2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01416

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 14

191/ШШ2025/01416

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, **** дугаар хороо, **** дугаар хороолол, Н-ийн гудамж, **** дугаар байр, **** тоот хаягт оршин суух, М овогт С-н Н /РД:МА********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **** дүгээр хороо, *****гудамж 31, **** тауэр, *** давхарт оршин байрлах, М.к ХХК /РД:*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, 134,032,158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо оролцож, нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо нь хариуцагч М.к ХХК -д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 134,032,158 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.к ХХК -тай байгуулсан №ПЗ-С-01/*******, №ПЗ-Д-01/35***** гэрээнүүдээс татгалзаж, нийт 134,032,158 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн утга: С.Н би М.к ХХК -тай анх

1. 2022 оны 08 сарын 17-ны №ПЗ-С-01/******* дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт П-с А-т-**** хотхоноос **** блок, ***-р орц, *** давхар, **** тоотод 43.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 мкв 1,550,000 төгрөгөөр тооцож, нийт 67,688,500 төгрөг бүтнээр нь төлсөн.

2.2022 оны 08 сарын 18-ны №ПЗ-Д-01/35***** дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт П-с А-т-**** хотхоноос *** блок, ***-р орц, *** давхар, *** тоотод 38.45 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1мкв 1,550,000 төгрөгөөр тооцож, нийт 59,597,500 төгрөг бүтнээр нь төлсөн.

Дээрх бидний байгуулсан гэрээний хугацаа: 2023.12.30-ны өдрөөр орон сууцнуудыг ашиглалтад оруулж надад хүлээлгэж өгөх байсан. Гэвч М.к ХХК нь өнөөдрийг хүртэл барилгын сууриа ч тавиагүй намайг маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохироож буйд гомдолтой байна. Тус компанийн хуулийн зөвлөх, бусад удирдах хүмүүстэй уулзаж, барилгын гүйцэтгэл шаардахаар Манайх барилга барих боломжгүй болсон. Мөнгө төгрөгөө авмаар байгаа бол шүүхээрээ яваад ав. Бид шууд бэлэн мөнгө гаргаж өгөх боломжгүй гэх зэргээр басамжилж, бидний дунд үл ойлголцол үүссэн. Нэгэнтээ гэрээгээ биелүүлэхгүй атлаа намайг ингэж хохироосноо үл ойшоож, хохироож буй тул арга буюу дээрх №ПЗ-С-01/*******, №ПЗ-Д-01/35***** гэрээнүүдээс татгалзаж, өгсөн бүх мөнгөө гэрээний 5.9, 2.2.4-д заасныг тус тус үндэслэн, алданги нэмж тооцон нэхэмжилж байна.

Нэхэмжилж буй үнийн дүнгийн тооцоо:

1. №ПЗ-С-01/******* дугаартай гэрээний дүн: 67,688,500 төгрөг,

2. №ПЗ-Д-01/35***** дугаартай гэрээний дүн: 59,597,500 төгрөг,

3. Алдангийг гэрээний 5.9-д заасны дагуу 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 106 хоногт нийт дүнгийн 1 өдрийнх нь 63,643 төгрөгөөр тооцож, 6,746,158 төгрөгийн алданги нэмж, нийт 134,032,158 төгрөгийг М.к ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.к ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3.Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 828,120 төгрөг төлсөн баримт /Хх3/, Э.Мөнхзолбоод олгосон итгэмжлэл /Хх4/, С.Ны иргэний үнэмлэхийн хуулбар /Хх5/, М.к ХХК , С.Н нарын 2022.08.17-ны өдөр байгуулсан №ПЗ-С-01/*******, 2022.08.18-ны өдрийн №ПЗ-Д-01/35***** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ /Хх6-11/, Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтууд /Хх12-13/-ыг шүүхэд өгсөн.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх22/, Б.О-д олгосон итгэмжлэл /Хх23-24/-ийг өгсөн болно.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй. Харин шүүгчийн 2025.01.14-ний өдрийн 191/ШЗ2025/****** дугаартай захирамжаар хариуцагч компани, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг шүүхэд цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж, нэхэмжлэлийн шаардлага гардуулсан болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч С.Н нь М.к ХХК -тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд байрыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, удаа дараа шаардлага тавьсан боловч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн тул орон сууцны төлбөр болох нийт 127,286,000 төгрөг, мөн тухайн гэрээнд заасан алдангид 6,746,158 төгрөг, нийт 134,032,158 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч М.к ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Талууд 2022.08.17-ны өдөр №ПЗ-С-01/******* дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ***-р хороонд байрлах П-с а-т-**** орон сууцны хотхоны *** блок, ***-р орцны *** давхар, *** тоот, 43,67 мкв 2 өрөө орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 1 мкв-ын үнийг 1,550,000 төгрөгөөр тооцож, нийт 67,688,500 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож тус гэрээг, мөн 2022.08.18-ны өдрийн №ПЗ-Д-01/35***** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах Поларис апартмент-3 орон сууцны хотхоны Д блок, 1-р орцны 6 давхар, 605 тоот 38,45 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 1 мкв-ын үнийг 1,550,000 төгрөгөөр тооцож, гэрээний үүрэгт 59,597,500 төгрөг нийт 127,286,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож эдгээр гэрээг байгуулжээ.

4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022.09.07-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022.09.07-ны өдөр 11,597,500 төгрөг, 2022.08.18-ны өдөр 28,000,000 төгрөг, 2022.08.17-ны өдөр 67,688,500 төгрөг нийт 127,286,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дугаартай дансаас шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээгээр талуудын хүлээсэн үүргийн дагуу хариуцагч М.к ХХК нь тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтанд оруулан нэхэмжлэгч С.Н-д хүлээлгэн өгөх үүрэгтэй бол нөгөө талаас нэхэмжлэгч С.Н гэрээнд заасан үнийг хариуцагч талд төлөх үүрэгтэй байжээ.

 

7.Хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч С.Н нь талуудын байгуулсан гэрээний 2.2-т зааснаар 127,286,000 төгрөгийг төлж, орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгч С.Н-ыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

8.Орон сууц захиалан бариулах гэрээгээр тухайн орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулна гэж талууд харилцан тохиролцсон байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд ашиглалтанд ороогүй байсан болох нь тогтоогдсон. Иймээс хариуцагч М.к ХХК -ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудлыг зохицуулсан. Хуулийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулжээ. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, мөн хариуцагч тал барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч С.Н нь дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч байгууллагатай байгуулсан №ПЗ-Д-01/35*****, №ПЗ-С-01/******* дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нүүдээс татгалзах эрхтэй байна.

 

10.Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шилжүүлэн авсан 127,286,000 төгрөгийг буцааж, нэхэмжлэгч С.Н-д төлөх үүрэгтэй байна.

 

11.Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн 2.2.4-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги захиалагч төлнө. гэж заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 106 хоног, хоног тутамд 63,643 төгрөгөөр тооцож, нийт алдангид 6,746,158 төгрөг нэхэмжилсэн.

 

12.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжилсэн алдангийн үнийн дүнгийн хэмжээ хуулийн шаардлагад нийцсэн, энэ талаар талууд гэрээндээ тохирсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 6,746,158 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч М.к ХХК -иас 134,032,158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Н-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.к ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 828,120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ