2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/03022

 

 

 

 

 

 

 

 

                           2025         04          10

                       191/ШШ2025/03022

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч О.Аззаяа, шүүгч Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, ...... байрлах “М*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, ..... тоот  хаягт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, ..... байранд байрлах, “Т*******” ХХК /РД: *******/-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт төлсөн 7,229,359.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******, хариуцагчийн  төлөөлөгч Х.Б*******, иргэдийн төлөөлөгч Б.Э*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч******* нар оролцов.

 

                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч “М*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.Ж******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн №******* тоот гэрээний даатгуулагч “С” ХХК-ын Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Монтелийн салбар дээр 2023 оны 02-р сарын 06-ны өдөр тогийн хэлбэлзэл үүсэж, ачааллын гүйдлээс хамаарсан гэмтэл гарч даатгуулагчийн эд хөрөнгөд нийт 7,229,359.85 төгрөгийн хохирол учруулсан.

Дээрх тохиолдлын улмаас даатгуулагчид учирсан хохирол болох 7,229,359.85 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасны дагуу “Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ” -ний дагуу шилжүүлж авсан.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 499.1, 510.1-т заасны дагуу гэм хорын хохирол болох 7,229,359.85 (долоон сая хоёр зуун хорин есөн мянга гурван зуун тавин есөн төгрөг наян таван мөнгө) төгрөгийг “Т” ХХК-аас гаргуулж, “М “ ХК-д олгож өгнө үү.

1.1.             Нэхэмжлэгчийн даатгуулагч нь хариуцагчийн байранд цахилгааны хэлбэлзэл үүсэж эд хөрөнгөд хохирол учруулсан. Улмаар хохирлыг даатгагч нөхөн төлсөн. Ингэснээр шаардах эрх шилжсэн. Хохиролд 7,229,359.85 төгрөг гаргуулна. Хариуцагч нь цахилгааны хэлбэлзэл гарсан талаар маргаагүй. Тухайн үед мэдэгдээгүй гэж байна. Гэтэл даатгуулагч нь хохирол учирсныг хариуцагчид мэдэж байсан талаар баримтыг хэрэгт өгсөн. Албан бичгээр мэдэгдэж байсан юм. Улмаар даатгагчид мэдэгдээд очиж шалгасан. Нотлох баримтаар тухайн үед очиж шалгасан нь тогтоогдож байгаа юм. Тоног төхөөрөмжийг Солонгос улсаас оруулж ирдэг бөгөөд авсан үнээр төлбөр олгосон гэв.

 

2.            С ХХК нь Т******* ХХК-тай 2018.12.05-нд “Түрээсийн гэрээ” байгуулж, манай ЧД, 1-р хороо, Т төвийн байранд байрлах объектод талбай түрээслэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

2023.02.06-нд УБЦТС ТӨХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас тогийн хэлбэлзэл үүсэж, ачааллын гүйдлээс хамаарч тог тасарч байсан. Тэр үед манай бусад түрээслэгч нар болон С ХХК-аас дээрх цахилгааны сааталтай холбоотойгоор ямар нэг эвдрэл гэмтэл гарсан тухай бидэнд огт мэдэгдээгүй.

Бид тухайн үед уг цахилгааны саатал, гэмтлийн талаар УБЦТС ТӨХК-аас албан ёсоор бичиг гаргуулж авч байсан. Тус бичигт хохирлын талаар огт тусгагдаагүй.

Манай байгууллагын 2020.02.17-нд УБЦТС ТӨХК-ийн Ашиглалт засварын зүүн төв ХХК-тай хийсэн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.3-т Цахилгаан эрчим хүчний тасалдал, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс болж хангагчтай гэрээтэй хэрэглэгчдэд хохирол учруулсан тохиолдолд 24 цагийн дотор хэрэглэгч хангагчид мэдэгдэж, хамтарсан акт үйлдэн гаргасан шийдвэрийг үндэслэн хохирлыг буруутай тал төлнө. гэж заасан байдаг. Тиймээс хэрвээ бидэнд тухайн үед нь цахилгааны саатлаас болж эвдрэл, гэмтэл гарсан тухай мэдэгдсэн бол бид уг гэрээний дагуу УБЦТС ТӨХК-д мэдэгдэж, хохирлыг тэр даруй төлүүлэх боломжтой байсан.

Гэтэл жил гаруй хугацаанд С ХХК-аас бидэнд албан ёсоор хандаж ямар нэг гомдол санал гаргаж байгаагүй.

2024.05.15-нд М******* ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан С ХХК-д учирсан хохирол нь:

•         Яг цахилгааны гэмтлээс болж гарсан эсэх?

•         Яг ямар эвдрэл гэмтэл гарсан?

•         Засах боломжгүй эвдэрсэн эсэх?

•         Гарсан эвдрэл гэмтлийг тухайн үедээ хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар

үнэлүүлсэн эсэх? талаар нэхэмжлэгч талаас баримт гаргуулах хүсэлтийг бид шүүхэд гаргасан.

Гэвч нэхэмжлэгч тал ийм баримт байхгүй гээд гаргаж өгөөгүй учраас шүүхээс "Х” ХХК-аар тодорхойлолт гаргуулсан.

Гэтэл уг тодорхойлолт нь 1-рт: тус хохирол нь яг цахилгааны гэмтлээс болж гарсан эсэх? Яг ямар эвдрэл гэмтэл гарсан? Засах боломжгүй эвдэрсэн эсэх? талаар огт дурдаагүй 2-рт: яг тухайн үеийн эвдэрсэн гэх тоног төхөөрөмжүүдэд үзлэг хийгээгүй, одоо байгаа төхөөрөмжүүд дээр үнэлгээ хийсэн байна.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Гэвч С ХХК-д  учирсан гэх эвдрэл гэмтлээ тухайн үед хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлээгүй. Мөн уг хохирол нь яг тухайн үеийн цахилгааны гэмтлээс болж гарсан эсэх? Яг ямар эвдрэл гэмтэл гарсан? Засах боломжгүй эвдэрсэн эсэх? нь нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

Тиймээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.             2023.2.10-нд цахилгааны хэлбэлзэл гарсан. Энэ үед хохирол учирсан талаар түрээслэгч мэдэгдээгүй. Түрээсийн гэрээнд гэмтэл гарвал мэдэгдэх талаар заасан байдаг. Уг гэмтэл тухайн үед гарсан эсэх, засварлаж болох эсэх талаар дүгнэлт гаргуулахыг хүссэн. Гэтэл дүгнэлт дутуу гарсан тул хохирлыг нөхөж өгөх нь сонин байна. Тухайн үед яагаад мэдэгдээгүй талаар хэлсэн. Бид тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг. Хэрэгт байгаа зураг нь манай түрээслэгчийн зураг биш байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манайхаас тодорхойлолт өгсөн. Энэ нь цахилгаан тасарсантай холбоотойгоор цахилгаан түгээхээс тодорхойлолт хэрэгт өгсөн байгаа юм. Хаанаас болж цахилгаан хэлбэлзсэн талаар тодорхойлолт авч өгсөн гэв.

 

3.                   Иргэдийн төлөөлөгч Б.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

2023 оны 2-р сарын 6 өдөр “Т*******” ХХК-ийн байранд ү/а явуулдаг дэлгүүрт цахилгааны хэлбэлзэл үүсэж хохирол учирсан. дэлгүүр нь М******* ХХК-с 6 сая орчим төгрөг нөхөн төлбөрт авсан. Гэвч “М*******” ХХК нь “Т*******” ХХК-с 7,2 сая төгрөгийг нэхэмжилжээ. Энэ нь дэлгүүр нь өөрийн аюулгүй байдлаа сайтар хангасан байх ёстой юм болов уу гэж бодож байна.

“УБЦТС” ХК-ийн цахилгаан түгээх явцад гаргасан хэлбэлзэл болон бусад асуудлыг “Т*******” ХХК үүрэхгүй бөгөөд 3 дахь этгээдэд хохирлыг барагдуулах үүрэггүй гэж үзэж байна гэв.

 

4.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

4а. Нэхэмжлэгчээс: Эд хөрөнгийн даатгалын гэрээ, түүний хавсралтын хуулбар /ХХ6-22/, нэхэмжлэхийн хуулбар /ХХ23/, “С” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151242/14/23-125 дугаар албан тоотын хуулбар /ХХ24/, мэдээлэл технологийн инженерийн дүгнэлтийн хуулбар /ХХ25/, ашиглалтын албаны инженерийн дүгнэлтийн хуулбар /ХХ26/, гэрээний зөвшөөрөл, бүртгэлийн хуудасны хуулбар /ХХ27/, гэрээ байгуулахад хэрэглэх шалгах хуудасны хуулбар /ХХ28/, түрээсийн мастер гэрээний хуулбар /ХХ29/, түрээсийн мастер гэрээний тусгай нөхцөлийн хуулбар /ХХ30-31/, түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлийн хуулбар /ХХ32-37/, “Т*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ38/, үл хөдлөх эд хөрөнгөний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ39/, Ү.Х иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ40/, итгэмжлэлийн хуулбар /ХХ41/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /ХХ43/, гэрэл зураг 10 ширхэг /ХХ148-152/, “Т*******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар албан тоотын хуулбар /ХХ153/

4б. Хариуцагчаас: “У” ТӨХК-ийн ашиглалт, засварын зүүн төвийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32/51 дүгээр албан тоотын хуулбар /ХХ118/, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /ХХ126-137/, гэрэл зураг /ХХ175-179/

4.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ82-103/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “М*******” ХК нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн 7,229,359.85 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна.

 

3.                   Хариуцагч “Т*******” ХХК нь цахилгааны хэлбэлзлээс болж эд хөрөнгөд хохирол учирсан үйл явдалд гэм буруугүй, учирсан хохирол нь цахилгааны хэлбэлзэлтэй шалтгаант холбоотой гэдэг нь тогтоогдоогүй гэж маргасан.

 

4.                   “С” ХХК нь нэхэмжлэгч “М*******” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулжээ. /ХХ6-22/

Даатгалын гэрээний 4-д зааснаар гэрээний зүйл буюу даатгагдсан эд хөрөнгийг гэрээний 2-р хавсралтаар баталсан байна. /ХХ22/

Гэрээний хавсралтаас үзэхэд даатгалын гэрээгээр нийт 35 салбарт байрлах эд хөрөнгө даатгагджээ.

Даатгуулагч нь дээрх хавсралтын 16 дугаар мөрөнд бичигдсэн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, ..... байрны 1 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээний ерөнхий нөхцөл, түрээсийн мастер гэрээ, түрээсийн мастер гэрээний тусгай нөхцөлөөр тогтоогдож байна. /ХХ32-37, 29, 30-31/

Түрээсийн мастер гэрээний тусгай нөхцөлийн 5.1-д зааснаар түрээсийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулжээ.

Даатгуулагчийн үйл ажиллагаа явуулж байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгөд 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутын үед цахилгааны хэлбэлзлийн улмаас цахилгаан тоног төхөөрөмжид гэмтэл гарсан болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч “Т*******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар албан тоотоор тогтоогдсон. /ХХ113/

Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Иймд дээрх даатгалын гэрээний зүйлд даатгалын тохиолдлын улмаас хохирол учирсан байна.

 

5.                   Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд хохирол учрахад гуравдагч этгээд  гэм буруутай бол нөхөн олговор олгосон хэмжээгээр шаардах эрх даатгагчид шилжинэ. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Тайлбарлавал, учирсан хохиролд гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй шалтгаант холбоотой байх учиртай.

5.1.             “У” ТӨХК-ийн ашиглалт, засварын зүүн төвийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32/51 дүгээр албан тоотоос үзэхэд цахилгаан дамжуулах кабель шугам тасарсан байх бөгөөд ийнхүү тасрахад хариуцагч гэм буруутай гэж үзэхээргүй байна. Цаашлаад, цахилгааны шугам тасарсан, хэлбэлзэл үүссэн нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс хамаарсан гэх үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Иймд даатгалын зүйлд хохирол учрахад хариуцагч гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

5.2.             Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт 6,506,422.97 төгрөг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 7,229,359.85 төгрөг шаардсан нь дээрх хуульд зааснаар шилжүүлэн авсан шаардах эрхийг хэтрүүлсэн.

5.3.             Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлийн 4.6, 4.7, 4.10-т зааснаар хариуцагч нь хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тайлбарласан. Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.6-д заасан нь ашиглалттай холбоотой, 4.10-д заасан нь цахилгааны шугам сүлжээний эвдрэлтэй холбоотой байх боловч цахилгааны шугам тасарч гэмтэл гарахад хариуцагч буруутай гэх үйл баримт тогтоогдоогүй. Мөн хариуцагч нь эрх бүхий этгээдтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байх тул гэрээний ерөнхий нөхцөлийн 4.6-д заасныг биелүүлсэн гэж үзнэ. Иймд гэрээний ерөнхий нөхцөлд зааснаар хариуцагчийг гэм буруутай гэж үзэх боломжгүй. /ХХ126-136/

 

6.                   Дээрх үндэслэлээр даатгалын зүйлд хохирол учрахад хариуцагч гэм буруутай нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч шаардах эрхээ хэтрүүлсэн тул иргэдийн төлөөлөгчийн хариуцагч нь гэм буруугүй тул хохирол төлөх үндэслэлгүй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг харгалзан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Т*******” ХХК-д холбогдох 7,229,359.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М*******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД

 

                                        ШҮҮГЧИД                                        О.АЗЗАЯА

 

                                                                                                 Л.ЭНХЖАРГАЛ