсэлтийг үндэслэж чөлөөлсөн талаар дурдсан.

 

2.1.        Нэхэмжлэлтэй танилцлаа. Тушаал нь хүсэлтийн дагуу гараагүй гэж байна. Иймд тушаал үндэслэлтэй байна. Хэрэгт дарамт үзүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй. Нотлох баримтгүй нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дүгээр захирамж /ХХ6-11/, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны дүгээр шийдвэр /ХХ12-16/, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалын хуулбар /ХХ18/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /ХХ19/, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн хуулбар /ХХ20/, 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тушаалын хуулбар /ХХ21/, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр тушаалын хуулбар /ХХ22/, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/15 дугаар тушаалын хуулбар /ХХ23/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /ХХ24-36/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Г.Г******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2025 оны 01, 02 дугаар сарын цалин орлогыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч “М*******,*******” ТӨААТҮГ нь ажлаас чөлөөлөх тушаал нь ажилтны өөрийн хүсэлтийн дагуу хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж маргасан.

 

4.            Нэхэмжлэгч нь М*******,*******ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан болох нь тус паркийн захирлын мөн өдрийн дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна. /ХХ22/

Улмаар тус паркийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /ХХ18/

 

5.            Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны дүгээр шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч нь мөн оны 01 дүгээр сарын 24-ны өдөр тус хороонд гомдол гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй. /ХХ12-16/

Цаашлаад уг шийдвэрт дурдсанаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаан болсон гэх боловч шийдвэрийг 10-ны өдрөөр огноолсон байна. Энэ талаар зохигч маргаагүй.

Уг хуралдаанд нэхэмжлэгч оролцсон гэж тайлбарлаж байх бөгөөд шийдвэрийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гардан авч 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй.

 

6.            Нэхэмжлэлд дурдсанаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан байна.

Хэдийгээр хариуцагч нь энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч гурван талт хорооны дээрх шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг удирдлагын шахалтаар бичсэн тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан эсэх үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

 

7.            М*******,*******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг үндэслэсэн байх тул хэлбэрийн шаардлага хангаж байна.

Улмаар тушаалын 1 дэх заалтаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэсэн гэж дурдсан байх тул үндэслэл бүхий гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэлийг тайлбарлажээ.

7.1.        Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг албадан буюу шахалт үзүүлэх замаар бичүүлсэн гэх тайлбар нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.

 

8.            Иймд ажлаас чөлөөлөх тушаал нь нэхэмжлэгчийн чөлөөлөгдөх тухай хүсэлтийн дагуу үндэслэлтэй гарсан байх тул хууль бус гэж үзэхгүй. Уг тушаал нь нэгэнт хуульд заасан шаардлагыг хангаж, үндэслэлтэй гарсан байх тул өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй. Улмаар ажилд  эгүүлэн томилох үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд олговор нөхөн олгох бөгөөд ийнхүү олговор олгогдсоноор холбогдох хуульд зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, нөхөн бичилт хийх асуудалд яригдах юм.

 

9.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон асуудлаар үүссэн маргаан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар хариуцагч “М*******,*******” ТӨААТҮГ-т холбогдох 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2025 оны 01, 02 дугаар сарын цалин орлогыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулахыг даалгах тухай нэхэмжлэгч Г.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД