2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/03069

 

 

 

 

 

 

 

 

                           2025         04          11

                       191/ШШ2025/03069

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар багт оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин суух, О******* овогт Э******* М******* /рд:*******/-т холбогдох, 

 

Газар доорх цахилгааны шугам тасалсан гэм хорын хохиролд нийт 72,682,626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, иргэдийн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М нар оролцов.

 

                        ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэлт тайлбар, түүний төлөөлөгч Г.М*******, Т.Э******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн

Э.М******* нь Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай орон сууцны барилга барих ажлын хүрээнд био нойл барихаар газар шорооны ажил хийх явцдаа Бурхант дэд станц ЯЧ№29 тэжээлтэй 6кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламжийн ЯЧ№9, 11 хос кабель шугамыг гэмтээж тасалсан. Тухайн гэмтэл, зөрчил гарсан даруйд технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс газар дээр нь ажиллаж гаднын нөлөөтэйгөөр кабель шугам тасалсан зөрчлийг бүртгэж, бригад ажиллан гэмтлийг түр хугацаанд устгасан.

Кабель шугамын трасс дээр буюу ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд уг ажлыг гүйцэтгэгч нь шугамын ашиглалтын байгууллагаас бичгээр зөвшөөрөл авч, кабель шугамын трассыг тодорхойлуулж ажил үүрэг гүйцэтгэх үүрэгтэй. Гэвч тус иргэн холбогдох хууль, дүрмийн шаардлагыг биелүүлэхгүй ажилласны улмаас дээрх РП-10 ХХБ-ийн ЯЧ№9, 11 гэсэн 2 хос кабель шугамыг тасалж гэмтээсэн болно.

Дархан хот үүсэн байгуулагдсанаас хойш 60 гаруй жилийн хугацаанд кабель шугамын насжилт, элэгдэл хорогдлын хугацаа дуусаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 6кВ-ын кабель шугамыг ДСЦТС ХК-с их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд шат дараатайгаар шинэчлэн засварлаж ирсэн.

Иргэн Э.М*******ын тасалж гэмтээсэн 2 хос кабель шугамыг 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шинэчлэн мөн оны 11 дүгээр сарын 20-ны хугацаанд их засварын хүрээнд ашиглалтад оруулсан бөгөөд кабелийн насжилтын хугацаа 12 жил буюу /шинэвтэр/ кабелийг тасалж гэмтээсэн тул шугамыг нийт уртын хэмжээгээр солиулж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Технологийн зөрчлийг судалсан актаар тогтоосон төлбөрийг гаргуулах удаа дараа шаардлага тавьсан боловч дээрх төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйл 36.1-т зааснаар 72,682,626 /далан хоёр сая зургаан зуун наян хоёр мянга, зургаан зуун хорин зургаан төгрөг/-ийн хохирлыг барагдуулж өгнө үү.

 

1.1.        Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Э.М*******аас зөрчлийн актын төлбөр 72,682,626 төгрөг гаргуулах хэрэг маргаанд хариуцагчаас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хариу тайлбарыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.    Кабель шугамын трасс дээр буюу ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд уг ажлыг гүйцэтгэгч нь шугамын ашиглалтын байгууллагаас бичгээр зөвшөөрөл авч, кабель шугамын трассыг тодорхойлуулж ажлыг эхлүүлдэг. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Э.М******* нь орон сууцны барилга барих ажлын хүрээнд газар шорооны ажил хийх явцдаа Бурхант дэд станц ЯЧ№29 тэжээлтэй 6кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламжийн ЯЧ№9, 11 хос кабель шугамыг гэмтээж тасалсан ба зөрчлийг судлан бүртгэх маягтад гарын үсэг зуруулсан

2.    Иргэн Э.М*******ын тасалж гэмтээсэн 2 хос кабель шугамыг 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шинэчлэн мөн оны 11 дүгээр сарын 20-ны хугацаанд их засварын хүрээнд ашиглалтад оруулсан бөгөөд кабелийн насжилтын хугацаа 12 жил буюу /шинэвтэр/ кабелийг тасалж гэмтээсэн тул шугамыг нийт уртын хэмжээгээр солиулж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага үүсэж байна.

3.    Хариуцагч цахилгааны утасны бүрээс шалбалсан гэх боловч газар доорх 6кВ кабель шугамыг экскаватороор ухах үед тасарч гэмтсэн нь дээрх зөрчилд ажиллах үед кабель шугам тасарсан гэдэг нь зургаар нотлогдоно. Түүнчлэн зөрчлийг судлан бүртгэх акт төсөвт өртгөөр 99,618,398 төгрөг боловч манай байгууллага шууд зардлын дүн болох 72,682,626 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа болно.

4.    Тасалсан дээрх кабель шугамаас 843 хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг тул тус айл өрхүүд ямагт эрсдэл дор амьдарч байна. Түүнчлэн дээрх шугамын насжилтаар тооцоход Зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журмын 6.2 дахь хэсэгт зааснаар 0-15 жилийн насжилттай кабель шугамыг нийт уртын дагуу шинэ кабелиар сольж зардлыг тогтоохоор журамласан. Энэ нь тухайн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг найдвартай, тасралтгүй чанартай цахилгаан эрчим хүчээр түгээх зорилгод нийцнэ.

Иймд тус кабель шугамаас тэжээгдэж буй 843 айл өрх хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчээр найдвартай баталгаатай хангагдахгүй болсон тул кабель шугамыг уртын хэмжээгээр шинээр солиулах зөрчлийн актаар тогтоогдсон төлбөр 72,682,626 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү .

 

1.2.        Хариуцагч нь 2023.3.17-нд Дархан хотонд био 00 барихаар газар шорооны ажил хийж байхдаа шугам гэмтээсэн. Улмаар ажлын хэсэг ажиллаж гэмтлийг түр зассан. Газар шорооны ажил хийх бол зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл хариуцагч нь зөвшөөрөл аваагүйн улмаас шугам тасалсан. Шугам нь 30 жил ашиглах байсан бөгөөд их засвар хийж шинэчлэн засварласан байсан. 8 сард шинэчлэн ашиглалтад орсон. Шинэвтэр шугам тасалсан тул шинэчлэн солих болсон. Актаар тогтоосон төлбөрийг гаргуулахаар шаардсан боловч төлөөгүй тул 72,682,626 гаргуулна. Үүнд актаар 99 сая төгрөг гарсан. Шууд зардал нэхэж байгаа юм. 1,200 метр шугам 63,307,264 төгрөг, ажлын хөс 5,759,667 төгрөг, тээвэр 381,266 төгрөг, машин ашиглалт 3,234,426 төгрөг юм.

Шугам тасалснаар хэрэглэгчийг эрх ашиг хөндөгддөг. Хэдийг хангах эсэх нь боломжгүй болж байгаа юм. Үйлдвэрлэгч холбосноор хэвийн ажиллахгүй гэдгийг хэлсэн байдаг. Найдвартай байлгахын тулд шинээр сольсон юм.

 

1.3.        Дүгнэлтээр муфт хийснээр хэвийн ажиллаж байгаа боловч ашиглалтын хугацааг богиносгоно гэсэн байдаг. Техникийн гэрчилгээ дээр ашиглалтын хугацааг бичсэн. Холбосноор хэдийн ажиллагаа алдагддаг гэв.

 

2.            Хариуцагчийн төлөөлөгч А.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.М******* би нэхэмжлэгч “Д” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

Э.М******* миний бие 2022 оны 03 сарын 17-ны өдөр Дархан хотод ажилтай явж байх үед миний дүү болох Э.М Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг хүрээлэнгийн 12-р гудамжинд байрлах газартаа газар шорооны ажлыг хүнээр хийлгэж байгаа тэрийг очоод харчхаарай гэж гуйсан. Дүүгийнхээ гуйлтын дагуу очиход нэг экскаватор нүх ухаж байсан бөгөөд би очиж харчхаад ажиллаж байсан хүнд нь утасны дугаараа өгөөд янз бүрийн асуудал гарвал залгаарай би ойрхон байж байна гээд явсан. Үүнээс хойш хэдэн цагийн дараа ажил хийж байсан хүн цахилгааны утасны бүрээс шалбалчихлаа гэж утсаар хэлэхэд нь би яаралтай явж очиход цахилгаан түгээх сүлжээний ажилчид миний өмнө ирсэн байсан. Тухайн үед хариуцсан хүн нь хэн бэ гэхэд нь миний дүүгийн газар байсан тул би үнэмлэхээ өгч, өөрийнхөө дугаарыг бүртгүүлсэн. Хэд хоногийн дараа гэсэн дугаараас залгаж акт гарсан ирж танилцаарай гэж ярихад нь Дархан хот руу очиж уулзахад 99 сая төгрөгийн хохирол учирсан намайг төл гэж шаардсан. Би тэрхүү акттай танилцаж хүлээн зөвшөөрөхгүй, би машин механизмыг нь барьсан хүн биш гэдгээ илэрхийлэхэд та тэгвэл акттай танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ биччих гэсэн. Мөн тэр үед нэхэмжлэгч байгууллагын ажилтанд танайх шалбарсан цахилгааны утсаа янзлаад газрыг нь булсан байна лээ яагаад шинээр авах талаар яриад байгааг ойлгохгүй байна, хийгдсэн материал, ажлын хөлсийг л нэхэх ёстой юм биш үү гэдгийг хэлсэн. Гэтэл манай компанийн дотоод журамд тийм байдаг гэсэн тайлбар өгсөн.

Э.М******* миний хувьд тус байгууллагын эд хөрөнгөд гэм хор учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй :олгон шийдвэрлэж өгнө үү.

 

2.1.        Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэм хор учруулсан бодит нөхцөлийг тогтоогоогүй байна. Шугамын үнийг бүхэлд нь гаргуулна гэж байна. Гэтэл шугам одоо хэвийн ажиллаж байгаа юм. 2 ширхэг муфт хийгээд хэвийн ажиллаж байгаа юм. Хэрэв зөв хийсэн бол шинэ шугамтай адил гэж шинжээч дүгнэсэн. Бодит хохирлоо тооцож гаргаагүй байна. Хэрэгт байгаа баримтаар бодитоор хохирол гараагүй байна. Хуульд зааснаар бодитоор учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Солих шаардлагатай гэдэг нь дүгнэлтээр тогтоогдоогүй. Шинжээч одоо хэвийн ажиллаж байна гэдэг гэв.

 

3.            Иргэдийн төлөөлөгч Х.С нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Одоо бол ажиллаж байна. Иймд засварлахад гарсан зардлыг л төлөх ёстой. Заавал солих шаардлагагүй гэв.

 

4.            Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Хоногийн мэдээний хуулбар /1ХХ5-6/, гэрэл зураг /1ХХ7/, төсөвт өртгийн нэгдсэн товчооны хуулбар /1ХХ8/, бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардлын хуулбар /1ХХ9/, цалингийн нэгтгэлийн хуулбар /1ХХ10-11/, нийт барилгын машин механизмын хэрэгцээний хуулбар /1ХХ12/, өртгийн товчооны хуулбар /1ХХ13/, зөрчлийг судалсан актын хуулбар /1ХХ14-16/, зөрчил судлан бүртгэх маягтын хуулбар /1ХХ17/, ААНБ-н жагсаалт /1ХХ18-31/, гар тэмдэглэлийн хуулбар /1ХХ37-44/, засварын ажлын капиталжих гүйцэтгэлийн дүнгийн хуулбар /1ХХ45/, материалын зардлын хуулбар /1ХХ46/, кабель шугам ашиглалтын паспортын хуулбар /1ХХ47/, гар тэмдэглэлийн хуулбар /1ХХ48/, зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журмын хуулбар 2 ширхэг /1ХХ50-54, 91-95/, кабелийн чанарын паспортын орчуулгын хуулбар 2 ширхэг /1ХХ56, 97/, орос хэлнээс орчуулсан баримтын хуулбар 2 ширхэг /1ХХ58, 98/, Э.М*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /1ХХ59/, борлуулалтын саналын баримтын хуулбар 2 ширхэг /1ХХ60, 96/, үнийн саналын баримтын хуулбар /1ХХ61-63/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1ХХ111-119/, улсын комиссын актын хуулбар /1ХХ162-163/, кабель шугамын ажлын зургийн хуулбар /1ХХ164-170/, гэрэл зураг /1ХХ173/, үндсэн хөрөнгийн тайлангийн хуулбар /1ХХ187-189/, техникийн паспортын хуулбар /1ХХ190-192/8 хөрөнгийн орлогын падааны хуулбар /2ХХ2/, хөрөнгийн бүртгэлийн хуулбар /2ХХ3/, гүйцэтгэлийн дүнгийн хуулбар /2ХХ4/, их засварын актын хуулбар /2ХХ5-14/, хөрөнгийн орлогын падааны хуулбар /2ХХ15/, гүйцэтгэлийн дүнгийн хуулбар /2ХХ16/, их засварын актын хуулбар /2ХХ17-26/, хөрөнгийн орлогын падааны хуулбар /2ХХ27/, гүйцэтгэлийн дүнгийн хуулбар /2ХХ28/, их засварын актын хуулбар /2ХХ27-38/, хөрөнгийн орлогын падааны хуулбар /2ХХ39/, гүйцэтгэлийн дүнгийн хуулбар /2ХХ40/, их засварын актын хуулбар /2ХХ41-49/

4.1.        Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /2ХХ51-53/, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт /2ХХ75-76/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 51,842,626 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,840,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “*******” ХК нь газар доорх цахилгааны шугам тасалсан гэм хорын хохиролд нийт 72,682,626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Э.М******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа тухайн газар шорооны ажилд хамааралгүй гэж маргаж байсан боловч түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд газар  шорооны ажил гүйцэтгүүлэх явцад цахилгааны шугам тасалсан талаар маргахгүй, харин нэгэнт засварлагдсан тул шинээр солих шаардлагагүй, засварын бодит зардлыг төлнө гэж маргасан.

 

4.            Хариуцагч нь газар шорооны ажил бусдаар гүйцэтгүүлэх явцдаа 6кв-н РП-10 ХХБ-н яч№09, 11-н 6 кв-н кабель шугамд гэмтэл учруулсан болох нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/6кв бурхант дэд станц яч№29-с тэжээлтэй 6кв-н РП-10 хаалттай хуваарилах байгууламжийн яч№9, 11-н 6кв-н кабель шугамыг гэмтээсэн зөрчлийг судалсан 02/03 дугаар актын хуулбараар тогтоогдож байна. /1ХХ14-16/

Дээрх зөрчил гарах үед нэхэмжлэгч талаас комисс томилж зөрлийг судлан дүгнэлт болон дээрх актыг гаргасан нь Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасантай нийцсэн байна. /1ХХ17/

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар газар доорх цахилгааны кабель шугам хамгаалалтын зурвастай байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү зурвастай байсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж нотлоогүй. Энэ зүйлд зааснаар хамгаалалтын зурваст иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч нь дээрх хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.1, 2.2-т заасныг зөрчиж газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагаас зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь холбогдох зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулсан болохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

4.1.        Дээрх байдлаар гэм хор учирсан кабель шугам нь нэхэмжлэгчийн өмч болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, ажлын зураг, үндсэн хөрөнгийн тайлан, техникийн паспорт зэргээр тогтоогдож байна. /1ХХ162-163, 164-170, 187-189, 190/

Улмаар хариуцагч нь гэмтэл учирсан кабель шугам нь нэхэмжлэгчийн өмч мөн эсэх талаар маргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтад хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.

 

5.            Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм буруутай этгээд нь зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр төлөх үүрэгтэй.

5.1.        Хариуцагчийн гэмтэл учруулсан кабель шугамыг 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтад оруулсан болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдсон. /1ХХ162-163/

Кабель бүтээгдэхүүний №22Т02038 чанарын паспортоос үзэхэд тухайн кабель шугам нь 30 жилээс багагүй хугацаанд ашиглагдах боломжтой гэжээ. Мөн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээс үзэхэд тухайн кабель шугам нь 25 жилээс дээш хугацаанд ашиглагдах боломжтой талаар дүгнэгдсэн байна. /1ХХ56, 2ХХ75/

Цаашлаад хэрэв кабелийг холбогчоор холбосон тохиолдолд 4.5 жилд ашиглах боломжтой талаар үйлдвэрлэгч тодорхойлжээ. /1ХХ58/

Түүнчлэн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээс үзэхэд кабель шугамд холболт хийсэн тохиолдолд насжилт багасах магадлалтай талаар дүгнэгдсэн. /2ХХ75-76/

Тодруулбал, дээрх дүгнэлтээр холбогч хийснээр шугам хэвийн ажиллаж байгаа гэсэн боловч залгаасгүй шугамтай ижил ажиллана гэж дүгнээгүй. Улмаар гэмтэл учруулсан кабель шугам нь залгаасгүй байсан талаар хариуцагч маргаагүй.

Иймд нэхэмжлэгч нь үйлдвэрлэгчийн заавраар шугамыг шинээр солих ёстой гэж үзсэнийг буруутгахгүй.

5.2.        Иргэдийн төлөөлөгч нь кабель шугамыг солих шаардлагагүй, засварласан зардлаа шаардах ёстой гэж дүгнэсэн. Гэвч дээрх хуульд зааснаар учруулсан хохирлыг өмнөх байдалд сэргээх үүрэгтэй тул засварын зардлыг төлөх ёстой гэсэн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Харин хохирлыг төлөх ёстой гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэрт харгалзан үзэх нь зүйтэй юм.

 

6.            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч нь кабель шугамд гэмтэл учруулсан гэм буруутай тул хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хохирлыг арилгах талаар төсөв гаргуулсан байх бөгөөд нийт зардлыг 99,618,398 төгрөг гэж тооцсон. /1ХХ8/

Гэвч хөрөнгийн үнэлгээний тайланд хохирлын хэмжээг нийт 72,682,626 төгрөг гэж тооцсоны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлжээ. /1ХХ112-119/

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм буруутай этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь тухайн кабель шугамыг холболт хийн ашиглаж байгаа болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба олох байсан орлогын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

6.1.        Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд кабель шугам нь 30 жилээс багагүй хугацаанд ашиглагдах боломжтой байсан, улмаар ашиглалтад орсноос хойш гэмтэл учрах хүртэл 12 орчим жил ашиглагдсан байсан тул кабель шугамыг ашиглалтын хугацааны 1/3 хэсэг нь нэгэнт ашиглагдсан, харин үлдэх 2/3 хэсэг нь ашиглагдах боломжтой байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хөрөнгийн үнэлгээний тайланд кабель шугамын өртгийг 62,520,000 төгрөг гэж дүгнэсэн тул хохирол учрахаас өмнө нь байсан өртөг нь 41,680,000 төгрөг юм. Иймд нэгэнт ашиглагдсан өртөг болох 20,840,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.М*******аас 51,842,626 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,840,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 417,163.13 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД

 

                                          ШҮҮГЧИД                                           З.БАЯРМАА

 

            Ц.ЦЭРЭНДУЛАМ