2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01211

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10

191/ШШ2025/01211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *****дугаар хороо, **** цогцолбор, *** дугаар байр, **** тоот хаягт оршин суух, А б овогт Д-ийн Э /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** дүгээр хороо, О-ын гудамж, **** center, **** давхарт оршин байрлах, М.д ХХК /РД:2094894/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,118,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиун, Э.Чинбаатар нар оролцож, нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М.д ХХК-д холбогдуулан 17,118,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Э.О нь 2019 онд *** дүүргийн 16 дугаар хороо, **** дугаар хороолол, ***** гудамж, ***а байр, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-****** дугаартай байрыг худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 19 жилийн хугацаатай ипотекийн зээлээр худалдан авсан.

Үндсэн зээлдэгч Э.О /РД:*****/, хамтран зээлдэгч Д.Э /РД:*******/ нар 2021.02.01-ний өдөр tdbm/***/**** тоот хамтран ажиллах гэрээний дагуу худалдаа хөгжлийн банкаар зуучлуулан 2022.12.16-ны өдөр 4****** тоот дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас датгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар М.д ХХК-тай байгуулсан.

Гэрээнд зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас юм. Э.О нь 2023.01.01-ний өдөр осгож нас барсан тул даатгалын гэрээний дагуу зээлдэгчийн амь насны нөхөн төлбөрийг 100 хувь буюу 40,605,102 төлөх шийдвэрийг М.д ХХК-иас гаргасан ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаанд тусгасан.

Гэтэл 2023.05.10-ны өдөр 61 хувь буюу 23,486,609.35 төгрөгийг төлсөн. Энэ асуудлаар даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар 2023.06.07-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.

Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг хүлээн авч 2023.07.19-ний өдөр хянан шийдвэрлээд 9-***** тоот шийдвэрийг гаргасан. Шийдвэрт ...Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгалуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасныг гэрээ хийх үед эс үйлдэн, мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулж, нөхөн төлбөрийн зөрүүг даатгалын зуучлагчаас нэхэмжилнэ үү....хэмээжээ.

Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороо нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам зөрчсөн эс үйлдэхүй болон мэргэжлийн алдаа гаргасан болохыг тогтоож, даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулахаар шийдвэрлэсэн байна.

Бид Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг М.д ХХК нь үл маргах журмаар биелүүлэх хугацаа өгч хүлээсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд үр дүн гараагүй байна. Өөрөөр хэлбэл М.д ХХК нь уг шийдвэрийг биелүүлээгүй учраас даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.

2023.05.10-ны өдөр буюу 61 хувь буюу 23,486,609,35 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нь хууль зүйн хувьд М.д ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Үлдэгдэл төлбөр 39 хувь болох 17,118,493 төгрөгийг М.д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.д ХХК-ийн төлөөлөгч С.А нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзалсан үндэслэлээ: Нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.д ХХК-д холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ доорх үндэслэлийг дурджээ. Үүнд:

1.Үндсэн зээлдэгч Э.О хамтран зээлдэгч Д.Э нар 2021.02.01-ний өдөр tdbm/***/**** тоот хамтран ажиллах гэрээний дагуу Худалдаа Хөгжлийн банк ХК-иар зуучлуулан 2022.12.06-ны өдөр 4******* дугаар Ипотекийн зээлдэгчийн амь нас даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай М.д ХХК-тай байгуулсан.

2.Даатгуулагч Э.О нь 2023.01.01-ний өдөр осгож нас барсан ба М.д ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 2023.05.10-ны өдөр 23,486,609.35 төгрөгийг олгосныг үндэслэлгүй гэж тус тус нхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иймд хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Даатгуулагч Э.О, Д.Э нар Худалдаа Хөгжлийн банк ХК-иар зуучлуулан 2022.12.16-ны өдөр 4****** дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулсан.

Даатгуулагч Э.О нь 2023.01.01-ний өдөр осгож нас барсан тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд даатгагчаас уг тохиолдолд нь гэрээнд заасан эрсдэл учир нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 210 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасны дагуу Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудас-ыг үндэслэн зээлдэгч буюу Э.О нь зээлийн төлбөрийг 100 хувь хариуцахаар бөглөж, 2023.03.01-ний өдөр хамтран зээлдэгч Д.Э-оор гарын үсэг зуруулсан хуудсыг даатгагчид ирүүлсэн нь даатгалын тохиолдолд гарсны дараа төлбөрийн хариуцах хувийг тогтоож, мэдүүлгийн хуудсыг нөхөн бөглүүлж, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Даатгуулагчаар нөхөн бөглүүлж хуурамчаар бүрдүүлсэн баримтыг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй байх тул бид банкнаас ирүүлсэн анх зээл олгох үеийн буюу 2016.07.05-ны өдрийн байдлаарх үндсэн зээлдэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр баталгаажсан цалингийн дундаж болох 856,152 төгрөг, хамтран зээлдэгчийн лавлагаагаар баталгаажсан 561,793 төгрөгийн тэтгэвэр, нийт 1,417,945 төгрөгийн өрхийн орлогод зээлдэгч тус бүрийн эзлэх хувийг тооцоолоход үндсэн зээлдэгч Э.О нь 61 хувийг хариуцахаар орлоготой байсан тул талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагчнас барсан тохиолдолд зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс үндсэн зээлдэгчийн хариуцах 61 хувьд буюу 23,486,609 төгрөгөөр тооцож нөхөн төлбөр олгосон.

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.2-т ...Орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээс гадна хамтран зээлдэгчтэй байвал зээлдэгч тус бүрийн зээлийн төлбөр хариуцах хувиар даатгалын үнэлгээг гэрээнд тусгасан байна гэж, мөн 4.5-д ...Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасан үүргийн зуучлагч буюу Худалдаа Хөгжлийн банк ХК биелүүлээгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023.07.19-ний өдрийн 9/2938 тоот шийдвэрээр нотлогдож байх тул М.д ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч М.д ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт дараах бичгийн баримтууд авагдсан. Үүнд:

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамжид 243,542 төгрөг төлсөн баримт /хх-3/, П.Б-т олгосон итгэмжлэл /хх-5/, Санхүүгийн зохицуулах хорооны М.д ХХК-д гэх 2023.07.19-ний өдрийн 9/***** дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг /хх-5/, Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа /хх-6-7/, зээлийн дансны хуулга /хх-8/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас нотлох баримтаар: М.Х-д олгосон итгэмжлэл /хх-13/, М.д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-14/, хариу тайлбар /хх-24-25/, 2020.05.12-ны өдөр байгуулсан №ОСЗГНГ******** дугаартай Орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээний хуулбар /хх-112/, 2022.11.28-ны өдөр байгуулсан №***** дугаартай зээлийн нэмэлт гэрээний хуулбар /хх-113-115/, 2016.07.05-ны өдөр байгуулсан №БГ-**** дугаартай Барьцааны гэрээний хуулбар /хх-116-119/, Барьцаалбар №**** дугаартай хуулбар /хх-120/, 2014.05.19-ний өдөр байгуулсан №21 дугаартай Зээлийн гэрээний хуулбар /хх-121-124/, 2016.07.05-ны өдөр байгуулсан №ЗГ-62 дугаартай Орон сууцны ипотекийн гэрээ, хавсралт хуулбар /хх-125-132/, Д.Эын 2023.03.01-ний өдөр гаргасан хүсэлт /хх-133/, Өндөр насны тэтгэвэрт тогтоолын хуудас /хх-134/, Худалдаа хөгжлийн банк ХК-иас М.д ХХК-д гэх 2023.03.07-ны өдрийн 7-472/163 дугаартай Даатгалын нөхөн төлбөр хүсэх тухай албан бичиг /хх-135/, дансны хуулга /хх-136-144/, 2020.05.11-ний өдөр байгуулсан №******, №****** дугаартай Ипотекийн даатгалын гэрээ, баталгааны хуулбар /хх-145-147/, Э.Чинбаатарт олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024.05.16-ны өдрийн 02/1043 дугаартай албан бичгээр Д.Э-ын 2020-2023 оны хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /хх-57-60/, Э.О-ын 2020-2022 оны хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /хх-64-66/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024.08.27-ны өдрийн 5/**** дугаартай албан бичгээр Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа /хх-86/, амь даатгалын баталгаа /хх-87/, Ипотекийн даатгалын гэрээ, баталгаа /хх-88-90/, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2014.04.29-ний өдрийн 19/**** дугаартай тодорхойлолт /хх-91/, Э.О-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-92/, БЗД-ийн Нийгмийн даатгалын байцаагч Д.Э-ын 2014 оны үр дүнгийн гэрээ /хх-93-99/, БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016.06.23-ны өдрийн 19/***** дугаартай тодорхойлолтын хуулбар /хх-100/, үр дүнгийн гэрээний хуулбар /хх-100-105/, Э.О-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-106/, цалингийн тооцооны картын хуулбар /хх-107-108/, Худалдаа хөгжлийн банк ХК-иас 2022.11.28-ны өдрийн №******* дугаартай зээлийн нэмэлт гэрээний хуулбар /хх-157-159/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М.д ХХК-иас даатгалын нөхөн олговрын үлдэгдэл төлбөрт 17,118,493 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үндсэн зээлдэгч Э.О, хамтран зээлдэгч Д.Э нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар хариуцагч М.д ХХК-тай байгуулсан. Гэрээнд зааснаар даатгуулагчийн амь нас нь даатгалын зүйл бөгөөд Э.О нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр осгож нас барсан тул даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийг 100 хувь төлөхөөр байна. Иймд нөхөн олговрын зөрүү төлбөр болох 17,118,493 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасны дагуу Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудас-ыг үндэслэн зээлдэгч буюу Э.О нь зээлийн төлбөрийг 100 хувь хариуцахаар бөглөж, 2023.03.01-ний өдөр хамтран зээлдэгч Д.Э-оор гарын үсэг зуруулсан хуудсыг даатгагчид ирүүлсэн нь даатгалын тохиолдолд гарсны дараа төлбөрийн хариуцах хувийг тогтоож, мэдүүлгийн хуудсыг нөхөн бөглүүлж, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хуурамч баримтад үндэслэж олговор олгох боломжгүй. Мөн нэхэмжлэгч Д.Э нь даатгалын нөхөн олговрыг шаардах эрхтэй этгээд биш, цаашлаад бид хууль, журмын дагуу хувь тооцон олговрыг олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатайагаар Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа буюу амь насны даатгалын гэрээг байгуулжээ. Тус гэрээгээр даатгалын үнэлгээг 40,605,102 төгрөгөөр тооцож, мөн Э.О-ыг үндсэн зээлдэгчээр буюу 100 хувь зээлийг хариуцах байдлаар тэмдэглэсэн байна.

4.2. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9/****** дугаартай албан бичгээр нөхөн төлбөрийн зөрүүг даатгалын зуучлагчаас шаардахаар тодорхойлж, албан бичиг ирүүлсэн байна.

4.3. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын банктай Орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээ, Капитал банктай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргийг байгуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь хэргийн маргаанд хамааралтай бус, маргаанд хамааралтай харилцаа үүсэхээс өмнөх үеийн харилцаа байх тул эдгээр баримтуудыг дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

4.4. Хэдийгээр нэхэмжлэгч Д.Э нь үндсэн зээлдэгчээр Э.Э байхаар, зээлийн төлбөрийг хариуцах хувийг Э.О 100 хувь хариуцахаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудас-ыг бөглөсөн байх боловч талуудын анх байгуулсан гэрээнээс талуудын хүсэл зориг илэрхийлэгдэх боломжтой байна.

 

5.Талууд тэдгээрийн хооронд амь насны даатгалын гэрээ байгуулагдсан гэдэгт, зээлдэгч Э.О-ын нас барсан шалтгаан нөхцөл буюу даатгалын тохиолдол үүссэн эсэхэд маргадаггүй боловч даатгалын нөхөн олговрыг 100 хувь олгох эсэхэд маргаж байна.

 

6.Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах талаар зохицуулж, хуулийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

 

7.Зохигчдын хооронд байгуулагдсан Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа буюу амь насны даатгалын гэрээнд үндсэн зээлдэгчээр Э.О-ыг байхаар хүснэгтээр тусгаж, зээлийн төлбөр хариуцах хувийг 100 хувь гэж тэмдэглэсэн, зээлдэгчийн амь нас даатгалын үнэлгээг 40,605,102 төгрөг байхаар тооцож, түүнд ногдох хураамжийн хэмжээг 52,786 төгрөг гэж гаргасан байгаа зэргээс харахад хариуцагч М.д ХХК нь тус гэрээгээр зээлдэгч Э.О-ын амь насыг даатгалын зүйл байхаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

8.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, хуулийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор хуульд тодорхойлсон.

 

9.Талуудын хооронд байгуулсан амь насны даатгалын гэрээний 7.6-д Даатгагч нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно гэж заасан байх ба гэрээний 7 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгох үндэслэл, нөхцөлд заасан тохиолдлууд нь бусад нөхцөлөөр нас барах болон хөдөлмөрийн чадвараа алдах үеийн зохицуулалт байх тул гэрээний энэ заалтаар даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, нөхөн төлбөрийг бүрэн олгох нь зүйтэй байна.

 

10.Иргэний хуулийн 443.8-д Хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах даатгуулагчийн эрх нь түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүнд хамааралтай бол уг гишүүн санаатай хохирол учруулснаас бусад тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлж болохгүй гэж заасан тул хамтран зээлдэгч Э.О-ын эцэг Д.Э нь тус нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

11.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.д ХХК-иас 17,118,493 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэв.

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч М.д ХХК-иас 17,118,493 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,542 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 243,542 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ