2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/02997

 

 

 

 

 

 

 

 

                            2025          04           09

                       191/ШШ2025/02997

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, .... тоот хаягт оршин суух, С******* овогт Б******* Б******* /ИБД:*******, рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, .....тоот хаягт оршин суух, У******* овогт П******* Д******* /рд:*******/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж хаягт оршин байрлах, У,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 тоот хаягт оршин байрлах, Н нарт холбогдох,

  

2016 оны 12-р сарын 26-ны өдөр байгуулагдсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцох, Б.Б*******ыг төлбөр төлөгч биш болохыг тогтоож, төлбөр төлөгчөөс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч П.Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагч П.Д*******ын өмгөөлөгч Б.Т, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын төлөөлөгч С.М,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.                   Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч М.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.             Төлбөр төлөгчөөр П.Д*******ыг тогтоох

2.             Б.Б*******ыг төлбөр төлөгч биш болохыг тогтоож, төлбөр төлөгчөөс чөлөөлөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгах

3.             П.Д*******, Б.Б******* бид нарын хооронд 2016 оны 12-р сарын 26-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцох

4.             “К” ХХК-ийн эзэмшигч, захирлаар П.Д*******ыг бүртгэхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах

Нэхэмжлэлийн утга

Б.Б******* би 2016 оны 12-р сарын 26-ны өдөр К ХХК-г П.Д*******аас бэлэглэх гэрээгээр авсан ба тухайн үед П.Д******* нь тус компани эрх, хувьцаагаа шилжүүлэхдээ надад татварын өрнөөс өөр өр байхгүй гэж хэлж тус гэрээний 2.4 дүгээр зүйлд татварын өрнөөс бусад бүх өрийг Д.Д******* өөрөө хариуцна гэж тусгуулан шилжүүлсэн. Шилжүүлсэн өдрөөс өмнө үүссэн бүх татвар, нийгмийн даатгалын өр төлбөрүүдийг би бүгдийг нь төлж барагдуулсан болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын, СХД, 1-р хэлтсийн -р тойрогт харьяалагдах, төлбөр авагч нь Худалдаа хөгжлийн банк, төлбөр төлөгч К ХХК-ийн хэрэгт, уг компанийн шинэ эзэмшигч Б.Б*******ыг татсан шийдвэрийг П.Д*******, Б.Б******* бид нарын хооронд 2016 оны 12-р сарын 26-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээний 2.4-т заасныг үндэслэн төлбөр төлөгчөөр 2016 оны 12-р сарын 26-ны өдрөөс өмнө К ХХК-ын эзэмшигч, гүйцэтгэх захирал асан П.Д*******ыг тогтоож, дээрх гэрээний 2.4-р заалтын дагуу шинэ гүйцэтгэх захирал болсон Б.Б******* намайг төлбөр төлөгч биш болохыг тогтоон, чөлөөлж Нт Б.Б*******ыг төлбөр төлөгчөөс чөлөөлөхийг даалгаж өгнө үү

Б.Б******* би П.Д*******тай 2024 оны 11-р сард анх утсаар холбогдон уулзъя гээд 2024 оны 11-р сарын 17-ны өдөр СБД, 8-р хорооны UB Grand зочид буудлын 2 давхрын хоолны газарт уулзаад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт байгаа өрөө төлөөд намайг энэ асуудлуудаасаа салгаж өгөхийг хүсэхэд П.Д******* нь: за би төлнө гээд явсан. Тэгээд П.Д******* төлбөрөө барагдуулахыг хүлээгээд төлөхгүй байхаар нь 12-р сард мөн дахин утсаар холбогдон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буй төлбөрөө барагдуулахыг удаа дараа шаардахад: гэнэт өмнө нь төлбөрүүдээ төлнө гэж хэлж байсан шийдвэрүүдээ өөрчилж би төлөхгүй надад хамаагүй шүүхээрээ яв гэж хэлэхэд би энэ П.Д*******д мэхлэгдсэн гэдгээ 2024 оны 12-р сард мэдсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг үндэслэн П.Д*******, Б.Б******* бид нарын хооронд 2016 оны 12-р сарын 26-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. “К” компанийн эзэмшигч, захирлаар П.Д*******ыг бүртгэхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд даалгаж өгнө үү.

1.1.        Нэхэмжлэлийн шаардлагын 4 дэх хэсэгт заасан “К” ХХК-ийн эзэмшигч захирлаар П.Д*******ыг бүртгэхийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар даалгах нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн сайн дурын үндсэн дээр татгалзаж байна.

1.2.             Шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчид ирүүлсэн мэдэгдлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ. 2016.12.26-нд компани бэлэглэлийн гэрээний үндсэн дээр татвараас өөр өргүй гээд шилжүүлсэн. Гэтэл НШШГГ-с 52 саяын төлбөртэй гэж мэдэгдэл ирүүлсэн. Энэ нь хариуцагч Д******* хуурч бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийг хариуцагчаар татахаасаа татгалзаж байна. Учир нь хууль бус бүртгэл биш юм. Бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Үнэндээ бол хариуцагч Д*******ын хэлж байгаагаар тендерээ гүйцэтгэх боломжгүй болсон гэдэг нь үнэн юм. Тэгээд нэхэмжлэгчтэй уулзаж санал тавьсан байдаг. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй юм байна гээд дутуу ажлыг нь гүйцэтгэе гээд татвараас өөр төлбөргүй гэсэн тул гэрээ байгуулсан юм. Бэлэглэлийн гэрээний 2.4-т энэ талаар заасан. Компанийг аваад ажлыг гүйцэтгэж дуусгасан бөгөөд ашиг олсон зүйл байхгүй. Энэ нь татварын тодорхойлолтоор харагддаг. Ашиг олсон бол өөр асуудал юм. Гэвч 2025.1.14-нд банканд өртэй гэж мэдэгдэл ирсэн тул хуурч гэрээ хийсэн гэж үзсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Бэлэглэгч нь гомдоох ноцтой үйлдэл хийснээс хөөн хэлэлцэх хугацаа тоолно. Өөр өргүй гэсэн боловч гэнэт өр гарч ирсэн юм. Бэлэглэлийн гэрээгээр хариу төлбөргүйгээр хөрөнгө шилжүүлдэг. Гэтэл өр төлбөртэй компанийг нууж өгсөн байгаа юм. Хуурсан тул Иргэний хуулийн 56.1.1 болон 59-д зааснаар хүчингүй гэж үзэж байгаа юм гэв.

 

2.                   Хариуцагч П.Д*******ын төлөөлөгч М.Т нь шүүхэд, тэрээр болон өмгөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б*******ын нэхэмжлэлтэй П.Д*******д холбогдох иргэний хэрэгт М.Т би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус компани нь 2016 оноос өмнө идэвхтэй ажиллаж байсан зарласан тендер болгоныг өөрийн хүч хөдөлмөрөөрөө авч байсан. Мөн тухайн үед их хэмжээний авлагатай байсан бөгөөд огт хоосон компани шилжүүлж өгөөгүй. 2016 оны 12-р сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ бөгөөд компанийн хувьд ямар нэгэн эрхийн доголдолгүй ашигтай компани шилжүүлж өгсөн атал энэ олон жил буюу 9 гаруй жилийн дараа нэхэмжлэл гаргаж залилсан гэж хүнийг гүтгэж байгаад гайхаж байна.

Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна шүүх хуралдааны явцад тайлбар татгалзлаа дэлгэрэнгүй тайлбарлана.

2.1.             Шинэ баримттай танилцлаа хурал үргэлжлэх боломжтой.

2.2.             Хүсэлтгүй хурал үргэлжлэх боломжтой. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байна. Хүчин төгөлдөр бус байх гэдэг нь хуульд заасан үндэслэл байх ёстой. Бэлэглэлийн гэрээнд 56-д заасан шинжийг агуулсан үйлдэл байхгүй. Хариуцагч Д******* нь олон жил барилгын салбарт ажилласан. Шилжүүлэх үед тендерийн ажил хугацаа хоцрогдолтой явж байсан юм. Иймд чаддаг хүнд нь өгье гээд нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн. Ингэхдээ 2-3 тендерийн ажилтай, санхүүжилт орж ирэх байсан юм. Нэхэмжлэгч компанийг шилжүүлж авснаас хойш 9 жил ашиглаж үр шимийг нь хүртэж ирсэн. Төрийн байгууллагын ажил гүйцэтгэх тендерт олон жил орж явсан байдаг. Компани нь угсралтын зөвшөөрөлтэй байсан. Тусгай зөвшөөрөлтэй компани нь тодорхой үнэлгээгээр худалдагдаг. Нэхэмжлэгч нь компанийг авсны дараа олон тендер авч үр шимийг нь хүртсэн байдаг. Гэтэл 9 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Гэрээг байгуулахдаа хуурч мэхлэх шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч нь авахдаа компанийн түүхийг судалж байгаа авсан байдаг. Өнөөдрийн төлбөртэй холбоотойгоор Д******* уруу хамаатуулаад салах зорилготой байна. Анхныхаа гэрээний үр дагавраар явах ёстой. Одоо өөрт нь хэрэггүй болсны дараа ийм асуудал ярьж байгаа нь тохиромжгүй асуудал юм. Гэрээг дуртай үедээ байгуулж дургүй үедээ больдог асуудал биш юм. Иргэний хуулийн 56-д заасан ямар шинжийг агуулж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Шийдвэр гүйцэтгэлээр төлбөр шаардаж байгаа нь гэрээг хүчингүй болгох маргаан биш юм. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Гэрээний үр дагавартай холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа байдаг. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. 2016 оны бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ олон жил уг асуудлыг яриагүй байсныг анхаарах ёстой. Түүнчлэн өмнө нь энэ асуудлыг шийдсэн байвал хэргийг хэрэгсэхгүй болгодог. Энэ компаниас төлбөр гаргуулах хэн төлөх асуудлыг өмнө нь 3 шатны шүүх шийдээд одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Шүүх дүгнэлт өгчихсөн байхад төлбөр төлөгчийг солиулах боломжгүй гэв.

 

3.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Компанийн эрх бэлэглэх гэрээний хуулбар /ХХ7/, компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээний хуулбар /ХХ8/, зээлийн мэдээллийн лавлагаа /ХХ9/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /ХХ10-11/, татварын тодорхойлолт 2 ширхэг /ХХ53, 54/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4-/935 дугаар албан мэдэгдэл /ХХ66/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нь Ут холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Д*******ыг төлбөр төлөгчөөр тогтоох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Б.Б******* нь төлбөр төлөгчөөр П.Д*******ыг тогтоох, Б.Б*******ыг төлбөр төлөгч биш болохыг тогтоож, төлбөр төлөгчөөс чөлөөлөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгах, П.Д*******, Б.Б******* бид нарын хооронд 2016 оны 12-р сарын 26-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцох, “К” ХХК-ийн эзэмшигч, захирлаар П.Д*******ыг бүртгэхийг Ут даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч П.Д******* нь компанийн хувьцаа бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ нь  хууран мэхэлж хийсэн хэлцэл биш гэж маргасан.

 

4.                   Хариуцагч Ут 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, хариуцагч Нт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

 

5.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим хэсгийн татан авах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 106.5-д зааснаар ийнхүү татан авсныг тухайн шаардлагаас татгалзсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Ут холбогдох шаардлагаас татгалзах тухай тайлбарлаж,  татгалзлаа бичгээр гаргасан тул дээрх хуульд зааснаар уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

6.                   Нэхэмжлэгч болон хариуцагч П.Д******* нар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр компанийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ. /ХХ7, 8/

Гэрээний зүйл нь “К” ХХК-ийн хувьцаа болсон байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан зохицуулалт нь гэрээний үүрэг шаардах эрхтэй холбоотой тул гэрээнээс татгалзах эрх нь мөн зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа болох 10 жилээр тоологдоно.

 

7.                   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг татвараас өөр ямар нэг өр төлбөргүй хэмээн тайлбарлаж гэрээ байгуулсан. Гэтэл бусдад өр төлбөртэй байсныг хожим мэдсэн. Улмаар хариуцагч П.Д*******д энэ талаар хэлэхэд уг төлбөрийг би өөрөө хариуцна гээд тэрнээс хойш ямар нэг байдлаар энэ асуудал яригдаагүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4-/935 дугаар мэдэгдэл ирсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна.

7.1.             Компанийн хувьцааг бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан үйл баримт тогтоогдоогүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь уг гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй, зурсан болохыг зөвшөөрч байна. Иймд бэлэг хүлээн авагчийн зөвшөөрөлгүйгээр бэлэглэлийн гэрээ хэрэгжсэн гэж үзэхгүй.

 

8.                   Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарладаг. Гэрээний 2.4-т заасан нь бусдад ямар нэг өр төлбөр буюу үүрэг хүлээгээгүй гэж ойлгогдохгүй байна. Харин хэрэв татвараас өөр үүрэг байвал бэлэглэгч хариуцах талаарх үүргийн асуудлыг зохицуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 278 дугаар зүйлийн 278.1-д заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, бусдад өр, төлбөргүй гэж бэлэглэсэн гэх тайлбар тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан хариу төлбөргүй гэдэг нь бэлэглэлийн гэрээний зүйлд ямар нэг үүрэг ногдоогүй байхыг ойлгохгүй. Иймд хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

9.                   Нэхэмжлэгч нь “К” ХХК болон “У” ХХК  нарын хооронд үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч гэдэг нь тогтоогдохгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4-/935 дугаар албан мэдэгдлээс үзэхэд “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагчийн хувьд мэдэгдэл өгсөн байна. /ХХ66/

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Тайлбарлавал, мөн зүйлийн 9.5-д зааснаар компанийн болон хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө зааглагдаагүйгээс бусад тохиолдолд компанийн үүргийг хувьцаа эзэмшигч гүйцэтгэхгүй.

Харин ийнхүү эд хөрөнгө зааглагдаагүй эсэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бус шүүхэд холбогдох маргаан хянан шийдвэрлэх явцад дүгнэх замаар шийдвэрлэнэ.

 

10.               Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн агуулгаас үзэхэд төлбөр төлөгч гэж шүүхийн шийдвэрийн дагуу үүрэг хүлээсэн буюу гүйцэтгэх баримт бичиг ямар нэг үүрэг хүлээхээр заасан этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд нэхэмжлэл гаргаснаар өөр маргаанд хэн нэгнийг төлбөр төлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4-/935 дугаар албан мэдэгдлээс үзэхэд дурдсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Иймд гүйцэтгэх баримт бичиг болон захирамжаар “К” ХХК нь үүрэг хүлээсэн тул уг хэрэгт П.Д*******ыг үүрэг гүйцэтгэгчээр тогтоох боломжгүй. Энэ асуудлыг буюу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн байна.

 

11.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй бөгөөд мөн зүйлийн 59.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн шаардлагыг хянан шийдвэрлээгүй тохиолдолд хураамжийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ут холбогдох “К” ХХК-ийн эзэмшигч, захирлаар П.Д*******ыг бүртгэхийг даалгах тухай шаардлагаас нэхэмжлэгч Б.Б******* нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Нт холбогдох төлбөр төлөгчөөр П.Д*******ыг тогтоох тухай нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.                   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Н, П.Д******* нарт холбогдох 2016 оны 12-р сарын 26-ны өдөр байгуулагдсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцох, Б.Б*******ыг төлбөр төлөгч биш болохыг тогтоож, төлбөр төлөгчөөс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б******* /ИБД:*******/-д буцаан олгосугай.

5.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД